Олигополь зах зээл дэх монополь хүү

Дэлхийн банкнаас есдүгээр сард гаргасан “Монголын эдийн засгийн тойм”-д ажилгүйдлийн түвшин энэ оны хоёрдугаар улирлын эцэст 11 хувьд хүрч өссөн нь 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж дурджээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатайг эдийн засагчид анхааруулж буй.

Гэвч нийт ажил, хөдөлмөр эрхлэгчдийн 70 гаруй хувийг бүрдүүлэгч хувийн хэвшлийнхэнд нүүрлээд байгаа бэлэн мөнгөний хомсдол, үйл ажиллагааны хүрээгээ хумьсаныг анхааралдаа авч, бодлогоор зохицуулахгүйгээр уг асуудлыг шийдэх боломжгүй юм.

Өнөөдөр Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг аж ахуйн нэгжүүд нуруундаа үүрч яваа. Гэвч эдийн засаг хүндэрсэн энэ үед тэдний ихэнх нь алдагдалтай ажиллаж, ажилчдаа цомхтгон, банкны өндөр хүүнд идэгдэж, эхнээсээ үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрч буй нь бодит байдал.

Ийм үед Засгийн газар зардлаа танаж, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр төсөвт хэмнэлт хийхийг оролдож буй ч энэ нь эдийн засгийг сэргээхэд бодит дэмжлэг болж чадахгүй гэдэгтэй эдийн засагч, судлаачид санал нэгдэж байна. Харин бизнесийн хүрээг хумьж, үйл ажиллагааны ашгийг нь багасгаж буй арилжааны банкуудын зээлийн өндөр хүүг бууруулах, хямд эх үүсвэртэй зээл авах боломж нөхцөлийг бодлогоор бүрдүүлж чадвал бизнес идэвхжиж, энэхүү хүндрэлийг даван туулахад дэмжлэг болох аж.

Монголд өнөөдөр 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж буй. Эдний гурав нь буюу Худалдаа хөгжлийн банк, ХААН, “Голомт” нь банкны салбарын нийт активын 70 орчим хувийг төвлөрүүлдэг бол Төрийн банк, “Капитал”, “Хас”, “Улаанбаатар” банк 20 гаруй хувийг нь бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, Монголын банкны салбар 3-4 банкны төвлөрөл бүхий ямар ч өрсөлдөөнгүй олигополь зах зээлтэй, хэдхэн банкны монополь эрхтэй зээлийн хүүгээс хараат болчихсон гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн 90 гаруй хувь нь томоохон 3-4 банкны зээл хэлбэрээр эдийн засагт нийлүүлэгдэж, жил бүр 10 орчим их наяд төгрөгийн зээлийг банкны салбар “үйлдвэрлэдэг” гэсэн судалгаа байна.

Үүний 2-3 их наяд төгрөгийг банкны зээлийн хүүд төлж буй. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкны зээлийн хүү дунджаар жилийн 12 хувьд хүрсэн нь дэлхийд байхгүй монополийг Монголд бий болгосныг харуулж байна.

Нийт санхүүгийн зах зээлийн 98 хувийг банк дангаараа бүрдүүлж, монополь байдлаараа төртэй эн зэрэгцэхүйц эрх мэдэлд хүрчээ. Тэд зээлийн хүүгээ өөрсдөө тогтоож, энэ хүүгээ ард түмэнд шууд тулгаж байна. Зах зээлийн өрсөлдөөн, эрэлт, нийлүүлэлт, эдийн засгийн хүндрэлээс үүдсэн нөхцөл байдалтай холбоотой зохицуулалт тэдэнд алга.

Банк бол стратегийн, онцгой, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой эмзэг салбар учраас элдэв янзын эрс шийдэмгий алхам хийж болохгүй, зах зээлийн зарчмаар нь тогтвортой, хөдөлгөөнгүй байлгах ёстой хэмээн ханддаг. Ийм болгоомжлолоор эмзэг салбараа хамгаалан, хаацайлсаар бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийхээ нуруун дээр хамаг эрсдэлээ үүрүүлж ирсэн нь бодит үнэн.

