Н.ШИРНЭНДУГАР: Хөдөлмөрийн баатар болох сураг арван жилийн өмнөөс л сонсогдсон

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн хүнийг төрийн дээд одон медалиар шагнасан билээ. Хөдөлмөрийн баатар цолыг дөрвөн хүнд олгосны нэг нь Нямын Ширнэндугар. Тэрбээр Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс “төрсөн” 14 дэх баатар юм.

Тус байгууллагаар 35 жил овоглон, туслах ажилчнаас диспетчер хүртэл албан тушаал хашиж явсан тэрбээр өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж сууна. Албан ажлаа нэр төртэй хашиж явсан түүний сэтгэл зүрх нь одоо ч төмөр замаасаа холдоогүй нь ярианых нь өнгөнөөс ч цухалзсан. Түүнийг “Өнөөдөр”-ийн зочноор урилаа.

-Төмөр замтай амьдралаа холбосон шалтгаан юу байв?

-Би их сахилгагүй хүүхэд байсан юм. Тиймээс гэрийнхэн минь наймдугаар анги төгсөнгүүт Цэргийн хөгжмийн сургуульд оруулсан. Гэтэл тэр жил цэргийн жинхэнэ алба хаах боломж олдсон. Насаараа цэрэг байснаас гурван жил алба хаагаад бушуухан холдъё гэж бодсон. Дүүргүүд жилд төдөн цэрэг татах ёстой гэсэн нормтой байж. Тэр жил цэрэг дутаад, том биетэйгээр нь намайг явахыг зөвшөөрсөн. Тэгээд л Налайхын нисэхийн цэргийн ангид хуваарилагдаж, гурван жил алба хаасан.

Цэргээс халагдсаны дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэг хошууч биднээс тавыг нь шилж авах болов. Би ч тэдний нэгт багтаж цагдаа боллоо. Хангалтад надад таарах хувцас байгаагүй учраас захиалгаар хийлгэсэн. Тэр үедээ л том биетэйд тооцогддог байсан юм. Хувцсаа автлаа цамц өмсөж, зангиа зүүх үүрэг авлаа. Тэгж анх зангиа зүүж үзлээ шүү дээ. Гэтэл гэрийнхэн цагдаа боллоо гэж дургүйцсэн. Аавын минь төрсөн дүү МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч байлаа. Түүний найзууд манайхаар орж, гарахдаа цагдаа болсонд минь дургүйцэхээр нь сар гаруй ажиллаад гарчихлаа. Тэгсэн сурвалжлагч ах минь намайг хөтөлж очоод “Улаанбаатар төмөр зам”-д оруулсан. Ингэж л 19 настай хүүхэд энэ их айлын босгыг алхсан даа.

-Тэр үед цэргийн алба хаасан хүмүүс дэг гэдэг зүйлийг жинхэнэ “амссан” гэж ярьцгаадаг. Та хэр их “шанаа” авав?

-Би нэг их дэглүүлээгүй. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, сурвалжлагчийн дүү. Манай авга ах үе үе эргэж очдог байсан болохоор ихэнх нь мэддэг болсон. Ахыг анх эргэж очсоны дараа миний нэр хүнд өсөөд эхэллээ. Хоёрдугаарт, нас бага. Нэг оны цэргүүдээсээ 2-3 дүү. Мөн нутгийн ах нар олон байсан. Манай Биндэр сумын таван цэрэг тэнд алба хааж байв. Шинэ цэрэг болоод очиход Биндэрээс би ганцаараа, дээр нь 16 настай “амьтан”-ыг ах нар өхөөрдөнө.

Тухайн үед цэргүүдийг дэглэж байна гэх яриа ид дэгдэж, “Ухамсрын цэрэг” гэж нэр томьёо гарлаа. Цэргүүдийг ухамсартай байлгах, дэглэлтийг таслан зогсоох үүднээс л тийм зүйл өрнүүлсэн байх. Түүнчлэн манайх онцлогтой анги байсан. Олон офицертой байсан учраас бусад цэргийн ангийг бодоход хяналт чанга. Гэхдээ л олон залуу байгаа газарт гар зөрүүлэх тохиолдол гаралгүй яах вэ. Би ч удалгүй бага дарга болчихсон учраас хэн ч ойртож чадахгүй болсон доо. Салаанаасаа хамгийн түрүүнд бага дарга болсон.

-Ажлын гараагаа хэрхэн эхэлсэн бэ. Вагон холбогч байсан гэж сонссон.

