Одри Хепбёрн: Би хүний сайхан сэтгэлд хамгийн их итгэдэг

Ромд өнгөрүүлсэн амралт”-ын Анна гүнж, “Тиффанийнд барьсан өглөөний унд” киноны Холли Голайтли, “Миний сайхан хатагтай”-н Элайза Дүлиттль, “Сабрина”-гийн Сабринагийн дүрийг мөнгөн дэлгэцийн домог болтол амилуулсан Одри Хепбёрн (1929-1993) амьдралынхаа сүүлийн жилүүдэд тайз, дэлгэцийн бус тун ч өөр, гэхдээ нэн чухал дүрд “хувирсан” нь хүмүүнлэгийн үйлстэн байлаа.

Тэрбээр ЮНИСЕФ-ийн элч болж, ядуу буурай олон ч улсад ажиллажээ. Америкийн кино хүрээлэнгээс 1999 онд гаргасан “Бүх цаг үеийн дэлгэцийн 100 од” жагсаалтын гуравт бичигддэг О.Хепбёрн дараах ярилцлагыг 1991 онд Нидерландад хандивын тоглолт зохион байгуулахдаа Америкийн нэрт хөтлөгч Ларри Кингт өгсөн байна. Бельгид мэндэлж, Нидерландад өсөж торнин, Америкт алдаршсан Британийн иргэн тэрбээр уг ярилцлагаас хоёр жилийн дараа Швейцарьт таалал төгссөн юм.

-Та ЮНИСЕФ-ийн элчийн хувиар Ази, Африк, Өмнөд Америкийн олон улсаар зорчлоо. Жилд ердөө ганц долларын орлоготой гэгддэг ийм ажилд та юуны учир ингэж зүтгэнэ вэ?

-Энэ бол миний амьдралдаа хийж байсан ажлуудаас хамгийн үр өгөөжтэй нь. Тэр шан харамжийг нь мэдээж хэрэг мөнгөөр үнэлэх аргагүй. Хүмүүнлэгийн ажлыг хүмүүс хийх учиртай болоод л хийдэг. Би ч мөн адил.

Хоёрдугаар дайны хүнд жилүүдийг манжин идэж байж давсан над шиг хүмүүс өчнөөн бий шүү дээ. Биднээс ч хэцүү амьдралтай, манжин ч олж идэж чадахгүй хүн одоо ч хэдэн саяараа байна.

-Өлсгөлөн, гуйланчлал газар авсан орнуудад очихдоо та сэтгэлээр унаж, горь найдвар тасардаг уу?

-Хэзээ ч үгүй. Тэр хүмүүсийн амьдрал дээрдэнэ гэдэгт би нэг ч удаа эргэлзэж байгаагүй. Би хүний сайхан сэтгэлд хамгийн их итгэдэг. ЮНИСЕФ-ийнхны ажил үйлсийг нүдээр үзсэнээс хойш энэ итгэл найдвар минь бүр ч сэргэсэн.

-Та анхны америк кинондоо тоглоод л Оскар хүртсэн. Гэнэт тэгж алдаршихад сөрөг тал байв уу?

-Байгаагүй ээ. Туршлагагүй байсан маань л сул тал болсон байх. Хэрэв хэдэн жилийн дараа, шагнал өргөмжлөлийн үнэ цэнийг илүү сайн мэдэх болсон үедээ Оскар гардсан бол арай сэтгэл хангалуун байх байсан болов уу.

Сөрөг тал гэх нь юу юм бэ, харин жаахан таагүй зүйл нь “Үгүй” гэж хэлж сураагүй жаахан охин юм юмыг зөвшөөрч театр, телевиз, киноны гээд олон ажилд нэгэн зэрэг дарагдах нь л хэцүү байсан.

Тэр үед жаахан амсхийж, өөртөө цаг зав гаргаж байхгүй яав даа гэж хааяа боддог.

-Олон түмний хайр хүндлэлийг хүртэх ямар байдаг вэ. Алдар нэр таныг өөрчилсөн үү?

-Хариулахад их хэцүү асуулт байна. Амьдрал минь одоо ч надад итгэхийн аргагүй санагддаг. Үзэж туулсан бүхнээ би бодитоос бодит гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ л дээ. Гэсэн ч зүүд зэрэглээ шиг санагдах үе байдаг юм. Ганцаараа элдвийг эргэцүүлж суухдаа “Энэ амьдрал үнэхээр минийх гэж үү” гэж хүртэл өөрөөсөө асуудаг.

