Ойрд үзэгдээгүй муу үзүүлэлттэй чуулган

ТӨЛӨВЛӨСӨН АЖЛАА ТӨӨ Ч УРАГШЛУУЛСАНГҮЙ

УИХ-ын намрын чуулган завсарлав. Улстөрчдийн ужиг хэрүүл ч түр завсарлалаа. 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, нэгдсэн хуралдаан 31, байнгын болон дэд, түр хороо 92 удаа хуралдсан гэсэн тоог УИХ-ын Тамгын газар гаргажээ. Энэ тоог өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бараг ялгаагүй харагдах нь итгэл төрүүлэмгүй.

Намрын чуулган аравдугаар сарын 1-нээс энэ сарын 2 хүртэл дөрвөн сар үргэлжлэхдээ хугацааны талаас илүүд нь хуралдаж чадалгүй сул зогссон. Гэтэл хуралдсан тоо нь өнгөрсөн жилийнхтэй бараг адилхан байгаа нь үнэмшилгүй санагдсан хэрэг.

Лавшруулаад, хийсэн ажлыг нь харвал энэ удаагийн намрын чуулганаар бие даасан тав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй болсонд тооцох тухай гурав, нийт 46 хууль, УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталсан гэжээ. Энэ бол өнгөрсөн жилүүдийнхээс хамаагүй доогуур, ойрд үзэгдээгүй муу үзүүлэлт. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын ажилласан байдлыг бодвол ийм тоо гарсан нь их юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас парламентын үйл ажиллагаа доголдож, арванхоёрдугаар сараас таг гацаад, дорвитой ганц ч асуудал хэлэлцэн, шийдвэрлэж чадаагүйг нь нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. 

Тодруулбал, 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн Хууль зүйн байнгын хорооны, арваннэгдүгээр сарын 16-ны хуралдаанд Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар оролцоогүй. Тус байнгын хорооны хурал ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар гурван удаа хойшилж, төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж чадаагүй учраас арваннэгдүгээр сарын 17, 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж чадахгүй гацсан. Үүнээс хойш парламентын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, нэгдүгээр сарын 29- нд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах хүртэл “доголон” явсан билээ.

Иргэдийн хүлээж буй, эрх баригчид ч өөрсдөө баталж, хэрэгжүүлнэ хэмээн амласан эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг 2018 оны намрын чуулганаар эхлүүлнэ гэсэн нь ийнхүү талаар болов. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал парламентын босгонд тулж, хэлэлцэх асуудлын дараалалд орсон ч эрх баригчдын хэрүүлд дарагдаад сураг алдарлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс ч дутахгүй олон парламент дамжиж яригдсан, гарцаагүй шинэчлэхээс аргагүй гэдгийг нь дээр, дооргүй хүлээн зөвшөөрдөг эрх зүйн баримт бичиг бол Улс төрийн намын тухай хууль. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг энэ парламентын үед амжуулна гэж олонх амласан. Өнөөгийн улс төр, нийгмийн болж бүтэхгүй байгаа олон зүйл яван явсаар намууд төлөвшөөгүй, санхүүжилт нь далд байдагтай холбогддог. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох гэх мэтийн амин чухал зохицуулалтыг зүйлчлэх ёстой уг хууль мөн л намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад байсан ч үүнд анхаарал хандуулах сөхөө эрх баригчдад байсангүй.

Мөн өмнөх парламентаар бантагнуулсан Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тусгаарлан, тодорхой засвар хийх нь өнөөгийн УИХ-ын зайлшгүй хийх ажлын нэг. Сонгуулийн тухай хууль амьдралд нийцэхгүй, ажлаа хийхэд хүндрэл үүсгэж буй талаар байнга сануулдаг СЕХ-ныхон өөрсдөдөө тулгардаг асуудлууд, сонгууль зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж, бараг төслийг нь бэлтгээд УИХ-д хүргүүлсэн. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал мөн л усанд хаясан чулуу шиг алга боллоо. Татварын багц хуулийг хэлэлцэхээр товлосон нь бас замхрав. Энэ мэтчилэн шийдлээ хүлээсэн олон чухал асуудал эрх баригчдын хэрүүл, тэмцэлд дарагдаж, намрын чуулганыг үдлээ.

ХУУЛЬ ТОГТООГЧИД ХУУЛИА ЗӨРЧИВ

Хууль тогтоох дээд байгууллага, хууль тогтоогчид өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл энэ намрын чуулганы хугацаанд нэг биш гаргав. Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн хоёрт “Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” хэмээсэн атал нам доторх хэрүүлээс өөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ХХААХҮ-ийн сайдыг томилолгүй хоёр сар гаруй боллоо. ЖДҮХС-гийн зээлийг намынхаа улстөрчдөд хувааж өгсөн гэсэн зэм тулгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэн, Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх шийдвэрийг МАН-ын бүлэг өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд гаргаж, арваннэгдүгээр сарын 6-нд түүнийг огцруулсан. Арваннэгдүгээр сарын 12-нд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Ч.Улааныг тус салбарын сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Ерөнхий сайд түүнийг томилуулах саналаа арваннэгдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл ХХААХҮ-ийн салбар сайдгүй өвөлжиж, гахайн мялзан гарсны “ачаар” өнгөрсөн сард арай гэж томилогдов.

Мөн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцрохыг шаардаж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн бойкот хийсэн нь ч угтаа хууль зөрчсөн хэрэг гэж хуульчид хэлж байгаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, 4.10 дахь хэсэгт “Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу орхиж гарахыг хориглоно” гэж заасан. Хуульд заагаагүй үндэслэлээр УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байх нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хууль бус, зохион байгуулалттай арга хэмжээ” гэж УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэж байв.

ДАЙН ДЭГДЭЭХ ШАХАН БАЙЖ ДАРГАА СОЛИЛОО

Ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй олуулаа засгийн эрх барьсан МАН-ынхан өнгөрсөн удаад өөрсдийн байгуулсан Засгийн газрыг унагасан бол энэ удаа УИХ-ын даргаа “годройтуулав”. Ингэхийн тулд чамгүй урт зам туулж, бишгүй олон үйл явдал өрнүүллээ. Нам доторх эрх мэдэл, байр сууриа булаацалдсан шинэ, хуучин удирдлагын хоорондын дайн зунжин, намаржин, өвөлжин үргэлжилж, сая л нэг юм У.Хүрэлсүхийн ялалтаар өндөрлөв. Энэ ялалтад хүрэхийн тулд УИХ-ын үйл ажиллагааг хоёр сар гаруй таг зогсоож, ганц хүнд зориулсан хууль баталж, идэр есийн хүйтнээр жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зохион байгуулах гээд болохоосоо болохгүйг хүртэлх бүхнийг хийлээ. Эцэст нь даргаа сольсон нь энэ намрын чуулганы ганц ажил, том үр дүн байв.

ЖДҮХС-гаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхээр хэдэнтээ оролдсон ч ирц бүрдээгүй, дээрх хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа прокурор ирүүлсэн ч татгалзсан хариу өгснийг нь дурахгүй өнгөрч боломгүй байна. УИХ ийнхүү хамгаалснаар эрх мэдэл, албан тушаалаа ашиглан Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг нэн хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хувааж авсан нэр бүхий гишүүд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээгээгүй л байгаа билээ.

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)