Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдөр шийднэ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-д хүргүүлэв. Түүний бүрэн эрхийг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх санал гаргаснаа ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Хэлэх боломжгүй” гээд “УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргасны дараа үндэслэлээ хэлнэ. Манай байгууллагын саналыг хүлээж авахгүй бол ямар ч арга байхгүй. Өмнө нь УИХ-ын нэг бус гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад уламжилсан ч дэмжээгүй. Гэсэн ч мөрдөн байцаалтын ажиллагаа зогсоогүй” хэмээн хэвлэлийнхэнд товч тайлбар өгсөн. Түүнчлэн Н.Номтойбаяр гишүүний бусадтай зодолдож буй бичлэг энэ өдөр цахим сүлжээнд ил болов. Мөрдөн шалгаж буй хэргийн нотлох баримт задарсан үндэслэлээр үүнийг шалгахаа Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдэгдсэн юм.

Харин гишүүн Н.Номтойбаяр “Сүүлд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн. Үнэхээр хэргийн нууц задалсан бол энэ нь эрүүгийн хэрэг болно. Гэтэл нууц задалсан, эсэхийг шалгаагүй, надад ч мэдэгдээгүй. Хэрэв УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдвал би оролцохгүй. Надад нуугаад байх зүйл байхгүй. Нээлттэй хуралдвал оролцоно” гэв. Тэрбээр өнгөрсөн сарын 12-нд Төрийн ордонд мэдээлэл хийж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн болон Г.Батхүү амиа алдсан хэрэгт өөрийг нь холбогдуулан гүтгэж буй талаар тайлбар хэлсэн юм. Тухайлбал, “Г.Батхүү агсантай холбоотой хэрэгт намайг яллагдагчаар татаагүй. Хэрэг гарах үед би Төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрт нэг гишүүний өрөөнд байсан нь нотлогдсон зүйл. Би гэрчийн мэдүүлэг гурван удаа өгсөн. Цагдаагийн байгууллагаас “Талийгаач танай өрөөнд орж архи уусан байхад уугаагүй гэдэг мэдүүлэг өгсөн” гэж хэлээд байгаа. Манай өрөөнд орж ирэхээсээ өмнө архи уусан, үгүйг би яаж мэдэх юм бэ. Талийгаачийн ходоодноос архи илэрсэн гэсэн. Манай өрөөнд байсан архийг хураан авсан. Тэр архины дээж таарч байгаа, эсэхийг шинжилгээгээр тогтоох ёстой. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины цус харвалтын улмаас амиа алдсан гэж гарсан. Дараа нь ар гэрийнхнийх нь хүсэлтээр дахин задлан шинжилгээ хийхэд өмнөхтэйгөө адил хариу арваннэгдүгээр сарын 8-нд гарсан юм билээ. АТГ, прокурорын байгууллагын удирдлага намайг буруутгах гээд байгаа юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д өргөн бариадах. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг УИХ шийднэ. Би хэрэг хийгээгүй байж бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй” гэж ярьж байв.

Дээрх саналтай холбоотойгоор УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж, ерөнхий прокурорын мэдээллийг сонссон байна. Тус хороонд гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар харьяалагддаг. Харин Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаадад албан томилолтоор ажиллаж байгаа учир эл саналыг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, завсарлуулсныг гишүүн Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэрбээр хэвлэлийнхэнд дараах хариултыг өгсөн юм.

-Ерөнхий прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Ирэх даваа (өнөөдөр) гаргаас нааш үүнийг хэлэлцэхгүй гэхээр хууль зөрчигдөх нь.

-Дээрх хэлсэнчлэн тодорхой шалтгааны улмаас яах аргагүй хууль зөрчигдөх нь.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх санал тавьсан бэ?

-Холбогдсон хэргийг нь шалгаж дуусаагүй гэсэн. Ерөнхий прокурорын санал бол нууцын зэрэгтэй мэдээлэл. Мөрдөж буй хэргийн мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр ил болгодог.

-УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нээлттэй хуралдвал гишүүн Н.Номтойбаяр оролцохоо мэдэгдсэн. Нээлттэй хуралдах боломжтой юу?

-Боломжгүй. Н.Номтойбаярыг тус хуралд ирүүлнэ. Дэд хорооны хоёр гишүүн ирсний дараа хуралдана.

Юутай ч гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдөр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтийг нь үндэслэн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)