Н.ОТГОНБААТАР: М.Нандин-Эрдэнийг ялна гэдэгтээ итгэлтэй байгаа

ЦЕГ-ын хошууч, “Ирвэс” клубийн тамирчин, гардан тулааны ОУХМ, Н.Отгонбаатар 2018 онд “Dragon house” холбооны тэмцээний 70 кг-ын жинд Бразилын тамирчин Игорь Понтензтой тулалдан хүнд цохилтоор буулган авч, дэлхийн аваргын бүс хүртсэн. Тэрбээр өнгөрсөн жилийн зургадугаар сард болсон холимог тулааны “MFC-2” олон улсын тэмцээнд БНСУ-ын “Road FC” холбооны тулаанч М.Нандин-Эрдэнэтэй нударга зөрүүлж, аваргын бүснээс атгаад алдсан. Тэгвэл Ерөнхий сайдын ивээл дор ирэх сарын 14-нд болох “MFC-3” тулаанд тэд дахин үзэлцэнэ. Энэ удаа Н.Отгонбаатар даагаа нэхэж, М.Нандин-Эрдэнэ аваргын бүсээ хамгаалж тулалдах юм. Үүнээс өмнө тулаанч залуу 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга, 2010 онд санда боксын УАШТ-ий алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны Азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд Монгол зоо каратэгийн хошой аварга, 2010 онд MGL-1 тулааны дэд байр, 2010, 2012 онд “Сонсогчийн алдар” тэмцээний аваргаар хоёронтоо шалгарсан, 2014 онд Кёокүшнка каратегийн Ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга, 2015 оны байлдааны самбогийн УАШТ-д алтан медаль хүртсэн амжилттай. Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа түүнтэй ярилцлаа.

-Тулааны спортын тамирчдын гал гарсан тэмцээнийг үзэх гэж хүмүүс бооцоо хүртэл тавьдаг. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах “MFC-3” холимог тулааныг үзэх гэж спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.

-Тийм ээ. Тулааны тов ойртож байгаа нь хүмүүсийн сонирхлыг татсаар байна. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах уг тулаан коронавирусийн улмаас хойшлогдож, гуравдугаар сарын 14-нд болсон. Миний хувьд бие болоод сэтгэлзүйн бэлтгэлээ сайн базааж байгаа. Энэ удаагийн тэмцээнд өмнөх “MFC-2” тэмцээнд ирж оролцсон тамирчид нударга зөрүүлнэ. Мөн АНУ, Японоос ирж тулалдах тамирчид өмнө нь олон тулаанд оролцсон туршлагатай. Тиймээс гоё тулаанууд өрнөх нь тодорхой.

-Өнгөрсөн жилийн тэмцээнд М.Нандин-Эрдэнэ ялсан. Энэ жилийнхэд та даагаа нэхэж, тэрбээр аваргын бүсээ хамгаалж тулалдана. Та хоёр нэгнийхээ тулааны арга барилыг мэднэ. Таныг сургамж, алдаа, оноо, тактикаа сайн бодож, төлөвлөсөн байх гэж бодож байна.

-Энэ удаагийн тэмцээнд би ялна. Ялна гэдэгтээ итгэлтэй байгаа. Түүнд тааруулж, ямар тактик боловсруулснаа зөвхөн тулааны рингэнд харуулна. М.Нандин-Эрдэнэ туршлагатай. БНСУ-ын “Road FC” холбооны тулаанч, MFC холбооны анхны аварга, БНСУ-ын мэргэжлийн боксын KABS холбооны аварга. Тамирчин хүний хувьд түүнийг хүндэлдэг. Тиймээс “Амжилт хүсье” гэж хэлье. Өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй, бодсон бүх зүйлээ дэвжээн дээр хэрэгжүүлнэ. М.Нандин-Эрдэнэ боксоор бол би бөхийн спортоор хүч сорьдог. Тэгэхээр өөрийгөө хэвтээгээс илүү тулалдана гэж бодож байна. Ямар ч тэмцээнд тамирчин хүн давуу талаа ашигладаг. Би босоогоос ч түүнтэй дутахааргүй тулалдана.

-Ялагдал ямар бодол төрүүлдэг вэ?

