Н.Наранбаатар: “Бүсгүйн зурвас” бол өнөөгийн нийгмийг өөрчлөх гэсэн бидний зурвас

УДЭТ-ын 2019 оны шинэ уран бүтээл “Бүсгүйн зурвас” хэмээх нийгмийн драм үзэгчдийн хүртээл болоход хэдхэн хоног үлдэв. 

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс, тус театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хоёрын дотоод “хашхираан” юу өгүүлэх бол гэсэн хүлээлт хэн хүнд төрж буй нь дамжиггүй. 

Тиймээс “Дугтуй” задрахын өмнөхөн найруулагчтай хөөрөлдөж, дотоод нууцынх нь сэжүүрээс цөөн ч болов хүнд атгуулахыг хичээсэн билээ, эздэдээ хүрэх болтугай.

-Л.Өлзийтөгсийн зохиолоор Н.Наранбаатар найруулагч “Ярилцлага” нэртэй нийгмийн драм тавих гэж байгаа тухай дуулдсан. Харин саяхнаас жүжгийн албан ёсны танилцуулгад “Бүсгүйн зурвас” болж нэр нь өөрчлөгджээ. Яагаад нэрээ өөрчилсөн юм бол?

-2012 оны сүүлчээр байх аа, тухайн үеийн ССАЖЯ-наас Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Уралдаанд ирсэн бүтээлүүд дээр зохиолчдын нэрийг тавихгүй, кодлоод шүүгчдэд уншуулсан. Тэр дунд УИХ-ын гишүүн, сэтгүүлч хоёрын хоорондын харилцан яриа бүхий “Ярилцлага” нэртэй нэгэн бүтээл миний сонирхлыг ихэд татсан нь Л.Өлзийтөгсийн зохиол байсныг хожим мэдсэн. 

Хэдийгээр тэр зохиол байр эзлээгүй ч би “Цаг нь болохоор үүгээр заавал жүжиг найруулна” гээд хадгалчихсан байснаа өнөө жил ажил хэрэг болгож байгаа минь энэ. Өлзийд энэ тухай дуулгахад “Зохиолоор минь жүжиг тавих эрхийг чамд өгөлгүй яах вэ. Чи угаасаа чадна. Өгүүллэг байсныг нь жүжиг болгож янзалсан, гайгүй юм болох нь уу” гээд уриалгахан хүлээж авсан. 

Ингээд театрынхаа Уран сайхны зөвлөлөөр батлуулахдаа жүжгийн нэрийг “Ярилцлага” гэдгээр нь явж байгаад саяхан “Бүсгүйн зурвас” болгож өөрчиллөө. УИХ-ын гишүүн ч бай, жирийн нэг гэрийн эзэн ч байна уу, цаана нь заавал гэр бүл, гэргий, үр хүүхэд байдаг.

Бүсгүй хүн зурвас бичнэ гэдэг ойлголтын цаана баяр, гомдол, ухаарал, тэвчээр гээд олон зүйл багтана. Тиймээс зөвхөн УИХ-ын нэг гишүүний тухай бус, хүний амьдралын үнэт зүйл, чиг шугам, мөс чанарыг илүү өргөн хүрээнд гаргахыг зорьсон учраас нэрийг нь ингэж өөрчилсөн.

-Өдгөө цаг нь болсон учраас энэхүү нийгмийн драмыг тавьж байгаа юм байна. Ингэхэд бид ямар цагт амьдарч байна вэ?

-Энэ нийгэм нэг л биш байна гэдгийг хүн бүр мэдрээд байна. Зарим нь ямар нэг өөрчлөлт хийхийг хүсэж, засах оролдлогууд эхнээсээ яваад байна. Энэхүү өөрчлөлтийн салхийг өдөөхөд миний оруулах хувь нэмэр бол уран бүтээл. Би ямар Сүхбаатарын талбайд очиж жагсалтай нь биш. 