Нас ахихын хэрээр аливаад гайхаж балмагдан байгаагаа бусдаас нууж сурч байгаа болохоос биш “доторх” хүн минь итгэж ядсан, хөөрч баярласан жаахан охин хэвээрээ л байх шиг санагддаг. Телевизийн ачаар одоо хүүхэд, залуус хүртэл намайг таньдаг болжээ. Үүнд их баярладаг.

-Хэн нэг нь танаас “Уран бүтээлээ танилцуулаач. Та ямар кинонд тоглосон бэ” гэж асуувал та аль киногоо үзүүлэх вэ. Тоглосон кинонуудаасаа та алинд нь илүү дуртай вэ?

-“Тиффанийнд барьсан өглөөний унд” юм уу даа. Зурагтаар гарахад нь аль ч хэсгийг нь үзэх сайхан байдаг юм. Харилцан яриа, зохиол сайтай, хэд ч үзээд уйдахааргүй кино. Хүмүүс энэ кинонд дуртай гэж хэлэхэд надад их сайхан санагддаг.

-Олон жилийн дараа Нидерландад ирэх ямар байна вэ. Баяр, гунигтай мэдрэмж сүлэлдэж байна уу?

-Тийм мэдрэмж төрөхөө байгаад уджээ. Одоо бол баяр хөөр нь давамгайлж байна. Нацистуудад эзлэгдээд байсан Голландад аж төрж байсан минь 40 гаруй жилийн тэртээ үлдсэн байна шүү дээ.

Энд ирэх бүртээ энэ улс оронд хэчнээн хайртайгаа л улам бүр мэдрэх юм.

-Танд дайны үеийн дурсамж олон бий байх. Гудамж, талбайд явж байсан нацистуудын дүр зураг одоо ч таны нүдэнд харагддаг уу?

-Жаахан байсан надад герман цэргүүд эхэндээ их л харь хөндий санагддаг байлаа. Харин удалгүй дасчихсан ч юм уу, тэднийг анзаарч харахаа больсон шиг санагддаг. Одоо санахад өмнө нь чухам ямар газар байсан нь үл мэдэгдэх том том барилгуудаас хүмүүсийн орилж хашгирах аймшигтай дуу хаддаг байсан нь санаанд их тод үлджээ.

Германчууд хаа сайгүй шорон гяндан байгуулж, хүмүүсийг эрүүдэн тамлаж байгаа нь тэр гэж томчууд ярьдаг сан. Дайны үеэс хамгийн тод үлдсэн дурсамж гэвэл харин чөлөөлөгдөх үеийн мэдрэмж юм байна шүү. Тийм агшныг хүн яагаад ч мартдаггүй юм билээ.

-Танд эхлээд юу харагдсан бэ. Дайн дууссаныг, улс орноо чөлөөлөгдсөнийг анх яаж мэдэж байв?

-Чөлөөлөгдсөн гэдгээ би анх ямар нэг дүр зургаас биш, харин нэг содон үнэрээс мэдэрч, ухаарч байлаа. Бид гэр бүлээрээ зооринд нуугдаж байсан юм. Хэдэн сарын турш байшингийнхаа доорх нуувчинд бүгж байсан хэрэг. Миний амьдарч байсан хотыг Холбоотны хүчин чөлөөлөх үед англи цэргүүд байшин бүрийг нэгжиж байсан юм билээ.

Тэгээд манай гадаа ирж л дээ. Тэр үед өдөр, шөнөгүй үргэлжилж байсан өнөөх бөмбөгдөлт, буун дуун гэнэт тасарсан. Өглөө эрт, үүрээр байсан санагдана. Тэгтэл ч бид бүгдээрээ түгшиж, юу юугүй л ямар нэг аймшигтай юм болох нь гэж бодож байтал гэнэт тамхи үнэртсэн. Бүр англи янжуурын үнэр гээд бод доо.

Тэгж л бид дайн дууссаныг мэдэж, гайхаж баярлах зэрэгцэн зоориноосоо гарч ирсэн. Тэгэхэд байшингийн маань арын цэцэрлэгт цэргүүд тайван гэгч нь бөөгнөрөөд зогсчихсон байж билээ.

-Та Анна Фрэнкийн дүрд тоглохоос татгалзсан гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Анна Фрэнкийн өдрийн тэмдэглэлийг би анх хэвлэгдсэн даруйд нь, дайны дараахан уншиж байлаа. 1946 онд шиг санагдана. Тэр номыг уншаад би сэтгэлээр маш их унасан. Намайг үнэхээр өөрчилсөн, сэтгэл зүйгээр бүр туйлдуулж орхисон ном. Анна Фрэнк бид хоёр чацуу юм шүү дээ.

