ОБЕГ-ын албаны машиныг хувийн хэрэгцээнд унаж яваад онхолдуулжээ

ОБЕГ-т хөдөө ажилд явахдаа хөлөглөх зориулалттай “Ланд круйзер” маркийн хоёр автомашин байдгийн нэг нь энэ сарын 14-ний бямба гаригт Төв аймгийн нутагт онхолджээ. Гэвч үүнийгээ ихэд нууцлан засуулж байгаа гэнэ. Бидний авсан мэдээллээр тэр өдөр “Ланд Круйзер-77” маркийн 06-56 УНЯ дугаартай жийпийг албан хэрэгцээнд унах бус, зугаалж яваад ийм байдалд хүргэсэн аж. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр гэр бүлийнхээ хамтаар Ээж хад руу зугаалж яваад Төв аймгаас урагш засмалын төгсгөл шороон замын уулзварт талаар нь харуулсан гэнэ.

Харамсалтай нь, энэ ослыг цагдаа, даатгалын байгууллагад мэдэгдэлгүй өнгөрчээ. Уг нь ОБЕГ-т ажлын автомашиныг нь хөдөө жолоодох тусгай жолооч байдаг бөгөөд түүнийг үлдээж, өдөр тутамдаа унадаг “Киа” суудлын автомашиныхаа жолоочоор бариулан зугаалсан аж. Зураг дээр байгаа энэ машин уг нь “Онцгой байдлын алба” гэсэн бичиг, лого, маяктай юм байна. Онхолдуулсныхаа дараа нууц байдлаар засахын тулд бүх тоноглолыг нь авчээ. Машины засварт гурван сая гаруй төгрөг зарцуулж буй аж.

Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын албаныхны сахилга хариуцлагыг чангатгана л гэдэг. Гэтэл тус албаны удирдах албан тушаалтнууд нь ёс зүй, сахилгын зөрчил гаргаад, хэрэг төвөгт орооцолдчихоод байхад ямар ч хариуцлага тооцсонгүй.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр өмнө нь буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд Налайх дахь Уул уурхайн аврах ангийн дарга нарыг өрөөндөө дуудаж, хүүхдээ өмөөрөн баахан загнасан. Тэр өдөр нь 09.40 цагт Налайхт гар аргаар нүүрс олборлож байсан гурван хүн дарагдсан билээ. Б.Ууганбаяр даргын хүү нь дэслэгч цолтой, тус ангид сургалтын офицероор ажиллаж байсан бөгөөд хамт олон болон дарга нарынхаа талаар аавдаа “алтан хошуу өргөснөөс” бүгд дуудагдан загнуулсан байдаг.

Өмнөх өдөр нь ээлжинд гараад 24 цаг үүрэг гүйцэтгэж нойргүй хоносон бүлгийн дарга, өглөө нь ээлж хүлээн авч, бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх ёстой бүлгийн дарга, салбарын дарга нарыг бүгдийг нь дуудан ийн авирласан гэдэг. Гурван хүн уурхайн гүнд шороонд дарагдаж, Уул, уурхайн аврах ангид дуудлага өгөхөд аврах бүлгийнхэн нь бор зүрхээрээ, ямар ч удирдах албан тушаалтангүйгээр очиж аварсан юм. Аврах ажлыг гардан удирдаж, аврах ажиллагааг гүйцэтгэх ёстой бүлгийн дарга, уг ажиллагааг зохион байгуулан хянаж байх ёстой ангийн захирагч нарыг өрөөндөө номхон зогсоогоод эрх хүүхдийнхээ үгээр хов жив ярьж суусан нь ёс зүйн зөрчил биш гэж үү, У.Хүрэлсүх сайд аа.

Албан тушаалаа ашиглаж ийн авирлаад зогсохгүй, албаны машиныг хувийнхаа, гэр бүлийнхээ зугаалганд хөлөглөн явж онхолдуулчихаад байхад хариуцсан салбарын сайд нь дуугүй л өнгөрөх үү. Өмнө нь Орхон, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ОБХ-ийн дарга нар автомашин онхолдуулсан гээд албан тушаал буурч байсан юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)