ОБАМАГИЙН АРВАН НЭГЭН АНД

Америкийн эдийн засаг дэлхийд тэргүүлэхээ нэгэнт больсон. Шинжээчдийн үзэж буйгаар 2010 оноос Америкийн нисэх хүчин Ази-Номхон далайн бүс нутагт зөрчилдөөн бий болсон тохиолдолд Хятадынхаас давамгайлахаа байсан байна. Тэгэхдээ дэлхийд тэргүүлэгчийн титмийг Хятад эзэмших болсон, Америк үеэ өнгөрөөсөн гэж хэлэхэд эрт байгаа.

Америкийн гарт хожлын “хөзөр” бий бөгөөд түүнийхээ нэгийг энэ сарын 5-ны даваа гаригт гаргаж ирэв. Дэлхий дахины түүхэнд томоохонд орох худалдааны холбоо байгуулах яриа хэлэлцээ энэ өдөр амжилттай дууслаа.

Ираны цөмийн тохиролцооны зэрэгцээ Номхон далай дамнасан түншлэлийн тухай энэ гэрээ нь Обамагийн гадаад бодлогын чухал ололт мөн.

Энэ холбоонд дэлхийн ДНБ-ий 40 хувь, худалдаа эргэлтийн дөрөвний нэг гаруй нь оногддог Ази, Номхон далайн бүс нутгийн 12 орон нэгдэж буй. Ойрын 10 жилийн худалдааны өнгийг энэ холбоо тодорхойлно гэж Америкийн шинжээчид үзэж байгаа.

Асуудал ганцхан худалдаанд ч байгаа юм биш, түүнтэй шууд холбоогүй салбаруудад ч бодлогоо уялдуулахыг гишүүддээ гэрээгээр үүрэг болгосон байна. Орос, Хятад хоёр одоогоор энэ төслийн гадна байна.

Одоогийн байдлаар Номхон далайг дамнасан түншлэлд АНУ, Австрали, Вьетнам, Перу, Бруней, Сингапур, Чили, Шинэ Зеланд, Канад, Малайз, Мексик, Япон улсууд орж байна. Тайланд, Тайвань, Өмнөд Солонгос, Филиппин болон Латин-Америкийн хэд хэдэн улс, тухайлбал Колумб үүнд нэгдэх магадлалтай. Энэ түншлэлийг дэмжигчид Хятад, Энэтхэгт ч бий гэж буй.

Бүх юм 2005 оноос эхэлжээ. Хамгийн анхны оролцогчид нь Бруней, Сингапур, Чили, Шинэ Зеланд. Удалгүй найман орон түүнд нэгдсэний сүүлчийнх нь Япон. Энэ хэлэлцээр дөрвөн талын гэрээнээс их өөр байгаа юм.

Юуны урьд зохицуулах харилцаа нь их өргөн хүрээтэй, бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх замд учирч болох саадыг арилгахын хажуугаар эдийн засгийг удирдахад төрийн үүргийг багасгах, хөдөлмөр, байгаль хамгаалах үйл ажиллагааны салбарт стандарт тогтоох, оюун ухаан шингээсэн хөрөнгийн эрхийг хамгаалах хатуу хэм хэмжээ бий болгох аж.

Энэ хэлэлцээрт гарын үсэг зурахыг АНУ илүүтэй сонирхож байна. Америкийн Конгресс түүнийг удахгүй авч үзэх бөгөөд бусад 11 улсын хууль тогтоох байгууллага ч ялгаагүй, энэ асуудлыг 2016 он гарахаас өмнө шийднэ.

АНУ яагаад ийн яараад байна вэ? Дэлхийн эдийн засгийн дүрмийг XXI зуунд Хятадаас урьтан өөрийн эрх ашигт нийцүүлэн тогтоох боломжийг энэ Номхон далай дамнасан түншлэл АНУ-д олгох юм. Ямар ч байсан Барак Обама ингэж нэг бус удаа мэдэгдсэн.

Энэ түншлэл их чухал байгааг АНУ түүнийг санаачлагчийн хувьд Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегидээ дурдсан байдаг. Хятад улс цэрэг зэвсгийн хувьд АНУ-ыг гүйцэж буй нөхцөлд эдийн засгийн арга замаар түүнийг тогтоон барих нь чухал болоод байгаа юм.

Азид экспортоо нэмэгдүүлэхэд нь Номхон далай дамнасан түншлэл АНУ-д хэрэгтэй байна. Америкийн дөрвөн ажлын байрны нэг нь экспортоос хамаарч байгаа юм. Одоо Азид дундаж давхаргын хүн 525 сая байгаа бөгөөд 2030 он гэхэд Америкийн барааг хэрэглэгчдийн тоо 2.3 тэрбумд хүрнэ гэж үзэж буй.

