Ойрад Монголын “Их Хөгсүү” анхдугаар наадам эхэллээ

Хотон, дөрвөд, баяд, захчин, торгууд, үзэмчин, урианхай, мянгад зэрэг ойрад угсаатан үндэсний хувцсаараа гоёж нийслэл хотынхоо төв талбайд цугларчээ. Тэд Ойрад Монголын “Их Хөгсүү” ардын урлаг, соёлын анхдугаар их наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн нь энэ юм.

Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж наадмаа эхлүүлсэн ойрадууд гурван өдрийн турш дуу хуур, өв соёл, зан үйлийн онцлогийг харуулсан урлагийн тоглолт, ойрадуудын угсаатан зүй, үндэстэн ястны хувцас, хэрэглэл, тавилга, эд зүйлсийг дэлгэн харуулсан үзэсгэлэн сонирхуулж, эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлнэ гэсэн.

“Их Хөгсүү” наадамд Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор, ГовьАлтай аймаг болон Улаанбаатар хот, ОХУ-ын Халимаг, Тува, уулын Алтай, БНХАУ-ын Шинжаан Уйгар, Өвөрмонголын Алша, дээд Монголын ойрад угсааны 500 гаруй хүн оролцож байна. Баруун Монгол түмний урлаг соёл, хэл, ёс заншил, мартагдсан зан үйлийг сэргээж, танин мэдүүлэх, сурталчлах зорилготой уг наадам маргааш өндөрлөнө.

Тус наадмыг зохион байгуулж буй Ойрад Монголын “Их Хөгсүү” холбооны ерөнхийлөгч Ч.Өнөртүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ойрад Монголын наадмыг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ. Хэчнээн ястан оролцож байгаа вэ?

-Ойрад түмний наадмыг анх удаа зохион байгуулж байна. Өмнө нь урианхай, торгууд ястны наадам гэж болсон. Энэ удаа бид 13 ястныг нэгтгэсэн урлаг, спортын цогц наадам зохион байгуулж байна. Увсаас 60 гаруй, Баян-Өлгийгөөс 32, Ховдоос 38, Сэлэнгээс 15, Дархан-Уулаас 22, Орхон аймгаас 40 гаруй, нийслэлээс 100 гаруй хүн оролцож байна.

-Өргөн бүрэлдэхүүнтэй наадам болж байгаа юм байна. Наадмын ач холбогдол нь юу бол?

-Сүүлийн үед ойрад гэж хэлэхээсээ ичдэг хүн олон болж. Үндэснийхээ хувцсыг ч өмсөхөө больж, өв соёлоо мартаж, ах захаа ч хүндлэхээ байсан. Ойрад эмэгтэй нөхрөө хүн дэтгэлтэйгээр та гэж дууддаг. Орхигдсон бүхнийг сэргээж, танин мэдүүлж, өвлүүлэх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Ястан бүр өөрийн нутгийн зан заншил онцлогийг харуулсан хувцас, хэрэглэлээ өмсөж ирсэн.


С.ЗАЯА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)