Цаашид энэ хэвээр үргэлжилбэл хувийн хэвшлийнхэнд үүдээ барихаас өөр сонголт үлдэхгүй нь. Дэлхийн улс орнуудын жишгээс үзвэл, арилжааны банкууд нь 10-20 дахин өндөр зээлийн хүүгээр ашиг олж, бизнесийнхэн нь 10-20 хувь хүрэхгүй ашгаар ажлын байр, ард түмнийг тэжээж, зээлийн хүүнд дарлагдсаар одоо сөхөрч эхэлжээ.

ШӨХТГ-аас өнгөрсөн жил явуулсан шалгалтаар манай улсын зарим арилжааны банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгааг тогтоосон юм. Уг нь олон улсын зах зээлд арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байх зарчим үйлчилдэг. Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй, харин 15 хувиас их бол мөлжлөг, мөнгө хүүлэлт хэмээн тооцдог жишигтэй. Гэтэл Монголд энэ үзүүлэлт хоёр дахин их байгаад холбогдох байгууллагууд яагаад анхаарал хандуулж, арга хэмжээ авдаггүй юм бол.

Бизнесийнхний тэвчээр туйлдаа хүрч байна. Тэд ажлын байртай, бага ч гэсэн ашигтай байж ар гэр, амьдрал ахуйгаа энэ хүнд цаг үед авч үлдэхийн тулд төр засаг, Төвбанкнаас арилжааны банкны зээлийн хүүг ямар ч аргаар хамаагүй бууруулахыг шаардахаас аргагүйд хүрч, цөхрөнгөө барж байна. Бизнесийн үйл ажиллагаанд төр, засгийг бүү оролц хэмээн тэд өмнө нь хэлдэг, шаарддаг байлаа.

Харин одоо бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний хувьд санхүүжилтийнх нь ганц эх үүсвэр болсон банкны салбартаа салхи оруулж, бодлогын өөрчлөлт, өрсөлдөөн бий болгохыг төр, засгаасаа гуйж байна. Тэгвэл ийм боломж бий юү.

Банкуудын хадгаламжийн хүүг бууруулах замаар зээлийн хүүг багасгах уу, эсвэл гадаадын банкны салбаруудыг оруулж ирж, өрсөлдөөний зарчмаар зээлийн хүүнд нөлөөлөх үү? Алийг сонгох нь төр, засгийн, Төвбанкны эрх. Хүсвэл хоёуланг нь шийдэх боломж бий. Аль алинд нь эерэг, сөрөг тал бий ч эцсийн үр дүнд эрх зүйн орныг нь зөв бүрдүүлж чадвал нийт эдийн засгийн эргэлтэд эрүүл дэмжлэг болох юм.

Хадгаламжийн хүүг бууруулснаар хэн хохирч, хэн хожих вэ? Манай банкны салбарт 6-8 их наяд төгрөг буюу 3-4 тэрбум ам.долларын хадгаламж төвлөрдөг гэсэн мэдээлэл бий. Үүний 60 гаруй хувийг 200 гаруй гэр бүл эзэмшдэг бол үлдсэн нь нийт хүн амын 2-3 хувьд ногддог гэсэн судалгаа байдаг. Тэд энэ хадгаламжаасаа жилд 2-3 тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олдог бол энэ ашгийг нь бизнес эрхлэгчид хэдэн арав, зуун ажлын байр гаргаж, хэдэн зуун гэр бүлийг ажилтай, орлоготой байлгахын төлөө өдөр, шөнөгүй зүтгэн байж нэг хэсэгхэн хүний “гэдсээ илээд” хэвтэж олдог мөнгийг зээлийн хүүндээ төлж байна.