Миний үе тэнгийн охин ийм их зовлон туулж, нэг улсад яг ижил дайн дажны нүүр үзсэн хэрнээ ийм их зүйл мэдэрч, ингэж бусдын сэтгэлд хүртэл бичиж шүү дээ гэж бодоход л өр өвддөг. Хэдийгээр дайн болж байсан ч би дуртай үедээ орж, гарах эрх чөлөөтэйгөө байсан. Гэтэл тэр охин өдөр бүр айж түгшин, нуугдаж байсан гэж бодохоор аймшигтай.

-Гэхдээ тоглосон бол сайн дүр бүтээх байсан гэж боддоггүй юу?

-Үгүй дээ. Би өөрийгөө тийм сүрхий жүжигчин гэж боддоггүй. Сайн найруулагчийн зөвлөгөө, зааварчилгааг л дагана уу гэхээс би жүжигчний дэг сургуульд суралцаагүй юм шүү дээ. Тийм ч болохоор Анна Фрэнкийн дүрд тоглох шиг тийм хүнд хэцүү ажилд би сэтгэл санааны бэлтгэлтэй байж чадахгүй байсан байх.

Нэг талаар би өөрөө Анна Фрэнк юм. Түүний дүрд тоглоно гэдэг дайны тэр хүнд хэцүү жилүүдийг, үзэж туулсан бүхнээ дахиад мэдэрнэ гэсэн үг. Тийм зүйлийг би яагаад ч тэсэж гарч чадахгүй.

-Та өөрийгөө сайн жүжигчин биш гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-Би жүжигчин болохыг уг нь хүсээгүй юм. Бага байхдаа бүжигчин болно л гэж боддог байлаа. Жүжигчин болсон минь зүгээр л хувь заяаны эргэлтээр болж өнгөрсөн явдал. Би ажилтай болохыг л хүссэн. Гэтэл надад олдсон, амжилт гаргаж болох ганц ажил нь тайз, дэлгэцийнх болж таарсан. Ердөө л ийм. Би өөрийгөө юу хийж чадах, юу эс хийж чадахаа маш сайн мэддэг.

Жишээ нь, би хэзээ ч Шер шиг, Мишель Пфайффер шиг, эсвэл Мерил Стрип шиг байж чадахгүй. Шер үг бүрээ сэтгэлээсээ, бүр арьс махаараа хэлж байх шиг илэрхийлдэг. Харин Мишель бүжиглэнэ, дуулна, нухацтай хүнд дүр ч бүтээнэ, хэний ч сэтгэлийг булаах тачаангуй дүртэй ч болж чадна. Мерил Стрип бол бүр ч гайхамшигтай. Тэр хүссэн ямар ч дүрээ бүтээж чаддаг. Надад харин тийм чадвар байхгүй. Би өөрийгөө эвдэхдээ тун тааруу жүжигчин.

-Одоо киноны гол дүр бүтээх сэн гэж хүсэж байна уу?

-Хүсэлгүй яах вэ. Цаг зав их үрэхээргүй ажил байвал кинонд тогломоор л байна. Би Шон Коннертой хамт тоглосон “Робин, Мариан хоёр” гэдэг кинондоо сэтгэл их хангалуун байдаг. Тиймэрхүү зохиолтой кино байвал дуртайяа тоглоно. Грегори Пектэй дахиад хосолбол бүр сайхан. Бидний мэдэх үлгэр домгуудын олонх нь жаргалтай сайхнаар төгсдөг. Гэтэл амьдрал тийм биш шүү дээ.

Тийм ч болохоор “Робин, Мариан хоёр”-ын өгүүлэмж надад тун сонин, бүр яруу найраг шиг санагдсан. Нас нь хэвийсэн Робин Гүүд, Мариан хоёрт юу тохиолдсоныг, тэдний хайр сэтгэл хэр өөрчлөгдсөнийг олж мэдье гэсэн санаа нь маш шинэлэг юм.

-Хожуу насны хайр дурлал хамгийн сайхан нь гэж та хэлсэн. Та одоо үнэхээр аз жаргалтай байна уу?

-Тийм ээ. Үнэхээр жаргалтай байна. Бүр бүх талаар шүү. Хүнийг шаналалгүйгээр хайрлана гэдэг хэчнээн сайхан билээ. Ийм жаргалыг амсахын тулд хүн их л ухаажиж, төлөвших хэрэгтэй байдаг юм байна. Мэдээж хэрэг зөв хүнээ олох хэрэгтэй. Сайхан хайрыг огт мэдрэхгүй өнгөрснөөс хожимдсон хойно нь ч гэсэн олно гэдэг их аз шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)