Ойн “эмч” нар ур чадвараараа өрсөлдөв

Хөрөөчний ур чадвар шалгаруулах тэмцээний үеэр

Ойн салбар үүсэж, хөгжсөний 95 жил энэ онд тохиож буй. Ойн хүрээнд БОАЖЯ-наас 21 аймгийн ойн ангийн мэргэжилтнүүдийн дунд Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Үдлэг багт байрлах МУИС-ийн Ойн сургалт, судалгааны сууринд анх удаа зохион байгууллаа. Тэмцээнийг мод бэлтгэх, талбай тусгаарлах, үр таних гэсэн гурван төрлөөр явуулсан юм. 

Ийм тэмцээн зохион байгуулснаар 21 аймгийн ойн ангийнхан туршлага солилцох, мэдлэг чадвараа сорих боломж бүрдсэн гэж болно. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, сум дундынхан сонирхолтой хэрнээ эрсдэлтэй ажил хийдэг юм байна. Тэд ойгоо хулгайн мод бэлтгэгчдээс хамгаалдаг “цагдаа” төдийгүй байгаль эхийг нөхөн сэргээдэг “эмч”, модоор гар урлал хийдэг “мужаан” ажээ.

ОЙГОО ХАМГААЛАХАД ОНОЛЫН МЭДЛЭГ ЧУХАЛ

Эхний тэмцээнээр ойн ангийнхан онолын мэдлэгээ шалгуулав. Тэд хэчнээн га талбайгаас ямар хэмжээтэй мод бэлтгэж, хэдэн төгрөг төлөх шаардлагатайг тооцоолохоос гадна Ойгоос мод бэлтгэх тухай журамд юу гэж заасан тухай хариулж, мэдлэгээрээ өрсөлдлөө.

Ийм тэмцээн зохион байгуулснаар 21 аймгийн ойн ангийнхан туршлага солилцох, мэдлэг чадвараа сорих боломж бүрдсэн

Ойн аль хэсгийн моддыг огтлох, тайрах шаардлагатайг тодорхойлж, тухайн талбайг тусгаарлах ёстой аж. Үүнийг мэргэжлийнхэн “Талбай тусгаарлах” гэж ярьдаг. Тусгаарласан талбайдаа цэвэрлэгээ хийнэ. Энэ ажлыг энгийнээр ойлгуулахын тулд хүнтэй зүйрлэн тайлбарлаж болохоор юм. Хүний үс хуурайшсан бол тос түрхэж, засаж, янзалдаг шиг байгаль ээжид ч өөрийгөө “цэмцийлгэж”, нөхөн сэргээх шаардлага тулгардаг байх нь. Ингэхийн тулд хөгшин, хортонд идэгдсэн модыг унагаж, залууг нь тордох хэрэгтэй болно. 

Нэг га талбай дотор олон жил ургасан мод шигүү байрласан бол хөрсний чийгээ булаацалдаж, шим тэжээлээ авч чадахгүй байсаар үхдэг гэнэ. Харин халцарсан хэсэгт нь мод тарьж, нөхөн сэргээх шаардлагатай. Нөхөн сэргээлт, тайралтын алиныг хийхээ шийдэхийн тулд хамгийн түрүүнд ойн насжилтыг тодорхойлдог. Ойн салбарт олон жил ажилласан хүмүүс модыг хараад насыг нь шууд хэлж байв. 120-иос дээш жил насалсан, хортонд идэгдсэн, түймэрт өртсөн модыг тайрахын тулд онолын мэдлэг хэрэгтэй.

Ойн хортон шавжид идэгдсэн хэсэгт огтлол, тайралт хийх талбайг тусгаарлаж, ойн насжилтыг тодорхойлж буй нь

Онолын асуултуудад Архангай болон Төв аймгийн ойн сум дундын ангийн мэргэжилтнүүд хамгийн өндөр буюу 10-аас найман оноо авсан. Тус тэмцээнд 17 баг оролцсон бөгөөд 10 нь таваас доош оноо авлаа. Энэ нь ойн салбарын мэргэжилтнүүдийн онолын мэдлэг дутмаг байгааг харуулав. Зарим багийнхан “Эхний хоёр минутад мэдэхээ дугуйлж, үлдсэн хугацаанд “мэргэн” буудлаа зэргээр хошигнож байв. Дархан-Уул аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн У.Мөнхзул “Онолын асуултууд өдөр тутмын ажилтай холбоотой байсан учраас хариулахад хүндрэл гараагүй. Гэхдээ их сандарлаа, 10 асуултад хариулахад таван минут маш хурдан өнгөрлөө” гэв. 

Завхан аймгийн оролцогч. Тус аймгийн “Малчин” нөхөрлөлийн менежер Д.Мөнхбат хэрчилтийн өнцөг, хөрөөдөх зөрүү алдалгүй даалгавраа гүйцэтгэж, эмийн сан, гар хөрөө зэрэг техник хэрэгсэл, бэлтгэлээ маш сайн хангасан учраас тэргүүн байрт шалгарлаа.

