О.Баасанхүүг оройдоо залах цаг ирэх вий

Даргаараа Н.Энхбаярыг дахин сонгож, О.Баасанхүүг хөөсөн МАХН-ын их чуулганы шийдвэрийг Дээд шүүх баталгаажуулах, эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.

Энэ сарын 9, 10-нд хуралдсан их чуулганаас намын даргыг сонгосон шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр ажлын 10 хоногийн дотор Дээд шүүхэд хандах ёстой.

Харин Дээд шүүх хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор бүртгэх, эсэхийг шийдэх учиртай. Тэд ямар шийдвэр гаргаж, МАХН-д юу өрнөх бол.

АН, МАН-ын удирдлага илгээлт хүргүүлж, баяр хүргэсэн их чуулганаас сонгогдсон Н.Энхбаярыг даргаар бүртгэлээ гэхэд О.Баасанхүүг намаас хөөх заалтыг Дээд шүүх МАХН-ын дүрэмд нэмэх үү. Цаашлаад Дээд шүүх МАХН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг тэр чигээр нь бүртгэсэн тохиолдолд тус намын удирдлагын хэлээд байгаачлан УИХ-д МАХН-ыг төлөөлөн суугаа О.Баасанхүүг өөр хэн нэгнээр сольчихож болох юм уу.

Байгуулагдсанаасаа хойш буюу долоон жилийн турш хуралдаагүй их чуулганы зорилго үндсэндээ Н.Энхбаярыг улирааж, О.Баасанхүүг намаас хөөх замаар УИХ-ын гишүүн бус болгоход чиглэсэн нь нууц биш. Өөдөөс нь цор цор хийгээд зогсохгүй өөрөө намын дарга болох гэж үзсэн О.Баасанхүүг нам дарах ажиллагаа байсан гэхэд ч хилсдэхгүй. Уг нь МАХН-ыг УИХ-д суудалтай болгож буй ганц “дайчин”-аа “нугаслах” ажиллагаа О.Баасанхүү, Н.Энхбаяр нарын хоёр сарын зайтай тус тусдаа зохион байгуулсан их хурлаас ч өмнө эхэлсэн.

Аливаа сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гишүүнийг хөөх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр Н.Энхбаярын талынхан Дээд шүүхэд хандсан ч бүртгэхээс татгалзсан юм. Уг нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн их чуулганаар батлах ёстой атал хууль бусаар сонгосон төлөөлөл бүхий бага чуулганаас О.Баасанхүүд зориулан шийдвэр гаргасан нь Дээд шүүх татгалзах шалтгаан болсон байдаг.

Тиймээс Н.Энхбаяр тэргүүтэн 1000 гаруй гишүүнээ нийслэлд цуглуулан хуралдаж, “Бүх шатны сонгуульд нам, түүнээс нэр дэвшигчийг дэмжээгүй, эсрэг ажилласан, бусад нам, нэр дэвшигчийг нь үйлдэл, эс үйлдлээрээ дэмжсэн болон намын өмч, нэр, хэвлэмэл хуудас, бэлгэдэл, тамга тэмдгийг хууль бусаар, эсхүл ашиг сонирхлынх нь эсрэг эрх мэдлээ хэтрүүлэн, дур мэдэн ашигласан бол гишүүнээс хасагдсанд тооцно” гэх нэмэлт, өөрчлөлтийг батлан, бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаад буй нь энэ юм.

Дээд шүүх тэдний хийсэн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх, эсэх нь тодорхойгүй ч шийдвэрийг нь баталгаажуулна гэдэгт Н.Энхбаярын талынхан тун итгэлтэй байх шиг. Уг нь МАН 65 суудлаараа илт илүүрхэж буй энэ удаагийн УИХ-д намаасаа ганцаараа сонгогдсон О.Баасанхүү МАХН-д хамгийн үнэтэй хүн байх учиртай.

Алт мэт ганц суудлыг нь төлөөлж буй түүнийг аргадаж, тойлохын оронд хөөж, туух болсон нь МАХН-ынхны үзэл бодол, ашиг сонирхол эргэж эвлэхээргүй зөрсний илрэл ч тэд О.Баасанхүүгийн оронд өөр нэгнийг парламентад оруулж чадна гэдэгт анхнаасаа итгэл дүүрэн байсан бололтой. Тиймээс ч Н.Энхбаярын талынхан “Тэр суудалд байгаа хүнийг өөрчлөх үү, оронд нь өөр хүн байлгах уу гэдэг нь дараагийн асуудал. Үүнийг нам дотроо ярилцана. О.Баасанхүү бие дааж сонгогдоогүй. Орхон аймгийнхан МАХН-д саналаа өгсөн” хэмээцгээж байна.

