О.Дарамбазар: Эхлээд “гавал” гэдэг байснаа удалгүй “тагнуулч” Дарик гэх болсон

О.Дарамбазар “Чонын улиан” ес дэх цувралынхаа өмнө


Зураач О.Дарамбазарыг найз нар нь “Галт уул шиг дүрэлзсэн, хурц тод хүн” гэж тодорхойлсон. Түүнтэй яриад суухаар үнэхээр л гал шиг санагдсан. Бас их хөгжилтэй, яриа хөөрөөтэй, илэн далангүй нэгэн аж. Бүтээлийг нь харахад өнгө алагласан, этгээд хүн байж ч мэднэ.

Гавьяатад гурвантаа тодорхойлуулсан ч яагаад ч юм бэ тэр шагналыг хүртэж амжаагүй яваа энэ хүнийг сайн мэдэх нэгэн “Амбийцгүй, хийх ёстой гэж л зүтгэдэг болохоос шагнал урамшуулал гэж гүйдэггүй нөхөр байгаа юм” хэмээн магтан “муулсан”.

Өөрийгөө уран бүтээлч гэж дөвийлгөхөөс ичдэг гээд чанга чанга инээх О.Дарамбазарын яриаг хүргэе.

-Таны урланд байгаа Пушкиний нүүрний хэв анхаарал татлаа. Монголчууд нас барсан хүний эд зүйлийг хадгалахдаа учиртай ханддаг, ихэвчлэн цээрлэдэг шүү дээ.

-Оросын алдарт найрагч А.Пушкинийг нас барахад нүүрнийх нь хэвийг авсан байдаг. Энэ бол эх загвараас хэдэн мянган удаа хувилсных нь нэг л дээ, надад хүн өгсөн юм. Цээр энэ тэр гэсэн зүйлийг тоодоггүй.

Варшавын нэг сүмд алдарт Ф.Шопены зүрхийг хадгалдаг юм. Оюутан ахуйдаа би тэнд очиж их мөргөдөг байсан. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ.

Амьдарч буй улсынхаа соёл урлаг, заншил, шүтлэг гээд бүгдтэй нь танилцаж мэддэг байх ёстой гэж боддог.

-Сохрын газарт сохор, доголонгийн газарт доголон яв гэдгийг дагадаг хэрэг үү?

-Бурхан багшийн сургаалыг ойлгож, унших юм бол “Бурхан бол хүн өөрөө” гэсэн байдаг шүү дээ. Мөн ээжийгээ бурхан хэмээдэг хүн олон. Ижий гэдэг айхтар бурхан л даа. Гэхдээ би ер нь бусдыг дуурайх дургүй нөхөр шиг байгаа юм.

-Бүтээл нь тухайн хүний доторх ертөнцийн илрэл гэдэг. Таны бүтээлүүд нэлээд хийсвэр, романтик талдаа. Тэгэхээр та буцалсан, романтик хүн үү?

-Залуудаа нэлээд романтик байсан шүү. Нэг “хөөрхөн” зүйл ярих уу. Бидний залууд “Үсээ задгай тавьсан хүүхэн их романтик” гэж ярьдаг байлаа.

Тэгээд үсээ сул хаясан бүсгүйн хажуугаар өнгөрөхдөө “Энэ их романтик юм байна” гэж хардаг байлаа шүү дээ.

-Хэдэн жилийн өмнө та “Дуудлага” нэртэй үзэсгэлэнгийнхээ сурталчилгааны хуудсан дээр нөмгөн дээлтэй, урт үстэй эмэгтэйн зураг тавьсан байсан. Тэр зураг одоо байгаа юу?

-Тэр бол 1981 онд зургийн академи төгсөж ирээд зурсан “Дэлхий ижий” гэдэг зураг минь. Төрийн шагналт, зохиолч С.Дашдооров гуай нэрийг нь өгсөн юм. Одоо улсын сан хөмрөгт бий.

-Ер нь хэчнээн бүтээл тань сан хөмрөгт хадгалагдаж байна вэ. Таны олон зураг гадаадад байдаг гэж сонссон.

