Н.Төгсцогтын тулаан хойшиллоо, Расселлийнх ч мөн адил

-Төгсөөгийн өрсөлдөгч Гамбоа байж ч магадгүй-

Ц.ЭНХТҮВШИН

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч

Мэргэжлийн боксын IBO(International boxing organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр товлож байсан ч зургадугаар сард болж хойшлогдлоо.

2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш “KING TUG” буюу Төгсөө маань 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнээс 9-д нь өрсөлдөгчөө нокаутаар ялсан билээ. Хамгийн сүүлд өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57,2 кг-ын дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон билээ.Түүнээс хойш түүнийг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт байсан юм. Гэвч “Мистер” хочит “Бага” Рассель энэ дөрөвдүгээр сарын 27-нд дэлхийн аварга цолоо хамгаалах тулааныг Испанийн 33 настай боксчин, “The Sensation” хочит , цагтаа бас IBF холбооны дэлхийн аварга болж байсан, WBC-ийн чансаагаар жиндээ гуравдугаарт бичигдэж буй Кико Мартинезтай хийх тухай өмнө нь бид мэдээлсэн.

Рассель, Мартинезийн тулаан ч хойшлогдон тавдугаар сарын 18-нд Нью-Йоркийн Брүүклин дэх Barclays Center-т явагдахаар боллоо. Яг энэ ордонд манай Төгсцогт тулалдаж, IBO холбооны дэлхийн аварга болсон билээ. Энэ жил 30 настай Гэри Рассель 2015 онд дэлхийн аварга болсноосоо хойш ердөө гуравхан буюу жилд нэг л тулаан хийсэн. Мэргэжлийн бокст 30 тулаан хийхдээ ганц л удаа ялагдсан амжилттай. Цөөхөн тулаан хийдгээсээ болж багагүй шүүмжлүүлдэг Рассель энэ жил 2-3 тулаан хийнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Тухайлбал, дөрөв юмуу тавдугаар сард дэлхийн аваргын бүсээ хамгаалах нэг тулаан, дараа нь долдугаар сард WBA холбооны дэлхийн аварга, Мексикийн Лео Санта Крузтай хоёр холбооны аваргын бүсээ нэгтгэх тулаан, оны өмнө бас нэг тулалдах бодолтой гэж хэлсэн удаатай. 

Тиймээс ч чансаагаар жиндээ нэгт бичигдэж, дэлхийн аваргын эрхийн төлөө тулалдаанд ялалт байгуулсан манай Төгсөөг Расселль өрсөлдөгчөөрөө сонгоно гэж бүгд хүлээж байсан билээ. Гэвч мэргэжлийн боксын ертөнцийн бичигдээгүй хуулиар зөвхөн Дэлхийн аварга л өрсөлдөгчөө сонгох, тулаанаа товлох эрх эдэлдэг. Тэр ч ёсоор “Мистер” Расселль манай “KING TUG”-ийг бус Мартинезийг сонгож байгаа бололтой. Төгсөөг дэлхийн аваргын төлөө тулалдах эрх авахаас өмнө Кикотой нударга зөрүүлэхээр тохирсон байсан гэсэн мэдээлэл ч бас бий. Тэгэхээр түүнийг шууд буруутгах, Төгсөөгөөс “айсан, зугтсан, бултсан” гэх боломжгүй юм.

Тэртэй тэргүй дэлхийн аварга боксчин тулаан хийлгүй удвал тодорхой хугацааны дараа холбоо (холбоо болгон өөр өөр дүрэмтэй) дэлхийн аварга цолыг нь хураах, эсвэл холбооноос хэнтэй тулалдахыг нь зааж “шахаанд оруулдаг” учраас Гэри Рассель-Төгсцогтын халз тулаан хэзээ нэг цагт болж л таарна. Наана нь хэн нэг нь ялагдчихгүй бол шүү дээ. Төгсөөгийн тулааныг зохион байгуулдаг Premier boxing champions promotion манай хүнд энэ жил гурваас цөөнгүй тулаан зохион байгуулна хэмээн мэдэгсэн бололтой. Энэ бүгдээс дүгнэвэл он дуусахаас өмнө Рассель-Төгсцогт гэсэн тулааныг харж магадгүй л юм.

Нэгэнт энэ удаа Рассель Мартинезтай тулалдах нь тодорхой болсон болохоор “KING TUG” Төгсөө хэнтэй тулалдах нь сонирхол татаж байгаа.

Маш олон таамаг байгаагийн дотор Кубын боксчин Юриоркис Гамбоагийн нэр ч байгаа юм. Сонирхогчдын боксоор олимпын аварга болж байсан Гамбоа нь 2007 оноос хойш мэргэжлийн бокст орж, “Гуантанамогийн хар шуурга” хочтойгоор мэргэжлийн рингэнд 31 тулаан хийхдээ 29 ялж (17 КО), хоёр удаа ялагдсан амжилттай. Энэ жил 37 настай тэрбээр WBC, WBA, WBO, IBF гээд мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй дөрвөн холбооны дөрвүүлэнд нь нэлээд хэдэн жинд дэлхийн аварга болж байсан боксчин. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрөгч арваннэгдүгээр сард тулалдсан. Одоогоор таамаг төдий буй ч хэрвээ Төгсцогт-Гамбоа гэсэн тулаан ёстой л “галзуу”, жинхэнэ сорилго болно доо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)