-Тулааны спортынхон олны нүдэн дээр шударга өрсөлддөг. Тамирчин хүн ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Ялалт байгуулна гэдэг том амжилт. Зорилго, тэмүүлэл, хүсэл, мөрөөдлөө биелүүлж буй баяр. Амжилт, ялалтыг дагаад алдар нэр, хариуцлага ч ирдэг. Ялагдал ялалтыг ч бас авчирдаг. Алдаагаа давтахгүй байх нь урагшлах хүч болдог. “Ялалтыг олон хүн хуваалцдаг, ялагдлыг ганцаараа үүрдэг” гэдэг үг бий. Би ялагдсан үедээ өөртэйгөө ярилцдаг. Шартай, амархан бууж өгөхийг хүсдэггүй. Сэтгэлээр унахаас илүү алдаагаа бодож, дүгнэлт хийдэг.

-Холимог тулааны спортод хүсэл сонирхлоо дагасан уу, аль эсвэл ажлын шаардлагаар суралцав уу?

-Хүүхэд байхын хөдөлгөөнтэй, спортоор хичээллэх дуртай байлаа. Гавьяат тамирчин, Ардын багш Б.Ганбат надад бокс, каратэ заасан. Сайн багшаар тулааны эрдэм заалгаж, өдий зэрэгтэй тамирчин болсондоо баярладаг. Амжилт гаргаж эхэлсэн цагаасаа мэргэжлийн тулаан руу орж, эцсийн үр дүнг нь харъя гэсэн зорилго тавьсан. 2010 онд холимог тулааны MGL холбооны тэмцээнд Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ахтай рингэнд хүч үзэж байлаа. Тэр тоглолтоос маш их зүйлийг ойлгосон. Тамирчин хүн хүчтэй өрсөлдөгчтэй байх хэрэгтэй. Тулааны өрсөлдөөн өөрийгөө мэдрэх, цааш хөгжих олон зүйлийг хэлж өгдөг юм. Би одоо ЦЕГ-ын “Ирвэс” клубт бэлтгэл базаадаг. Холимог тулаан бокс, каратэ, кик бокс, байлдааны самбогийн төрлийг багтаадаг. Тулааны спортын төрлүүдийн дүрмээр барилдана, өчнө, бооно, цохих зэргээр тулалдана. Өнгөрсөн есдүгээр сард болсон тулааны спортын ДАШТ БНСУ-д болоход байлдааны самбогоор оролцож, хүрэл мeдаль хүртлээ. Миний хувьд цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. Ажил мэргэжлийн минь онцлогтой тулааны спорт ойр. Хамт олон минь тулалдахын өмнө “Амжилттай тулалдаад аваргын бүс аваарай. Ажилтай холбоотой асуудлаа бидэнд даатгаж болно. Зорилгоо биелүүлэхэд эрүүл мэнд чухал, гэмтэн бэртэж болохгүй” гэж захидаг.

-Олон тэмцээнд оролцож, шилдгүүдтэй тулалдсан. Гадаадын тамирчид өрсөлдөгчөө бүх талаар нь судлах багтай ажилладаг гэж сонссон.

-Тийм шүү. Гадаадын тамирчид өрсөлдөгчөө бүх талаар нь судалдаг багтай. Багийнхан нь өрсөлдөгчийг нь нэг бүрчлэн судалж, тактик маш сайн боловсруулдаг. Тэр орны тамирчин гэж ярихаас илүү өөрийгөө ялан дийлсэн тамирчин хамгийн шилдэг нь байдаг. Миний мэдэхээр АНУ, Бразил, Япон, Монголын тамирчид сайн тулалддаг. Тулааны спортын төрлүүд Монгол хүний эрэмгий шийдэмгий, зоримог, зан чанарт илүү зохицдог юм. Өөрөө хичээж чадвал хэзээ ч амжилт гаргаж болох спорт. Хамгийн гол нь өрсөлдөгчөө ялна гэдэг итгэлтэй байх хэрэгтэй.

ТУЛААНЫ СПОРТЫНХОН БОДОЛ САНААГАА ЦӨӨН ҮГЭЭР ОЙЛГУУЛДАГ

-Тамирчин хүнд өрсөлдөгчөөсөө суралцдаг олон зүйл бий. Урам өгч, ялагдаж болохгүйг байнга сануулдаг тамирчныхаа тухай яриач.

