Н.ЦЭВЭГМИД: Хөрөнгө оруулагчийн итгэлийг олохын төлөө зах зээлийн оролцогч бүр ажиллах цаг ирсэн

“Мирэ эссет секьюритис Монгол” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Н.Цэвэгмидтэй ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тараах ажил үргэлжилж байна. Манай улсын 2.5 сая иргэн хувьцааны ногдол ашиг авна. Зарим шинжээч “Энэ нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, иргэдийн мэдлэгийг дээшүүлэхэд чухал алхам боллоо” гэж дүгнэсэн. Иргэдийн олонх ногдол ашиг авч үзсэн нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд ямар эерэг нөлөө үзүүлэх бол?

-Том зургаар нь харвал аливаа улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд төр, засгийнх нь манлайлал чухал гэж боддог. Учир нь улсынхаа иргэн бүрт мэдээллээ хүргэж чадах институц нь Засгийн газар. Жишээ нь, БНСУ-ын иргэд 1960-аад оны үед хувьцааны тухай ойлголтгүй байсан. Тухайн үед Засгийн газар нь POS¬CO гэж төмөрлөгийн үйлдвэрийнхээ хувьцааг иргэддээ тараасан түүхтэй. Амжилттай болсон, эсэх нь дараагийн асуудал. Харин хүн бүрт хувьцаа тараасан тухай мэдээлэл сонсогдсон, үнэт цаас эзэмшихээр ногдол ашиг, өгөөж хүртдэг юм байна гэсэн ойлголт төрүүлсэн нь чухал. POSCO-гийн жишээг судалсан шинжээчид “Хэтэрхий олон ширхгийг тарааснаас хувьцааных нь ханш унасан” гэх мэт дүгнэлтийг хожим хийсэн байдаг. Гэхдээ иргэн бүртээ хувьцаа, үнэт цаасны компанийн тухай ойлголт өгсөн нь хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараасан нь зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр том алхам боллоо. Хүмүүс үнэт цаасны компанийг зорин ирж байгаа энэ цаг үеийг ашиглаад бид хөрөнгийн зах зээлийн бусад бүтээгдэхүүнийг танилцуулж, мэдээлэл өгөн, хүртээмжээ улам нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар нэмэх оноо авчээ. Тэгвэл хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжих, шинэ бүтээгдэхүүн гаргах гэх мэт асуудалд Засгийн газар манлайлж чадаж байна уу?

-Нэг талаар Засгийн газар бодлогоор дэмжих нь зүйл ёсны явдал. Нөгөө талаар Засгийн газрыг зах зээлийг хөгжүүл гэчихээд өөрсдөө хараад суух нь өрөөсгөл. Үнэт цаасны компаниуд зах зээлээ хөгжүүлэхийн тулд шинэ бүтээгдэхүүний араас хөөцөлдөх хэрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн гаргах ажлыг практикт туршиж үзээд “Ийм зүйл тээг болж байна. Дүрэм, журмаа ингэж өөрчилбөл зах зээлийн хөгжилд тустай юм байна” гэж зохицуулагч байгууллагадаа хандан, хамтран ажиллах ёстой. Түүнээс биш, бэлэн хоол өгөхийг хүлээгээд сууж болохгүй. Манай улс уул уурхайд тулгуурласан эдийн засагтай. Тиймээс нүүрсний уурхайн хувьцааг иргэддээ эзэмшүүлэх ч юм уу, Засгийн газар бонд гаргах гэх мэтээр шинэ бүтээгдэхүүн гарч л байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн санаачилгатай оролцоосой гэж боддог. Манай компани хаалттай хүрээнд бонд гаргах гэх мэтээр шинэ бүтээгдэхүүн дээр нэлээд ажилладаг. Мэдээллийг нь олон нийтэд тэр бүр хүргэдэггүй учраас мэдэхгүй байж магадгүй. Хуулийн компани хөлслөөд, шинэ бүтээгдэхүүн гаргах судалгаа хийдэг. Ингэх явцад нэг хуультай нөгөө журам нь зөрчилдөх гэх мэт дутагдал илэрдэг. Үүнийг нь засаж залруулахаар ханддаг. Өөрсдөө санаачилгатай ажиллаж, шинэ бүтээгдэхүүн гарахгүй бол урагшлахгүй. Үнэт цаасны компаниуд хөрөнгийн зах зээлийн хөгжилд түүчээлэх ёстой.

-Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны дийлэнх нь чанаргүй. Тиймээс манай хөрөнгийн зах зээлийг бүтээгдэхүүний хомсдолтой гэж судлаачид дүгнэдэг. Үндэсний том компаниуд хөрөнгийн зах зээлийг тодорхой түвшинд хүртэл хөгжүүлэхийг хүлээгээд хувьцаа, бондоо гаргадаггүй. Тэдний шалгуурт хүртэл хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Манайх сүүлийн гурван жилд компанийн хаалттай болон нээлттэй бонд, мөн хувьцаа гаргаж, олон нийтээс санхүүжилт татлаа. Нийт 60 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр компаниудад татаж өгсөн байна. Үүний 10 гаруй тэрбум төгрөг нь нээлттэй бонд болон хувьцаа байсан. Бид компаниудыг хөрөнгийн зах зээлд бэлтгээд явж байна гэж ойлгодог. Компаниуд манай зах зээлийг жижиг гэж хардаг нь үндэслэлтэй. Зарим компанийн удирдлага Монголын хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт татах боломжгүй юм биш үү гэдэг. Гэхдээ салхи эргэлээ гэдэг шиг нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Компанийн бонд гэдэг маш том зах зээл нээгдэхэд бэлэн боллоо. Монголын санхүүгийн зах зээлд банкны хадгаламж гэдэг бүтээгдэхүүн иргэдэд маш ойрхон. Олон хүн хүүхдүүддээ хадгаламж нээлгэсэн байх. Харин үнэт цаасны данс нээлгээд, хүүхдүүддээ бонд эзэмшүүлнэ гэвэл тэдэнд хол сонсогдоно. Одоо банкны хугацаатай хадгаламжийн хүү жилийн 12-13 хувь байгаа. Макро эдийн засгийн дүр зургаас харвал хадгаламжийн хүү цаашид ч буурна. Хадгаламжийн хүүг бууруулах тусам компаниуд бондын зах зээлээс санхүүжилт татах сонирхол нэмэгдэнэ. Манай томоохон компаниуд бондын зах зээлийг хэдийн сонирхоод эхэлчихсэн. Компаниуд хөрөнгийн зах зээлийг жижиг гэж эргэлзэж буй нь нэг талаар хөрөнгө оруулагчид бэлтгэгдээгүйтэй холбоотой. Хөрөнгө оруулагч нь байвал 20-30 тэрбум төгрөгийн дүнтэй хувьцаа, бонд гаргах компани ч гарч ирэх боломжтой. Үүнээс гадна үнэт цаасны компаниудад их дүнтэй хувьцаа гаргах чадвар байна уу асуулт гарч ирдэг. Ийм тээг компаниудад тулгардаг юм. Түүнээс биш, компаниудад хямд, найдвартай эх үүсвэрийг түргэн шуурхай татах л хүсэл бий. Хөрөнгийн зах зээл бол итгэлийнх. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын төлөө зах зээлийн оролцогч бүр ажиллах цаг ирсэн гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлд итгэж болохыг бид “ЛэндМН ББСБ”-ын хувьцааг гаргаж хүмүүст харуулсан. Таван тэрбумыг татан төвлөрүүлэхээр ажиллахад 41 тэрбум төгрөгийн захиалга ирсэн. Энэ нь сайн бүтээгдэхүүн санал болговол иргэд итгэх юм байна гэдгийг харуулсан. Компанийн сайн бонд гаргавал хөрөнгө оруулагчид итгэнэ, тэдний санхүүгийн боловсрол дээшилнэ, хөрөнгийн зах зээлийн хүртээмж нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн бондыг бүртгэх журмаа хөнгөвчлөхөөр ажиллаж байгаа гэсэн. Энэ нь санхүүжилтийг түргэн шуурхай татах нөхцөл бүрдүүлэх байх. Компаниуд бондоо гаргахад, үнэт цаасны компаниуд зуучлагчаар ажиллахад бэлэн болжээ. Харин хөрөнгө оруулагчаа хэрхэн бэлтгэх вэ?

