Н.ЭРДЭНЭЧИМЭГ: Транс тосны хэрэглээг хянах боломж бүрдлээ

Шинжлэх ухааны академи (ШУА) залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор 2002 оноос тэтгэлэг өгч, чухал ач холбогдолтой 280 гаруй төсөлд нэмэлт санхүүжилт олгожээ. 2018-2019 онд 22 төсөл шалгаруулж, тэтгэлэг олгосны нэг нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах транс тосны судалгаа аж. Хими, химийн технологийн хүрээлэнгийн Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н.Эрдэнэчимэг уг судалгааг хийж, хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжийг тодорхойлох арга зүй, стандарт боловсруулжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Транс тос гэж юу вэ. Монгол эрдэмтэд үүнийг хэзээ судалж эхлэв?

-Манай хүрээлэнд ажиллаж байсан доктор П.Одонмажиг гуай 2013 онд транс тос гэж юу болох талаар бага чуулганд илтгэл тавьсан юм. Монголд транс тосны талаар анх ярьж, хөндсөн нь тэр. Гэхдээ тухайн үед дорвитой судалгаа хийгээгүй, яриад л өнгөрсөн. Мөн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа энэ асуудлыг нэлээд сайн ярьсан нь монголчуудад дохио өгсөн. Түүнээс өмнө олон нийт транс тосны талаар ярьдаггүй, мэддэг ч үгүй байлаа. Манай лабораторийн ажилтан, доктор М.Одончимэг бид хоёр хамтраад хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжийг тодорхойлох судалгааг өнгөрсөн оны долдугаар сараас хийж эхэлсэн.

Тосыг бүтцээр нь ханасан, ханаагүй гэж хоёр ангилдаг. Ханасан тос нь тасалгааны температурт хатуу хэлбэртэй болдог. Жишээ нь, малын гаралтай өөх тос, мөн дал, наргил модны үрийн тос эл ангилалд хамаарна. Харин ханаагүй тосны хүчлүүд ихэвчлэн шингэн хэлбэртэй. Хамгийн түгээмэл жишээ нь бидний сайн мэдэх омега-3, омега-6. Ханаагүй тосны хүчлүүд гэрлийн нөлөөгөөр, гаднын үйлчлэлээр, агаар дахь хүчилтөрөгчийн оролцоотойгоор амархан исэлддэг. Иймд хадгалах хугацааг нь уртасгах, эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс ханаагүй тосны хүчлүүдийг химийн хувиралд оруулж транс тос гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, үнэ хямд, дахин ашиглах боломжтой, хүнсний бүтээгдэхүүнд гоё үнэр оруулдаг зэрэг давуу талтай учраас транс тосыг анх ашигласан. Эл тосыг ерөнхийд нь байгалийн, зориудаар гарган авсан гэж хоёр ангилдаг л даа. Хивэгч амьтдын нарийн гэдсэн дэх бактериудын нөлөөгөөр транс тосны хүчил нийлэгждэг. Тиймээс хонь, үхрийн мах, сүүний 4-8 хувьд нь транс тос агуулагддаг. Үүнийг байгалийн гаралтай гээд байгаа юм. Энэ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй. Харин зориуд химийн хувиралд оруулж, хатууруулсан нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

-Ямар өвчин үүсгэдэг юм бэ?

-Транс тос хэрэглэх нь зүрх, судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг нотолсон судалгааны ажлууд олон улсад 1990- ээд оноос хэвлэгдэж эхэлсэн. Энэ тос нь өндөр нягттай липопротеид буюу сайн холестеролын хэмжээг бууруулж, бага нягттай буюу муу холестеролын хэмжээг ихэсгэдэг. Түүнээс гадна Альцгеймерийн өвчин, зарим төрлийн хорт хавдар, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоосон. Зүрх, судасны тогтолцооны өвчнөөс болоод дэлхий дахинд жилд 500 000 хүн нас бардаг гэсэн тоо бий. Монголд энэ үзүүлэлт 5000 байгаа юм. Тэгэхээр зүрх, судасны өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг болох транс тосны талаар нарийвчлан судлах, хэрэглээг нь хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь, манайд транс тосны хэрэглээг хянах хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас транс тосны хэрэглээгээ хязгаарлах зөвлөмжийг улс орнуудад өгсөн гэсэн мэдээлэл гарсан байсан.

-Тус байгууллагынхан 2023 он гэхэд транс тосыг хэрэглээнээс бүрмөсөн халах зорилт тавьсан. Дэлхийн улс орнууд дээрх зорилттой холбоотойгоор хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа транс тосны агууламжийг хоёр хувиас хэтрүүлэхгүй гэж хуульчилж эхэллээ. Хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны хэмжээг тодорхойлж, хэр их байгааг хаяг, шошгод нь заавал бич гэсэн зөвлөмж ДЭМБ-аас улс орнуудад өгч буй. Бүтээгдэхүүний шошгод транс тосны хэмжээг нь бичихийн тулд агууламжийг тодорхойлох ёстой. Уг ажлыг хэрэгжүүлэхэд стандарт, тоног төхөөрөмж, боловсон хүчин хэрэгтэй. Манай улсад одоогоор аль аль нь хангалттай бус хэмжээнд байна. Дээр дурдсанчлан Монголд энэ талаар урьд нь огт судалж байгаагүй. Бид л анх барьж авч, эхний ээлжид транс тос тодорхойлох арга зүйг боловсрууллаа.

