Н.Хэрлэн: Мөсөнд авирч байхдаа аз жаргалыг мэдэрдэг

Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга, ОУХМ Н.Хэрлэнг аав нь хүүхэд байхаас нь спорт авиралтын тамирчин болгохоор зорьж, оргилд хамт хэдэнтээ авирсан гэдэг. Түүний аав уулчин, спортын мастер Х.Нямдоо. Тэрбээр “Сутайн бор” клубийн мөсөнд авиралтын тамирчдын дасгалжуулагч багш. Уулын спортод амьдралаа зориулсан аавынх нь хичээл зүтгэл, өндөр оргилд тэмүүлдэг хүүгийнх нь зан мөсөнд авиралтын тамирчин болоход их нөлөөлжээ. 

Н.Хэрлэн өнгөрсөн жил аавынхаа болон Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл сургуулилалтаа базааж, Олон улсын уулчдын холбоо (UIAA)-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI тэмцээн АНУ-ын Колорадо муж, Денвер хотод болоход анх удаа оролцжээ. 

Мөн ОХУ-ын Киров хотод болсон мөсөнд авиралтын ДАШТ-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж 11 дүгээр байр эзэлсэн, бас тус улсын Эрхүү хотод зохион байгуулсан нээлттэй тэмцээнд түрүүлсэн зэргээр амжилт гаргасан тэмцээн нэгээр тогтохгүй. Монголын нэрийг олон улсын тавцанд гаргаж яваа түүнийг “Залуус” буланд урив.

-Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийнхны санаачилгаар Говь-Алтай аймгийн Тонхил сумд спорт авиралтын төв байгуулж буй. Энэ төв олон улсын стандартад нийцнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Тийм ээ, спорт авиралтын хананы ажил тун удахгүй дуусна. Монголд анх удаа олон улсын стандартад нийцсэн хана босох нь. Клубийн удирдах зөвлөлийн шийдвэрээр “Олимп” спорт авиралтын төв хэмээн нэрлэсэн. Энэ нь уулчдыг төдийгүй спорт авиралтаар сонирхон хичээллэдэг тамирчдыг их баярлуулж буй. Ийм төвтэй болох юм сан гэж хүсэж явсан бидний олон жилийн мөрөөдөл биелж байна. Өндөр уулсын дунд амьдардаг хөдөөний хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад тамирчдын амжилтыг олон улсын тавцанд ахиулахад чухал бааз болох юм. Алсдаа олимпын наадамд мэргэжлийн тамирчдыг бэлтгэх боломжтой.

Бид энэ төвийг Тонхил сумд байгуулах нь олон талын ач холбогдолтой гэж үзсэн. Тухайлбал, манай сумын төв 2000 м (далайн түвшнээс дээш) өндөрт оршдог. Энэ нь тамирчдын бэлтгэлд чухал. Төрөлх нутгаасаа гадна баруун аймгуудаас олон тамирчин төрүүлэх зорилготой. Спорт авиралтын төрөл “Токио-2020” зуны олимпын их наадмын хөтөлбөрт багтсан. Тиймээс хойшид дан ганц спорт авиралт бус мөсөнд авиралтын хана нэмж барих төлөвлөгөө бий. 

Ойрын хоёр жилээс барьж эхлэх байх. Ингэснээр жилийн дөрвөн улиралд тамирчид байнгын бэлтгэл сургуулилалт хийж, өвөл, зуны олимпод оролцох боломжтой болно. Мөсөнд авиралт өвлийн олимпын наадмын төрөлд багтахад тун ойрхон байгаа.

-Спорт авиралтын төрөл “Токио-2020” зуны олимпын наадамд албан ёсоор багтсан талаар та дурдлаа. Энэ онд, бас ирэх жилд болох томоохон тэмцээнүүдэд амжилт гаргах нь зорилгын тань нэг. Бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Тамирчин хүний хувьд бэлтгэлээ сайн базаахыг хичээдэг. Өнгөрсөн хавар тэмцээнд оролцож байхдаа өвдгөө бага зэрэг гэмтээсэн. Эмчилгээ хийлгэж байгаад наймдугаар сараас хүндийг өргөлтийн дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр багшийн удирдлагад хүчний бэлтгэлээ үргэлжлүүлэн базааж эхэллээ. Би сүүлийн хоёр жил хүчний бэлтгэл хийж байна. Авиралтын бэлтгэлдээ даруй орно. 