-Манай уран зургийн галерейд нэлээд зураг бий. Бас миний мэдэхээс Голланд, Польш, Японы орчин үеийн уран зургийн галерейд хэд хэдэн зураг байгаа. Хувиараа худалдаж авсан хүмүүс өөр хааш нь авч гарсныг сайн мэдэхгүй. Өнгөрсөн жил Данийн нэг хүн хоёр зургийг минь худалдаж авсан.

Тэр хүн Монголд ирээд, Сонгинохайрханд гарч л дээ. Тэнд гурван чонотой таарч, их бэлгэшээгээд чонотой уран зураг авна гээд хайжээ. Яг чоно зурсан нь нэлээд таарсан ч авалгүй явсаар манайд ирсэн юм билээ. Хийсвэр сонин зүйл хүсээд байж.

Тэгээд “Чонын улиан” нэртэй цуврал хоёр зургийг минь хараад бөөн баяр болсон. Хоёуланг нь худалдаж авсан. Би “Чонын улиан”-аа есөн цуврал хийсэн юм. Тэр нөхөр долоо, найм дахийг нь авсан. Харин ес дэх нь энэ байна. Чоно олж харав уу?

-Уран зураг унших арга, дүрэм байхгүй. Хүн өөрийн үзэл бодол, үзсэн харсныхаа хэмжээгээр тухайн бүтээлийг ойлгож, уншина. Зарим зураач бүтээлээ тайлбарлах дургүй байдаг.

Зарим нь бүтээл төрсөн түүхээс нь эхлээд тайлбарлан ярьдаг. Та яадаг вэ?

-Тайлбар нэг талаар зөв мэт. Нөгөө талаар буруу ч байж мэднэ. С.Дали “Судлаачид чөтгөр рүүгээ тонилбол таарна. Миний бодоогүй зүйлийг бодсон мэтээр бичих юм. Би заримдаа юу ч бодолгүйгээр өөрийн мэдэлгүй зурах үе бий” гэсэн байдаг.

-Тэгэхээр судлаачид бусдын бүтээлийг өөрийнхөөрөө уншаад, ямар нэгэн нууцлаг зүйл шингээжээ энэ тэр гээд л тайлбарладаг шүү дээ.

Үнэхээр тэр хүн тэдний хэлээд байгаа шиг тийм нууцыг бүтээлдээ шингээсэн, эсэх нь эргэлзээтэй. Эсрэгээрээ тухайн хүний сэтгэл, сэтгэлгээг буруу тайлбарлаад буруу ойлголт төрүүлэх магадлалтай.

Тэгснээрээ бүтээлийн санааг гуйвуулах нигууртай бус уу?

-Би тантай санал нэг байна. Гэхдээ нэг талаас нь бодвол бас өрөөсгөл. Үнэхээр тэр хүний бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд тийм нээлт, тайлбар зэрэг зүйл хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй.

Харин хүний зургийг “сайн, муу” гэж дүгнэхийг би эсэргүүцдэг. Тэр бол өнгөрсөн баларсан нийгмийн хоцрогдсон арга барил. Үзэл бодлоо хүнд тэгж тулгаж болохгүй.

-Урланд тань ихэвчлэн хийсвэр зураг байна. Та график зургийн анги төгссөн байх аа. Ер нь бодит дүрслэлтэй “ноцолдох” дургүй юм уу. Таны туурвих арга барилын урсгал чиглэл нь юу вэ?

-Чиг, урсгал гэж ярихаар дэлхийн урлагийн түүх рүү хандах болно. Түүний оронд өөрийгөө олох нь чухал санагддаг.

Тухайн хүний сурч мэдсэн, үзэж харсан зүйл, хуримтлуулсан туршлага нь яваандаа өөрийгөө олох үндэс болдог. Миний хувьд одоо бол доторхоо уудлан гаргаж байгаа нэг хэлбэр юм даа.

-Хүн, ялангуяа уран бүтээлчид насан туршдаа суралцаж, өөрийгөө эрж хайдаг гэдэг. Тэгэхээр өнөөдрийн О.Дарамбазар өөрийгөө олж чадсан уу?

