Н.Сувд: Драмын театрыг сэргээн засварлах асуудал нэг жарны турш яригдсан

УДБЭТ-т Улсын төв номын сан, УДБЭТ, УДЭТ-ын уран бүтээлчид барилгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Соёл урлагийн салбарын ажилтнууд “Соёлын шинэчлэлийг дэмжье” уриатай хэвлэлийн хурал хийж, Улсын төв номын сан, УДБЭТ, УДЭТ-ын барилгыг шинэчлэх, сайжруулахаар гаргасан түүхэн шийдвэрээ төлөвлөсний дагуу зохион байгуулахыг Ё.Баатарбилэг сайдаас хүсэж байгаагаа илэрхийллээ.

Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд: Драмын театрыг сэргээн засварлах яриа бараг 60 шахам жил яригдлаа. 1963 онд Драмын театр энэ байранд нүүж ирсний дараа л энэ тайзан дээр ажиллаж болохгүй байна гэж яригдаж байсныг би сонсож эхэлсэн. Нэг жарны турш Драмын театрыг сэргээн засварлана гэж яригдсаны эцэст одоо шийдлээ олсонд би маш их баярлаж байна. 

Хамгийн сүүлд 10-аад жилийн өмнө Германы мэргэжлийн архитекторуудын гаргасан актаар тус барилгын бүх тоосго хөгцөрч ялзарсан, суурь нь цав гараад энэ байшин тогтох үндэсгүй болсон байна. Засахад олон тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. 

Зун үзвэрийн үеэр бороо ороход үзэгчдийн дээрээс ус гоождог. Байшин шиг байшин байлгахын төлөө бид ямар их мөнгө зарж байна вэ. Хүмүүс будаад л ажиллаж байхгүй юу гэж байна. Байшин нурвал тэнд сууж буй үзэгчид, ажиллаж буй уран бүтээлчид бидний амь нас тийм үнэгүй байх нь. Энд өв уламжлалаа устгая гэсэн сэтгэлтэй нэг ч уран бүтээлч байхгүй. Тиймээс сайд шийдвэрээ эргэн харж, энэ төлөвлөлт хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээн ярилаа. 

УДЭТ-ын ерөнхий захирал Д.Цэрэнсамбуу "Тусгаар улс бол Үндэсний номын сан, Үндэсний театртай байх ёстой гэж үздэг. У.Хүрэлсүхийн засгийн газар соёл урлагийн салбарт анхаарал хандуулж байна. Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр, Драмын театр гэсэн 3 байгууллага Драмын театрын барилгад нэг дор, нэг гал тогоотой үйл ажиллагаа явуулдаг.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудад барилга байгууламжийн асуудал хурцаар тавигдаж байна. Бид нар гаднын театруудад тоглолт хийгээд ирэхдээ өөрсдийн бодит байдлаас үнэхээр ичдэг." гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)