-Би сургууль төгсөөгүй учраас туслах холбогч гэдэг тушаалаар ажилд орсон. Найруулагч Загаржав гэж хүнд шавь орж байлаа. Түүнийг дагаж туслах холбогчоор ажиллаж байгаад шалгалт өгсөн. Түүнээс хойш хоёр жил шахам холбогчоор ажиллаж байгаад найруулагч болох завшаан тохиолдов. Нэг хүний удирдлагад ажилладаг байсан бол дөрвөн хүн удирддаг болно гэсэн үг. Найруулагч маш чухал ажил. Найруулагч л сэлгээний зохицуулалтыг зөв хийж чадвал тэр ээлжийн ажил урсаад л өнгөрнө.

1980-аад оны эхэн үе бол төмөр замын оргил ачааллын үе байсан гэж боддог. Учир нь Улаанбаатарын бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөн. Тухайлбал, I, III, IV, X хороолол, “ДЦС-4”-ийг барьж, шаардлагатай түүхий эд, материалыг бүгдийг нь төмөр замаар тээвэрлэдэг байв. Мөн Бор-Өндөр, Багахангай руу шинэ төмөр зам тавьж, ашиглалтад оруулсан. Тэр их ачааллын үед найруулагч болсон минь дадлагажихад минь дөхөм байсан болов уу.

-Зах зээлийн “шуурганд” төмөр замынхан хэр өртсөн бэ?

-Өртөлгүй яах вэ. Нүүрснээс өөр ямар ч тээвэргүй болсон. Гал алдахгүйн тулд ДЦС-уудынхаа нүүрсийг л зөөдөг боллоо. Ажилгүй суух өдөр цөөнгүй. Байгууллагын удирдлага ажилчдыг ачаа олохыг шаардана. Бид албан байгууллагууд, танилын хүрээнээсээ ачаа тээвэрлэх хүн хайж явдаг байлаа. Тэгж байтал урд хөрш рүү арьс, шир гаргадаг болж, томоохон дэмжлэг үзүүллээ. Дараа нь хятадууд манайхаас хаягдал төмөр авдаг болж, гурван жил гаруй зөөсөн байх. 

Дэлгүүрт давснаас өөр зүйлгүй байх үед манайхан урд хөрш рүү чөлөөтэй нэвтэрдэг болж, ганзагын наймаачдын “эрин үе” эхэлсэн дээ. Тухайн үед төмөр замын удирдлага хориг саад тавиагүй. Багтах хэмжээгээр нь л чихэж авч ирдэг. Суудлын галт тэргэнд хүнээсээ их ачаа ачаад л гарна. Зарим үед аюулгүй байдал алдагдаж, вагон нэг тийшээ хазайчихна. Тэр болгонд нь наймаачдын нэг талдаа овоолсон ачааг буулгаж, нөгөө талд нь тэнцүүлж байж авчирна. Ингэж 6-8 сарын дотор хотын дэлгүүрүүдийг элдэв бараагаар дүүргэсэн.

-Ачааны вагон дүүрээд суудлынхад ачиж байгаа нь тэр үү?

-Тухайн үед иргэд ачааны вагоноор үйлчлүүлж мэддэггүй байж. Мөн илүү төлбөр төлнө шүү дээ. Тэгээд ч төмөр замын удирдлага суудлын вагонд их хэмжээний ачаа ачихыг хориглодоггүй байсан. Наймаанд гаршсан зарим нь ОХУ руу бараа зөөж эхэлсэн. Тухайн үед хойд хөршид ч нийгмийн байдал сайнгүй байсан шүү дээ. Бараг л явж байгаа галт тэрэгний цонхоор наймаа хийх нь холгүй шавцгаадаг. Түүнээс болж аюулгүй байдал алдагдах тохиолдол цөөнгүй учраас ОХУ-ын талаас суудлын вагонд авч явах ачааны хэмжээг заах болсон. Манайх ч мөн тэр зохицуулалтад шилжсэн.

-Анх ажилд орсон үеэ дурсахад хамгийн сэтгэлд үлдсэн зүйл юу вэ?