-Өөрийгөө олох нь бас их хэцүү. Би одоо хэр нь өөрийгөө хайсаар л явна. Гэхдээ мэргэжил нэгтнүүд маань гарын үсэг зураагүй байсан ч миний зургийг хараад л таньдаг юм.

-Та уран бүтээл туурвиж байна гэхээс ичдэг гэсэн. Яагаад тэр вэ. Би таныг уран бүтээлч гэж болно биз дээ.

-Та намайг юу гэж хэлэхийг би мэдэхгүй. Би л өөрийгөө уран бүтээлч, би туурвидаг гэж тодорхойлохоос яагаад ч юм бэ ичээд байдаг юм.

Харин судлаач шинжээч хүн тухайн хүн уран бүтээлч үү, үгүй юү, ямар түвшнийх вэ, хийсэн зүйл нь урлаг мөн үү гэдгийг хэлж, тодорхойлох ёстой.

-Уран зургаар дагнасан шүүмжлэгч, судлаач манайд байна уу?

-Одоогоор алга. Өмнө нь Дашбалдан гэж мундаг хүн байлаа.

-Нээрэн, тэр хүн олон зураачийн талаар, тэдний бүтээлийн тухай тодорхойлсон байдаг.

-Тэр хүн С.Далийн номыг олж авахыг надад нэг удаа зөвлөсөн юм. Хийсэн ганц хоёр зүйлийг минь, бас “Дэлхий ижий”-г хараад бусдаас өөрөөр явах ёстой гэдгийг л зөвлөсөн нь тэр юм билээ. Дашбалдан миний тэр зурагт шүүмж бичиж “Монголын уран зурагт философи орж ирлээ” гэсэн.

Тэгэхээр О.Дарамбазар С.Дали шиг зур гэсэндээ биш, түүний гүн ухаанлаг шинжийг олж харж, судал гэсэн үг байсан болов уу гэж боддог.

-“Урбанек-ийн Лхагважав, та хоёр Ф.Шопены хөгжимд зориулан зурсан бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, түүнд нь Ц.Хулан шүлэг бичиж байсан.

Тэгэхээр шүлэг, хөгжмөөс сэдэвлэн зурах, сэтгэл дэхээ гаргаж зурах хоёрын ялгаа нь юу вэ?

-Шүлэг, хөгжим сонсоод зурах нь тэс өөр мэдрэмж, өөр өгүүлэмж. Хөгжим бол чөлөөтэй, хийсвэр сэтгэлгээ. Харин яруу найраг бол үгээр илэрхийлсэн сэтгэл, сэтгэлгээ юм. Нэг ёсондоо үгийн увдисаар хүний сэтгэлийг бөмбөгдөж байгаа хэрэг.

Тэгэхээр миний хувьд яруу найраг, шүлэг сонсоод, ургуулан бодож зурах гэхээр үгэнд нь баригдаад байдаг юм. Б.Лхагважав маань надад нэг удаа “Норовбанзад гуайн дууг сонсоод зур” гэсэн санал тавьсан ч би яг энэ шалтгаанаар татгалзсан.

Харин Жанцанноров гуайн бүтээл, эсвэл симфони сонсоод зурахад илүү чөлөөтэй сэтгэж, илэрхийлэх боломжтой.

Би Лхагважавдаа их талархаж явдгаа энэ дашрамд хэлье. Их гэгээлэг, урлагт элэгтэй хүн.

-Тэгэхээр таны сэтгэлгээ нэлээд задарсан гэж ойлголоо. Ингэж задрахад тань чухам юу нөлөөлсөн бэ?

-Биднийг бага байхад ном үнэхээр хүчтэй зүйл байлаа. Хүүхэд, залуучууд, ер нь тэр цагийнхан номонд ёстой л шимтэн, дурладаг байсан. Би ахынхаа нөлөөгөөр бараг хоёрдугаар ангиасаа л том зохиол, романуудыг уншдаг болсон.

“Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг дөрөвдүгээр ангидаа уншсан санагдана. Ойлгохгүй ч гэсэн сайхан л санагдаад уншсан. Энэ мэтээр Монголд хэвлэгдсэн сонгодог зохиолуудыг сурагч байхдаа бараг дуусгасан даа.

Тэгээд оюутан болоод Пастернак, Солженыцин нарыг уншаад учрыг нь олох гэж боддог байлаа. Польшууд их сонин улсууд шүү дээ. Зөвлөлтөд хэвлэхгүй хориглосон номыг хэвлэчихнэ.

Үүнээс гадна би Хөгжим бүжгийн дунд сургуулйн зургийн ангийг төгссөн. Тэгэхээр энэ бол миний хувьд давуу тал байсан. Тэр хэрээр сэтгэлгээнд минь нөлөөлсөн.

-Уран бүтээлийн онгод орно гэдэг. Тэр “нөхөр” ирэхгүй удвал яах бол?

-Энэ тухай хөгжмийн зохиолчид, яруу найрагчид ч ярьдаг. Би мэргэжил нэгтнүүдээсээ гадна соёл, урлагийн бусад салбарынхантай нэлээд найзалж нөхөрлөдөг. Тэдэнтэй яг энэ сэдвээр ярьж л байсан. Энэ бүхнээс үзэхэд онгод гэж байдаг шүү.

Тэр “нөхөр” орж ирэхээр хүн өөрийн мэдэлгүй зурж, бичиж, зохиодог шиг байгаа юм. Жишээ нь, би нэг удаа оюутнуудад хичээл зааж, ярилцангаа зурж байгаад гэнэт хойшоо унасан гэсэн. Би өөрийгөө тэр үед мэдээгүй л дээ.

Хүүхдүүдийн ярьснаар бол нэг хэсэг дуугаа хураагаад, хэдэн алхам ухарч байснаа л уначихсан гэсэн. Магадгүй тэр үед онгод ирсэн байх.

-Ямар нэгэн хүчинд автаад, өөрийн мэдэлгүйгээр үйл хөдлөл хийхийг транс байдалд орох гэдэг юм билээ. Тэгэхээр та трансад орсон юм уу?

-Транс гэдэг нь биш л дээ. Хүн хүсвэл сэтгэхүйгээрээ дамжиж трансад орж болно. Тэр бол өөрийгөө удирдах чадвар шүү дээ. Харин онгод бол өөрийн мэдэлгүй ирдэг юм. Гэхдээ байнга ирэхгүй.

Тэгэхээр тэр “нөхрийг” хүлээгээд л зүгээр суугаад байж болохгүй биз дээ.

-Та түрүүн өөрийгөө залхуу гэсэн. Яагаад?

-Залхуу гэдэг нь магадгүй тогтож суудаггүй гэдгээ илэрхийлсэн байх. Би зарим хүнтэй адилхан өдөр бүр махраад, ажиллаад байдаггүй зантай. Тэгсэн хэрнээ өдрийг урландаа бардаг.

Зурахаасаа илүүтэй бодох, толгойдоо цэгцлэх ажилдаа цаг их зардаг байж мэдэх юм. Жишээ нь, “Торгоны зам”-аа би хоёр сар гаруй бодож, “дуншаад”, хоёр өдрийн дотор л зурсан. Магадгүй, 50-иад жил зурсан туршлага минь үүнд нөлөөлдөг байх.

-Туршлага хуримтлуулахын хэрээр бядтай, хүчтэй болно. Бөхөөр бол бяр амтагдах гэж ярьдаг даа. Бярдаж зурсан бүтээл байна уу?

-Үнэхээр чадал амтагдана гэдэг шиг заримдаа зургаар, өнгөөр тогломоор санагддаг шүү. Ингэж ярихаар онгирсон болох вий дээ. Гэхдээ үнэхээр бийрээ хэд хөшөөд л зурчихсан нэлээд хэдэн зураг надад бий.

Үүнийг л бяр амтагдлаа гэж болох юм уу даа.

-Та ямар өнгөтэй зураач вэ?

