Н.СҮХБААТАР: Тусгаар тогтнолоо дөнгөж сэргээсэн монголчууд Халимагт хандив өгч байсан

Халимагууд төр улсаа сэргээж, Бүгд Найрамдах Халимаг Улс байгуулсны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойтой холбогдуулан “Автономит Халимаг: 1920-2020” нэртэй дуу бүжгийн томоохон тоглолт Москва хотын Кремлийн концертын их танхимд энэ сарын 10-нд болов. Уг тоглолтын утга учир, монгол угсаатны нэг болох Халимагийн түүх, соёлын талаар МУБИС-ийн дэд профессор, түүхийн ухааны доктор Н.Сүхбаатартай ярилцсанаа хүргэе.

-Халимагууд түүхт 100 жилийнхээ ойн хүрээнд “Автономит Халимаг: 1920-2020” хэмээх тоглолт зохион байгууллаа. Уг тоглолтын утга учир, түүхт ойн талаар ярилцлагаа эхлэх үү?

-ОХУ-ын 82 субъектын нэг нь Элстэй хэмээх нийслэлтэй Халимагийн Бүгд Найрамдах Улс. Тус улс байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Москва хотноо урлаг, соёлын томоохон арга хэмжээ болсон. Халимагийн үндэсний язгуур болон орчин үеийн урлаг, соёлын хөгжлийг харуулсан сайхан тоглолт боллоо. Халимагууд эх хэл, үндэсний урлагаа өнөөдөр ямар хэмжээнд авч явж байгааг угсаа гарваль нэгтэй, энд тэндгүй тархсан монголчууд үзсэн байх. Би үзээд их бахархлаа. 400 жилийн турш өөр хэл, соёл, шашинтай харь улсуудын дунд байсан атал хэл, соёлоо өвлүүлж чадсан ард түмэн. 1920 онд Халимагийн хойчийн хувь заяанд холбогдсон хоёр үйл явдал болсон байдаг. Эхнийх нь 1920 оны долдугаар сарын 2-9-нд Чилгэр гэдэг тосгонд 346 төлөөлөгчтэй Зөвлөлт Халимагийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан түүхэн үйл хэрэг. Уг чуулганаас өөртөө засах эрхтэй Халимаг Улс байгуулах шийдвэр гаргасан байдаг. Мэдээж тухайн үед Орос оронд улаантан ялж байсан. Энэ үйл явдал өрнөсөөр 1920 оны арваннэгдүгээр сарын 4-нд Халимагийн өөртөө засах мужийг байгуулсан юм. Уг түүхэн цаг үеийг халимагууд төр улсаа сэргээсэн баярт үйл явдал гэж тооцон, 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. А.М.Амарсанан, А.Ч.Чапчаев нарын хувьсгалчид энэ үйл хэргийг удирдсан байдаг.

-Та төр улсаа сэргээсний 100 жилийн ойгоо тэмдэглэж байна гэлээ. Түүнээс өмнөх үеийн Халимагийн түүхийг товчлон хэлэхгүй юү?

-Тэд бол монголчуудын нэг хэсэг, бүр тодруулбал, ойрад монголчуудын тасархай. Халимагийн түүх бол ойрадуудын түүх. Тиймээс тэдний түүхийг яривал Ойрадын түүхээс эхлэн өгүүлэхээс өөр аргагүй. 1600-гаад оны эхээр ойрадууд дахин сэргэж, газар нутгаа өргөтгөж эхэлсэн. 1623 оны харагчин гахай жилийн дайн буюу Убаши хун тайжийн довтолгоон ойрадуудын ялалтаар төгсөж, тэдэнд зүүн талаас ирэх аюул занал зогссон. Энэ дайны төгсгөлөөр маш сайн ойлголцол бий болсон бололтой байдаг. Үүнээс хойш ойрадууд баруун тийш газар нутгаа тэлэх цэрэг дайны бодлого идэвхтэй явуулсан. Эрчис мөрөн уруудаж, улмаар өмнөд Сибирь, Урал мөрөн хүртэлх газар нутгийг эзэмшсэн. Яг үүнтэй зэрэгцээд хаант оросууд Уралын нуруу давж Сибирийг эзэмшихээр улайрч байв. Тийм боловч 1628 он гэхэд ойрадууд Урал мөрнийг гатлаад Ижил мөрний зүүн эрэгт нэгэнт хүрчээ. Түүнээс өмнө тэнд дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хо өрлөг нар татар, ногай, башкир аймгийг шахаж эзэмшлээ тогтоосон байсан. Тэнд суурьшсан ойрадуудыг халимаг гэж нэрлэсээр ирэв. 1920 оноос өмнөх Халимагийн түүхийг хоёр хувааж үзэж болно. 1654 онд Торгууд хант улс байгуулагдсанаас хойш 1772 он хүртэлхийг эхний, 1772-1920 он нь дараах үе болно.