-Манайх долоо хоног бүр нийтийн сонсгол хийдэг байсан. Дагалдан холбогч байснаа шалгалт өгсний дараа нэг өдөр дарга дуудаад “Маргаашийн сонсголд заавал ирнэ шүү” гэдэг юм байна. Заавал гэдэг нь ямар учиртай юм бол, угаасаа л ирдэг шүү дээ гэж бодлоо. Тухайн үед манайд гурван өвөрмонгол, нэг орос, нэг хятад холбогч ажилладаг байсан. Тэдний нэг Аюуш гэж өвөрмонгол холбогч тэтгэвэрт гарч байгаа, надад багажаа өгөх сураг сонсогдов. Хүүхэд байсан учраас ямар багаж өгөх юм бол гэж оройжин бодлоо. Тухайн үед панаар гэж бидний барьдаг гэрэл байсан. Керосиноор ажилладаг айхтар хүнд, нөхцөлгүй муухай үнэртэй панаар байв. Эдний аль нэгийг л өгөх нь гэж бодов. Маргааш нь сонсголын үеэр Аюуш гуай босоод, намайг дуудаж, угаагаад индүүдчихсэн шар дарцгаа, шүгэлтэйгээ өглөө. Мөн албаны дарга ажлын газрын үнэмлэх гардуулсан. Маш их баярлаж билээ. Тэр мундаг хүн надад хэрэглэж байсан зүйлээ өгнө гэдэг нэр төрийн хэрэг. Энэ л миний санаанаас гардаггүй.

Аюуш гуайн надад өгсөн Хятадын төмөр шүгэл их сайн. Тухайн үед Оросын хуванцар шүгэл байсан л даа. Их муу, хүчтэй үлээвэл гацаад дуугарахгүй. Харин тэр төмөр шүгэл сайн дуугардаг ч өвөл уруулд наалдчихна. Буцаагаад салгахаар цус гараад, улаан уруултай юм л ажлаа хийнэ. Тухайн үед зарим албан байгууллага зөвшөөрөлгүй гарам гаргачихдаг байлаа. Түүгээр нь автомашин гарах гэж сандаргаад, яарсандаа шүглээ уруулд наалдахыг нь ч мартаад зуучихдаг байж билээ.

-Мундаг туршлагатай мэргэжилтнүүдээс суралцаж явсан гэж ярилаа. “Үнэн юм байна” гэж сүүлд ойлгож, өөрийн биеэр мэдэрсэн зүйл бий юү?

-Манайд Амгаасэд гэж найруулагч байсан. Нэг өдөр хамт ээлжид гарч байтал вагон үнэрлээд зогсоод байна. Би ч гайхаад, хараад л байлаа. Вагон аччихаад шохойгоор тэмдэглэдэг байсан. Тэр өдөр бороо ороод тэмдэглэгээ нь арилчихаар ямар бараа ачсан вагон болохыг мэдэх аргагүй. Гэтэл Амгаасэд найруулагч хажууд нь очиж үнэрлэснээ “Энд хар цаас ачсан байна. Тэнд буулга” гээд заалаа. Дараагийнх дээр нь очоод “Мебель тавилга ачжээ. Үүнийг тийш нь” гэсэн. Би үнэн, эсэхийг нь шалгахаар вагонуудыг буулгатал хажууд нь зогслоо. Гэтэл үнэхээр нэгнээс нь хар цаас, нөгөөхөөс нь тавилга буудаг байгаа. Гайхсан гэж жигтэйхэн. Дараа нь хар цаас халуунд үнэртдэгийг мэдсэн. Харин тавилга ачсаныг хэрхэн мэдсэнийг одоо болтол гайхдаг. Тийм туршлагатай хүмүүсээс би суралцсан даа.

-Таны Оросын нэг сонинд өгсөн ярилцлагыг олж уншлаа. Ямар учраас танаас ярилцлага авсан юм бэ?

-2010 оны гуравдугаар сард шиг санаж байна. Ажлаа хийгээд вагонд явж байтал дарга станцаар “Хойноос галт тэрэг ирж байна. Сэтгүүлч сурвалжилга хийх гэнэ. Зураг авна, 30-40 минут л болох байх” гэлээ. Замаа чөлөөлчихөөд цонхоор харж зогстол манай ерөнхий инженер нэг хүнтэй хамт ирж явна. Ойртоод ирэхээр нь хартал гадаад хүн бололтой. Залуухан хүүхэн ирээд ярилцлага авсан. Гэтэл зураг авна гэдэг юм байна. Ажил дээр одон, тэмдгээ зүүгээд явалтай биш. Хүү рүүгээ залгаад, гэрээс одонгуудаа авчруулаад зургаа авхуулж билээ.