-Би ямар нэгэн зүйлд баригдах дургүй учраас өөрийгөө өнгө зааж илэрхийлмээргүй байна. Тэнгэр заавал хөх өнгөтэй байх албагүй шүү дээ. Хар, бүр цагаан ч байж болно. Нөгөө л сэтгэлгээтэй холбогдож илэрхийлэгдэх байх.

Тэгэхээр би өөрийгөө олон өнгөтэй гэж хэлнэ. Олон өнгөөр тоглосноор хүн өөрийгөө эвдэж, өөрчилнө. Давтагдахгүй гэсэн үг. Саяхан даа, би оддыг ажиглаж суулаа. Од бүхэн өөрийн гэсэн хүрээтэй харагдаад байна аа. Анх удаа л тэгж ажигласан нь тэр.

Гэтэл би нэлээд олон жилийн өмнө нэг зурагтаа оддыг үнэхээр цагаан хүрээтэй зурсан байна шүү. Мөн 2013 онд Дуган хадад зурсан зурагт минь ч тийм дүрслэл байна.

Надаас өмнө олон зураач тэгсэн байгаа. Ван Гогийн хүрээтэй оддын зургийг та мэднэ биз дээ.

-Судлаачид тэр бүтээлийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлж, олон өнцгөөр тайлбарласан байдаг. Бүр гариг эрхсийн үүсэлтэй холбон “Ван Гогийн нууц” энэ тэр гэсэн байна лээ.

-Тэгэхээр би од хүрээтэйг мэддэгтээ биш, магадгүй Ван Гогийн зургийг харж байсан тусгал зүрх, тархинд минь үлдсэнээс тэгж зурсан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг урлагийн нөлөөлөл гэж тайлбарлаж болно.

Урлаг хүн бүрт л ямар нэгэн хэлбэрээр нөлөөлдөг. Гагцхүү түүний илэрхийлэл хэрхэн гарах вэ гэдэг нь тухайн хүний ой санамж, мэдлэг, мэдээлэлийн цар хүрээнээс хамаарах болов уу. Ном уншдагийн учир шалтгаан ч үүнд оршиж байж мэдэх юм.

-О.Дарамбазар гэдэг зураачийг уншигчдад таницуулахыг хичээж, дан уран бүтээл, туурвил, арга барилын талаар ярилаа. Тэгэхээр одоо Дарамбазар гэдэг хувь хүнтэй ярилцмаар байна.

Та Б.Шарав гуайтай галт тэргэнд нэг атаманыг номхруулж, уйлуулсан гэдэг. Та хоёр ямар учраас ганзага нийлж явсан юм бэ?

-1991 оны намрын сүүлчээр шүү дээ. Би Польшид мэргэжил дээшлүүлж, сурах болоод, галт тэрэгний тасалбар захиалчихаад, замаараа Хөгжмийн зохиолчдын холбоогоор орлоо. Б.Шарав гуайн өрөөнд орж, Польш явах болсоноо ярилаа. Тэгтэл мань эр “Би ажлын шугамаар удахгүй Москва явна” гэхээр нь хань татаад “Тэгвэл хамтдаа явъя” гэлээ.

Нөгөөх маань “Билэгжаргалаас асуугаад ирье” гээд гарсан. Тэр үед тус холбооны дарга нь Х.Билэгжаргал байсан юм. Ингээд хамтдаа Москва-Улаанбаатарын галт тэргэнд суулаа. Манай купений доод талын орон дээр гэр бүлийн хоёр явж таарсан. Тэд наймаа хийдэг бололтой ачаа тээшээ сураар баглаж боогоод л жигтэйхэн ажилтай байна. Бид хоёр яах вэ дээ, хар цайнд конъяк хийж уусан шигээ явлаа. Хил дээр ирэв. Зорчигчид хөдөлгөөнд орж, бужигналдаж эхэллээ.