-Бидний яриа урт үргэлжлэх нь. Аль болох хураангуй өгүүлэх боломжтой юу?

-Тийм ээ, би товчхон өгүүлээд байгаа шүү. Ер нь ойрадууд эртнээс чуулганы зохион байгуулалттай байсан. Чуулган нь дөрвөн үндсэн нэгжээс бүрдэхээс гадна дотроо зүүн, баруун гар болж, даргыг нь тодорхой хугацаагаар сонгодог зэрэг зохион байгуулалттай байв. XVII зуунаас газар нутгаа тэлсэн гэж дээр өгүүлсэн. 1616 онд бурхны шашныг албан ёсоор хүлээн аваад Төвөд явах замаа чөлөөлөх нэрээр 1637 онд Хөхнуурыг, цаашлаад 1642 онд бүх Төвөдийг эзлэн авч байлаа. Ойрадууд, Төвөд, Хөхнуураас Алтай, Тэнгэр уулын бүс нутгийг дамнуулан, Ижил мөрөн хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэмшсэн байна. Энэ нутаг дээр Зүүнгар, Хошууд, Торгууд гэсэн холбоот гурван улс байгуулсан. Манай өмнөх түүх бичлэгт тус тусдаа байсан мэтээр бичиж тэмдэглэсэн зүйл элбэг. Ижил мөрөнд торгууд голлосон, дөрвөд дэдэлсэн ойрадууд сууж байв. Хожим хошууд, хойд, цорос аймаг ч нүүж очсон. 1607-1758 он хүртэл Ижил мөрнийг чиглэсэн есөн томоохон нүүдэл явсан. Бас буцаад 1771 он хүртэл Или мөрөн, Тэнгэр уулыг чиглэсэн дөрвөн томоохон нүүдэл болсон. Нүүдэлчин монголчуудын нүүж, буусаар ирсэн л түүхийн нэг хэсэг.

Харин 1755-1758 онд Зүүнгар улс Манжид бут ниргүүлж, хядагдаад дуусав. Зүүнгар мөхөж, Торгууд улсын хамгаалагч ар тал нь үгүй болсноор хаант оросуудад зангаа хувиргах, бодлогоо өөрчлөх боломж олгов. Оросууд хэд хэдэн удаагийн дайнд ойр ойрхон Халимагаас цэрэг татаж, өөрсдийн шашнаа дэлгэрүүлж, дотоод хэрэгт нь буюу засаглал, хууль тогтоох байгууллагад нь халдах зэрэг бодлого хэрэгжүүлсэн. Энэ байдал нь халимагууд Или мөрөн рүү нүүх шалтгаан болсон юм. 1771 оны нэгдүгээр сарын 5-нд түүх бичлэг, тайлбар тольд бичсэнээр тив дамнасан сүүлчийн нүүдэл эхэлсэн байдаг. Увш хаанаар толгойлуулсан, 7-8 сар үргэлжилсэн энэ нүүдэл амжилтгүй, асар их хохиролтой дуусжээ. 170 мянган ардаас 69 мянга нь л амьд мэнд Или мөрний хөвөөнд ирсэн. Оросууд гэнэтийн нүүдэлд оролцоогүй үлдсэн халимагуудыг ёстой л засаглах шиг болсон байдаг. Тэднийг дөрвөн мужид хуваан захируулав. Астарханы амбан захирагч, Доод Ижилийн Ставрополийн губерн, Донын козак армийн харьяаны 13 станц, Өмнөд Уралын тойрогт гээд үлдсэн халимагуудыг тараагаад хаячихсан.

-Төр улсаа сэргээсэн гэж хэлсний тань утгыг одоо л ойлгож байна.