-ОХУ-ын байлдааны самбогоос мэргэжлийн тулаан руу орсон, “Bellator” холбоонд тоглодог Федор Емельяненко чадварлаг, туршлагатай тамирчин. Түүний амжилтыг дэлхий даяар бахархдаг, хүндэлж биширдэг, тулааныг нь үзэх гэж хэдэн сая хүн цуглардаг. Тамирчны хувьд биеэ авч яваа соёл, хувийн зан харилцаа, багш дасгалжуулагч болоод тулааны дэвжээ, өрсөлдөгчөө хүндэтгэж буй байдлаас нь суралцмаар. Түүний дайчин шаргуу, хэзээ ч шантарч ухарддаггүй зан олон тамирчинд үлгэр дуурайл болдог.

-Тулааны тамирчдын чанд баримталдаг зарчим, ёс зүй юү вэ?

-Баримталдаг зарчим бий. Гэхдээ заавал тийм байх ёстой гэж тулгадаггүй. Энэ бүхэн хувь хүний өөрийнх нь соёлтой холбоотой. Тухайн тамирчин амжилтад хүрсэн ч бай, хүрээгүй ч бай хаана ч явсан олны дунд биеэ зөв авч явах, бусадтай зөв боловсон харилцах нь зүйтэй юм. Тулааны спортын тамирчид бодол санаагаа цөөн үгээр ойлгуулдаг, аливаа зүйлд цэгцтэй, нягт нямбай ханддаг байдлаараа ялгардаг.

-Тамирчин хүний спортын замнал сонирхолтой. Нэг нь эсэргүүцэлтэй тулгарч байхад, нөгөө нь өөрийгөө өөрчлөх, эсвэл ялагдлаа ялалт болгох гэж спорт сонгодог. Харин таны хувьд.

-Арван жилийн сургуулиа дүүргээд Хил Хамгаалахын Их Сургуульд орохоор элсэлтийн шалгалт өгөх гэж байтал аав цагдаагийн сургуульд суралц гэж зөвлөсөн. Би ч дуртай байсан болохоор аавынхаа зөвлөгөөг дагав. Аав минь чөлөөт, үндэсний бөхөөр барилддаг болохоор намайг бөх болгох сонирхолтой байлаа. Аавынхаа спортыг өвлөж, үргэлжлүүлье гэсэн боловч албаны ажилд орж, мэргэжлийн, холимог тулааны чиглэлээр бэлтгэгдсэн. Шинэ оны өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумд аавынхаа нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнийг зохион байгууллаа. Өсвөрийн 260 тамирчин өрсөлдсөн нь тэмцээнийг сонирхолтой болгосон шүү. Би хүүхэд байхдаа аавыгаа хаана л тэмцээнд оролцоно тэнд хамт дагаад явдаг байсан. “Азарганы хүрээгүй газар унага нь хүрдэг. Аавын хүслийн дутууг хүү нь гүйцээдэг” гэдэг үг бий. “Хүү нь хичээнэ” гэж сэтгэлдээ үргэлж хэлдэг юм.

-Спортын тамирчдад амралт, чөлөөт цаг бага гарах юм. Ховорхон олддог энэ боломжийг хэр үр дүнтэй өнгөрүүлдэг вэ?

-Олдсон цаг заваа голдуу бэлтгэл хийхэд зориулдаг. Спортын ямар ч төрлөөр хичээллэдэг тамирчин нас залуу дээрээ амжилт гаргадаг. Би шинийг байнга эрэлхийлдэг. Хамтарч бэлтгэл базаадаг залуустаа өөрийн чаддаг зүйлээ харамгүй хуваалцах дуртай. Миний хувьд урам авдаг зүйлийн минь нэг энэ. Шантарч мохоод дундаас нь хаядаг хүнд дургүй. Амжилтын төлөө тууштай зүтгэж байгаа хүнийг хараад баярладаг юм. Би чөлөөт цагаараа биллиард, сагсан бөмбөг тоглох хоббитой. Зам-үүдэд хүүхэд байхаасаа л найзуудтай биллиард нүдэж өссөн. Энэ спортоор тэмцээнд оролцож аварга болж байлаа. Зун амарсан үедээ гэрийнхэнтэйгээ хөдөөгүүр аялдаг. Найзууд минь загасчлах дуртай. Тэднийг дагаж загас барихыг хүсдэг ч миний дэгээнд нэг ч загас ордоггүй юм. Хажуу дахь найз минь хэд хэдээр нь барьчихна. Загасчилна гэдэг авьяас шаарддаг урлаг юм шиг ээ.

