Н.Өнөрцэцэг: Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчийн эрхэнд халдсан асуудлыг шалгах үүрэг өгсөн

Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Түүний энэхүү үйлдэлд МСНЭ байр сууриа илэрхийлж, хариуцлага тооцохыг шаардсан юм. Тэгвэл өчигдөр орой дэд хурандаа Ч.Чинбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хөндлөнгөөс нөлөөлөхөөр оролдсон" хэмээн ярьж, түүний биед халдаагүй гэж өөрийгөө зөвтгөсөн юм. Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс тодрууллаа.

-Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат та хоёрын хооронд болж өнгөрсөн үйл явдлын талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Тухайн өдөр яг юу болсон бэ?

-Би ТЕГ-ын дарга Д.Гэрэлтэй холбоотой 40 орчим хуудас баримтыг 2019 оны 11-р сарын 27-нд Ч.Чинбат дэд хурандаад өгсөн байдаг. Гэтэл өнгөрсөн баасан гарагт уулзахад миний баримтуудыг аваагүй гэж гүжирдсэн. Үүнээс болж маргаан эхэлсэн. Тэр өдөр Ч.Чинбат дэд хурандаа надад халдаж, утсыг минь хүртэл булааж авсан. Би цохиулсан байтал эсрэгээрээ намайг цагдаад өгчихсөн.

-Өчигдөр дэд хурандаа Ч.Чинбат нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн. Ингэхдээ таныг гомдол мэдээлэлд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон гэж ярьсан. Үүнд та тайлбар хийх үү? 

-Тэр ярилцлага дээр илт худал ярьсан зүйлс олон байсан. Тухайн үйл явдлын бичлэг цагдаагийн байгууллагын камерт хадгалагдаж үлдсэн. Тэр хүн намайг татаад, угзраад, цохиж байгаа бичлэг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст баримтаар шалгагдаж байна. Болсон үйл явдлын талаар Ч.Чинбат "сэтгүүлч Н.Өнөрцэцэг ял наймаалцах гэж орж ирэхэд нь би үгүй гэж хэлсэн" гэж худлаа ярьсан байна лээ. Ял наймаалцах гэдэг зүйл надад хэтэрхий ахадсан ойлголт гэж бодож байна. Би жирийн л нэг сэтгүүлч. Би түүнд юуг ч өгч чадахгүй. "Та миний хэргийг аргалаад өг, би танд шан харамж өгье" гэх үү. Магадгүй тэр хүн ингэж хэлснээрээ өөрөө ял наймаалцдаг гэдгээ баталж байх шиг.

-Таныг албадан хүч хэрэглэж гаргасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна, тийм үү?

-Тийм ээ. Намайг албадан гаргасан гэдгээ үнэнээр нь хэлсэн байна лээ. Харин ингэх явцдаа сэтгүүлчийн биед халдсанаа яриагүй. Сэтгүүлчийн эрхэнд халдаж, ёс зүйгүй авир гаргачхаад "ажлаа гялалзтал хийнэ" гэж байгаа нь хариуцлагагүйн шинж. МСНЭ-ээс Ч.Чинбат дэд хурандааг АТГ-т шалгуулахаар хандсан байгаа. Миний өгсөн материалыг баримт биш байсан гэж гүжигдсэн. Хэрэв баримт биш байсан бол яах гэж надаас нэхэж авсан юм бэ. Тэр баримтуудыг ямар зорилгоор нуусан гэдгээр нь АТГ-д шалгуулахаар хандсан. ТЕГ-ын даргыг шалгуулах гэхээр цагдаагийн удирдлагууд нь сэтгүүлчийн баримтыг нууж байна. Энэ нь тэднийг хамтраад булхайгаа нуудаг уу гэсэн хардлагыг төрүүлж байна. 

-Төрийн өндөр албан тушаалтнууд энэ асуудлыг анхааралдаа авсан гэж сонслоо. 

-Тийм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг маш яаралтай танилцуул гэсэн үүрэг өгсөн байна лээ. Гэхдээ доод шатандаа гацчихсан байж магадгүй гэж бодож байна. Хууль зүй сайд Ц.Нямдорж энэ асуудлыг анхааралдаа авах ёстой. Цагдаагийнхан хоёр өдөр шалгалаа. Камерт бичлэг хадгалагдаж үлдсэн байтал юуг нь тэгтлээ шалгаад байгаа нь тодорхойгүй. 

-Өчигдөр та УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шүүхэд өгсөн гэж сонслоо. Одоо уг хэргийн явц байдал ямар шатандаа явж байна вэ?

-Ц.Гарамжав гишүүний хувьд гэвэл би Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. Ц.Гарамжав гишүүн намайг "Чи бол шантаажчин" гэж гүтгэсэн. Түүнээс Монголбанк 10 тэрбум төгрөгөө нэхэмжилсэн байтал би түүнийг гүтгэсэн гэх үндэслэлгүй. Харин эсрэгээрээ намайг "Шантаажчин" гэж гүтгэж байна. Ямар ч баримтгүй байж "Наад хүн чинь шантаажчин" гэж хэлэх нь зохисгүй. Бүх зүйл шалгагдаад шийдэгдэнэ гэж бодож байна.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Мэдээж өнөөдөр нойр хоолгүй зүтгэдэг, нийгмийн аюулгүй байдлыг чин үнэнчээр хангадаг олон мянган цагдаа бий. Мөн өргөсөн тангарагтаа үнэнчээр улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангаж ажилладаг тагнуулын ажилтнууд ч бий. Надад эдгээр хүмүүсийн нэр төрд халдах гэсэн санаархал огт алга. Харин цөөн хэдэн увайгүй, алдаа гаргачхаад "Ажлаа гялалзтал хийнэ" хэмээн чичирч байгаа хүмүүсээс болж албаны нэр хүнд унаж байгаад харамсаж байна. Тэр хүмүүсээс хурдан салмаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)