Энэ түншлэлээс эдийн засгийн хамгийн их ашгийг АНУ биш харин Малайз, Вьетнам, Япон улсууд хүртэх гэж байгаа юм. Тухайлбал, Вьетнамын нэхмэл бүтээгдэхүүний 60 хувийг нь тус эвслийн гишүүн орнууд авна. Вьетнамын нэхмэл бүтээгдэхүүнийг АНУ руу нэвтрүүлэхэд гаалийн татвар нь 18 хувь байсан бол одоо үүнийг тэглэх учраас тус улс бараагаа Япон Америк руу цутгаж гарна гэсэн үг.

Эдийн засгийн салбарт америкчууд гол ашиг хүртэгчид биш ч гэлээ дэлхийн нэлээд орон өөрийн эдийн засаг, хөдөлмөр, түүгээр ч барахгүй авлигын эсрэг бодлогоо АНУ-д ашигтай дүрмээр явуулдаг болох юм. Үнэн хэрэг дээрээ бол түншлэлийн гишүүн орнууд мэдрэмтгий салбаруудад улсынхаа тусгаар тогтнолоос зарим талаар татгалзана гэсэн үг.

Түүгээр ч барахгүй түншлэлд багтаж буй улсуудын Засгийн газрыг хуулийн этгээдүүд шүүхэд өгч ч болзошгүй. Тиймээс ч даяарчлалыг эсэргүүцэгчид энэ түншлэлийг шинэ колоничлол руу хийж буй эхний алхам гэж ч нэрлэж байна.

Интернэт хэрэглэгчдийн хувьд Номхон далайг дамнасан түншлэл муу мэдээ болж ч магадгүй. Оюуны өмчийн дүрэм журмыг зөрчсөн хэмээн тус холбооны орнуудад эрүүгийн хэргийн тухай яриа гарч магадгүй гэх мэдээлэл бий.

Номхон далай дамнасан түншлэлийг Хятадын эсрэг авч буй арга хэмжээ гэж үзээд байгаа. Үнэндээ тийм гэж үү? Уханийн их сургуулийн профессор Чан Сяотуны үзэж буйгаар бол Хятадын эрдэмтэн, судлаачдын дунд энэ асуудлаар нэгдсэн бодол санаа алга байгаа аж. Хятадыг энэ түншлэлд орохыг дэмжигчид бий бөгөөд ингэснээр Хятадын эдийн засагт өөрчлөлт хийхэд түлхэц болно гэж тэд үзэж буй юм байна. Хятадыг энэ холбоонд орохыг эсэргүүцэгчид ч цөөнгүй.

2012 онд хийсэн судалгааны дүнгээс үзвэл түншлэл 2025 он гэхэд Хятадын экспортын нэг гаруйхан хувийг бүрдүүлэх гэнэ. Гарч болох сөрөг үр дагавруудыг бодолцвол энэ тоо тийм ч аймаар юм биш. Юуны урьд Хятадад байгаа үйлдвэрүүдийг түншлэлд оролцогч орнууд (Вьетнам, Мексик гэх мэт)-ын нутагт шилжүүлэх шаардлагатай болох аж.

Вьетнам, Мексик мэтийн улсууд түншлэлийн гишүүн болсныхоо ачаар Европын холбоо, АНУ-ын зах зээлд Хятадын экспортлогчдоос үлэмж давуу эрх эдлэх тул Хятадын экспорт хорогдох юм. Түүнээс гадна Номхон далай дамнасан түншлэлийн стандарт, норм хэмжээнд тохирохгүй байна гэх шалтгаанаар Хятадын экспорт ихээхэн хязгаарлагдах магадлал бас бий.

Япон болон ACEAH-ы орнуудтай хийх бараа эргэлт нь унана. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол эдгээр орноос иж бүрдлийг нь ихээхэн хэмжээгээр нийлүүлдэг бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд Хятадад олон болохоор экспортод нь энэ бас л нөлөөлнө. Өөр нэг аюул гэвэл Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэт Хятадын хувьд нэн чухал төсөлд сөрөг нөлөө үзүүлнэ.

Хятадыг Номхон далай дамнасан түншлэлд орохыг нь эсэргүүцэхгүй гэж Барак Обама мэдэгдсэн. Хятадын Сангийн дэд сайд Чу Гуаньяо ч “Хятадгүйгээр энэ түншлэл дүүрэн биш” гэж хэлсэн. Тэгэхдээ түүний стандартад нь Хятад бэлэн биш учраас мөддөө элсэхгүй л болов уу. Гэхдээ энэ түншлэл Хятадгүй байвал Америкийн хувьд Хятадыг тогтоон барих зэвсэг нь болно, эсвэл “Түншлэл+1” гэсэн загвараар хамтарч ажиллаж ч мэдэх юм.

Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)