Н.ХҮСЛЭН: Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, өвчин тархах эрсдэлтэй орчинд байрлаж байна

Монголын үндэсний их сургуулийн оюутны дотуур байр  2020.06.25

Монгол Улс ОХУ-д суралцаж буй оюутнуудаа гуравдугаар сараас эхлэн эх оронд нь татан авчирч буй. “Ковид-19” цар тахал дэгдсэн “улаан бүс”-ээс оюутнуудаа авчирч байгаа нь сайшаалтай. Гэвч тусгаарлах байр хүрэлцээгүйгээс оюутнуудыг эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт байлгаж буй гэнэ. Энэ талаар ОХУ-аас ирсэн оюутнуудын төлөөлөл манай сонинд хандсан юм. Тус улсын Москва, Санкт-Петербург, Воронеж зэрэг хотоос 112 иргэн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн сарын 25-нд эх орондоо ирсэн. Тэдний нэг Н.Хүслэнтэй ярилцлаа.

-Та бүхнийг Монгол руу авчрах шийдвэр гэнэт гарсан гэж сонслоо. Хичээл, шалгалт нь дууссан байв уу?

-Монгол буцах нь тодорхой учраас шаардлагатай бичиг, баримтаа бүрдүүлж, хүсэлтээ ОХУ дахь Монголын Элчин сайдын яам, Улсын онцгой комисст хүргүүлсэн байсан. Би зургадугаар сарын 15-нд ОХУ дахь Монголын Консулын газартай холбогдон, иргэдээ хэзээ татахыг тодруулахад “Москва хот руу тусгай үүргийн онгоц одоогоор нисгэхгүй тул зургадугаар сарын 21, 28-нд Алтанбулаг боомтоор иргэдээ татаж авах хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлсэн” гэсэн. Гэтэл тусгай үүргийн онгоц зургадугаар сарын 24-ний өдөр нислэг үйлдэх тухай мэдээлэл Консулын газартай холбогдсон долоо хоногийн амралтын өдөр цацагдсан. Гэнэт ийм мэдээлэл гарсан учраас шалгалт өгнө, дипломоо хамгаална гээд ирж чадалгүй үлдсэн маш олон оюутан бий. Амжиж ирсэн нь л бид.

-Тусгаарлах байрны нөхцөл байдал хүнд гэлээ. Ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа биз дээ?

-Бид одоо Монголын үндэсний их сургуулийн оюутны дотуур байранд тусгаарлагдаж байгаа. Ганц ганцаар нь тусгаарлах боломжгүй учир нэг өрөөнд 3-6-уулаа, дундаа нэг ариун цэврийн өрөөтэй. Анх энд ирэхэд цэвэрлэгээ хийгээгүй, шал нь бохир, тоостой, ор хөнжлийн цагаан хэрэглэл нь толботой, ариутгал хийсэн, эсэх нь эргэлзээтэй байсан. Тагтан дээрээс үхсэн хулгана, хэрэглэсэн дотуур хувцас олдох жишээтэй. Энд ирээд долоо хонож байхад угаалгын өрөөг нэг удаа л ариутгасан.

-Онгоцны тийз, байрны төлбөрт хэчнээн төгрөг өгсөн бэ?

-Онгоцны тийзийн зардалд 518 ам.доллар, тусгаарлах байранд 1 050 000, онгоцны буудлаас тусгаарлах байранд хүргэх тээврийн зардалд 10 000 төгрөгийг ирсэн хүн бүр төлсөн. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд зочид буудал, амралтын газруудад нэг нэгээрээ тусгаарлагдаж, тухтай байсан. Тэд мөн л бидэнтэй адил төлбөр төлсөн шүү дээ. Гэтэл бид ариун цэвэр хангаагүй, тав тухгүй байранд тусгаарлагдаж буй нь шударга биш. Цэвэрлэгээгээ өөрсдөө хийж байгаа. Үүнээс хэн ч татгалзаагүй. Адилхан төлбөр төлсөн хэрнээ шаардлага хангахгүй газар байгаа нь л харамсалтай. Хоолны тухайд гомдол байхгүй. Гэхдээ хоолыг коридорт аягалан тараадаг нь эрүүл ахуйд нийцэхгүй байх.

-Эх орондоо ирэх гээд чадахгүй байгаа маш олон хүн бий. Ийм байхад байр, хоолоо голлоо гэж шүүмжлэх хүн цөөнгүй.

-Мэдээж Монголдоо ирсэндээ баяртай байгаа. Хуулиараа эх орондоо ирэх эрхтэй хүмүүс шүү дээ. Улсын зүгээс тавьсан бүх шаардлагыг бид хангасан. Төлбөр тооцоо, хувийн ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага гэх мэт. Улсын онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллагынхан үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр шинжилгээгээр коронавирусийн халдваргүй гэдгээ баталсан хүмүүс эх орондоо ирчихээд, зүс танихгүй улстай нэг дор, олуулаа тусгаарлагдсан. Энэ нь дан ганц коронавирус биш, бусад өвчнөөр өвчлөх эрсдэл үүсгэнэ шүү дээ. “Арчаагүй оюутнууд эх орондоо өвчин зөөж ирсэн” гэж зарим хүн харааж байна. Таны хүүхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, өвчлөх эрсдэлтэй нөхцөлд байгаа бол ингэж хэлэхгүй л болов уу. Хилийн чанадад “хоригдсон” иргэдийг маш сайн ойлгож байгаа. Биднийг гомдоллоо гэж шүүмжилж, олон нийтээс дарамт ирдэг. Хамгийн гол нь бидний төлсөн мөнгийг хэрхэн, юунд зарцуулж буйгаа тайлагнаж, нээлттэйгээр мэдээлэхийг шаардаж байна. Энд бидэнтэй хамт байгаа эмнэлэг, цэрэг, цагдаагийн байгууллагын ажилтнууд хангалттай цалин авч чадаж байгаа юу. Бид зөвхөн өөрсдийн эрх ашгийг л хамгаалах зорилготой шаардлага, хүсэлт гаргаагүй. Дараа дараагийн нислэгээр ирэх иргэдээ ийм нөхцөлд битгий байлгаасай гэж хүсэж байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд өвчлөгсдийн тоо улам нэмэгдэх вий. “Авчирсанд баярлалаа” гээд болохгүй зүйлийг илчлэхгүй, дуугарахгүй, нүдээ таглаад, гараа хумхиад суух буруу. Хүмүүс аливаа зүйлийг олон талаас нь харж, сөрөг хандлага битгий гаргаасай. Гадаадаас ирж буй иргэдээ “өвчин импортлогч” гэж бүү хараасай.

-ОХУ-д сурч буй цөөнгүй монгол оюутнаас коронавирус илэрсэн. Та бүхнээс давтан шинжилгээ авсан уу?

-Ирсэн өдөр шинжилгээ авсан, давтан шинжилгээ энэ долоо хоногийн сүүлчээр авна гэж хэлсэн. Зургадугаар сарын 26-ны өдөр эхний шинжилгээний хариуг танилцуулахад тусгаарлах байранд байрлаж буй нэг оюутнаас халдвар илэрсэн. Тухайн оюутантай нэг өрөөнд байрлаж байсан хүмүүсийн биед өөрчлөлт гарч, давтан шинжилгээ авсан. Азаар сөрөг гарсан. Гэхдээ өвчний илрэх хугацаа удааширсан учраас дахин шинжилгээ авахад сөрөг гарна гэсэн баталгаа байхгүй.