Уралдаанд оролцсон хүмүүсийн олонх нь “Румбын хэмжээ хэдээс хэдэн градус байдаг вэ” гэх асуултад бүдэрсэн. Румб гэдэг нь мод огтлох талбайг хэмжих багаж. Өөрөөр хэлбэл, ой доторх огтлох, тайрах цэгт шон зоож, түүнээсээ хаашаа, хэр хол явах хил хязгаарыг румбаар хэмждэг ажээ. Энэ нь шинэ технологид суурилсан ойлголт.

Багаараа гүйцэтгэсэн эл тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын ангийнхан онолын мэдлэгээрээ “толгой цохиж” мод огтлох талбайгаа зөв тусгаарласан тул тэргүүн байрт шалгарлаа. Харин дэд байрт Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийнхан удаалсан бол Дархан-Уул аймгийнхан гуравдугаар байр эзлэв.

НЭГ ММ-ИЙН ЗӨРҮҮ ГАРГАСАНГҮЙ

Ойн сум дундын ангийнхан ойгоо хамгаалахын зэрэгцээ үхсэн модыг үйлдвэрлэл, түлээнд ашиглахын тулд унагаж, бэлтгэнэ. Тайрч, бэлтгэсэн хаягдал модоор ойн нөхөрлөлийнхөн дэр, үзэгний сав, эвлүүлдэг тоглоом зэрэг төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.

Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж, техник хэрэгсэлтэй болгоомжтой харьцах ёстой. Ойн ангийн мэргэжилтнүүд цахилгаан хөрөөгөөр 30 мм-ээс нимгэн, 80 мм-ээс зузаангүй тайрдас унагах даалгавар авав. Хөрөөгөө унтрааж, гацааж болохгүй. Нэг байрлалаас нөгөөд шилжихдээ хөрөөнийхөө гинжийг хөдөлгөхгүй, хөдөлгүүр ажиллаж байхад хөрөөнд гар хүрэх бас хориотой. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд модны үртэс нүд рүү орох, гар хуруугаа гэмтээх зэрэг эрсдэл өндөр. Тиймээс аюулгүй байдлаа дээд зэргээр хангах ёстой. Доод, дээд талаас нь тайрч тайрдас унагах, гуалинг эгц дээрээс нь хөрөөдөхдөө доор нь тавьсан ул модыг гэмтээхгүй байхыг зохион байгуулагчид шаардсан.

Энэ даалгаврыг зориулалтын малгай, хувцас, хэрэглэлтэй, алдаагүй цэвэр гүйцэтгэсэн нь Завхан аймгийн оролцогч. Тус аймгийн “Малчин” нөхөрлөлийн менежер Д.Мөнхбат хэрчилтийн өнцөг, хөрөөдөх зөрүү алдалгүй даалгавраа гүйцэтгэж, эмийн сан, гар хөрөө зэрэг техник хэрэгсэл, бэлтгэлээ маш сайн хангасан учраас тэргүүн байрт шалгарлаа.

Тус тэмцээнд 10 хүн оролцож, Булган аймгийн Булган сум дундын ойн ангийн Б.Алтансүх хоёр, Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын ойн ангийн мэргэжилтэн н.Сайханбаяр гуравдугаар байр эзлэв. Манай улсад жил бүр Хөрөөчдийн ур чадвар шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг байсан ч сүүлийн жилүүдэд зогсжээ. Өдгөө Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Хөвсгөл, Булган аймгийн МСҮТ-д хөрөөчин бэлдэж буй аж.

ХБНГУ-ын Ойн аж ахуйн зөвлөлийн ерөнхийлөгч Жеорж Ширмбэк манай улсын ойн салбар дахь үйл ажиллагаа, ойн салбарынхны ур чадварыг дүгнэхдээ “Ойгоос ямар ашиг хүртэх нь тэнд ажиллаж буй хүмүүсээс хамааралтай. 

ХБНГУ-ын Ойн аж ахуйн зөвлөлийн ерөнхийлөгч Жеорж Ширмбэк

Үүнд ойн салбарынхны мэдлэг, боловсролоос гадна техник хэрэгсэл ч чухал. Монголын ойн салбарынхан технологийн олон шинэчлэл хийсэн байна. Гэхдээ одоо Монголд ашиглаж буй хэрэгсэл нь Германд 30 жилийн өмнө хэрэглэж байсантай адилхан. Тиймээс манай талаас дэвшилт технологи нийлүүлж, хамтын ажиллагаагаа цаашид ч өргөжүүлэх боломж бий. Монголын ойн салбарынхны санааг чилээдэг асуудлын нэг нь мал аж ахуй. Мод тарьсан талбайгаа хашиж, хамгаалбал хоёр жилийн дотор тухайн газар нөхөн сэргэх боломжтой. Монголын эдийн засагт мал аж ахуй чухал байр суурь эзэлдэг ураас малын тоо толгойг багасгах, хязгаарлах боломжгүй. 

Үр түүхийн тулд 24-28 метр өндөр модонд авирсан юм.