Тэгтэл манай өрөөний хаалганы завсраар нэг их том хутга орж ирээд л нөгөө хоёрын сурыг тасалж байна аа. Тэгснээ нэг бадриун, намхан эр орж ирснээ хаалга хаачихлаа. Хамт явж байсан авгай, нөхөр хоёр хана руу харж хэвтчихээд эргэж харах янзгүй. Нөгөөх эр чинь “Архи байна уу” гэхээр нь авч явсан гурван шилтэйгээсээ нэгийг нь аваад буугаад, аяганд хийгээд өглөө. Мань эр татчихаад Шаравыг “Буугаад ир” гэж байна.

Нэлээд овгор бололтой, захирч тушааж байснаа “Ах нар юу хийдэг улс вэ, хаа хүрэх нь вэ” гэнэ. Зураач, хөгжмийн зохиолч гэлээ. Тэгсэн чинь “Ямар дуутай юм” гэж байна. Шарав дуугарсангүй. Би хажуугаар нь орж “Наадах чинь их гоё гоё дуутай” гээд л толгой минь “ажиллаж” байгаа юм. “Дуул” гэж байна аа. “Алтан хундагын дэлбээнд нь мөнгөн шүүдэр сөгнөөстэй” гээд л дуултал нөгөөх чинь “Аавын мөртэй шороонд нь...” гээд л уйллаа. Архи ч дууслаа. Дахиад гарга л гэж байна.

Атаманыг уйлуулчихсан хүн чинь зориг ордог юм байгаа биз дээ. “Өө, би хүнд өгөх цөөхөн юмтай яваа” гэчихлээ. Тэгтэл мань эр “Ах хүүгээ гомдоохгүй ээ, мөнгөөр авна. Та галт тэрэгнээс буугаад авчих” гээд төлбөрөө хийсэн. За, тэгээд нөгөөх эр нэлээд халчихаад “Ах нар дахиад дуул. Өөр ямар дуутай вэ” гэхээр нь би “Алсын газарт эрдэм сурахаар хүрээд ирлээ би чинь” гээд автал атаман бас л уйлаад “Азай буурал ээжийгээ орхиод гарсан даа...” гээд түрлээ. Шаравын бүтээл мөн үү, үгүй юү гэдгийг тэр ямар мэдэх биш.

Ингэж л замын “зочныг” номхруулахгүй бол болохгүй шүү дээ. Дуу, урлагийн хүчийг тэгж нэг үзүүлсэн дээ. Сүүлдээ өнөөх залуу нэлээд зөөлөрч “Сайхан ах нартай танилцлаа. Танай купег хэн ч шалгахгүй” гээд л онгирч байх хооронд манай Шарав “Дүү хүү, надад хэдэн тарваганы арьс байна” гэдэг байгаа. 10-аад арьс байна аа. Уг нь сайн, муугаар нь ялгаж, үнэлдэг юм байна л даа.

Гэхдээ атаман “Ахынхыг ялгахгүй ээ, бүгдийг нь хамгийн дээд үнээр авна” гээд л мөнгө тоолж өгсөн. Тэгтэл түрүүнээс хойш үхчихсэн мэт хэвтээд байсан гэр бүлийн хоёр өндийснөө авгай нь “Миний дүү, бидэнд бас хэд байгаа” гэхэд бадриун эр “Хүн орж ирэхэд та хоёр унтаад л байсан.

Муусайн бааснууд, арьс гэхээр босоод ирлээ. Та хоёрынхыг бол хамгийн доод үнээр авна” гээд хулгар шарын арьсыг тоолж байтал эмэгтэй “Уг нь маш сайн арьснууд” гээд уурыг нь хүргэчихдэг байгаа. “Ингэж байгаад юу ч үгүй хоцров доо” гээд хэдэн рубль өгчихөөд нөгөөх маань гарлаа. Шарав бид хоёр хөөрхөн “донхойчихсон”, бас арьсаа зарчихсан, атаманыг “номхруулчихсан” додигор үлдсэн дээ.

-1990-ээд оны эхэн үед Орос, Хятадын дунд наймаа эрхэлж, галт тэргээр гэр хийж явсан олон хүн өнөөдөр том бизнесмэн болсон байна.