БИ Ч ГЭСЭН ГУРВУУЛАНГИЙНХ НЬ БҮСИЙГ АВМААР БАЙНА ШҮҮ ДЭЭ

-Та дэг журмыг дээд зэргээр баримталдаг байх. Хааяа ч болов өөрийнхөөрөө баймаар санагддаг уу?

-Тийм ээ, гэхдээ чаддаггүй юм. Цагдаагийн байгууллага, албаныхаа нэрийг унагахгүй өндөрт өргөж явах үүрэгтэй хүн шүү дээ, би. Миний хувьд нэг зүйл эхэлсэн бол заавал ард нь гарч байж санаа амардаг. Цагдаагийн байгууллагын ажилтанд, тамирчинд ч гэсэн өөрийгөө хөгжүүлж урагшлахад тууштай зан их хэрэг болдог. Миний амжилтад олон хүний сэтгэлийн дэм, тус шингэсэн байгаа. Надад зардал мөнгөөр тусалдаг ах нар болоод найз нөхдөдөө баярлаж явдаг.

-Тулааны спортод аваргын бүс зүүнэ гэдэг амаргүй. Эр зориг шаарддаг эрсдэл ихтэй.

-Холимог тулаанаар хичээллэдэг тамирчид UFC, “One championship”, “Bellator” зэрэг дэлхийн томоохон холбоонд тоглохыг хүсдэг. Би ч гэсэн гурвуулангийнх нь бүсийг авмаар л байна шүү дээ. (Инээв) Тулаан болгонд ялдаг тамирчид эдгээр холбоонд тэр бүр хөл тавьж чаддаггүй. Тэгэхээр хичээх хэрэгтэй. Тулааны спорт спортын бусад төрлөөс ялгаатай. Тухайлбал, өөртөө итгэлтэй байхаас гадна сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн бэлтгэх ёстой. Эр зоригт, тэсвэр тэвчээр, хурд, хүч, хөдөлгөөн, овсгоо самбаа их шаарддаг. Манайд тулааны спорт хөгжиж байна. Залуусын сонирхож, үздэг спортын нэг болсон. Сүүлийн үед хүүхэд, залуус тулааны урлагаар хичээллэдэг болжээ.

-2018 онд “Dragon house MMA” холбооны тэмцээний 70 кг-ын жинд түрүүлж, аваргын бүс зүүсэн шүү дээ. Таны оролцсон хэд дэх тэмцээн байв?

-АНУ-ын Сан-Франциско хотод болсон тус тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцон ялалт байгуулж аваргын алтан бүс хүртсэн. Аваргын бүсний төлөө Бразилын тамирчин Игорь Понтензтой тулалдаж, цэвэр ялалтаар буулгаж авсан. Сайн тамирчин, хүчтэй ч өрсөлдөгч. Түүний эсрэг тактик боловсруулж, өөрийн аргаар тулалдсан. Ялахын тулд хэвтээ байрлалаас тулалдах арга барил руу шилжсэн. Гурван үе тулалдахад тэрбээр тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Миний хувьд Европын гардан тулааны тамирчдын угсарсан холбоо цохилтоос суралцахыг хүсдэг. Бразилын үндэсний спорт болох жиү жицү бөхийн барилдааны арга барил, өчилтөөс ч сайн сурах хэрэгтэй. Монгол хүний сөхрөх дургүй зан тулааны спортод сайнаар нөлөөлдөг. Энэ спорт тамирчин хүнийг олон талаар хөгжүүлдэг давуу талтай. Надад тулааны спорт сонирхдог залуус болоод дасгалжуулагч, ажлын хамт олон, хайртай гэр бүл, найз нөхөд минь маш их итгэл найдвар хүлээлгэдэг. Тиймээс итгэлийг нь алдахгүйн тулд хичээдэг. Амархан олддог амжилт гэж байхгүй. Өөрт байгаа туршлага, мэдрэмж, ур чадвараа дайчлан гаргаж тулалдах дуртай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)