Тухайн үед миний охин ОХУ-ын Эрхүү хотод суралцаж байсан юм. Охиндоо “Гудок” гэж сонинд аавынх нь ярилцлага гарна. Ямар ч байсан олж өг” гэж захиж байж олж авсан. Одоо ОХУ руу явах болбол түүнийгээ аваад явна. Төмөр замын ажилчид, үйлчлэгч нартай хэл нэвтрэлцэхгүй бол сониноо гаргаж, ярилцлагаа уншуулчихдаг. Тэгэхээр тэд баярлаад, мэргэжил нэгтэн гээд сүйд болно. Өвөр дүүрэн бэлэгтэй ирнэ шүү дээ.

-Та 2004 онд Гавьяат тээвэрчин болсон. Шагнал хүртэнэ гэдгээ мэдэж байв уу?

-Мэдээгүй. Ажил дээрээ байж байтал манай хүний нөөцийн мэргэжилтэн эгч залгаад “Миний дүү их том шагнал авч буй юм байна. Баяр хүргэе” гэлээ. Би ч ажил ихтэй байсан учраас ямар шагнал урамшуулал болохыг ч лавласангүй, хурдхан “Баярлалаа” гэж хэлчихээд утсаа салгачихлаа. Тэгж байтал дарга залгаад дахиад л баяр хүргэе гэнэ. Мөн л “Баярлалаа” гэсэн чинь “Чи яагаад баярлаж, догдлохгүй байгаа юм. Ямар шагнал авахаа мэдсэн юм уу” гэв. Би ч “Мэдсэнгүй. Сая Хорлоо эгч залгаад баяр хүргэе гэхээр нь шагнал авах нь гэж ойлголоо” гэтэл “Гавьяат тээвэрчин цолоор шагнаж байгаа. Маргааш шагнал гардуулах ёслол болно. Хувийн бэлтгэл хангалттай юу” гэнэ. Би мэдээгүй юм чинь ямар бэлтгэл байх вэ дээ. Тэгээд даргаас хоёр цагийн чөлөө авч өөрийнхөө оронд ээлжээс буусан хүн дуудаж орхичихоод дэлгүүр орж хувцас гутал бэлдэв. Гэтэл таарах цагаан цамц олддоггүй. Арай гэж Улсын их дэлгүүрийн ойролцоох нэг газраас олж аваад буцаад ажил руугаа гүйчихсэн. Тэгж будилж явж Н.Багабанди Ерөнхийлөгчөөс шагнал хүртсэн.

-Сая Хөдөлмөрийн баатар болох үеэрээ хөглөв үү?

-Энэ удаад ч хөглөсөн зүйлгүй. Шагналын сураг аль 2009 онд дуулдсан юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр гарын үсэг зурчихсан байсан шүү дээ. Гэтэл яг наадмын өмнө өнөөх айхтар долдугаар сарын 1-ний үймээн болж, тухайн үед шагнал авах байсан хүмүүсийнх бүгд хойшилсон. Дараа нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан тодорхойлолттой хүмүүст шагналыг нь өгөөгүй. Ингэж сунжирсаар өнгөрсөн Сар шинийн баяраар мөн л дуулдаж байлаа. Бас л тэгсхийгээд намжив. 

Гэтэл сая дахиад дуулдаж эхэлдэг юм байна. Олон удаа сураг сонссон хүн чинь сүүлдээ итгэхгүй болчихдог юм байна. Ер тоосонгүй. Тэгсэн үнэн болж таарлаа. Яах вэ. Аливаа зүйл цаг хугацаатай гэдэг дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс л шагнал авах учиртай юм байлгүй. Мэдээж нэр хүндтэй байгууллагад хүүхэд ахуй цагаасаа ажиллаж, амьдралынхаа ихэнх хугацааг зориулсны дүнд төрийн хүндтэй цолоор шагнууллаа. Маш их баярласан.

-Та Хэнтий аймгийн Биндэр сумдаа хүүхэд насаа өнгөрөөсөн үү?

-Тийм. Биндэрт долдугаар анги хүртлээ амьдарсан. Манай сумд Тусгал гэж газар байсан юм. Тэнд 60 гаруйхан ажилтантай, жижиг модны үйлдвэр байлаа. Гэрийн мод, тавилга зэргийг хийдэг. Би тэнд өргөж авсан аав, ээжтэйгээ ажилладаг байв. Өдөржин модонд явж, гуалин цагаална. Дараа нь ой цэвэрлэх гээд ажил мундахгүй. Биднийг хүүхэд гэж голохгүй 75 төгрөгийн цалин өгч ажиллуулна. Ээж минь хана үдэх зэрэг хөнгөн ажил хийнэ. Энэ мэтээр л хүүхэд нас минь өнгөрсөн.

