Н.Номтойбаярын дараа хэнийг “намнах” вэ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцлоо. Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, бусадтай зодолдсон нь дээрх шийдвэрийн үндэслэл. Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар шийдвэрийнхээ талаар товч тайлбар өгсөн бөгөөд “Хяналтын ерөнхий хороо 14 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ удаагийн хурлаар Ёс зүйн хорооноос (Уг хороог хоёр жилийн өмнө байгуулсан бөгөөд дарга нь Хяналтын ерөнхий хорооны дэд дарга байдаг) гаргасан Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой мэдээллийг хэлэлцсэн. МАН-ын нэрээр улс төрийн өндөр албан тушаалд очсон Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зүй зохисгүй авч явсан, удаа дараа бусадтай зодолдож, намын нэр хүндийг унагасан учраас хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг Ёс зүйн хороо тавьсныг хэлэлцлээ. МАН-ын дүрмийн зургадугаар зүйлийн дагуу хариуцлага тооцож, Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдвэр гаргалаа” гэв. Гэхдээ тэрбээр “Хөөнө гэдэг нь тухайн гишүүнтэй нам ямар нэг байдлаар харилцаагүй, бүрмөсөн хаяна гэсэн үг. Харин гарсанд тооцсон бол тухайн гишүүн алдаа, дутагдалдаа дүгнэлт хийгээд намдаа эргээд ирэхэд нээлттэй” хэмээн тодотгосон.

  • 6.5. МАН-ын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно.
  • 6.5.1. Намаас УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн, нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн;
  • 6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
  • 6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан;
  • 6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхын саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4 (Намын бүх шатны байгууллага асуудлыг чөлөөтэй хэлэлцэн, цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж, олонх нь дэмжсэн шийдвэрийг нийтээрээ дагаж биелүүлэх. Цөөнх үндэслэлтэй гэж үзвэл саналаа намын холбогдох дээд байгууллагад тавьж хариу авах)-т заасан зарчмыг зөрчсөн.
  • 6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачилгаар хянан шалгаж, нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган, намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж, тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.
  • 6.7. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо МАН-ын Хяналтын ерөнхий хороонд гаргаж болно.
  • 6.8. Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл МАН-д гишүүнээр дахин элсэх хүсэлтээ намын анхан шатны байгууллагаар уламжлуулан Хяналтын ерөнхий хороонд гаргаж болно.

МАН-ын дүрмээс

2017 оны арваннэгдүгээр сард болсон МАН-ын ХХVIII их хурлаар баталсан дүрмийн 6-д гишүүнийг намаас гарсанд тооцох хэд хэдэн үндэслэлийг тусгасан байна. Харин Н.Номтойбаяр олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, бусадтай зодолдсон нь чухам аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй аж. Тэгвэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-аас гарсанд тооцсон. Тодруулбал, “60 тэрбум”-ын гэх хэрэгт МАН-ын нэрийг холбож, хариуцлага алдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох ёстой гэсэн дүгнэлтийг 2018 онд тус хороо гаргасан байдаг. Улмаар М.Энхболдыг үлдээж, Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг “ялласан” нь тэр. Ингэхдээ дүрмийн “Намын нэр хүндэд сэв суулгахгүй байх, нэрийнх нь өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан нь хуулийг чандлан сахиж, аливаа явцуу үйлдлийн нөлөөнд автахгүй байх, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх” гэх заалтыг зөрчсөн гэж Ц.Сандуйг намаас гаргасан. Харин С.Мөнхчулуун нь нийслэлийн Засаг даргын төлөөх өрсөлдөөнд Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн С.Амарсайхантай хүч үзнэ гэж мэдэгдсэн учраас намаас гарсанд тооцсон шийтгэл хүлээх нь тэр.

Үүнээс яг гурван сарын дараа буюу тавдугаар сард Хяналтын ерөнхий хороо нэгэн шийдвэр гаргасан нь дуулиан тарив. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн эл шийдвэр УИХ дахь намын бүлгийг “түргэн авхуулсан”. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хуулиас хассан гэж Ш.Раднаасэдийг ийн шийтгэсэн бол “Оюутолгой”-г шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг тус компанийнханд өгсөн хэмээн хариуцлага тооцуулсан хүн нь Д.Дамба-Очир. Гэвч парламент дахь намын бүлгийн зүгээс “УИХ-ын гишүүн хуульд заасан эрхийнхээ дагуу үг хэлсэн, санал гаргасан, зарчмын зөрүүтэй томьёоллоор санал хураалгасныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуультай. Тиймээс намын Хяналтын ерөнхий хороо үндэслэлгүйгээр хариуцлага тооцсон байна” хэмээн Удирдах зөвлөл, намын даргадаа хандсан. Хэдийгээр нэр бүхий хоёр гишүүнийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг Удирдах зөвлөл, У.Хүрэлсүх дарга цуцалсан, эсэх нь тодорхойгүй ч Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар өдгөө өрсөлдөөнд орох гээд “биеэ халааж буй”.

Харин Хяналтын ерөнхий хорооны эл шийдвэртэй хамт ЖДҮХС-гаас ойр дотныхондоо зээл авч өгсөн нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох чиглэл өгсөн юм билээ. Тиймээс Н.Номтойбаярын дараа “ЖДҮХС-гийн” гэх хэрэгт холбогдсон гишүүдийг Хяналтын ерөнхий хороогоор тун удахгүй “оруулж”, “яллах” сурагтай. Тэр ч бүү хэл, тэдний оронд хэн хэнийг сонгуульд сойх вэ гэдэг нь ч тодорхой болж буй бололтой. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, “Харвард”-ын гэгддэг О.Батнайрамдал, Ж.Чинбүрэн эмч гэх мэт нэр цэвэр, өндөр боловсролтой залуусын нэр дуулдана. Олон сарын турш дүлэгнэж, дүлий дүмбэ царайлсан эрх баригчид ээлжит сонгуулийн өмнө “ЖДҮ-чид”-ээсээ салах нь сайхан “имиж” бүрдүүлнэ, тэдэнд. Магадгүй МАН-ынхны сонгуулийн уриа нам, төрөө муу, муухайгаас цэвэрлэж, “ариутгая” гэсэн аугаа агуулгатай байвал бүү гайхаарай. Юутай ч тэр “тоглолт”-ын эхний үзүүлбэр нь Н.Номтойбаярыг намаас гаргасан шийдвэр байж мэднэ. Тэр тусмаа түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь үлдээх, эсэхийг эцэслэн шийдэхийн өмнөх өдөр ийм шийдвэр гаргасан нь санамсаргүй явдал биш болов уу. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч хоёр ч байнгын хороо үүнээс эсрэг саналд нэгдэж, намын бүлгийнхэн нь шийдвэртэй хариу гаргаагүй энэ нөхцөлд Хяналтын ерөнхий хорооны тогтоол анхааруулга, асар гүн агуулга тээж буй нь илт.

Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдөр УИХ эцэслэн шийднэ. Түүний талаар ямар шийдвэр гарах бол гэхээс илүүтэй намаас нь “намнах” дараагийн хүн хэн, хэд байх бол гэдэг л анхаарал татаад эхэлчихлээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)