“Шатаад” юу ч үгүй үлдсэн, эсвэл мөнгөө юм болгож чадаагүй хүн ч байгаа. Ер нь мөнгө гэдэг зүйл их “хахир” санагддаг. Та мөнгийг юу гэж боддог вэ?

-Мөнгө бол хэрэглээ. Түүнгүйгээр амьдрах боломжгүй биз дээ. Нөгөө талаараа мөнгө бол аливааг өдөөх хэрэгсэл. Зөв өдөөгдөх, эсэх нь тухайн хүний ухаанаас шалтгаална. Мөнгөтэй болоод эвдэрсэн хүнийг би мэднэ. Тэгэхээр мөнгөний учрыг олохгүй бол хэцүү. Миний амьдралд мөнгөгүй, тарчиг үе байсан. Польшид оюутан байхдаа гэсэн үг.

Би Познань хотын Үйлдвэр урлалын дээд сургуульд сурч байгаад орхиод, бараг хөөгдсөн гэж болно доо, Варшавын урлагийн академид орно гээд явсан. Варшавт очоод Удвал сайдтай уулзаад “Та нар шалгалтын тов болон хугацааг хэлээгүйгээс болж би академид орж чадаагүй. Одоо би хүссэн сургуульдаа л ормоор байна” гэсний дагуу хөөцөлдөж өгөөд Варшавын академид орлоо. Гэхдээ оюутны байр дүүрчихсэн, хоёрдугаарт тэтгэлэг төлөвлөөгүй учраас одоогоор олгох боломжгүй.

Тэгсэн ч сурах уу гэсэн. Сурна л гэлээ. Тэгээд ЭСЯ-нд нэг жижиг өрөө суллаад намайг түр байрлуулсан. Тэр үед би мөнгө гэдэг зүйл ямар хэрэгтэйг ойлгосон. Хөөрхий дөө, ядарсан оюутан шахмал шөл авах гэж лонх цуглуулаад тушаадаг байсан гээд бод доо. Нэгдүгээр курс төгсөхдөө нэлээд турчихсан байсан. ЭСЯ-нд оюутан хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Банзрагч гэж их сайхан хүн байсан юм.

Тэрбээр нэг өдөр надад “Чи Москва орж ахтайгаа уулзаад ирвэл яасан юм бэ” гэсэн. Наймаа хийгээд хоол унд, хичээлийн хэрэгслийн мөнгөтэй залга гэж зөвлөсөн хэрэг л дээ. Зургийн ангийнхан будаг, цааснаас авахуулаад зарлага ихтэй. Би ном унших дуртай. Мөнгөгүй хүн ном авч чадахгүй болохоор номын дэлгүүрт суугаад уншчихна.

Сүүлдээ дэлгүүрийнхэн “Ноён Дарик, хуудсуудыг нь нугалалгүй цэвэрхэн уншаарай” гээд л өгнө дөө. Иймэрхүү байдлаар нэгдүгээр курсээ төгссөн. Дараа жил нь харин тэтгэлэг авч, дотуур байранд ороод дажгүй шүү.

-Таныг их хөдөлгөөнтэй, сэргэлэн, бас мөнгөтэй оюутан байсан гэж сонссон шүү дээ.

-Москва орж, ахтайгаа уулзаад гурван монетон бөгжтэй Варшавт ирлээ. Зарж чаддаггүй ээ. Тэгтэл тэндхийн оюутан Намжил ах манайд ирлээ. Польш эхнэртэй, нэлээд жаатай эр л дээ. Одоо ч Варшавт байгаа. Намайг дагуулаад зах гарч, нөгөө хэдэн бөгжийг бодсоноос минь ч өндөр үнээр зарчихав. Баяжих нь тэр. Ёстой даллага авсан мэт тэр үеэс эхлээд л л мөнгө бараг урсаж орж ирсэн.

Гуравдугаар курс хүртэл ангийн оюутнууд надтай хааяа л дуугардаг, бараг тоодоггүй байлаа. Харин нэг даалгавраас болж намайг тоож, бүр хичээлээ асуудаг болсон юм. XIX зуунаас өмнөх зураачдын бүтээлийн сурталчилгаанд ХХ зууны техникийн ололтыг тусга гэлээ. XIV зууны Нидерландын зураач Иероним Босхын нэг зурагт “Фиат” машин оруулаад зурчихлаа.

