Н.Номтойбаярын хилээр гарах эрхийг хязгаарлажээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхтэй зэрэгцээд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан, олны анхаарал татсан үйл явдал байлаа. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы гаргасан саналын дагуу гишүүдийн олонхын саналаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль сахиулах байгууллагад шалгахаар болов. Энэ шийдвэртэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг цагдан хорьж байгаа гэсэн “бор шувуу” зарим цахим мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч нарт очжээ. Энэ тухай Н.Номтойбаяр твиттер хуудсандаа “Намайг хорьсон гэх бас л худал мэдээ цацагдах гэнэ” хэмээн жиргэсэн байлаа. Түүнийг АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс нэг бус үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт шалгаж буй нь түүнийг буруутгасан эхний үндэслэл. Мөн ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдсон бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь эрүүгийн хэрэгт холбогдуулах бас нэг шалтгаан болсон. Эдгээр үйлдэл нь “гуя дагаж хүзүү” гэгч болж буй хэмээн олон эх сурвалж хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх хэрэгт голлож буруутган бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн аж. Улмаар түүний хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг эх сурвалжууд батлав.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)