Н.Энхшүр: Алдааг боломж гэж хардаг

Оюуны спортоор олон улсад Монголынхоо нэрийг дархалсан ихэр тамирчин болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарыг хүмүүс хэдийн таньдаг болсон. Оюуны спортын тамирчин, олон улсын их мастер, Гиннесийн дээд амжилт эзэмшигч Н.Энхшүртэй ярилцлаа. БНХАУ-ын Бээжин хотын их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй тэрбээр амжилтад хүрсэн зам, ирэх аравдугаар сард оролцох тэмцээнийхээ бэлтгэлийн талаар хуваалцлаа.

-“Мегамайнд” клубийн таван жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тэмцээний шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсанд баяр хүргэе. Оюуны спортоор хэзээнээс эхлэн хичээллэсэн бэ?

-Багаасаа зурагтаар оюун ухааны нэвтрүүлгүүд үздэг байсан. Хичээлээсээ гадна урлагийн олон дугуйланд хамрагддаг байсан учраас эл спортоор хичээллэх цаг зав гараагүй. Ингээд 2016 онд Т.Хатанбаатар багшийн насанд хүрэгчдийн сургалтад хамрагдсаны дараа илүү ихийг сурах эрмэлзэл төрж тухайн жилийн долдугаар сарын 25-наас тамирчин болохоор бэлтгэж эхэлсэн.

-Анх ямар тэмцээнд оролцсон бэ?

-2016 оны аравдугаар сард зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд оролцож амжилт гаргасан. Тиймээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан. Уг тэмцээнд амжилт гаргасан тамирчдад олон улсын чансаатай тэмцээнүүдэд оролцох эрх олгодог юм. Өнгөрсөн хугацаанд олон улсын долоо, дотоодын гурван тэмцээнд оролцлоо. 

Тухайлбал, Ази тивийн аварга, дэд аварга болсон. 2016 онд би дэлхийн дээд амжилтыг эвдэж, Н.Мөнхшүр маань дэлхийн өсвөрийн аваргаар тодорсон. Оюуны спорт хөгжсөн 26 жилийн түүхэнд дэлхийн аваргаар дандаа эрэгтэй тамирчид тодорсон байдаг. Харин 2017 онд Н.Мөнхшүр маань анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм. Мөн бид “Гиннесийн ном”-д амжилтаа бүртгүүлсэн. Оюуны спорт 10 төрөлтэй, сонсголын болон харааны ой тогтоолтыг шалгах гэсэн хоёр ангилалтай. Тамирчин бүр бүх төрөлд заавал оролцох ёстой бөгөөд тэмцээний дүнг нийт онооны нийлбэрээр гаргадаг. Тухайн төрлүүдийн аль нэгт нь дээд амжилт тогтоох боломжтой. Шведийн тамирчин Марон 2015 онд хоёртын тооллын төрөлд 5000 цифр цээжлэн, дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Ойрын 2-3 жилд энэ амжилтыг хэн нэгэн эвдэх боломжгүй гэж тухайн үед ярьж байлаа. Миний хувьд 2017 онд энэ төрөлд 5445 цифр цээжилж дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Н.Мөнхшүр маань багц хөзрийн төрөлд нэг цагт 1924 буюу 37 багц хөзөр цээжилж дэлхийн дээд амжилт тогтоон “Гиннесийн ном”-д бүртгүүлсэн.

-Та олон улсын их мастер цолтой. Бусад спортын адил цол хамгаална гэж байх уу?

-Би олон улсын их мастераас гадна Ази тивийн дэд аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч. Наадмаар бөхчүүдэд цол олгодог шиг ДАШТ-д гаргасан амжилтыг харгалзан тамирчдад цол олгодог. Хамгийн том нь олон улсын хэмжээний их мастер. Үүний доор их мастер, олон улсын мастер цол бий.

-Хилийн чанадад суралцдаг нь тэмцээний бэлтгэлд хүндрэл учруулдаг уу?

-Мэдээж хүндрэлтэй. Судлах хичээл их, бэлтгэлдээ ч цаг зарцуулах шаардлагтай. Хичээлээс гадуурх бүх цагт бэлтгэл базаадаг. Зуны амралтыг бэлтгэлдээ бүрэн зориулдаг. Хичээл эхлэхээр ачаалал ихэсдэг.

-Цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа хичээлээ тараад уран нугаралт, дуу, бүжгийн дугуйланд яваад, голдуу л 22.00-23.00 цагт гэртээ харьдаг байлаа. Хэдийгээр их ядарсан ч гэрийн даалгавраа заавал хийнэ. Багаасаа л завгүй байсан болохоор ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалттай болсон. Оюуны спортоор хичээллэж эхэлснээс хойш цаг заваа илүү сайн зохицуулдаг болсон. Хамгийн түрүүнд юу хийхээ зөв тодорхойлох ёстой гэж боддог.

-Таны ойрын зорилт юу бол?

-Н.Мөнхшүр бид хоёрын баримталдаг нэг зарчим бий. Зарим тамирчин нэг удаа дэлхийн аварга болоод, олон улсад амжилт үзүүлсэндээ сэтгэл ханадаг. Бидний хувьд нөөц бололцоогоо ашиглан, чансаагаа ахиулж дэлхийн дээд амжилтуудыг эвдэхийг зорьж бэлтгэлээ шаргуу хийдэг. Энэ спортоор хичээллэж эхлэхдээ тамирчин болно гэж бодоогүй ч яваандаа дуртай болж, тууштай хичээллэж эхэлсэн.

