ОБЕГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Онцгой байдлын ерөнхий газар үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ой өчигдөр тохиолоо. Онцгой байдлын албаны энэ ойн баярын үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, гадаадын төлөөлөгчид, ОБЕГ-ын үе үеийн удирдлага, алба хаагчид оролцсон юм. Энэ үеэр ОБЕГ-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхий сайд тус газрын байлдааны туганд зүүж өгөв.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “2015 оноос хойш онцгой байдлын 42 анги, салбар хэлтэс байгуулан, 900 гаруй алба хаагчаар эгнээгээ тэллээ. Гамшиг, аюулт үзэгдлийн үеийн удирдлага, зохион байгуулалт, оператив үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, онцгой байдлын байгууллагын тогтолцоог 2016 оноос олон улсын жишигт нийцүүлэн Бүсийн зохион байгуулалтад шилжүүлсэн.

Өнөөдрийн түвшинд хүрсэн амжилтаа бататгаж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй манай байгууллагын үйл ажиллагаа улам бүр бэхжин, өнө мөнх оршин тогтноно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Эл өдөр онцгой байдлын албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж, мэдээллийг иргэдэд өгч, техник, тоног төхөөрөмжөө таниулсан албаа сурталчлах өдөрлөгийг тус газраас зохион байгуулсан юм. 

Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын алба хаагчид 17 мянга гаруй хүний амь авран, 310.5 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.

С.Чүнсэрээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)