Ойрын хүнийхээ сүүдэрт гундсан охид

-Өнгөрсөн онд 253 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болжээ –

Охин үрээ бид тансаг үнэртэй, гоёмсог цэцэгтэй зүйрлэдэг. Даашинзны хормойгоо дэрвүүлэн гүйх балчир үрсийг минь шүлэнгэтэн харж, шүлсээ гоожуулах араатнууд бидний дунд нуугдаж буй нь аймшигтай. Хүүхдийн цайлган цагаахан занг ашиглан, амттан, чихрээр хуурч, бэлгийн хүчирхийллийн золиос болгосон бусармаг явдал гарсаар байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 253 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 145 хүүхэд ийм гэмт хэргийн хохирогч болжээ. Тэдний олонх нь 8-17 настай. Төрсөн аав, ах, өвөө, хойт эцэг, хамаатан садан, ураг төрлийнхөн болох хамгийн ойрын хүн нь хөөрхий охидыг бузарлаж буйг юу гэх вэ. Сүүлийн гурван жилд 947 буюу ойролцоогоор өдөрт нэг удаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгажээ. Хохирогчдын 80 хувь 10-29 насны эмэгтэйчүүд. Тэдний 46.8 хувь нь 8-17 насны охид. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогчдын 87 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэсэн сэртхийм тоо байна. Ураг төрлийн болон таньдаг хүндээ хүчиндүүлсэн тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлдэггүй, мэдээлсэн ч томчууд хоорондоо “тохиролцож”, хүүхэд хохироод үлддэг жишээ цөөнгүйг УЕПГ-аас гаргасан судалгаанд дурджээ. Цагдаагийн байгууллагад шалгаж буй ийм төрлийн хоёр гэмт хэргийн нэгийг л шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг гэх.

Хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагчид нь гэмт этгээдтэй зөвшилцөх боломж олгосон, нэг гажуудал нь Эрүүгийн хуулийн 12.5 дахь заалт. Тодруулбал, 18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450 000-5 400 000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт юм. Үүнийг өмнөх хуулийн ижил зохицуулалтаас хэт бууруулсан шийтгэл гэж хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагын зарим төлөөлөл, хуульч үздэг юм билээ. Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах “Хохирогчийг жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь хүүхдийн бэлгийн эрх чөлөөг хамгаалахад ухралт хийсэн гэж үзэж байна. Үүнийг нь өмнөх зохицуулалтаар хүчингийн гэмт хэрэгт хүндрүүлэх шалтгаанаар тооцдог байсан шүү дээ. 2018 онд 26 настай А нь 14 настай Ц-г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон, таван сартай үр зулбасан хэрэг гарч байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5.2-ын нэгт заасны дагуу найман сарын хугацаагаар хорих ял ногдуулсан нь хохирогчид учруулсан хор уршигт тохирсон ял шийтгэл болж чадаагүй” гэж ярив.

Монгол Улсын шүүхийн цахим санд байршуулсан, Эрүүгийн хуулийн 12.5.1-ээр зүйлчлэгдсэн хэргүүдээс түүвэрлэн авч үзэхэд 14, 15 настай охид анх хүчиндүүлсэн гэж цагдаад мэдэгдсэн ч шүүх хурлын явцад “гомдолгүй” болсноор гэмт этгээд мөнгөн торгуулиар шийтгүүлсэн тохиолдол цөөнгүй байв. Энэ мэтээр хөнгөн шийтгэл оноосон зарим хэргийн талаар дурдъя.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн иргэн О тээврийн хэрэгсэл дотроо 15 настай Х-г хүчирхийлсэн байна. Хохирогч охин О-той фэйсбүүкээр танилцсан аж. Тухайн үедээ Х нь аавтайгаа маргалдаж, хэцүү байгаа талаараа өөрийн фэйсбүүктээ бичсэн байж. Тэр даруйд О-гоос “Сайн зөвлөгч, сонсогч байж чадна” хэмээсэн уран цэцэн үгтэй мессеж ирснээр тэд цахимаар танилцжээ. Гурав дахь удаагийн уулзалтын үеэр тэрбээр охиныг хүчирхийлж, “Ээж, аавдаа энэ тухай хэлж хэрэггүй” гэж сүрдүүлжээ. Хохирогч охин эцэг, эхээсээ айсандаа захиа бичиж үлдээгээд хот руу явсан аж. Хотод ирээд эмчид үзүүлэхэд бэлгийн замаар дамжих трихомониаз өвчний халдвар авсан байжээ. Энэ талаар цагдаад гомдол гаргаж, шүүх хурал ч болсон байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэрэг үйлдсэн этгээд 1.5 сая төгрөг төлсөн бөгөөд асран хамгаалагчид нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснээр хэргийг эцэслэсэн байх юм.
15 настай М гэх охиныд хойт аавынх нь эгчийн хүүхэд болох П хамт амьдардаг байж. Охиныг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг нь П мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон байна. Хохирогч охиныг өмнө нь төрсөн аав нь хүчирхийлж байжээ. Түүний эцэгт шүүхээс 19 жил хорих ял шийтгэсэн гэнэ. П нь М-д хүч хэрэглэсэн үү, ярилцсаны үндсэнд ийм харьцаанд орсон уу гэдгийг гэр бүлийнхэн нь мэдэхгүй байж. Охин энэ талаар ам нээгээгүй аж. Энэ нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн П-д давуу тал болж, шүүхээс найман сарын тэнсэн харгалзах ял шийтгэжээ.
Өнгөрсөн дөрвөн сард 34 настай, дээд боловсролтой Ө-д холбогдох шүүх хурал болсон юм. Тэрбээр16 насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж Д-тэй бэлгийн харьцаанд орж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ. Гэхдээ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн гэх үндэслэлээр ялыг нь хөнгөрүүлж, 5.4 сая төгрөгөөр торгосон байна.