-Манай улс оюуны спортын тамирчдаа хэрхэн дэмждэг бол. Тэмцээнд оролцох зардлаа хаанаас гаргадаг вэ?

-Оюуны спортын тамирчид бор зүрхээрээ, гэр бүлийнхнээсээ тэмцээнд оролцох зардлаа гаргуулдаг. Сүүлийн хоёр жил нөхцөл байдал арай өөр болсон. Жишээлбэл, ирэх арав, арванхоёрдугаар сард оролцох тэмцээний зардлыг Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон гаргах болсон. Цаашид ч олон улсын тэмцээнд оролцоход санхүүгийн туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ ташрамд, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлье. Тамирчид өөрсдөө л ивээн тэтгэгч хайж олохоос өөр аргагүй. Засгийн газар болон салбарын яамнаас тамирчдыг дэмжих байх гэж боддог.

-Мэдээж бүх шагнал үнэ цэнтэй. Оролцсон тэмцээнүүдээс хамгийн өрсөлдөөнтэй нь аль вэ?

-Бүгд л асар их бэлтгэл, алдаа оноо, амжилтын үр дүн байдаг. Тэмцээн бүр ололт, өгөөжтэй. Сэтгэлд тод үлдсэн өрсөлдөөн маань Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Н.Мөнхшүр бид хоёрын хүндэлж, биширдэг Германы хоёр “акул”, 15-16 жил энэ спортоор хичээллэсэн, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг мундаг тамирчидтай Азийн аварга шалгаруулах тэмцээнээр эн тэнцүү өрсөлдөж, буулгаж авсан. Дараа нь БНХАУ-д зохион байгуулсан ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож “Гиннесийн ном”-д амжилтаа бүртгүүлсэн нь. Онцолж хэлсэн нь энэ хоёр ч бүх тэмцээн сэтгэлд дотно дурсамж үлдээсэн.

-Хүн бүрт баримталдаг зарчим байдаг. Таны гол зарчим юу вэ?

-Оюуны спортоор хичээллэж эхэлснээс хойш миний ойлгож авсан гол зүйл бол өөрийгөө байнга сорьж, зорилгоо биелүүлэх замд тулгарсан хүндрэлүүдийг тойролгүйгээр давах ёстой. Өөрийгөө дийлж чадах юм бол бусад өрсөлдөгчийг төвөггүй ялж чаддаг. Тиймээс хамгийн түрүүнд өөртөө итгэх хэрэгтэй гэж боддог. Хүмүүс бидний амжилтыг харахаас биш, цаана нь “нуугдсан” хичээл зүтгэл, бэлтгэл, хүндрэл, алдаа оноог төдийлөн ойшоодоггүй. Мэдээж өөртөө эргэлзэх үе бий. Тийм үед Н.Мөнхшүртэйгээ ярилцаж, өөртөө итгэх ёстой гэж зоригжуулдаг. Өөртөө итгэлтэй байх нь амжилтын үндэс.

-Өөртөө итгэлтэй болоход юу хэрэгтэй, яах ёстой бол?

-Миний бодлоор манай залуучууд чадвартай, ирээдүйтэй, нөөц бололцоотой. Даанч залхуураад байгаа юм шиг харагддаг. Дуртай зүйлээ хийнэ гэдэг бол аз жаргал. Тиймээс дуртай зүйлээ олох нь маш чухал. Өөрийгөө нээхийн тулд олон зүйлийг оролдож, сорьж үзэх хэрэгтэй, тэр бүгдээс яг аль нь чамайг жаргалтай болгож байгааг ойлгох ёстой. Күнз “Та өөрийгөө чадна гэж бодож байвал чадна, харин чадахгүй гэж бодвол мөн л таны зөв” гэж хэлсэн байдаг. Би чадахгүй, мэдэхгүй гэж хойш суулгүй, боломжит бүх зүйлийг оролдож үзэх хэрэгтэй. Дуртай зүйлээ олох эрэл, хайгуулаа зогсоож болохгүй. Ганцхан зүйлд дуртай гээд бас өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Тасралтгүй хөдөлмөрлөөрэй гэж хэлмээр байна.

-Шантрах тохиолдолд өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Н.Мөнхшүр маань энэ спортоор хичээллэдэг нь нэг давуу тал. Хэцүү зүйл тулгарахад ярилцаж, бие биедээ урам, зориг өгдөг. Алдаа гаргасны дараа зорилгоо, энэ бүхнийг яагаад эхэлснээ эргэн санадаг. Мэдээж зорилгодоо шулуун дардан замаар хүрэхгүй, маш олон саад бэрхшээл даван туулах ёстой. Тиймээс яг урдаа байгаа цэгтээ хүрч, дараагийнхаа боломжуудыг нээх ёстой гэж үздэг. Ер нь ямар нэгэн зүйлийг чадна, болгоно гэж л улайрдагдаа. Алдааг боломж гэж хардаг. Гэр бүлийнхэндээ баярлала гэж хэлмээр байна. Ямар ч нөхцөлд ойлгож, дэмждэг нь амжилт гаргахад томоохон түлхэц болдог. Мөн Монголын оюун ухааны академи хүүхдийг дахин хүмүүжүүлдэг гэж хэлж болно. Тэмцээний амжилт, ялагдал бүрт дэмжиж, урмаар тэтгэдэг. Тийм мундаг багш нарын шавь болсондоо бахархдагаас гадна нэг гэр бүл шиг нэгтгэж чаддагт нь талархдаг.

Н.Хүслэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)