-Банк олон хүний мөнгийг хүү амлаж цуглуулдаг. Энэ нь нэг талаар хүний мөнгийг зээлж байгаа хэлбэр. Тэгээд нэг компанид илүү өндөр хүүтэйгээр зээлж, дундаас нь ашиг олдог. Хөрөнгийн зах зээлийнхэн судалгааны үндсэн дээр компанийн бондод хүү тогтоогоод хөрөнгө оруулагчдад санал болгодог. Мөн тэдний мөнгийг зээлэх санал тавьж байна гэсэн үг. Банканд мөнгө хадгалуулсан ч, бонд худалдан авсан ч адилхан өгөөж хүртэнэ. Ингэхдээ бонд худалдсан авсан нь хөрөнгө оруулагчдад банкны хүүгээс илүү ашиг өгөх боломжтойг бид ойлгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох хэрэгтэй юм билээ.

-Тооцоолж үзье. Банкны хадгаламжийн жилийн хүү 13 хувь. Тэгвэл бизнесийн зээл жилийн 20 хувийн хүүтэй байгаа. Компани жилийн 15 хувийн хүүтэй бонд гаргалаа гэж бодъё. Компани хямд хүүтэй санхүүжилт татна. Харин хөрөнгө оруулагч мөнгөө банкны хадгаламжийнхаас хоёр хувийн өндөр хүүгээр өсгөх нь. Бонд гаргах, худалдаж авах нь аль аль талдаа ашигтайг ойлгуулах хэрэгтэй юм байна.

-Тийм. Нэг талынх нь өгөөжийг нэмэгдүүлээд, нөгөө талынх нь зардлыг багасгаж байна гэсэн үг. Бонд худалдан авсан хөрөнгө оруулагч хэсэг хугацааны дараа буцаагаад зарж болдог давуу талтай. Манайх “ЛэндМН ББСБ” компанийн бондын андеррайтераар ажилласан. Уг бондыг худалдаж авах 100 сая төгрөгийн захиалга ирүүлсэн. Харин өмнө нь худалдаж авсан хүмүүс зарахгүй байгаа учраас захиалга биелэхгүй сууж байна. Засгийн газар 2017 онд бонд гаргадаг байсан. Тухайн үед манайх бондын хоёрдогч зах зээлд 200 тэрбум төгрөгийн арилжаа хийж билээ. Энэ нь зах зээл байгааг харуулсан үзүүлэлт. Зохицуулах байгууллагаас бонд гаргах дүрэм, журмыг хөнгөвчлөх гэж буй нь энэ зах зээлийг хөгжүүлэх хөшүүрэг болно.

-Өнгөрсөн жилүүдэд олон компани хаалттай хүрээнд бонд гаргасан. Энэ нь зохицуулах байгууллагын нарийн зохицуулалттай журмыг биелүүлэх, зөвшөөрөл авахад урт хугацаа зарцуулахаас зайлсхийх арга байсан уу?

-Өмнө нь компанийн нээлттэй бонд гаргах цаг үе мөн үү гэдгийг шинжилж үзээд хаалттай нь дээр гэж дүгнэж байсан. Одоо банкны хадгаламжийн хүү буураад, дээрээс нь хүн амын орлогын албан татвар хураадаг болсон нь нээлттэй бонд гаргах хөшүүрэг болж байна. Нөгөө талаас том компаниуд нээлттэй бонд гаргавал урт хугацаа зарцуулах юм биш үү, хаалттай нь амар гэдэг. Том компаниудыг хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс нээлттэй бонд гаргаач гэж бид хандаж байна. Бараг л гуйж байгаа. Том компаниуд банкнаас бага хүүтэй зээл авчихдаг учраас бонд гаргах шаардлага үүсдэггүй. Бондын зах зээлийг хөл дээр нь босгохын тулд найдвартай компанид санхүүжилт татаж өгөх нь зөв юм. Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэг алдчихвал буцааж авахад хэцүү. Тэгэхээр бондыг нь гаргах компаниа нарийн шинжлэх хэрэгтэй. Одоо иргэд бонд гэж юу вэ хэмээн асууж байна. Хэдэн жилийн дараа иргэдийг ямар бонд байна вэ, алийг нь авбал дээр вэ гэж асуудаг болгон хөгжүүлэх хүсэл, мөрөөдөл бий.