-Нэгдсэн засаг захиргаагүй, олон жижиг аймаг болгох нь Оросын төрийн бодлого биз ээ. Харин нэгдэх, хүчирхэг болох, бурхны шашнаа өмгөөлөн хамгаалах, өөр шашинд уусгахгүй байх үзэл санаа халимагуудад байсаар ирсний ачаар ХХ зууны эхэнд дахин төр улсаа сэргээх оролдлого гарч ирсэн. Оросын хаант засгийг түлхэн унагаасан хоёрдугаар сарын хувьсгалын дараахан 1917 оны гуравдугаар сард Халимагийн язгууртан, сэхээтний төлөөллүүд Астархан хотноо хуралдсан байдаг. Энэ хуралдааны шийдвэрээр өөртөө засах улс байгуулах эрх олгох хүсэлтийг Оросын түр Засгийн газарт гаргасан түүхтэй. Энэ асуудлыг оросууд хэлэлцэн, Халимагийн автономит муж байгуулах шийдвэрийг 1917 оны долдугаар сарын 1-нд гаргасан. Гэтэл алдарт Октябрийн хувьсгал гарч, тэдэнд улс байгуулах боломж олгоогүй. Иймд Халимагийн бага дөрвөдийн ноён Тундутов нараар ахлуулсан бослого гарч, тал нутагт нь улаантан, цагаантны тэмцэл эхэлсэн дээ. Төр улсаа сэргээх гэсэн язгууртнууд, сэхээтнүүдийн тэмцэл Зөвлөлт Оросын Онцгой комиссын зохион байгуулсан аллага хядлагаар дуусаж, үлдсэн зарим нэг нь Европын орнууд руу цагаачлахад хүргэсэн юм.

-Ижил мөрөн орчимд 1920-иод онд нүүрлэсэн ган, түүнээс үүдсэн өлсгөлөнгийн үеийг халимагууд яаж туулсан юм бол?

-1920-иод оноос хэдэн жил үргэлжилсэн ган гачиг Ижил мөрний урсгал дагуух доод нутгийг хамарсан юм. Халимагийн тал нутагт ган болж, хүн ард нь өлсгөлөнд нэрвэгдсэн. Өлсгөлөн бол шууд утгаар хоолгүй болж үхэх бус, тэжээлийн дутагдалд орж элдэв өвчнөөр үхэх явдал. Энэ үед алдарт жангарч Ээлэйн Овлай хүртэл өлсгөлөнгөөр нас барсан. Тэрбээр нутагтаа нэр хүндтэй, боломжийн амьдралтай, мал ахуйтай ард байсан. Ийм хүн хүртэл нас барсныг бодоход тэдэнд энэ ган гачиг айхавтар хүнд тусжээ. Ган гачиг эхлэхээс өмнө Халимагийн тал нутгийг дайрсан цагаантан, улаантны тэмцэл өрнөсөн нь өлсгөлөнгийн гол суурь нь болсон байх. Эхлээд цагаантнууд, дараа нь улаантнууд тэдний мал, хөрөнгийг дээрэмдэж, хоосруулсан. Нүүдэлчид, малчдын хөрөнгө бол адуу, мал. Тариачид газар ухаад ч хамаагүй тариа будаагаа нуучихаж болно. Малчид малаа хаана нуух вэ. Тэгээд эд хөрөнгө нь дээрэмчдийн олз болсон бололтой. Арга барагдсан халимагууд Монгол Улсаас тусламж гуйсан байдаг. Тусламж хүссэн анхны захиа 1922 оны эхээр ирж, Монголын ардын Засгийн газраас олон яам, аймаг хошуунд уриалга бичиг гаргаж байсан юм. 1922, 1923 онд халимагуудад туслах хөдөлгөөнийг төр, засгийн санаачилгаар өрнүүлж, хандивын аян зохион байгуулсан нь багагүй амжилтад хүрсэн байдаг. Яам, Тамгын газрын ажилтнууд цалингаасаа тодорхой хэмжээгээр хандивлаж, 1000 шар үхэр, 15 000 лан мөнгийг илгээж чадсан шүү. Дөнгөж гамин, цагаантнаас улс орноо чөлөөлж, тусгаар тогтнолоо олж ядаж байсан монголчууд харь улсад буй ахан дүүстээ халуун гар, бүлээн сэтгэлээ илгээсэн нь бахадмаар сайхан үйл хэрэг.

-Тэгэхээр 1920-иод онд Монгол Улс болон халимагуудын харилцаа халуун дулаан байж, алс хол оршдог ч бие биеэ санан дурсаж байжээ.

