Ой тогтоолтынхон дэлхийн дөрвөн дээд амжилтыг шинэчлэв

60 сая вонын шагналын сантай ой тогтоолтын олон улсын тэмцээн БНСУ-д өчигдөр өндөрлөж, монголчууд оюуны чадавхаараа дэлхийд өнгөлдгийг нотлов. Манай тамирчид тэмцээний эхний өдөр боломжит 63 медалиас 51-ийг нь хүртэн, А.Янжиндулам, Э.Лхагвадулам, Б.Шижир-Эрдэнэ нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.

Нэр, зүс царай цээжлэх төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, олон улсын их мастер А.Янжиндулам “Зураг” төрөлд таван минутад 260 зураг, “Баганан үсэг”-т өрсөлдөхдөө мөн хугацаанд 145 үг цээжлэн, алдалгүй санаснаар дэлхийн дээд амжилтыг эзэмшихээр болов. Нэг тэмцээнд дэлхийн хоёр дээд амжилт шинэчилсэн түүнийг гадаадын цөөнгүй хэвлэл онцлон, шагшиж байна. Өдгөө Швед улсад амьдардаг тэрбээр 14 орны хэлээр ярьдаг юм.

Их мастер Б.Шижир-Эрдэнэ нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 12.73 секундэд тогтоон, алдалгүй санаснаар өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр тогтоосон дээд амжилтаа (14 секунд) ахиуллаа. Мөн 2017 онд өсвөрийн дэлхийн аварга болсон, олон улсын их мастер Э.Лхагвадулам “Хоёртын тоолол” төрөлд таван минутад 1251 цифр тогтоон, өөрийнхөө эзэмшиж буй дэлхийн дээд амжилтаа шинэчилжээ. Ой тогтоолтын спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй тэрбээр ДАШТ-ий долоон алт, нэг хүрэл медальтай.

Сонины дугаар шилжих мөчид сүүлчийн гурван төрлийн аваргууд тодорч байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)