Энэ мэт жишээнээс харахад охинтой айл гэртээ хамаатан садан, найз нөхдийнхөө эрэгтэй хүнийг аль болох байлгахгүй байх нь тэднийг хамгаалах нэг гарц аж. Бэлгийн хүчирхийллийн золиос болсон охидын сэтгэл зүй, ирээдүйн амьдралд нь арилшгүй хар толбо үлдсээр. Насанд хүрээгүй охид хүсээгүй хүүхдээ тэврээд хоцорсон жишээ цөөнгүй. 16 нас хүрээгүй охид жирэмслэх, төрөх нь нэмэгдэж буйг эмч, эмнэлгийн байгууллагынхан хэлдэг. Цочролд орсон хүүхдүүдийг СЭМҮТ-д хэвтүүлэн эмчилж буйгаас өөрөөр сэтгэл санааны хохирлыг барагдуулсан тохиолдол үгүй. Тус төвд өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн цочролд орсон 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Сэтгэл гутрал, айдас, түгшүүрт автсан хүүхдүүдийг эмчлэхэд амаргүй бөгөөд цаашид ч эцэг, эх, асран хамгаалагч, мэргэжилтнүүдийн хараа хяналтад байлгах хэрэгтэйг тус төвийн хүүхдийн эмч хэлнэ лээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч А.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 226 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 327 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Өнгөрсөн онд нийслэлд 10 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Он гарснаас хойш нэг хүүхэд ийм гэмт хэргийн золиос болжээ. Гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдийн 21 нь долоо хүртэлх, 103 нь 8-13 насныхан. Ураг төрлийнхний дунд бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг гарсаар байна. Тиймээс эцэг, эхчүүд хамаатан садандаа ч үл итгэн хүүхдээ үлдээхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн цахим орчны нөлөөнөөс болж хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй. Тиймээс ЭЦА-тай хамтран “Unfriend” хөдөлгөөн өрнүүлж, цахим орчинд хүүхдийг аюулгүй байлгах арга хэмжээ зохион байгуулсан. Танихгүй хүнтэй цахим орчинд найз болохгүй байхыг уриалсан. Фэйсбүүкээр танилцаж, уулзсаны улмаас бэлгийн хүчирхийллийн золиос болсон явдал цөөнгүй” гэв.

Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхийг гэмт хэрэгт тооцож буй ч буруутай этгээдэд хөнгөн шийтгэл ногдуулдаг нь бодит жишээнээс бэлхнээ харагдана. Ялангуяа Эрүүгийн хуульд оруулсан, 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болох мэт ойлголт өгч буй утгагүй заалт нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлсэн, өмгөөлсөн, оноох шийтгэлийг бууруулсан явдал болж байна. “Зөвшилцсөн” гэх үгээр хаацайлан гэмт хэрэгтнүүд ял завшсаар байх уу. Засгийн газар, шийдвэр гаргагчид хүчирхийллийн золиос болж буй хүүхдүүдээ хамгаалах, ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажил хийх цаг болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)