Хадгаламжийн хүү ийм өндөр байхад Монголд өндөр үнэтэй зээл авч бизнес эрхэлж, татвар төлөн, ажлын байр бий болгох хэрэг байна уу? Бизнес эрхлэгчид хадгаламж эзэмшигчид шиг хэзээ ч байгаа мөнгөө хадгалдаггүй, хүүгээр хөлждөггүй. Харин хөдөлмөрлөж мөнгөө өсгөдөг. Хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү дагаад багасах боломжтой. Харин үүнийг хийх, шийдэх хүсэл эрмэлзэл эрх мэдэлтнүүдэд байна уу?

Гадаадын банкны салбарыг Монголд оруулах нь айдас уу, аврал уу? Одоогийн байдлаар АНУ-ын “Standard Chartered”, Голландын ING, БНХАУ-ын “Bank of China”, Японы “Sumimoto Mitsui”, Японы “Tokyo Mitsibushi UFJ” банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчийн газрууд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрээс “Bank of China” л БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой, бусад нь арилжааных. Одоогоор эдгээр төлөөлөгчийн газраас Монголбанкинд албан ёсоор банкны салбараа байгуулах хүсэлт гаргаагүй байна.

Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын төрийн өмчит банк Монголд салбараа нээх хүсэлтэй бол Засгийн газарт ханддаг. Харин хувийн өмчит банк бол Төвбанкинд хандахаар хуульчилсан байдаг. Гадаадын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчийн газрууд Монголд хоёроос дээш жил ажилласан бол өөрийн төв байгууллагаас эх үүсвэр авч манайд хөрөнгө оруулах, эсвэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд дунд, урт хугацаатай зээл олгодог байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад худалдаа, экспортын бүтээгдэхүүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрхтэй гэсэн үг.

Монголд гадаадын банкны салбарыг оруулж ирнэ гэхээр л БНХАУ-ын “Bank of Chi­na”-гаар жишээ болгон үндэсний аюулгүй байдал, их гүрний нөлөөнд орно гэж болгоомжилдог. Гэтэл одоо Хятадаас гадна олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дээрх банкуудын төлөөлөгчийн газар Монголд байна. Харин гадаадын хөрөнгө оруулалттай банкуудын хувьд манай нийт банкны салбарын 40 гаруй хувийг эзэлж байна.

Банкны тухай хуулийн 38.2.4-т “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, банкны нэгжийн удирдлага, Хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр...-ийг мэдээлнэ” гэсэн заалт бий. Энэ хууль 2010 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Төвбанк хуулийн дагуу 2010 оны есдүгээр сард тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан 14 банкны хувьцаа эзэмшигчдийг албан ёсоор зарлаж байжээ.

Үүнээс хойш зургаан жил өнгөрч, хэд хэдэн банк нэгдэж нийлж, хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөн ч Төвбанкнаас дахин албан ёсоор зарлаагүй. Тухайн үеийн буюу 2010 оны тайлант хугацаанд 100 хувь гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд “Чингис хаан”, “Хадгаламж”, “Кредит” банк байсан бол Худалдаа хөгжлийн банк, ХААН, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Тээвэр хөгжлийн банкны тодорхой хувийг гадаадын байгууллага, иргэд эзэмшдэг, харин “Голомт”, “Капитал”, “Капитрон”, “Улаанбаатар”, “Эрэл”, “Хас” зэрэг зургаан банк 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай байжээ.

Гадаадын банкны төлөөлөгчийн газрууд банкны салбараа Монголд нээхэд эрх зүйн зохицуулалт бага ч гэсэн бүрдсэн байдаг юм байна. Тиймээс эдийн засаг хүндэрсэн энэ үед зөвхөн гадаадаас хөрөнгө оруулалт татах, зээл тусламж гуйхаасаа өмнө дотооддоо “авдраа” уудалж, банкны салбартаа бага ч гэсэн салхи оруулж чадвал монополь зээлийн хүүг номхтгож, бизнес эрхлэгчдээ дэмжих боломжийг эрж хайхад эрх баригчид анхаарал хандуулах цаг иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)