-Та өргөмөл гэж ярилаа. Төрсөн ээжтэйгээ холбоотой юу. Эхээс хэдүүлээ юм бэ?

-Төрсөн эхээсээ наймуулаа. Би дөрөв дэх нь. Өргөж авсан аав, ээжийнхээ том хүүхэд нь. Бас нэг дүүтэй. Дүүг минь Дадал сумаас өргөж авсан. Төрүүлсэн ээж минь миний дээд талын эгч, бид хоёрыг айлд өргүүлсэн юм билээ. Гэхдээ эгчийг хамаатныдаа, намайг танихгүй айлд сар гарантай байхад өргүүлсэн гэдэг. Миний төрсөн өдөр бичиг баримт дээр 1959 оны есдүгээр сарын 3 гэж байдаг юм л даа. Гэтэл ээж минь “Чамайг төрүүлээд сар гарантай байхад айлд өргүүлчихээд сумын наадам үзэж байсан” гэж ярьдаг. Тэгэхээр би хавар төрсөн болж таараад байгаа юм. Өргөж авсан аав, ээж минь л сар, өдрийг нь хамаагүй бичүүлчихсэн юм болов уу. Мөн төрсөн сум минь Биндэр биш, одоогийн Өмнөдэлгэр юм билээ. Тухайн үеийн Хэнтий аймгийн Хэнтий сумд би төрсөн. 

1971 онд Хэнтий сумыг Өмнөдэлгэртэй нийлүүлсэн юм. Өргөж авсан ээж минь бурхан болсон. Төрүүлсэн ээж минь Биндэр сумдаа амьдарч буй. Энэ жил 94 насыг зооглож байна. Ээжтэйгээ холбоотой байлгүй яах вэ. Намайг багад төрсөн гэр хойд гудамжинд байлаа. Би хоёр гэрийн хооронд гүйнэ. Төрүүлсэн ээжийнх их гоё боорцогтой. Харин манайд талх, цөцгий элбэг. Хүүхэд учраас айлын боорцог л илүү амттай санагддаг байж.

-Таны гэргий мөн төмөр замд ажилладаг байв уу?

-Тийм ээ. Намайг анх төмөр замд ажилд ороход цалингийн тооцооны нярваар ажиллаж байсан. Хамт ажилладаг хүмүүс аяндаа л дотносож нэг гэрт орсон. Харин манай сумын хөгшчүүд намайг нутгаасаа эхнэр ав гэж ятгана. Төмөр замд ажиллаж эхэлсэн хэдэн жил Таван буудалд дүүтэйгээ амьдардаг байлаа. Нутгийн хөгшчүүд манайд ирж “Тэдний охин тэнд, энд сурч байгаа. Уулз, дотуур байрных нь утасны дугаар энэ” гээд цаастай бичиг үлдээчихээд явна. Нөгөө утасны дугаараар нь залгахаар тэр олон хүүхэд сурдаг дотуур байрнаас яаж олж яриулах вэ дээ. Тэгээд л очиж уулзана. Заримыг нь танина, заримыг нь танихгүй. 

Тэгж байтал эхнэртэйгээ танилцаж, нэг гэрт орлоо. Миний гэргийг Д.Даариймаа гэдэг. Говь-Алтай аймгийн Цээл сумын хүн. Анх Биндэрт эхнэрээ дагуулаад очиход нутгийн хөгшчүүл “Эвий минь. Амь нь хаанаа байдаг юм бол” гэж билээ. Манай буриадууд том биетэй, хүдэр хүмүүс учраас их туранхай харагдсан шиг байгаа юм. Бид 1982 онд гэр бүл болсон. Өдгөө хоёр хүү, нэг охины эцэг, эх болжээ.

-Охин нь таны мэргэжлийг өвлөсөн юм билээ. Хоёр хүүдээ өвлүүлье гэж бодоогүй юу?

-Уг нь том хүү миний мэргэжлийг өвлөхөөр суралцсан юм. Жил гаруй сураад хаячихсан. Таалагдаагүй юм байлгүй. Харин охин минь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэхээр бичиг баримтаа бүрдүүлж байснаа нэг өдөр хоёр ахдаа уурлаж, том хүүг нэг өшиглөснөө Тээврийн дээд сургуульд элсчихсэн. Одоо Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд гэр бүлийнхнийхээ хамт ажиллаж, амьдарч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)