Энэ жил мөсөнд авиралтын ДАШТ, Дэлхийн цомын цуврал, мөн Ази тивийн АШТ, Азийн цом, ирэх хавраас Монголд болох спорт авиралтын тэмцээнүүдэд өрсөлдөнө. “Токио-2020” олимпод спорт авиралтын төрлөөр оролцох эрх авахад маш хүнд. Манай улс энэ төрлийн спортын материаллаг бааз, тамирчдын дасгалжуулалтаар хоцорч яваа. Гэхдээ бид зүтгэж байна.

-Удахгүй өвөлтэй золгоно. Мөсөнд авиралтын тамирчид энэ үед хийморио сэргээж, хурд, хүч, ур чадвараа сорьж өрсөлддөг.

-Гадаадын болон дотоодын тэмцээнүүд арванхоёрдугаар сараас эхлэн, ирэх жилийн гуравдугаар сар хүртэл зохиогдоно. Энэ хугацаанд олон тамирчинтай өрсөлдөхөөс гадна гадаадын найзуудтайгаа уулздаг. Мөсөнд авиралтын тамирчид өвөл болохыг тэсэн ядан хүлээдэг. Би мөсөнд авиралтаар 2013 оноос хичээллэсэн. 2017 оноос олон улсын тавцанд хурд, техникийн гарцаарчилсан төрөлд өрсөлдөж байна. Сайн өрсөлдөгчтэй байна гэдэг нэг талаар өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог. 

Өрсөлдөөн ур чадвар, амжилтаа сайжруулахад минь нөлөөлсөн. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөөд, тэдний зэрэгт хүрэх, цаашлаад илүү сайн болохыг эрмэлздэг болсон. ДАШТ, дэлхий цомын тэмцээний шигшээд шалгарах гол зорилго тавьдаг байсан бол одоо медальд хүрэх гэж хичээж буй. Манай тамирчид олон улсын тэмцээнд сайн өрсөлддөг. Шигшээд 2-3 тамирчин гарч ирдэг боллоо. Энэ нь Монголд мөсөнд авиралт хурдацтай хөгжиж буйг, бас ирээдүйтэйг харуулж байна.

УУЛЧИН ХҮНИЙ АЛДААНЫ ХАРИУЛТ АМЬ НАС НЬ БАЙДАГ

-Мөсөнд авиралтаар аль улсын тамирчид шилдэг нь вэ. Тэднээс хэнийх нь хурд, техник сонирхлыг тань хамгийн их татдаг бол?

-ОХУ, БНСУ, Ираны тамирчид маш хүчтэй өрсөлдөгч. Тэр дундаа хурдны төрөлд оросууд ноёлдог. ОХУ-ын тамирчин Николай Кузовлев миний шүтдэг тамирчин. Тэрбээр хурд, техникийн төрөлд дэлхийд танигдсан цөөн тамирчны нэг. Би хурдны төрөлд дэлхийн аварга болсон Владислав Ирловоос суралцдаг. Миний хувьд энэ жил дэлхийн чансааны 11-т эрэмбэлэгдэж байгаа. Өмнө нь хурдны төрөлд европчууд давамгайлдаг байсан бол сүүлийн үед Азиас Монголын тамирчид хүч түрэн орж ирж байна.

-Ажил, амжилт, амьдралаа спортгүйгээр төсөөлж байсан уу?

-Үгүй ээ. Спорт миний амьдралд заавал байх ёстой зүйлийн нэг. Аав минь биеийн тамирын багш, уулчин. Би багаасаа спортод ойр өссөн. Өсвөр насандаа жүдогоор хичээллэж, оюутан болоод мөсөнд авиралтын спорт руу хөл тавьсан.

