Н.Төгсцогт: Хоёр холбооны аваргын бүс мөрлөсөөр Монголдоо ирвэл сайхан аа

Н.Төгсцогт гавьяатыг мэргэжлийн дэвжээг сонгон, АНУ-ыг зориход хүсэл мөрөөдөл, зорилгоос нь өөр юу ч түүнд байгаагүй. Томоохон ивээн тэтгэгч, арыг нь бүрэн даасан баг, промоутер ч байгаагүй. Хэдийгээр тухайн үед олимп, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, лут амьтан болчихсон байсан ч мэргэжлийн дэвжээнд бүхнийг тэгээс нь эхэлсэн. 

Тэрбээр бүхнийг бор зүрхээрээ зохицуулж, багаа бүрдүүлэн зүтгэсээр өнөөгийн амжилтад хүрснээр нь бахархахгүй байхын аргагүй. Н.Төгсцогт Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилгодоо хүрэхийн тулд гадаадын ямар нэгэн багт харьяалагдахыг хүсээгүй гэнэ. Одоо түүнийг дэлхий мэддэг болсоон.

Мэргэжлийн боксын дэвжээнд 11 тулалдахдаа бүгдэд нь ялж, “King Tug” хэмээн алдаршин, IBO холбооны дэлхийн аварга болсон бахдам амжилт түүнийх. Тэрбээр WBC холбооны аваргын төлөө Г.Расселтай тулалдахаар зэхэж байна. Хэрвээ зорилгодоо хүрвэл хоёр холбооны аваргын бүс зэрэг эзэмшинэ. Түүнтэй ярилцлаа.

-Таныг IBO холбооны аварга болсны дараа WBC-ийн аварга Г.Расселтай тулалдуулах тов гарсан ч төд удалгүй цуцалсан. Та хоёрыг тоглуулахаар болсон гэх мэдээлэл дахин гарчээ. Албан ёсны тов гарсан уу?

-Нэг л сандраад байх чинь. Ямар эвгүй юм бэ (инээв). Г.Расселтай гэнэт тулалдах боллоо. Монголд ирсний дараа WBC холбооныхон надад энэ талаар дуулгасан. Манай багийнхан миний өмнөөс гэрээнд өчигдөр (уржигдар) гарын үсэг зурлаа. Одоо бүх зүйл Г.Расселаас шалтгаална. Тэр албан ёсны хариу өгөөгүй байгаа. Хэрвээ надтай тулалдахгүй бол аваргын бүсээ хураалгана.

Түүнтэй тулалдах тухай яригдахаас өмнө би наймдугаар сарын 3-нд тоглох болсон юм. Хэнтэй гэдэг нь тодорхойгүй байгаа. Хэрвээ Г.Рассел зөвшөөрвөл бид хоёр есдүгээр сард аваргын бүсний төлөө өрсөлдөх байх. Татгалзвал би WBC холбооны аваргын төлөө өөр тамирчинтай наймдугаар сарын 3-нд тулалдаж магадгүй.

-Саяхан Г.Рассел Испанийн К.Мартинестай тоглож, аваргын бүсээ хамгаалсан. Ийм давчуу хугацаанд дахин тоглох магадлал бага байх.

-Мэдээж мэргэжлийн боксын дэвжээнд хэдхэн сарын зайтай тулаан хийх амаргүй. Гэхдээ надтай тоглохоос өөр сонголт Г.Расселд байхгүй. 2015 оноос хойш эзэмшиж буй аваргын бүсээ зүгээр сууж байгаад алдахгүй байлгүй дээ. Тэрбээр WBC холбооны аварга болсноосоо хойш жил бүр ганцхан тулаан хийсэн. 

Үүнээсээ болж мэргэжилтнүүдэд шүүмжлүүлдэг. WBC холбооныхон ч түүнд сэтгэл дундуур яваа юм билээ. Г.Рассел тулаанаас яагаад зугтаад байгааг нь би мэдэхгүй. Хувь тамирчны, багийнх нь тактик болов уу. Гарынх нь бэртэл байсхийгээд сэдэрчихдэг, зовиуртай байдаг гэж сонссон. Би түүнийг ялбал IBO, WBC холбооны аваргын бүсийг зэрэг эзэмшинэ.

-Түүнтэй тулалдахад бэлэн үү?

