Н.НАРАН-ЭРДЭНЭ: Чансаагаараа өндөр учраас бусад орны хүүхдүүд биднийг сайн таньдаг

Туркийн Анталия хотод өнгөрсөн сарын 17-27-нд болсон шатрын сурагчдын ДАШТ-ээс манай тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багаараа хошой аварга болсон билээ. 33 орны 392 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний 17 хүртэлх насны охидын ангилалд мөнгөн медаль хүртсэн Н.Наран-Эрдэнэтэй ярилцлаа. Анталияаг зорьсон 23 хүүхдийн дөрөв нь орон нутгийнх бөгөөд Н.Наран-Эрдэнэ Сүхбаатар аймгаас оролцсон гурван тамирчны нэг. Тэрбээр Азийн АШТ-ий хүрэл медальтай. Сая мөнгөн медаль хүртсэнээр ФИДЕ-ийн дэд мастерын болзол хангажээ. Ташрамд дурдахад, түүнтэй хамт дүү Н.Сод-Эрдэнэ энэ удаагийн ДАШТ-д оролцсон юм.

-ДАШТ-ээс медаль хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. ДАШТ-д гурав дахь удаагаа оролцож, медаль хүртсэндээ баяртай байна. Зургаа хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдсон. 2017 онд ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарсан. Сүхбаатар аймгийн “Оюунлаг” клубийн хамт олон, Ж.Энхбаатар багшдаа баярлалаа. Багш минь бидэнд чин сэтгэлээсээ ханддаг. Манай клубт олон хүүхэд хичээллэдэг юм. Надтай олон жил бэлтгэл хийсэн таван хүүхэд бий. Тэднийхээ ачаар өдий зэргийн амжилт гаргалаа. Тэд нараасаа сурч, хурцлагддаг. Бид мэдсэн, сурснаа байнга хуваалцдаг. Баярлалаа гэж хэлье. Сая тэмцээнд явахад “Жаргалсайхан-Ирээдүй” сан, “Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-ын ах, эгч нар хандивын аян санаачилж, замын зардлаа бүрдүүлэхэд минь тусалсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар ч дэмжсэн. Тусалсан бүх хүнд баярлалаа. Хөдөөний хүүхэд гэлтгүй бид хаана ч өрсөлдөх боломжтой юм байна гэдэг урам зориг аваад ирлээ. Шатрын спорт манайд нэлээд хөгжсөн. Тэр ч утгаараа нийслэлд улсын чанартай тэмцээн бараг долоо хоног бүр болдог. Гэхдээ Улаанбаатарын хүүхдүүдийг бодвол бид тэмцээн, уралдаанд тэр бүр оролцож чаддаггүй.

-Тэмцээний сонин сайхнаас хуваалцаач.

-Энэ удаагийн тэмцээн өндөр зохион байгуулалттай болсныг хэлэхийг хүсэж байна. Анталия аялал жуулчлалын хот учраас ч тэр үү, маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Монголын өсвөрийн шатарчид дэлхийд данстай болсон. Манай аймгаас гэхэд л анх удаа гурван хүүхэд оролцлоо. Миний оролцсон ангилалд “Төв” клубийн шатарчин, олон улсын мастер О.Өлзийхишигжаргал түрүүлсэн. Мэдээж тэр хамгийн хүчтэй өрсөлдөгч. Мөн Украины тамирчнийг нэрлэж болно. ДАШТ учраас бүх тамирчин сайн байсан л даа. Манайх өргөн бүрэлдэхүүнтэй явсан.

-Оюуны спортын манай тамирчид дэлхийд өндөр үнэлэгдэж байна. “Монголын тамирчид” гээд бусад орныхон арай өөрөөр ханддаг уу?

-Тийм зүйл мэдэрдэг. Чансаагаараа монголчууд өндөр учраас бусад орны хүүхэд биднийг сайн таниад байх шиг санагддаг.

-Ойрын үед оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?

-Энэ сард болох насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолтод оролцоно. Эндээс шалгарсан 12 тамирчин есдүгээр сард Улсын аваргын төлөө өрсөлдөх эртэй болох юм.

-Шатрын спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?

-Зорьж, хүсэж гэхээсээ илүү санамсаргүй байдлаар шатартай холбогдоод есөн жил боллоо. Тухайн үед манай клуб дөнгөж байгуулагдаад байсан.

-Бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-Ихэвчлэн багштайгаа хийдэг. Ахлах ангийн сурагч учраас клубтээ байнга бэлтгэл хийгээд байж чаддаггүй. Гэхдээ л өдөрт хоёр цагийг бэлтгэлдээ зориулж, багштайгаа хамт бодлого бодож, программ дээр тоглодог. Гэртээ бас чадах хэмжээгээрээ үзэж, судалдаг.

-Дүүтэйгээ хамт хичээллэж байгаа нь давуу талтай биз дээ?

-Дүү минь надаас хамаагүй өмнө, таван настайгаасаа шатраар хичээллэсэн. Ер нь манай гэр бүлийн нэг “гишүүн” шатар гэхэд болно. Хамгийн бага хоёр дүү минь ч шатар тоглодог. Цаашдаа ч тууштай хичээллэнэ гэдэг. Энэ бүхэн миний хувьд яах аргагүй давуу тал. Ганцаараа тоглох, бэлтгэл хийх хүнтэй байна гэдэг өөр шүү дээ. Дүүдээ ч бас чадах юмаа хэлж, багшилчихдаг. Дүү минь энэ удаагийн ДАШТ-д амжилттай тоглосон. Н.Сод-Эрдэнэ УАШТ-ий хүрэл, рапид төрлийн алтан медальтай.

-Хамгийн үнэ цэнтэй, дурсамжтай медаль, шагнал гэвэл юуг нэрлэх вэ?

-13 настайдаа УАШТ-д түрүүлсэн. Долоо хожиж, хоёр тэнцээд түрүүлэхэд тамирчдаас намайг таньж, мэдэх хүн байгаагүй. Ингээд ААШТ-д анх удаа оролцсон. Рапид төрөлд эхний зургаан байр эзлүүлж байхад би долдугаарт нь орж байсан юм. Гэхдээ тус тэмцээний блиц төрөлд хүрэл медаль авсан.

-Шатар чамд юу өгөв?

-Шатар бол оюуны, бас тэвчээрийн спорт. Нэг өргийн ард таван цаг суухад нэлээд тэвчээр шаардана шүү дээ. Ямар ч байсан зөв төлөвшил, хүмүүжилтэй болдог. Маш олон хувилбар, сонголтоос зөвийг нь сонгох чадвар эзэмшүүлдэг. Амьдрал бол сонголт гэдэг байх аа.

-Тэмцээн эхлэхийн өмнө хэрхэн төвлөрч, тайвширдаг вэ?

-Нэг талаар шатар бол сэтгэл зүйн спорт. Улаанбаатарт ирэхдээ багшийнхаа хүү, олон улсын мастер Э.Энхнартай бэлтгэл хийдэг. Э.Энхнар багш “Тоглохынхоо өмнө өрсөлдөгчөөсөө айж, “Хожихгүй дээ” гэж тогловол чи хэзээ ч ялахгүй. Ямар нэг байдлаар хожсон ч үнэн хэрэгтээ өөрийгөө хожигдсонд тооц” гэж хэлдэг. Тоглохоосоо таван минутын өмнө өргийнхөө ард суугаад, анхаарал сарниулж болох зүйлсийг цэгцэлж, янзалдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)