Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг шаардав

Сонгуулийн ерөнхий хороо МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”-ийн нэр дэвшигчдээс Н.Энхбаяр, Б.Тулга нарын таван хүнийг бүртгэхээс татгалзсан. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээс тогтоогдсон гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгээгүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхдээ Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн гэж үзэн, өчигдөр МАХН-аас шаардлага хүргүүллээ. Шаардлагыг хүргүүлэхээр “Босоо хөх Монгол” хөдөлгөөн, “Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын төлөөлөл Сонгуулийн ерөнхий хорооны байранд очиж, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.

Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Энхбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн үндэслэлээр яллах шийдвэр гаргасныг Улсын дээд шүүх 2012 оны арванхоёрдугаар сард хянан хэлэлцсэн аж. Улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна хэмээн тус шүүх үзэж, зөвхөн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр ялласан талаар тэд шаардлагадаа дурджээ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо Дээд шүүхийн бус, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн гэж тус намынхан үзэж буй юм байна. Тиймээс уг шийдвэрээ дахин хянаж, Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг шаардлаа. Сонгуулийн төв байгууллага шаардлагыг нь биелүүлэхгүй бол шүүхэд хандах гэнэ. “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан “Бүх ард түмний сонгогдох эрх энд хөндөгдөж байна. МАН, АН-д эх орноо зарсан, ард түмнийхээ эрх ашгаас урвасан, авлига, албан тушаалын хэрэгтнүүд олон бий. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг шударга явуулах үүрэгтэй болохоос эрх барьж байгаа намын заавраар ажилладаг, хараат байгууллага биш. Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүйгээс ард түмэн хохирч байна. Түүнийг нэр дэвшүүлэхгүй байх нь МАНАН-д ашигтай” гэж байлаа. Тэрбээр тус эвслээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй.

Харин бусад дөрвөн хүний баримт бичгийн зөрчлийг арилган, нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү фэйсбүүк хуудсандаа энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. Өнөөгийн УИХ-д МАХН-аас ганцаараа сонгогдсон ч АН-ын гишүүн болоод удаагүй байгаа тэрбээр “Өмгөөлөгч нь байсан хүний хувьд ямар заалтаар зүйлчилж, Н.Энхбаяр даргыг яллаж байсныг сайн мэдэж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар энэ хүн сонгуульд оролцох эрх нь бүрэн нээлттэй байгаа” хэмээжээ.

Сонгуулийн ерөнхий хороо энэ мэт гомдол, хүсэлтийг дахин хянан хэлэлцэж, ирэх сарын 2 гэхэд нэр дэвшигчдийг эцэслэн зарлана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)