Польш хүмүүс “Фиат”-даа их дуртай шүү дээ. Дотуур байрныхаа гадаад оюутнуудад үзүүллээ. Бараг шооконд орж байна аа. Багш маань нэг их инээдэггүй хүн. Гэтэл миний ажлыг хараад инээгээд “+5. Байгаа оножээ“ гэсэн тэмдэглэгээ хийсэн. Академид “+5” авна гэдэг тун ховор тохиолдол. Бүр өөрөөрөө бахархаад, хүмүүсийн нүдэнд өртмөөр санагдаад хоосон аяга бариад сургууль дотуур баахан явсан шүү дээ.

Энэ явдлын дараахан багш маань манай ангийнхныг загнаад “Та нар сэтгэж, бодож чадахгүй байна. Тэр монгол шиг сэтгэ” гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр бараг дуулиан тарьсан байгаа биз дээ. Тэр цагаас хойш намайг өөрөөр хардаг болсон. Бүр “Гавал Дарик” гэдэг хочтой боллоо. Хэл усандаа ч гайгүй сайжирч, польш оюутнуудтай ном хаялцдаг болов.

Нөгөө уншсан ном зохиолууд хэрэг болж байгаа юм. Тэгж яваад “Тагнуул Дарик” хоч зүүлээ. Хүүхдүүд “Олон хэлтэй, ойлгомжгүй хүн. Тагнуул байх” гэж тоглоом наргиа болгосон хэрэг. Ингэж явсаар ангийн лидер болоод төгссөн дөө.

-Танд хамгийн их урам өгсөн, мөн урмыг тань хугалсан үйл явдал юу байдаг бол?

-Дэлхийн аварга шатарчин Т.В.Петросянаас Данийн сэтгүүлч “Та хожилдоо харамсаж байсан үе бий юү” гэж асуухад “13 настай Роберт Фишер надтай тоглож, таарсан юм. Би түүнийг хожиход хүү нэг их уйлсан. Тэгэхэд л би хожсондоо харамсаж, бүр гэмшсэн” гэж хариулсан байдаг. Үүнтэй адил асуулт юм уу даа.

Тэгэхээр би мөн л зураачийнхаа байр сууринаас тайлбарлах нь. Түрүүн би хэлсэн дээ, өнгө будгаар тогломоор санагддаг гэж. Яг тэгж тоглож, бярдаж, “танхай” зурсан үедээ би онгирч, урам авдаг. Үүнээс эсрэгээр, санасандаа хүрч зурж чадаагүй үедээ урам хугардаг. Бүр ичих тохиолдол ч байна. Ноднин нэг тийш нь илгээх ёстой зургаа дуусгаад хартал сэтгэлд хүрсэнгүй, ичээд байхаар нь өөрчилчихсөн. Ганцхан удаа ч тэгсэн юм биш. Зураг минь надаар л овоглох учраас дутуу, гоомой хандаж болохгүй.

“Би фэйсбүүкт дургүй. Харин шатарт нугасгүй гэж хэлээд О.Дарамбазар зураач тамхи асаалаа. Өрөөнд нь хоёр цаг гаруй болоход бараг хоёр хайрцаг тамхи “цааш нь харуулчихлаа”. “Тамхи бид хоёр сайхан найз л даа” гээд инээх тэрбээр ирэх хавар Монголд өмнө нь байгаагүй сонин үзэсгэлэн дэлгэхээр бүтээлээ туурвиж байгаа гэсэн.

Хөгжмөөс “ургасан” зураг. Зургаас үүдэлтэй шүлэгтэй үзэсгэлэнд Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын сэтгэлээс ургасан бүтээлээс сэдэвлэсэн О.Дарамбазарын сэтгэлгээг харах боломжтой аж. Бидний яриа энд хүрээд өндөрлөж, ирэх хавар үзэсгэлэнгийн танхимд уулзахаар “болзлоо”.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)