-Ямар бонд байна вэ гэж асуудаг болсон хүмүүс хувьцааг ч бас анхаарч хардаг болох байх.

-Хувьцааны зах зээлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчдын санхүүгийн боловсрол чухал. Үүнээс гадна байгууллагын хөрөнгө оруулагчийн чадавх бэхжиж байж, хувьцааны зах зээл урт хугацаандаа өндөр өгөөжтэй байна. Бонд бол хугацаа нь дуусахаар хөрөнгө оруулагч нь өгөөжөө хүртээд гараад явчихдаг зах зээл. Хувьцаа эзэмшигч үнэт цаасаа зарахгүй бол хөрөнгө оруулагч хэвээр үлддэг. Тиймээс том итгэл шаарддаг. Хувьцааны зах зээлд их хэмжээний мөнгөө “хийх”-ээс жижиг хөрөнгө оруулагч айна. Тэгэхээр дүн шинжилгээ хийгээд, өгөөжийг тодорхойлох чадвартай мэргэжлийн хөрөнгө оруулагчид бэлтгэгдсэний дараа хувьцааны зах зээл хөгжинө гэж боддог. Манайд мэргэжлийн хөрөнгө оруулагч бараг байхгүй. Одоо л хөрөнгө оруулалтын анхны хамтын сан байгуулах гэж байна. Бондыг бодвол хувьцааны зах зээлийг хөгжүүлэхэд урт хугацаа шаардана.

-Хэдий хугацааны дараа манай хөрөнгийн зах зээл дөмөгхөн хөгжсөн байх бол?

-Гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд орж ирэх юм уу, эсвэл манай сангууд тэндээс хөрөнгө татдаг болсон цагт хөгжлийн суурь нь тавигдана. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн суурь хэзээ тавигдах вэ гэж асууж байгаатай адил санагдлаа. Гадаадынхны сонирхол манай макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй уялдана. Валютын ханш хэр тогтвортой байх, төрийн бодлого нь урт хугацаанд үргэлжлэх үү гэдгийг тэд судална. Өөр нэг гол зүйл нь зах зээлийн хөрвөх чадвар. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн хувьцааг худалдаж аваад хэр хугацааны дараа зараад гарч чадах вэ гэдгийг тэд харна. Таван жилийн дараа зараад гарах боломжтой гэсэн тооцоо гарвал хэн ч орж ирэхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хөрвөх чадварыг нь сайжруулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж байж хөрөнгийн зах зээл өндийх байх. Тэр болтол манайхан дотоодын боломжоороо явах биз.

-Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сул. Одоо хэр сайжирч байна вэ. Хувьцаа зарах захиалга өгөөд хэр удаж байна вэ?

-Хөрвөх чадвар сайжрахгүй л байна. Ямар хувьцаа вэ гэдгээс шалтгаалж хөрвөх чадвар нь янз бүр. Бид 2018 онд “ЛэндМН ББСБ”-ын хувьцааг гаргахад хөрвөх чадвар хамгийн өндөртэй нь байсан. Тиймээс хөрвөх чадвартай гэдэг ганц үзүүлэлтийг нь үндэслээд БНСУ-ын хөрөнгө оруулалтын санд долоон тэрбум төгрөгийн хувьцаа барьцаалсан бондыг нь арилжиж байлаа. Хөрвөх чадвар өндөр байх нь ийм боломж олгож байгаа юм. Хөрвөх чадвар муу учраас манай банкууд хувьцаа барьцаалж зээл олгох дургүй. Барьцааллаа гэхэд маш багаар үнэлэх жишээтэй. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд хувьцааны төвлөрөл ихтэй. 90-ээс дээш хувийн төвлөрөлтэй компанийн хувьцаа яаж зарагдах билээ. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулагч хувьцааг нь худалдаж авсан ч мөнгөө алдаад илтгэл алдарчихсан компаниуд ч бий. Өөрөө авахыг хүсэж байгаа бүтээгдэхүүнийг л хүнд санал болгох юм сан гэсэн зарчмыг би ажилдаа баримталдаг. Өөрөө авбал хөрөнгөө алдахаа мэдэж буй бүтээгдэхүүнээ хүнд санал болгох хэрэггүй. Ингэж ажиллавал хөрвөх чадвар сайтай компани хөрөнгийн зах зээлд гаргана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)