-1920-иод онд Монгол, Халимагийн харилцаа их сонирхолтой байдлаар өрнөсөн юм. 1917 оны Октябрийн хувьсгалын үеэр Оросын засгийн эрхэнд гарсан хүчнээс Монголын Засгийн газарт явуулсан бичгийн анхны нооргийг би В.И.Котвичийн архиваас олж, өгүүлэл бичиж байв. Тэр эх нооргийг тод үсгээр халимаг хэлээр бичсэн байдаг. 1920 онд тусламж гуйхаар Москвад очсон Ардын намын төлөөлөгч нарт халимаг хүмүүс орчуулга хийж байснаас эхлээд Монгол, Халимагийн 1920-иод оны харилцааны түүх өрнөнө. Манай шавь Н.Наранжаргал Халимагийн их сургуульд докторантурт суралцаж байхдаа тэндхийн архивт хэдэн жил сууж судалгаа хийсэн юм. Ер нь энэ сэдвийг сайн судалж байгаа. 1921 оны хувьсгал, түүний бэхжилтэд халимагуудын оролцоо асар их. 1921-1924 онд Халимагаас нийт гурван баг ирж, хоёр хэсэг болж Монголд ажилласан байдаг. Нийт 114 сургагч ирсэн. Эхний хэсэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлөхөөр цагаантантай байлдахад оролцож, сургагч зөвлөгчөөр ажиллаж байв. Хоёр дахь хэсэг нь 1921 оны арванхоёрдугаар сард ирсэн. Тэд Монгол Улсын аль хэрэгцээ шаардлагатай газруудад хуваарилагдаж, сургагчаар ажилласан. Цэргийн ангиудыг зохион байгуулах, дарга нарыг нь сургах, нийслэл хүрээний харуул хамгаалалт, хотын эмх цэгцийг сайжруулах зэргээр голчлон цагаантныг хөөх үйлсэд оролцсон юм. Бас нэг хэсэг нь машин жолоодож, засан, хорих газрыг зохион байгуулах, нам, эвлэлийн үүр байгуулах ажилд оролцож, орчин үеийн соёл, урлагийн салбарт сургагчийн үүрэг гүйцэтгэсэн.

-Халимагийн 114 сургагч чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Монголоос хэзээ явсан бол?

-1924 он гэхэд буцсан. Ер нь 1920-иод онд Монгол, Халимагийн харилцаа олон талаар өрнөсөн. Тухайн үед Халимагийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар (одоогоор судалж байгаагаар) гурван удаа хуралдсан байдаг. Мэдээж өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслах талаар. Эцэст нь, халимагуудыг Монгол Улсад нүүлгэж ирэн, суурьшуулах тухай шийдвэр гаргаж байлаа. Ямар эр зориг, хүчирхэг санаачилга вэ. Энэ шийдвэр шууд л ажил хэрэг болж, 114 сургагчийн 70 нь Монгол Улсын харьяат болохоор өргөдөл, материал бэлдсэн. Тэд эхлээд одоогийн Ховд аймгийн Булган сумын нутагт суурьшихаар төлөвлөж байв. Харамсалтай нь, үүнийг оросууд огт зөвшөөрөөгүй. Халимаг сургагчдыг Монголд удаан байлгавал бүр ч аюултай болох нь гэж бүгдийг нь буцаан татсан даа.

-Халимаг ахан дүүс маань хэл, соёл, зан заншлаа орхиогүй тээсээр байгаа гэж үнэн үү?

-XX зуунд тэд маш их хохирол амссан. Улаантан, цагаантны тэмцэл, өлсгөлөн, хамтрал коммун, 1930 оны баруун Монголыг сэргээх хөдөлгөөн, 1930-аад оны лам нар, сүм хийдийн эсрэг бодлого, 1942 онд газар нутгийн тал нь Германд эзлэгдсэн, 1943-1957 онд Сибирьт цөлөгдсөн, 1957 онд автономит улсаа сэргээн байгуулсан гээд энэ бүх түүхэн үйл явдал халимагчуудыг оршин тогтноход сөргөөр нөлөөлсөн. Тэд үргэлж орших уу, эс орших уу гэсэн асуудалтай тулгардаг байв. Халимагууд энэ бүгдийг даван гарсан. Тэд Европт 400 жил тэсэж үлдсэн, цаашид ч хэл соёлтойгоо мөнхөд орших ард түмэн. Халимаг улсын хот, тосгон, малчдын аж байдалтай танилцахад хэл, соёл, уламжлалаа хэрхэн хадгалж байгаа нь анзаарагддаг. Мэдээж Санкт-Петербург, Москвад амьдарч буй халимагууд хэлээ мартсан л даа. Манайхан тийм хүмүүстэй таараад л санаа нь зовоод байгаа бололтой.

-Монгол Улсаас Халимагт чиглэсэн ямар нэгэн бодлого явуулж байгаа юу?

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар очиж байсан. Эцгээ ирэхэд хүүхдүүд нь баярладаг шиг л тэд угтан авсан. Тэр үед би тэнд судалгаагаар явж таарсан юм. Хожим нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга бас очсон. Үндэсний сургалт бүхий хүүхдийн цэцэрлэг байгуулж өгнө гэж байсан. Одоогоор бариагүй л байна. Олон амлалт хэлээд л алга болдог бололтой. Ядаж Элстэй хотод Монголын соёлын төв байгуулж болохгүй л юм байх даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)