Н.Энхбаяр: Луйварчидтай өрсөлдөх ямар хэцүү болохыг бид мэдэрсэн. Иймээс амаргүй сонгууль болно

МАХН-аас 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг зарлалаа. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэхдээ "Хуулиараа тавдугаар сарын 24-28-ны хооронд МАХН-аас Хэнтийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлаа зохион байгуулах ёстой. Ингээд өнөөдөр намын Бага чуулганы хуралдаан болж, нэр дэвшүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Надад итгэл хүлээлгэж, МАХН-аас 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан бага чуулганы гишүүддээ баярлалаа. 

Нөхөн сонгуультай холбогдуулж нийгэмд олон мэдээлэл түгснийг та бүхэн мэдэж байгаа. Эрх баригчид маань энэ сонгуулийг битгий болоосой гэж бодож байгаа. Ямар нүүрээрээ бид очих вэ гэж айж байгаа. Тиймээс тэд сонгуулийг удаа дараа хойшлуулсан. Одоо ч гэсэн оролдлогоо орхилгүй ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд орсон өөрсдийнхөө томилсон шүүгч нараар ямар нэгэн байдлаар сонгуулийг хойшлуулах бэлтгэл ажлаа хийж байгаа гэдгийг юмны учрыг гадагладаг хүн бүр мэдэж байгаа. 

Гэхдээ бид Хэнтий аймгийнхаа сонгогчдийг хүндэлж, цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажлаа шийдэж байгаа нь зөв гэж бодож байна. Нэг хэсэг хүмүүс нөхөн сонгуулийг хийх хэрэг байна уу үгүй юу хэмээн ярьж байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрхээ эдлэх ёстой гэж үзсэн. Бид хоёр жилийн турш эрх баригчдын явуургүй бодлогын уршгаар эрхээ эдлэж чадсангүй. Одоо үлдсэн хугацаанд эдлэх хэрэгтэй гэж ярьж байна лээ. МАН, АН-ынхан аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Тэнд очоод тэрбум тэрбумаар нь амлаж, мөнгө тарааж байгаа. Хэнтийн сонгогчид маань хулгайн мөнгийг аваад адилхан хулгайч болох уу үгүй юу гэдгээ эргэцүүлэн бодож, ухаантай мэргэн сонголт хийж, мөнгийг авсан ч гэсэн шударгаар саналаа өгч чадна гэдэгт найдаж байна. 

Амаргүй сонгууль болно. МАН, АН хоёр луйвраар л ялна. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүү вэ гэдгийг бид 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдсэн. Ялчихаад тог унтраагаад өглөө асаахад бидний ялж байсан нэр дэвшигч маань ялагдсан мэт худлаа дүнг гаргасан. 

Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар, нэг нэгнээ хүндэлж МАН, АН-ын гар хөл болохгүйгээр өрсөлдье гэж уриалмаар байна. 

Хэнтийчүүддээ хандаж хэлэхэд МАХН та нарын итгэлийн даана, МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаяр миний бие та нарынхаа итгэлийн даасан шиг даана" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)