Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч Г.Расселль биш

Ц.ЭНХТҮВШИН

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч

Мэргэжлийн боксын IBO (International boxing organization) холбооны дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр болжээ. 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш “KING TUG” буюу Төгсөө маань 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялсан. 

Үүнээс есийг нь КО буюу хүнд цохилтоор ялсан билээ. Хамгийн сүүлд, өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин (57,2 кг)-гийн дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон билээ. Түүнээс хойш Н.Төгсцогтыг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт байсан юм. 

Гэвч “Мистер” хочит “Бага” Рассель энэ дөрөвдүгээр сарын 27-нд дэлхийн аварга цолоо хамгаалах тулааныг Испанийн 33 настай боксчин, “The sensation” хочит, цагтаа бас IBF холбооны дэлхийн аварга болж байсан, WBC-ийн чансаагаар жиндээ гуравдугаарт бичигдэж буй Кико Мартинезтай хийх сураг мэргэжлийн боксын хүрээнд яригдаад эхэллээ. Хэдийгээр албан ёсоор мэдэгдээгүй ч Гэри Рассель, Кико Мартинез нарын тулаан Лас Вегаст болно гэх мэдээлэл ч байна. Н.Төгсцогт ч гэсэн Гэри Рассель энэ удаа өөртэй нь бус өөр боксчинтой тулалдана гэдгийг мэдэж байгаа.

Энэ жил 30 настай Гэри Рассель 2015 онд дэлхийн аварга болсноосоо хойш ердөө гуравхан буюу жилд нэг л тулаан хийж ирсэн. Нийтдээ мэргэжлийн бокст 30 тулаан хийхдээ ганц л удаа ялагдсан. Цөөхөн тоглодгоосоо болж багагүй шүүмжлүүлдэг Рассель энэ жил 2-3 тулаан хийнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Тухайлбал, дөрөв юмуу тавдугаар сард дэлхийн аваргын бүсээ хамгаалах нэг тулаан, дараа нь долдугаар сард WBA холбооны дэлхийн аварга , Мексикийн Лео Санта Крузтай хоёр холбооны аваргын бүсээ нэгтгэх тулаан, оны өмнө бас нэг тулаан хийх бодолтой гэж хэлсэн удаатай. 

Тиймээс жиндээ чансаагаар нэгт бичигдэж, дэлхийн аваргын төлөөх тоглолтод ялсан Төгсөөг өрсөлдөгчөөрөө сонгоно гэж бүгд хүлээж байсан билээ. Гэвч мэргэжлийн боксын ертөнцийн бичигдээгүй хуулиар зөвхөн дэлхийн аварга цолтой тамирчин л өрсөлдөгчөө сонгох, тулаанаа товлох эрх эдэлдэг. Тэр ч ёсоор “Мистер” Расселль манай “King TUG”-ийг бус, Мартинезийг энэ удаа сонгож байгаа бололтой.

Төгсөөг дэлхийн аваргын төлөө тулалдах эрх авахаас өмнө түүнтэй тулалдахаар тохирсон байсан гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр түүнийг шууд буруутгах, Төгсөөгөөс “айсан, зугтсан, бултсан” гэх боломжгүй юм. Тэртэй тэргүй дэлхийн аварга боксчин тулаан хийлгүй удвал тодорхой хугацааны дараа холбоо (холбоо болгон өөр өөр дүрэм журамтай) дэлхийн аварга цолыг нь хураах, эсвэл холбооноос хэнтэй тулалдахыг нь зааж “шахаанд оруулдаг” учраас Гэри Рассель, Н.Төгсцогтын тулаан хэзээ нэгэн цагт болж л таарна. Наана нь хэн нэг нь ялагдчихгүй бол шүү дээ.

Төгсөөгийн тулааныг зохион байгуулдаг Premier boxing champions pro¬motion мөн манай хүнд энэ жил гурваас цөөнгүй тулааныг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн бололтой. Энэ бүгдээс дүгнэвэл он дуусахаас өмнө Рассель, Төгсцогт гэсэн тулааныг харж магадгүй. Ямар ч байсан Рассель WBC, Төгсөө IBO холбооны аваргын бүсээ хамгаалах тулааныг эхлээд хүлээх үлдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)