Ойн шар тос зүрх, судсыг хамгаална

Авокадо хэмээх жимсний ач тусыг сүүлийн үед олон улсад түлхүү сурталчлах болсон. Америкийн Пенсильваны их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр, өдөр бүр нэг ширхэг авокадо идсэнээр цусан дахь ашиггүй холестерины хэмжээг бууруулж, зүрх, судасны өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Жингийн илүүдэлтэй болон хэт тарган хүмүүсийг судалгаандаа хамруулж, тасралтгүй 35 өдөр нэг авокадо болон өөх тосны агууламж их, бага хоол хүнс хэрэглүүлсэн багийнхан “Туршилтад хамрагдсан хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээг олон янзаар харьцуулан хэмжихэд авокадо жимсний үр дүн маш тодорхой болсон. Өдөр бүр нэг авокадо идсэнээр та зүрх, судасны өвчин тусах магадлал тодорхой түвшинд буурна” гэжээ.

Ташрамд өгүүлэхэд, матар лийр хэмээдэг уг жимсийг хүнсний ногоотой андуурдаг нь амтнаас шалтгаалдаг гэж олон улсын судлаачид үздэг. Хамгийн тэжээллэг, эрч хүч нэмдгээрээ “Гиннесийн ном”-д бичигдсэн авокадог хүн төрөлхтөн МЭӨ 3000 онд хэрэглэж байсан баримт бий. Эл жимсийг ойн шар тос гэж “өргөмжилдөг” нь учиртай. Түүнд В, Е, А, С, К аминдэм, фолийн хүчил болон кальци, фосфор, кали, төмөр, натри, зэс, йод, магни зэрэг эрдэс бодис агуулагддаг бөгөөд 100 гр нь 212 ккал илчлэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)