-Ямар аргаар транс тосны хэмжээг тодорхойлдог юм бол?

-Дэлхий нийтэд хамгийн өргөн хэрэглэдэг нь хроматографын арга. Тосны хүчлийн бүрдэл тодорхойлдог энэ арга нь багагүй хугацаа шаарддаг, өртөг өндөртэй. Тиймээс бид сүүлийн үеийн дэвшилт багаж болох нил улаан туяаны спектрофотометрийг (FTIR-ATR) ашигласан. Энэ нь уламжлалт аргыг бодвол бүх төрлийн дээжийг тодорхойлох боломжтойгоос гадна урт хугацаа шаардахгүй, өртөг бага, нэмэлт ажиллагаагүй гэдгээрээ онцлог. Бид уг төхөөрөмжөөр транс тосны агууламжийг тодорхойлох стандарт, арга зүй боловсруулсан. Стандарт батлуулчихвал ямар хүнсний бүтээгдэхүүний найрлагад хэр хэмжээтэй транс тос орсныг тодорхойлох чадамжтай болох юм. Ингэснээр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах транс тосны хэмжээг хянаж, хязгаар тогтоох боломж бүрдэнэ.

-Танай хүрээлэнгийнхэн өдгөө транс тосны агууламж тодорхойлж байгаа юу?

-Тодорхойлж байгаа. Манай хүрээлэн саяхан нил улаан туяаны спектрофотометр багажтай болсон. Салбарын яам болон ШУА-ийн санхүүжилтээр авсан юм. Улсын хэмжээнд гэвэл манайхаас гадна МУИС-ийн Физикийн тэнхимд бас нэг бий. Бид эхний судалгаагаа тус сургуулийн лабораторид хийсэн.

-Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэх транс тосыг бид өөрсдөө хянадаг боллоо. Харин импортын бүтээгдэхүүнийг хэрхэн шалгах вэ?

-Манайх үйлдвэрлэгч орон биш учраас голдуу л импортын тос ашигладаг шүү дээ. Гаалийн ерөнхий газрын сүүлийн таван жилийн статистик мэдээнд тулгуурлан судалгаа хийж үзсэн. Дал, наргил модны тосыг ихэвчлэн Зүүн өмнөд Ази буюу Тайланд, Малайз, Сингапураас, ургамлын тосыг бараг 100 хувь ОХУ-аас, цөцгийн тос, масло зэргийг Европын Холбооны улсуудаас импортолдог юм байна. Тиймээс тэдгээр улс транс тосны талаар ямар бодлого баримталж байгааг судалсан. Хойд хөрш маргаринд 20 хүртэл, бусад бүтээгдэхүүний найман хувьд транс тос агуулагдаж болно гэж заасан байжээ. Энэ журмаа өөрчилж, хүнсний бүх бүтээгдэхүүнд хоёр хувиас ихгүй байх журмыг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Европын Холбооны улсуудын дийлэнх нь ийм хязгаар тогтоосон. Харин Зүүн өмнөд Азийн улс орнууд ДЭМБ-ын зөвлөмжийг төдийлөн хэрэгжүүлдэггүй. Манай улсад ч транс тосны хэрэглээг хязгаарлах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй гэж дээр дурдсан даа. Импортын хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах транс тосны хэмжээ нь тухайн улс оронд мөрдөж буй шаардлагад л захирагддаг гэж ойлгож болно.

-Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд транс тос хэр их байна вэ?

-Манайд үйлдвэрлэж байгаа болон импортын ижил төстэй зарим бүтээгдэхүүнийг харьцуулан судалсан. Эхний ээлжид жигнэмэг, нарийн боов, гурилан бүтээгдэхүүнийг л шинжлээд байгаа. Импортын зарим жигнэмгийн хаяг, шошгод транс тосны агууламжийг бичсэн байсан. Шинжилж үзэхэд шошгон дээрх хэмжээнээс зөрөөгүй. Жигнэмэг болон нарийн боовонд агуулагдах транс тос бусад гурилан бүтээгдэхүүнийхтэй харьцуулахад өндөр байсан. Мэдээж цаашид нарийвчлан судлах шаардлагатай.

-Стандартыг хэзээнээс хэрэгжүүлэх бол?

-Батлуулахын тулд олон байгууллага, судлаачдаас санал авна, техникийн хороогоор хэлэлцүүлнэ гээд нэлээд хугацаа зарцуулах юм билээ. Бид одоогоор стандартын төслөө боловсруулж, Эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлсэн. Цаашид ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагынханд танилцуулан, саналыг нь авч, төсөлдөө тусгана. Олон санал ирвэл багагүй хугацаа авна гэсэн үг. Батлуулсны дараа дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хаяг, шошгод транс тосны агууламжийг бичиж болно. Мөн хяналтын байгууллагууд ч стандартаа барьж, шалгалт хийх боломж бүрдэх юм.

-Мэргэжлийн хяналтын байгууллагынхан хяналт тавихын тулд бас багажтай байх ёстой юу?

-Мэдээж. Шалгаж, хяналт тавихын тулд багажтай, түүнийгээ ажиллуулж чаддаг мэргэжилтэнтэй байх ёстой.

Бэлтгэсэн: Ч.Мөнх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)