ОБЕГ-ын дарга нар хөрөнгө завшсан найман үйлдэл нь тогтоогдсон гэж үзжээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудынх нь холбогдсон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст мөрдөн байцаалтаа дуусгажээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй уг хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар тооцоод байсан. Тэгвэл энэ хэргийг саяхан яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлснийг эх сурвалжууд мэдээллээ. Зарим хүн “Хэргийн нэг холбогдогч нь нас барснаар энэ хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй болсон” хэмээж буй ч “Талийгаачийн бүх мэдүүлэг хавтаст хэрэгт бий. Тиймээс хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой” гэж байсан.

Дээрх албан тушаалтнуудыг АТГ-аас 17 тендерийг хууль бусаар явуулсан хэмээн шалгасан. Үүнээс найман үйлдэл нь тогтоогдсон гэнэ. Тухайлбал, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авсан, ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааш бариулсан. ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэрэг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдэл нь мөрдөн байцаалтаар нотлогдсон сурагтай. ОБЕГ-ын удирдах албан тушаалтай генералууд нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад гурван жил гаруй болчихоод байхад тэдний асуудлыг харьяалдаг Шадар сайд Ө.Энхтүвшин нь хариуцлага тооцож чаддаггүй нь хачирхалтай.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)