О.Бум-Ялагч, Д.Басандорж нар Н.Энхбаярын “ивээл”-д орсон уу

Ногоон нам тойрсон “ихэрлэх синдром” үргэлжилж байна. О.Бум-Ялагч, Д.Басандорж тэргүүтэй хэсэг гишүүн нь өдөр болгон энд тэнд элдэв мэдээлэл хийж, Д.Энхбат, Э.Зоригт нарыг хөөсөн, намын удирдлагыг “цус гаргалгүйгээр” гартаа авсан тухайгаа улиг болтол зарлаж явна. Тэгвэл албан ёсны удирдлагууд нь тэдний хийсэн мэдэгдэл, шаардлагад цахим хуудсаараа хариу өгсөн шиг харьцангуй тайван сууна. Байгаа үгүй нь мэдэгддэггүй Ногоон нам улс төрийн тавцан дээр ингэтэл олны анхааралд өртөж байсан түүх үгүй.

Эсрэг байр суурьтай ганц хоёр хүн ийнхүү гол дүрд тоглоод буйн шалтгааныг Н.Энхбаяртай холбон тайлбарлах болов. Талцал эхэлж байхад тайлбарласан шиг “Албан тушаал өгөөгүйд нь гомдсон” юм биш аж. Тус намын бага хурлын гишүүн байгаад МАХН-ыг аврагч болж хувирсан С.МолорЭрдэнийг хэвлэлийнхэн харджээ. Гуравдагч хүчний сул орон зайд тоглолт хийх гэсэн Н.Энхбаярын том төлөвлөгөөнд ИЗН, НН-ын нэгдэл саад болох гээд байгаа нь үүний шалтгаан гэнэ. Тиймээс НН-ыг хагалан бутаргах кампанит ажлыг С.Молор-Эрдэнийн хуучны анд болох дээрх эрхм үүдээр удирдуулахаар шийдсэн бололтой. Үнэндээ тэд гар, хөл болж буй гэсэн үг.

Эсэргүүцэгчдийн ард хэн нэг том улстөрч бий гэж хардаж буйгаа Д.Энхбат дарга нь ч хэлсэн юм билээ. Учир нь ээлжит бус их хурлын үеэр түүнийг очиход цагдаа нар хамгаалалтад гарсан байсан аж. Жирийн нэг намын хэсэг гишүүн их хурлаа хийж байхад төрийн цагдаа нар хамгаалалтад гарч, НН-ын гишүүдийг оруулахгүй байсныг тэр ихэд гайхжээ. Тиймээс ч ингэж хардахад хүрсэн байна. Тэд уг асуудлаараа энэ сарын 23-нд ЦЕГ-ын дарга Д.СандагОчироос тайлбар хүсчээ.

ЦЕГ хариу ирүүлсэн эсэхийг тус намын Хэвлэлийн албанаас лавлахад “Ирүүлээгүй байна” гэлээ. Мөн ард нь Н.Энхбаяр байгаа талаар О.Бум-ялагч ам алдаад НН-ынханд хэлчихсэн гэнэ. Нам намдаа гомдож, албан тушаалын “бялуу”-наас хүртэж чадалгүй үлдэгчид Н.Энхбаярын байгуулсан МАХН руу хошуурав. Эсрэгээр тэрбээр гомдогчдыг онцгойлон “ивээл”-дээ авах аргаар ажиллаж байна ч гэж үзэх болох. Баасан гаригт О.Бум-Ялагч, Д.Басандорж тэргүүтэн мэдээлэл хийж, тамгаа шилжүүлж өгөхийг Д.Энхбатаас шаардсан.

Дараах өдөр нь 10 гаруйхан хүнтэйгээр Сүхбаатарын талбай дээр жагслаа. Ногоон намыг аварна гэж байгаа ч тэдний үйлдэлд албан тушаал горилсон, улс төр хийсэн шинж давамгайлж буйг олон нийт харж буй биз. НН-ын гишүүд дэмжиж байгаа гэх ч бодит байдал дээр цугласан хүнийх нь тоо ийм. Мөн баасан гаригт тэд ХААН банкинд НН-ын дансыг шалгаж, хаалгах тухай О.БумЯлагчийн гарын үсэгтэй бичиг илгээжээ. Тус банкны удирдлага энэ талаар НН-ынханаас лавласан юм байна.

НН-ын хэвлэлийн албаны ажилтан “Улс төрийн намын дансыг хүртэл хууль бусаар хаалгах гэж оролдож байна. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаа тус банкинд хэлсэн” гэлээ. Юутай ч тэдний тамга шилжүүлэх тухай шаардлагад НН-аас хариу өгчээ. Үүнд “Монголын ногоон намын үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хууль болон тус намын үндсэн дүрмийн хүрээнд нийцсэн байх шаардлагатай. Тус намын хэсэг гишүүний хоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан МНН-ын ээлжит бус их хурлыг дүрмийн бус гэж үзэж байна.

МНН-ын дүрмийн III зүйлийн 3.3-т “Намын ээлжит бус их хурлыг бага хурлын гишүүдийн дийлэнх олонхийн шийдвэрээр хуралдуулж болно” гэж заасан байдаг. Иймд дээрх ээлжит бус их хуралд оролцсон тус намын бага хурлын таван гишүүн дийлэнх олонх болох бололцоогүй юм. Хэрэв та бүхэн дээрх дүрмийн бус ээлжит бус их хурлыг хууль болон намын үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулсан гэж үзэж байвал холбогдох хууль шүүхийн байгууллагад хандана уу.

Хэрэв хууль, шүүхийн байгууллагаас тухайн ээлжит бус их хурлыг хууль ёсоор зохион байгуулсан гэдгийг нотолбол та бүхний шаардсан намын тамга, тэмдэгний асуудлыг холбогдох хууль, дүрмийн дагуу шийдвэрлэх болно” гэсэн байна. Хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа хүмүүсийн асуудлыг ирэх сарын дундуур болох их хурлаараа авч хэлэлцэх аж. Өөрийгөө НН-ын Ёс зүйн хорооны дарга хэмээн нэрлэж, дарга нараа хөөснөө мэдэгдсэн М.Чинзоригийг тус намынхан шүүхэд өгчихсөн. Бичиг баримт хуурамчаар үйлдэх нь эрүүгийн шинжтэй гэмт хэрэг гэж үзэж буй. Одоо тэд тамга, тэмдгээ хэн авахыг шүүхээр шийдүүлэх нь. Хэн нь ялахыг харах үлдэв. Н.Энхбаярын зорилго биелэх үү, ИЗН-НН-ын нэгдэл ялах уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)