Ойн цэвэрлэгээ нэрээр нойтон мод бэлтгэж байжээ

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Богдхан уулын Төр хурахын ам, Улаан хад орчимд ойн цэвэрлэгээ, арчилгааны ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, иргэдийг ЦЕГ-ийн Экологийн цагдаагийн албаныхан өнгөрсөн амралтын өдрүүдэд шалгажээ. Шалгалтын үеэр мод бэлтгэж буй иргэд зөвшөөрөгдөөгүй цэгээс нойтон, ногоон мод огтолж буй зөрчил илэрсэн байна. Улаан хад орчимд мод бэлтгэхээр нэгдүгээр сарын 6-нд ирсэн гэх иргэд зөвшөөрөгдсөн талбайн хэмжээг мэдэхгүйгээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нь тогтоогдсон байна. Улсын хэмжээнд хаврын хуурайшилт эхлэхээс өмнө ойн цэвэрлэгээний ажил хийдэг. Цэвэрлэгээ хийхдээ тухайн бүс нутгийн доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон талбайд хэсэгчлэн явуулдаг. Ингэхдээ ойн цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлдэг юм.

Богдхан уулын тусгай хамгаалалтай газарт хэсэгчилсэн цэвэрлэгээ хийх ажлыг зургаан аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа бөгөөд цэвэрлэсэн мод, холтос зэргийг тухайн бүс нутагт оршин суугаа амьжиргааны түвшин доогуур айл өрх болон мод бэлтгэх шаардлагатай албан байгууллагуудад үнэ төлбөргүй олгодог байна. Ойн цэвэрлэгээ хийж буй компаниуд хариуцсан хэсэг, мод ачиж буй автомашинууддаа таних тэмдэг байрлуулах ёстойг Экологийн цагдаагийн албаныхан санууллаа. Цэвэрлэгээний ажлыг хаврын хуурайшилт эхлэхээс өмнө хийснээр гал түймэр гархаас урьдчилан сэргийлэх, хортон шавж бусад мод, бут руу тархахаас урьдчилан сэргийлдэг аж.

Бэлтгэсэн: Ж.Туул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)