Тиймээс энэ салбараа хөгжүүлэхийн тулд мал аж ахуйн салбартайгаа уялдсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголд бэлчээрийн даац хэтэрснээс ойн сан бүхий газруудад тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлж буй нь ажиглагдсан. Манай улсын хувьд зэрлэг амьтад ойн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн нэг. Тиймээс энэ сорилтыг давахын тулд байгаль, ан амьтны хуультайгаа уялдсан бодлого баримталж байгаа” гэлээ. Мөн хаягдал модоор бүтээгдэхүүн хийдэг хүн бага байгаа нь техник, технологи хөгжөөгүйтэй холбоотойг Жеорж Ширмбэк онцолсон. Германчууд унагасан модныхоо мөчир, үртэс бүрийг нь ашигладаг аж. Техник хэрэгсэлтэй бол хаягдал модны нөөцийг бүрэн ашиглаж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боломж байгааг гадаадын эрдэмтэд анзаарчээ. Герман улсын ойн сан бүхий газар нутгийн хэмжээ бага. ОХУ-ын нийт ойн хэмжээтэй харьцуулахад дөнгөж 1.5 хувь нь Германд бий. Гэсэн ч тэд ойн нөөцөө үр ашигтай ашигласнаар жилд дунджаар 180 тэрбум еврог улсынхаа төсөвт төвлөрүүлдэг юм байна.

ТАНИХАД ХАМГИЙН “ХЭЦҮҮ” НЬ ХАДНЫ ҮР

Ойчид хаанаас ямар мод огтлох шаардлагатайг тодорхойлж, тайрсан модоороо бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна нөхөн сэргээлт хийдэг. Ингэхийн тулд модноос үр түүгээд, түүнийгээ шилэн бортогонд хийж, ирэх жил хүртэл гэмтээлгүй хадгална.

Эхлээд ойн нөхөрлөлийнхөн болон сум дундын ойн ангийн 30 гаруй мэргэжилтний дунд үр таних тэмцээн зохион байгуулав. Хуш, хус, жигд, агч, чацаргана, хад зэрэг 25 төрлийн модны үрээс 20-ийг нь зөв нэрлэснээр, Хөвсгөл аймгийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн Б.Болдбаатар нэгдүгээр байрт шалгарав. Хад, улаалзгана зэрэг жимсний үр хоорондоо төстэй ч тэрбээр алдалгүй нэрлэсэн. Модноос үр түүх тэмцээнд ч бусдыгаа манлайлсан Б.Болдбаатар нийлбэр огноогоор тэргүүн байрт шалгарч, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай аймгийнхан удаах байрыг эзэллээ.

Үр түүхийн тулд 24-28 метр өндөр модонд авирсан юм. Оролцогчид орой хэсэгт нь ойртоход мод найгах нь энгийн үзэгдэл. Тиймээс өндрийн айдастай хүнээр ийм ажил хийлгэдэггүй аж. Оройд нь хүрснийхээ дараа хажуугийн модноос үр түүнэ. Мод руу авирахад тусгай багаж хэрэгсэл, өмсгөл ашигладаг төдийгүй улсын хэмжээнд энэ ажлыг гүйцэтгэх мэргэжлийн сертификаттай 30 гаруй хүн байдаг гэж Б.Болдбаатар хэлсэн.

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Энэ тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна. Манай салбарын бүтцийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай. Бид мэргэжилтнүүдээ урт хугацаагаар бэлтгэдэг. Гэтэл дөрвөн жил тутамд дарга нар солигдож байна. Ингэх тоолонд салбарын үйл ажиллагаа доголддог учраас Ойн агентлаг байгуулж, ойн салбарын үйл ажиллагааг босоо удирдлагаар зохицуулах боломж бүрдүүлэх шаардлагатай. Босоо удирдлагатай бол тогтвор суурьшилтай ажиллах, мэргэшсэн боловсон хүчинтэй болох юм. Түүнчлэн 3-4 мэргэжилтэн 300-400 мянган га талбайг хариуцдаг учраас ажлын ачаалал маш их” гээд тулгамдаж буй бэрхшээлээсээ дурдлаа. Энэ жил ой хамгаалах, нөхөн сэргээхэд 5.7 тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд энэ нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин бага мөнгө аж. Харин ирэх жил энэ салбарт 12.7 тэрбум төгрөг зарцуулахаар БОАЖЯ-ныхан төлөвлөжээ.

Ойн салбарынхны ур чадварыг үнэлж тэргүүн байрт шалгарсан хүмүүст тус яамныхан нэг сая төгрөг, хоёрдугаар байрыг эзэлсэнийг нь 700 мянган төгрөгөөр урамшуулав. Түүнээс гадна ирэх жил БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй сургах эрхийн бичгийг Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн мэргэжилтнүүдэд гардуулсан. Энэ салбарт ажиллах сонирхолтой боловсон хүчин дутмаг учраас иймэрхүү урамшуулал, дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг ойн нөхөрлөлийнхөн онцлон ярьж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)