-Мэдээж бэлэн биш. Бэлтгэл дутуу байгаа. АНУ-д очоод тулаандаа бэлтгэнэ. Юу юунаас илүү түүнтэй тулалдахыг, ялахыг хүсэж байна. Эх орондоо Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар нарын шилдгүүдтэй хөнгөн бэлтгэл хийсэн. АНУ, Монголд бэлтгэл хийх тэс өөр. Орон, орны тамирчдын ур чадвар, арга барил ондоо. Америкийн боксын дэг сургуулилалт дэлхийд алдартай. 

Тэнд амьдарч, амьхандаа бүрэн сурахыг хичээж явна. Одоогоор 60, ихдээ 70 хувийг нь л эзэмшээд байгаа болов уу. Бүрэн сурах өдий байна. Бэлтгэлээ долоо хоногийн зургаан өдөр, хоёр цагаар хийдэг. Бүтэн сайн өдөр амардаг. Миний хамгийн том зорилго бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх. Бас бүх холбооны аваргын бүсний эзэн болох.

-Та IBO холбооны аваргын бүс эзэмшин, аль хэдийн өөрийн гэсэн орон зайтай, нэр хүндтэй болсон. Одоогоор зорилгодоо хэдэн хувь хүрээд байна вэ?

-Тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх. Гэхдээ монголчууд тэгж боддоггүй юм шиг байна лээ. Надад тэгж л санагддаг юм.

-Монгол түмэн таны тулааныг сэтгэл догдлон үзэж, уухайлан дэмждэг. Манай улсын өнөө цагийн хамгийн алдартай тамирчдын нэг нь та яах аргагүй мөн. Монголчууддаа ялимгүй гомдож явдаг юм уу?

-Тамирчин хүн олон жил хөдөлмөрлөн, эрүүл мэнд, залуу нас гээд олон зүйлээ золиослон байж амжилтад хүрдэг. Ер нь мэргэжлийн спортын холбоо л бол холбоо. Том, жижиг, чансаа өндөртэй, багатай гэх утгагүй зүйл байх учиргүй. Хүмүүс тийм хандлага гаргахад би үнэхээр дургүй.

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл олон нийтэд ташаа мэдээлэл тараасанд харамсдаг. IBO-ийн аваргын бүс эзэмшээд баярлаж явахад “Мэргэжлийн боксын хамгийн чансаа султай холбооны аварга боллоо” гэх мэдээллийг хараад гайхсан. Миний амжилтад яагаад цензур тавиад байгаа юм бол гэж бодсон. Юу гэх учраа олоогүй.

-Уг нь монголчуудын олонх нь таны амжилтыг хүлээн зөвшөөрч, улам өндөрт дүүлээсэй гэж хүсдэг шүү дээ.

-Хүн бүр адилгүй. Мэдээж тийм бодолтой хүн олон байгаа гэдэгт итгэдэг.

-Та өмнө нь дэлхийн аварга болохын төлөө тулалддаг байсан нь мэдээж. Одоо аварга цолоо хамгаалах давхар үүрэг хүлээлээ. Хүн бүхэн хүндэлж, хайрлахын зэрэгцээ амжилт нэхэх нь заримдаа дарамт болох юм уу?

-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ намайг улам хурцалдаг. Одоо зүгээр л бүх хүнд хүлээн зөвшөөрөгдөж, амжилтаа баталмаар байна. Хэн нэгэн надад битгий эргэлзээсэй. “Тэр холбооны аварга” гэхэд “Өө, за” гээд хүлээн зөвшөөрөөсэй. Монголчууд минь надад битгий эргэлзээрэй, би бүх холбооны аварга болж чадна аа.

-Мэргэжлийн спортыг мөнгө, нэр хүнд үргэлж дагадаг. Алдартай болсныхоо дараа иргэншлээ соль- сон тамирчин цөөнгүй. Танд өөр орноос юм уу дэлхийд алдартай багаас санал хэр их ирдэг вэ?

-Өөр орноос санал тавивал хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ талаар ёстой бодож байгаагүй. Би сонирхогчдын боксоор хичээллэдэг байхдаа Монголын шилдэг тамирчин байсан. Тухайн үед надад аль нэг орноос санал тавьж байгаагүй. Цаашид ч тавихгүй байх. Тэгээд ч нэмэргүй, би хэзээд татгалзана.

