Н.Төгсцогт дэлхийн аваргын төлөө дахин тулалдана

АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотноо мэргэжлийн боксын нэр хүндтэй холбооны нэг “World boxing сouncil”-ийн 57.2 кг-ын жингийн дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхийн төлөө (title eliminator) Монголын “King Tug” Нямбаярын Төгсцогт, Барбадосын “Soldier” Кобиа Брийдитэй 12 үе тулалдаж, шүүгчдийн саналаар оноогоор (114:112, 111:115, 114:113) яллаа. Тулааны нэг, хоёрдугаар раундад манай “хаан” Барбадосын “цэргийг” хоёр ч удаа нокдаунд оруулж, тоолуулсан. Гэвч энэ үдшийг хүртэл мэргэжлийн рингэнд ялагдаж үзээгүй (15-0, 5 КО) Кобиа Брийди тулааныг дуустал идэвхтэй тоглосон юм. Гэхдээ цохилтын хүч, оновчтой байдал тийм ч сайн бус. Харин манай Төгсөө хүлээлттэй, нэг довтлохдоо угсраа цохилт, комбинац маш сайн хийж, илүү оновчтой, хүчтэй байлаа.

“CompuBox’s”-ийн гаргасан албан ёсны бус статистикаар Н.Төгсцогт 580 цохилтоос (punches) 190 нь, харин Брийдигийн 742 цохилтын 166 нь л оновчтой болсон аж. Хүчтэй цохилтын (power shot) тоогоор ч “King Tug” маань (139) “soldier”-ийг (115) илүүрхсэн байна. Тулааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр Н.Төгсцогт 111:115 оноогоор Брийдид санал өгсөн шүүгчийн шийдвэрт ихэд гайхсанаа илэрхийлээд “Тун хүнд тулаан байлаа. Брийдиг хүндэлж байна, сайн тулалдсан. Би хийх ёстой ажлаа хийсэн. Энэ тулаанд ялсан. Одоо дараагийн алхмаа хийхэд бэлэн” хэмээн өгүүллээ.

Ийнхүү хариуцлагатай, чухал, мэргэжлийн боксын карьерт нь ихээхэн нөлөөтэй шийдвэрлэх тулаанд Н.Төгсцогт ялж, Кобиа Брийдигийн 15 хүрээд байсан ялалтын цувралыг зогсоон, анхны ялагдлыг нь амсуулав. Монголын “хаан” Барбадосын “цэрэг”-ийг ийн ялснаар мэргэжлийн рингэн дэх амжилтаа 12 ялалтад (9 КО) хүргэлээ. Одоо WBC-ийн “өдөн жин”-гийн дэлхийн аварга “Мистер” бага Гэри Рассельтай аварга цол, бүсийн төлөө “даагаа нэхэх” эрхтэй болсон юм. “King Tug” мэргэжлийн боксын рингэн дэх цорын ганц ялагдлаа өнгөрсөн хоёрдугаар сард Гэри Расселиас хүлээсэн билээ. Өнөөдрийн тулааны бас нэг сонин гэвэл Н.Төгсцогт маань тоглолтын хантаазныхаа зүрхэн тус газраа “Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд!” хэмээн худам монголоор бичсэн байсан. Тамирчин хүн зөвхөн өөрийн ялалтын төлөө бус эх орон, элэг зүрх нэг, эгэл олноо, өв соёлоо, өнгөрсөн, өнөөгийн түүхээ тээж дэвжээнд гардаг гэдгээ харуулав.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч: Ц.ЭНХТҮВШИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)