-Өөрийг тань дуртай зүйлээс чинь татгалзуулж, хүсэл сонирхлоосоо буцах аргагүй болтол татсан мөсөнд авиралтын гайхамшиг нь юу вэ?

-2012 онд аавтайгаа хамт Сутай хайрханд авирсан. Тэр үед оргилоос авсан мэдрэмж мөсөнд авиралт руу хүчтэй татсан. Уулын спортоос салбарлаж үүссэн авиралтын төрлүүдийг сонирхон судалж, хичээллэхээр шийдсэн юм.

-Зориг гаргаж, мөсөнд авирах хүн тийм ч олон биш байх. Эрсдэл ихтэй. Авиралтын төрлөөр хичээллэдэг тамирчид гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдөж байж энэ замыг сонгодог юм билээ.

-Аав минь намайг энэ спорт руу хөтөлсөн болохоор гэрийнхэнтэйгээ зөрчилдөх асуудал гараагүй. 2017 онд авирч байгаад гарын хурууныхаа шөрмөсийг гэмтээхэд ах дүүс, найз нөхөд хорьж байлаа. Хаврын бэртлийн дараа “Одоо боль, хөлтэйгөө үлд. Азийн АШТ-д Монголын тамирчдаас анхны медалийг нь авсан юм чинь болиход харамсах зүйл юу байна” гэж хэлсэн. Мөсөнд авиралт эрсдэлтэй спорт. Гэмтэхэд хүртэл хүнд бэртэл авах гээд байдаг талтай.

-Хүүдээ аав, ээж нь хэдий итгэдэг ч түгшиж л суудаг болов уу.

-Аав, ээж минь намайг бэртэл, гэмтлээс хол байгаасай гэж залбирдаг. Гадаадад болж байгаа тэмцээнд оролцоход ээж минь сүү байнга өргөдөг. Цагийн зөрүүтэй газар болж байгаа үед унтдаггүй гэнэ билээ.

-Спортын ихэнх төрөлд тамирчид алдаагаа засаад, амжилт гаргаж болдог. Харин уул, мөсөнд авиралтад алдаа, оноо нь анхных бөгөөд сүүлчийнх байх нь бий. Гэхдээ та эрсдэлийг тооцоолж, амжилтын төлөө тэмүүлдэг байлгүй.

-Тийм ээ, уулчин хүний алдааны хариулт амь нас нь байдаг. Тиймээс хариуцлага, анхаарал, ур чадвар шаарддаг. Спорт авиралтын төрлүүдээс хамгийн эрсдэлтэй нь мөсөнд авиралт. Хурц иртэй багажтай харьцаж, авирдаг тул зөв техник, болгоомж гээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй болдог.

-Авирахын өмнө бие болоод сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Тухайн орчноос өөрийгөө аль болох тусгаарлахыг хичээдэг. Зөвхөн мөстэй харьцахыг хичээдэг. Ямар ч спортод сэтгэл зүй чухал. Хурдны төрлийн дүн зургаа, долоон секундээр хэмжигддэг.

ГАЗАР, ГАЗРЫН МӨС ӨӨР БАЙДАГ Ч САЙХАН ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ

-Уулчид “Айдсаа давж байж оргилд авирдаг. Учир нь үхэл, амжилтын зам нэг шугамд байдаг” гэж ярьдаг. Та энэ бүхнийг хэрхэн даван туулдаг вэ?

-Оргилд авираад хачин гоё мэдрэмж авдаг болохоор бүхнийг даван туулах хөшүүрэг болдог. Би мөсөнд авирч байхдаа аз жаргалыг мэдэрдэг. Үүнийг ямар нэг зүйлтэй зүйрлэшгүй. Хүн бүр үгээр илэрхийлэмгүй нэг тийм гоё мэдрэмж авдаг байх.

-Авирах болгонд өөр өөр дурсамж үлддэг үү?

-Газар, газрын мөс өөр байдаг ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээдэг. Авиралт их адал явдалтай спорт. Ууланд авирч байсан хүмүүс үүнийг хэлэх байх.

-Тэмцээнд дандаа амжилт гаргана гэж байдаггүй. Хааяа сэтгэл гонсгор буцсан удаа бий юү. Тийм үед хэрхэн тайвширч байв?