-Та Инчоны Азийн наадмын дараа мэргэжлийн дэвжээг сонгосон. Олимп, дэлхийн дэд аварга боллоо, хангалтай гээд тийм шийдвэр гаргасан уу. Эсвэл хэн нэгэн татгалзахын аргагүй санал тавьсан юм уу?

-Би мэргэжлийн боксчин болохыг багаасаа бүр тодруулбал, таван настайгаасаа мөрөөдсөн. 17 насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль авсныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдаж байсан. Мэргэжлийн боксын дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсган, Нью-Йоркт тулалдахыг хүсдэг гэж. 

Инчоны Азийн наадмын аваргын төлөөх тулаанд БНСУ-ын боксчинд эргэлзээтэй шүүлтээр ялагдсан. Түүнээс болж мэргэжлийн дэвжээг сонгоогүй юм шүү. Тэр ёстой асуудал биш. Би Монголдоо бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгээд л байв. Гэтэл миний үеийнхэн мэргэжлийн бокст аль хэдийн орон зайгаа олчихсон, надаас илүү болоод байгаа юм шиг санагдсан. Лондоны олимпоос мөнгөн медаль авсныхаа дараа дахиад нэг үзээд алдъя гэж бодсон. 

Олимп, дэлхийн аварга болмоор санагдаад шар гозойгоод байсан юм. Гэтэл би энд ч сэтгэл аль хэдийн мэргэжлийн бокс руу явчихсан байлаа. Тэгээд л АНУ-ыг зорьж, мэргэжлийн дэвжээнд өрсөлдөхөөр шийдсэн.

-Хэдийгээр та тухайн үед олимп, дэлхийн дэд аварга болчихсон байсан ч мэргэжлийн дэвжээнд бүхнийг шинээр эхэлсэн. Эл спортын дүрэм, ачаалалтай бэлтгэл гээд бэрхшээл их байсан нь мэдээж. Дасахад хамгийн хэцүү нь юу байсан бэ?

-Эхний хоёр жил ёстой амар байгаагүй ээ. Олон минут спарринг хийхээр амархан цуцдаг байлаа. Ёстой сөхөрч унатлаа бэлтгэл хийсэн. Олон цагаар бэлтгэл хийхээр бээлийнд гар хөлөрчихнө. Тэгээд амархан язарчихдаг байлаа. Өнөөх нь эдгэхгүй хөндүүрлэнэ. Одоо бүр дассаан.

-Таны үеийн цөөнгүй тамирчин мэргэжлийн боксын дэлхийн аварга болж, цолоо алдаад, эргүүлж аваад адармаатай олон замыг туулаад амжлаа. Бусадтай харьцуулахад та өнөөгийн амжилтад арай хожуу хүрэх шиг. Үүнд юу нөлөөлөв?

-Мэргэжлийг боксыг зориход надад мөрөөдөл, зорилгоос өөр юу ч байгаагүй. Зүгээр л, би дэлхийн аварга болж чадна гээд л очсон. “Монголын Төгсцогт” гэж дэлхийд дуурсгахыг зорьсон болохоор гадаадын алдартай ямар нэгэн багт харьяалагдахыг хүсээгүй. Промоутертой ч болоогүй, одоо ч хэвээрээ. 

Өөрөө бүхнийг зохицуулж, бор зүрхээрээ зүтгэсээр өдий хүрсэн. Санаа нийлдэг залуустай нийлж “Team king Tug” багийг бүрдүүлж, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хамт зүтгэдэг. Мэдээж том ивээн тэтгэгчтэй, багтай байсан бол богино хугацаанд амжилтад хүрнэ. Үүнд нөлөөлсөн бас нэг зүйл бол бэртэл. 2017 онд гарын шөрмөс сунаж, хүнд бэртсэн. 

Мэргэжлийн боксчны бээлий нимгэн. Тийм болохоор бэртэл амархан сэдэрч, цөөхөн удаа тулалдсан. Түүнээс болж хугацаа их алдсаан.

-“Team king Tug”-өөс өөр харьяаллагддаг, ивээн тэтгэдэг байгууллага танд бий юү?