Гэвч хууль, эрх зүйн талаас нь харвал Н.Энхбаяр тэргүүтнээс илүүтэй О.Баасанхүү итгэл дүүрэн байх нөхцөл бүрдээд байна. Тодруулбал, Дээд шүүхийн 2006 оны 48 дугаар тогтоолоор Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа “УИХ-д суудалтай нам” гэдгийг “УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд нам буюу намын эвслээс дэвшсэн нэр дэвшигч гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа тохиолдолд түүнийг нэр дэвшүүлсэн, сонгуулийн саналын хуудсанд бичигдсэн нам буюу намуудын эвсэл хамаарна.

Нам буюу намын эвслээс нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаандаа тухайн намаас гарч, өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн намын УИХ дахь суудлын тоо хасагдаж, шинээр элссэн намд суудлын тоо нэмэгдэхгүй” хэмээн дурдсан байна. Тэгвэл О.Баасанхүү МАХН-аас гараагүй, гарах ч үгүй гэдгээ мэдэгдэж буй. Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс түүнийг МАХН-ын гишүүн биш, намаас хассан хэмээн удаа дараа онцолж ирсэн. Гэвч энд яригдаж буй нэмэлт, өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэж, МАХН-аас албан ёсоор хасагдахаасаа өмнө О.Баасанхүү тус намаас гарчихвал өөр нөхцөл үүсэхээр буй юм. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүүг оройдоо залах цаг ирж ч мэдэх нь.

Нөгөө талаар О.Баасанхүүд зориулсан дээрх заалт нь тус намын дүрмээр л зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой юм. Ийм маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй, тухайн намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх талаар Улс төрийн намын тухай хуульд заажээ.

Дээд шүүхийн дээрх тогтоолд ч “Намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан” гэдгийг намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, бүх шатны байгууллага, хурлын үйл ажиллагаа, дүрэм, хөтөлбөрт өөрчлөлт оруулах, намыг өөрчлөн байгуулах, татан буулгах, сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах зэрэгтэй холбоотой асуудлыг хамааруулахаар тайлбарласан байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүний бүрэн эрх төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог. Тэдний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох тодорхой хэдэн нөхцөлийг ч Үндсэн хууль, УИХ-ын тухай болон холбогдох бусад хуульд тодорхой заасан байдаг.

Бодит байдал талаас нь харсан ч МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон О.Баасанхүү гэх улстөрчийн хувь нэмрийг хэрхэвч орхигдуулж болохгүй ээ. Иргэд зөвхөн МАХН гэх нэрийг харж сонголтоо хийсэн бол тэд УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлдэггүй юм гэхэд бүлэг (наймаас доошгүй) байгуулах хэмжээний төлөөлөлтэй суух байсан биш үү. Үгүйдээ л Орхонд нэр дэвшүүлсэн гурван хүн нь бүгд ялалт байгуулах байсан бус уу. Гэтэл ганц О.Баасанхүүд сонгогчдын олонх итгэл хүлээлгэсэн шүү дээ. Тэгээд ч өнгөрөгч сонгуулийн тогтолцоо нь сонгогчдын хувьд улс төрийн намаас дутуугүй хувь хүнийг нь харж шийдвэр гаргадаг онцлогтой мажоритор хувилбар байсан. Үүнээс гадна цөөн хүн амаа 76 жижиг тойрогт хувааж сонгууль явуулсан үед О.Баасанхүүг харалгүй сонголт хийсэн хүн үгүй ээ.

Үүнийг бусад нь үгүй юм гэхэд Төрийн тэргүүнээс авахуулаад УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж асан Н.Энхбаяр мэдэх л учиртай. Тэдний эл байдлыг хэтийдсэн итгэл гэхээс илүүтэй хүсэл, зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө хүлээх хариуцлагагүйгээр хүссэнээ бурдаг, хууран мэхэлдэг улстөрчдийн тавьдаг нийтлэг “жүжиг”-ийн нэг хэмээвэл таарна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)