-Багш минь “Аливаад анхдагч байна гэдэг хэцүү, хэний ч явж байгаагүй мөрөөр чи явна” гэж хэлдэг юм. Би амьдралд ч, тэмцээнд ч алдаа бага гаргахыг хичээдэг. Саяхан АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод зохион байгуулсан дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тактикийн алдаа гаргаж, медальгүй ирсэн. Дасгалжуулагчгүй явсан болохоор хэлж, зөвлөх хүнгүй алдаа гаргасан байх. Уулын спортод тактик, судалгаа, бэлтгэлийг нь хариуцдаг хүн тусдаа байдаг. Монголд мөсөнд авиралтын мэргэжлийн дасгалжуулагч байдаггүй. Тиймээс өөрөө өөртөө багшлах үе бий. Ц.Хосбаяр багш энэ тал дээр харамгүй зөвлөгөө хэлдэг. Хэдий өөр төрлийн спортын дасгалжуулагч гэлээ намайг сайн бэлддэг.

Харин үндсэн техник, мөсөнд авиралтаа өөрөө судалж, аав, багш, багийнхантайгаа ярилцан, сайжруулах тал дээр анхаардаг.

-Спортод зөв менежменттэй ажиллаж, зорилго нэгтэй баг бүрдүүлэх, өөрийг нь дэмждэг хүрээлэл бий болгох нь хамгийн чухал байдаг. “Сутайн бор” клубийнхэн тамирчдаа хэр сайн дэмждэг вэ?

-“Сутайн бор” клубт 2013 онд хөл тавьж, тамирчин болж байлаа. Манай сумын клуб болохоор нутгаасаа төрсөн шинэ залуу тамирчдаа дэмждэг. Энэ клубтэй холбогдсоноо аз завшаан гэж боддог. Тамирчин хүн олон бэрхшээлтэй тулгардаг. “Сутайн бор” клубийнхэн тамирчдаа сайн анхаардаг. Тамирчдынхаа тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлнэ. Мөн гадаад, дотоодод бэлтгэл хийх зардлыг бүрэн хариуцдаг. Сайн клубийн буянаар 2017 онд ОХУ-д бэлтгэл сургалтад оролцох завшаан олдож, тэндхийн тамирчдаас суралцсанаар ур чадвар, техник өмнөхөөсөө ахисан. Сүүлийн жилүүдэд хойд хөршид бэлтгэлээ базааж байгаа. 

Энэ ташрамд, “Сутайн бор” клубийн Удирдах зөвлөлийн гишүүд болон хамт олон, Тонхил сумынхаа ард иргэдэд талархаж явдгаа илэрхийлье. Эх орноо төлөөлж, мөсөнд авиралтын тэмцээнд оролцдог баг тамирчдын олонх нь манай клубийнхэн байдаг. Энэ нь сайн менежменттэй байгаагийн илрэл болов уу. Энэ оны УАШТ-д манай клубээс хоёр баг оролцож, тэргүүн, дэд байрт шалгарлаа. Спорт авиралтын төрлөөр УАШТ зохиож эхэлснээс хойш багийн дүнгээр медальт байрт тасралтгүй шалгардаг хамт олон болсон.

-Таны харьяалагддаг клубийн нэр их содон юм. “Сутайн бор” хэмээн нэрлэх болсон талаар товч тайлбарлаач.

-Уулын морь гэсэн утгатай. 1981 онд Тонхил сумын 13 уулчин Сутай хайрхны оргилд бор морио авч гарсан түүх бий. Тэр морины хөшөө манай сумд байдаг юм. Хөшөөн дээр

“Цадиг түүхийн гэрч

Цаст Сутайн унага

Суутай уулын сахиус

Сутайн бор хүлэг” хэмээх бичээс бий.

Манай сумаас Монгол Улсын уулын спортын анхны мастеруудын нэг Я.Жанцан агсан төрсөн. Тиймээс уулын спортын ууган мастераар овоглож, бор мориор цоллуулдаг хүмүүс нь бид юм.

Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)