-Одоогоор PBC-д давхар харьяалагдаж байна. “Venum” брэндтэй нэг жилийн гэрээ байгуулсан. Би тэдэнтэй хамтарч буй Монголын анхны тамирчин. Дараагийнхаа тулаанд эл брэндийн бээлийг өмсөнө. PBC-тэй байгуулсан гэрээ дараа жил дуусахаар телевизтэй хамтран ажиллах бодолтой байгаа. Намайг үргэлж дэмждэг “Алтан Дорнод Монгол” компанийн хамт олонд баярлаж явдаг. Энэ ташрамд, Монголын боксын холбоо, дасгалжуулагч нартаа, талийгаач багшдаа (Д.Банди) баярлаж явдгаа илэрхийлье.

-“Алтан Дорнод Монгол” гэснээс тус компанийн захирал Т.Ариунболдод та сүүлийн үеийн загварын автомашин бэлэглэсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд нэлээд шуугиулсан. Тэр үнэн үү, эсвэл цуурхал уу?

-Сэтгэлээсээ бэлэглэсэн, нөгөө талаар болоод өнгөрсөн тул энэ талаар яриад яах вэ.

-“Мөнгө” хочит Флойд Мейвезерийн багаас танд санал тавьсан гэсэн. Үнэн үү?

-Яг ч тэгээгүй. Намайг Лас-Вегаст нэг удаа тоглоход тэд дэмжсэн. Би анхнаасаа промоутертай болохыг тийм ч таашаагаагүй. Хэрэгтэй гэдгийг нь одоо л мэдэрч байна. Гэхдээ тэгээс нь эхлээд өнөөгийн амжилтад хүрч, бусдад танигдсан болохоор надад промоутер хэрэггүй.

-Э.Цэндбаатар нарын цөөнгүй монгол тамирчин зорилгодоо хүрчихээд мэргэжлийн бокст хүч сорих бодолтой явдаг юм билээ. Тэд тантай хэр зөвлөдөг вэ?

-Яах вэ, яавал хамгийн зөв бэ гэж асуудаг. Би тэдэнд аль болох туслахыг хичээдэг. Олон олон монгол тамирчин мэргэжлийн бокст хөл тавихад нь гүүр болохыг хүсдэг.

-Монголдоо тулалдах бодол бий юү. Тэгэх боломж хэр байгаа бол?

-Эх орондоо, монгол түмнийхээ өмнө тулалдахыг хүсэлгүй яах вэ. Мэдээж боломжтой. Миний тулааныг АНУ-д монголчууд олноороо үздэг. Саяхан манай менежэр “Монголчууд ёстой галзуу юм аа. Танай улсад тулаан зохиох юм сан” гэсэн. Тэд ер нь их сонирхож байна лээ. Юуны түрүүнд зорилгодоо хүрээдэхье. Тэгсний дараа болох байх.

-Манай улсад мэргэжлийн спорт төдийлөн хөгжөөгүй. Цөөхөн спортын төрөлд, хуруу дарам тамирчин дэлхийд танигдсан. Ер нь мэргэжлийн спортыг Монголд хөгжүүлэхэд юу чухал вэ?

-Хүмүүсийн хандлага. Мэргэжлийн спортын тамирчдын амжилтыг хүлээн зөвшөөрдөг, дэмждэг байгаасай.

-IBO холбооны аваргын төлөө тулалдахдаа хар сүлд залсан. Тэгэх санаа танд хэрхэн төрөв?

-Би өөрийнхөө 12 үеийг мэднэ. Удмаараа бахархдаг. Хар сүлдийг монголчууд эртнээс дээдэлсээр ирсэн. Хүчтэйд нь би итгэдэг. Тиймээс Монголын хамгийн хурдан 100 хүлгийн сүүлээр урласан хар сүлдийг дэлхийн аваргын төлөө тулалдахдаа залсан.

-Та АНУ руу хэзээ буцах вэ?

-Манай багийнхан хурдан ир гээд байгаа. Монголдоо удлаа л гэхэд долоо хонох байх. Олон олон ялж, аваргын бүс эзэмшин, монгол түмнээ үргэлж баярлуулахыг хичээнэ. Г.Расселыг ялж, нэг мөрөндөө IBO, нөгөөд нь WBC холбооны аваргын бүс мөрлөсөөр эх орондоо ирвэл сайхан аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)