Харин ард түмний зүрх сэтгэлд хүрсэн чанартай сайн бүтээл гаргаад, түүгээрээ дамжуулан оюун тархинд нь дохио өгөх, нөлөөлөх соён гэгээрлийн ажил хийх нь миний, манай театрынхны үүрэг. Тиймээс уран бүтээлч бид нийгмийнхээ өөрчлөлтийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. 

Ямар нэг өөрчлөлт хийхгүй бол Монголын нийгэм үнэхээр болохоо байх нь. Сүүлийн үед манай улс төрийн нөхцөл байдал ямар айхтар тогтворгүй, увайгүй болоод байна вэ. Цаашид энэ байдал улам л даамжрах шинжтэй болчихлоо.

Миний хувьд нийгмийн хоёр дахь драмаа тавьж байгаа минь энэ. Ц.Балдорж агсны “Шөнө амталсан нулимс” бүтээлээр 2005 онд нийгмийн драм найруулан тавьж байсныг үзэгчид санаж байгаа байх. Тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан бүтээл. Нийгмийн драм гэдэг жанр бол нийтийн эрх ашгийн төлөө, олон түмэнд гашуун үнэнийг мэдүүлж, нийгмийг цочроон сэрээхэд чиглэдгээрээ онцлогтой.

-Зохиолчийнх нь нэрийг мэдэхгүй ч жүжгийн зохиолыг анх уншингуут таны сонирхлыг татсан гэсэн. Мэдээж зөвхөн хэлбэр нь таалагдсан төдий биш байх. Жүжгийн гол санааг тоймлоод хэлэхгүй юү?

-Улсынхаа хамгийн шилдэг гэсэн үлгэр жишээ манлайлагчдыг төр, засгийн түшээгээр сонгодог гэж бид ойлгодог. Гэтэл бидний итгэж найдаад төрд сонгосон тэр хүмүүсээс л хамгийн ёс суртахуунгүй, хамгийн увайгүй, хамгийн жигшмээр үг, үйлдэл гараад байхаар ард түмэн хэнээс үлгэр дуурайл авч, хэнийг идеалаа болгох юм бэ. 

Аливаа нийгмийн хөгжил гэдэг угаасаа ямар нэг үзэлтэй, үнэт зүйлтэй, үлгэрлэх лидертэй байж урагшилдаг. Өнөөдөр бидэнд баримтлах үзэл ч алга, итгэл үнэмшил ч алга. Дээрээс нь дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхний олонх нь тэдний гар, хөл болж, халаасанд нь орсон учраас манай ард түмэн оюун сэтгэхүйн хувьд тэр чигээрээ уруугаа харсан абсурд нийгэмд аж төрж байна. 

Сэтгүүлч мэргэжлийн давуу талыг далимдуулан, амьдралаа босгох сонирхолтой хэсэг бүлгийг хүмүүс бусдаас нь ялгаж салгахгүй, тэдэнд итгээд, төөрөлдөх болсон. Явж явж ийм мунхаг нийгмийг бий болгосон хүмүүс нь бид өөрсдөө гэдгийг энэ жүжгээр харуулна. 

Дор хаяж УИХ-ын гишүүн хууль санаачилж, батлуулах үүрэгтэй гэдгээ ч мэдэхгүй, ухаарахгүй хүн манай 76 дунд байна шүү дээ. Ийм хүмүүсийг орой дээрээ залчихаад, зүгээр хараад сууж байна гэхээр манай монголчууд аргагүй тэвчээртэй юм уу, эсвэл үнэхээр тэнэг хүмүүс үү, мэдэхгүй.

-Тэгэхээр энэ бол дээр байгаа түшээдийг өөлж, гоочлохдоо бус, хамгийн гол нь ард түмэнд хаягласан бүтээл байх нь ээ?

