ОЛИМПОД МОНГОЛОО ДУУРСГАСАН МӨЧ буюу ДОРЖНЯМБУУГИЙН ОТГОНДАЛАЙ

Доржнямбуугийн Отгондалай хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин боксын 60 кг-д тулалдсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөсөн юм. Улмаар удаах даваанд Нидерландын Энрико Лакрустай учраа таарлаа. Манай тулаанч өмнө нь түүнд дийлдэж байсан учир ялагдах эрхгүй рингэнээ гарсан. Отгондалай маань даалгавараа онц дүнтэй биелүүлж, түүнийг 2:1-ээр олимпын рингэнээ буулган авлаа. Шигшээ наймд үлдсэн тэрбээр медалийн төлөө Алжирийн Реда Бенбасисийг гурван үеийн турш илт илүүрхэн ялсан юм. Ийнхүү Доржнямбуугийн Отгондалай олимпын их наадмаас медаль өвөртлөх нь тодорхой болсон. Өнөө үеийн шилдэг ширэн бээлийтэн Отгондалайгаас монголчууд илүү амжилт хүлээж суулаа. Тамирчин маань ч бүх талаар илүү тоглож, авъяас чадвараа Риогийн рингэнээ дуурсгаж байсан юм. Манай тулаанч хагас шигшээд Францын Софьян Үмиятай нударга зөрүүлэв. Тэд өмнө нь таарч байгаагүй. Манай хүн түүнээс туршлага хавьгүй илүү. Франц боксчин Отгондалайгаа насаар дүү аж. Өнгөрсөн жил Европийн анхдугаар спортын наадамд үзүүрлэсэн нь түүний шилдэг амжилт. Хүсэн хүлээсэн тулаан эхэллээ. Оки маань тулааны эхнээс санаачлагыг гартаа авч, урагш давшиж байлаа. Гэхдээ нэгдүгээр үед шүүгчид франц залууг ялсан хэмээн үзэв. Манай боксчин хоёрдугаар бүх талаар илүүрхэв. Ажилласаар, зодсоор энэ үеийг дуусгалаа. Хачирхалтай нь франц залуу мөн ялав. Гуравдугаар үе эхлэхэд Отгондалай маань өрсөлдөгчөө нүдсээр байлаа. Франц залуу хойш ухарч, тоглолтыг хурдхан дуусгахыг хүсч байгаа нь ажиглагдаж байлаа. Гэсэн ч манай хүн бэлтгэл сайтай, ур чадвар өндөр гэдгээ харуулан өрсөлдөгчөө зодсоор тулааныг өндөрлүүлэв. Ингээд шүүгчийн шийдвэр гарахад франц залуу ялжээ. Боксын спорт хэзээнээсээ булхайтай шүүлтээр алдартай. Энэ булхайтай шүүлтийн ээлжит хохирогч нь Д.Отгондалай болж, олимпын хүрэл медальтайгаа эвлэрэхээс өөр аргагүй боллоо. Харамсалтай. Энэ жингийн аваргын төлөө Бразилийн Робсон Консейсан шалгараад буй. Тиймээс зохион байгуулагч орны тамирчинг олимпын аварга болгохын төлөө шүүгчид франц залууд ялалт өгсөн аж. Манай Отгондалай бэлтгэл сайтай, өнгөтэй байгааг бүгд харсан учир франц залуу бразил эрийн сулхан учраа болно. Ордонд цугласан үзэгчид шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж байлаа. Дэлхий нийтээрээ тус тулаанд Отгондалайг ялсан гэдгийг харлаа, үзлээ. Риогийн рингэнд энэ жил Отгондалайг зогсоох боксчин хараахан алга. 

Олимпод оролцох нь нэр төрийн хэрэг. Олимпоос медаль авна гэдэг бахдам амжилт. Оки маань үүний төлөө 2003 оноос хойш зүтгэсэн. Тэр чадсан. Отгондалай хоёр жилийн өмнө Азийн наадмын наадамд төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй. Монголын боксын спортын замналд Азийн наадмын алтан медаль л үгүйлэгдэж байсныг тэр гүйцээсэн нь энэ. Түүнд үүнээс өөр олон амжилт бий. Оки маань олон тэмцээнд "okey" байж монгол түмнээ олон жил баярлуулж яваа. Цаашид ч баярлуулах тулаанч юм. 

Монголын ширэн бээлийтнүүд ийнхүү сүүлчийн гурван олимпоос дараалан медаль хүртэж байна. Оки долоо дахь олимпийн медальт боксчин боллоо. Түүнээс өмнө Сөүлийн олимпод Н.Энхбат хүрэл, Барселонад Н.Баярсайхан хүрэл, Бээжинд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, Лондонд Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авсан түүхтэй.

ОЛИМПОД МОНГОЛОО ДУУРСГАСАН ДОРЖНЯМБУУГИЙН ОТГОНДАЛАЙДАА БАЯРЛАЛАА. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)