-Тийм ээ. “Нүдээ нээгээд өөрсдийгөө нэг хараач ээ. Тархи оюунаа ажиллуулаад, юмны наатах, цаатахыг ялгаж, таньдаг болооч ээ. Хэдий болтол юунд ч хамаагүй сохроор итгэж, туйлшрах юм бэ” гэсэн эмзэглэлээ энэ жүжгээр илэрхийллээ. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг дээ. 

“Хүний зүрх сэтгэлд хамгийн хурдан хүрч үйлчилдэг урлагийн төрөл бол тайз, дэлгэцийн урлаг” гэж Ленин зүгээр ч нэг хэлчихээгүй биз. Тиймээс энэ бүтээлээс өөрсдийн бий болгосон нийгмээ тольдон харж, бидэнд өнөөдөр юу хэрэгтэй байгаа тухай нэгийг тунгааж, хоёрыг эргэцүүлээсэй гэж л хүсэх байна.

“Улс төрийг ёс зүйгүй гэж хэлж болохгүй. Ёс зүйгүй улс төр гэж ертөнцөд байхгүй. Харин ямар ёс суртахуунтай хүн улс төрд орно, тэр улс төр тэгж л харагдана” гэж Аристотель хэлсэн. Аристотелийн “Туурвил зүй”-д сайн-муу, сайхан-муухай, гайхамшигтай-гутамшигтай гэх мэт гоо зүйн категоруудыг маш тодорхой зааж өгсөн байдаг. 

Ямар зүйлийг сайн, ямрыг нь муу гэх юм, ямар зүйлийг мөнхөд инээдэмтэй, эсвэл эмгэнэлтэй гэж үзэх вэ гэдэг хүн төрөлхтний хэдэн зуу, мянган жилийн турш баримталж ирсэн гоо зүйн тухай наад захын ойлголтыг ч өнөөдөр манайхан жинхэнэ утгаар нь мэдрэхээ байчихаж. Соц реализмын тухай бидэнд хичээл ордог байлаа. Түүгээр юуг сайхан, юуг муухай гэх вэ, ямар зүйлийг сайн, ямрыг нь муухай гэж үзэх вэ гэдгийг ялгаж салгаж, бидэнд ойлгуулдаг байв. 

Гэтэл өнөөдөр соц реализм гэхээр манайхан хуучин нийгмийн өнгө төрх гээд сонсохыг ч хүсдэггүй. Энэ бүхнийг хараад байхаар IV Генрих пап ламтайгаа “Та ард түмнийг мунхаг байлгахад анхаар. Би ядуу тарчиг байлгая. Ядуу, мунхаг ард түмнийг хоёулаа удаан хугацаанд захирна шүү дээ” хэмээн ярьсан тохироо өдгөө манайд үйлчлээд байх шиг санагддаг.

-Хэдэн жилийн өмнө та “Гамлет”-ыг тайзнаа дахин амилуулахдаа мөн л “Цаг болсон” гэж байсан. Таныхаар “Гамлет” үүргээ хэр биелүүлж, хэчнээн хүнд бодрол эргэцүүлэл төрүүлсэн бол. Ер нь найруулагч хүн юунд найдаж бүтээлээ хийдэг юм бэ?

-Хүн ардаа нийгэмшүүлж, төлөвшүүлэхийн тулд багаас нь боловсролын системээрээ анхаарах ёстой л доо. Монгол ардын аман зохиолоор дамжуулан жинхэнэ монголчуудын гэсэн философи сэтгэлгээг үр хойчдоо суулгаж өгмөөр байна. 

Гэвч нэгэнт энэ асуудлыг орхигдуулаад өчнөөн жил болсон учраас хүний зүрх сэтгэлд хамгийн хурдан хүрч үйлчилдэг “судас тариа” болох кино, тайзны урлагаар дамжуулан нийгэмд дохио өгөх нь чухал. Өөр ямар арга байгаа юм бэ. Харамсалтай нь, манайхны сүүлийн үед хийж байгаа кинонууд монгол хүүхэд, залууст ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ. Хулгай, дээрэм, хүчирхийлэл, аллага, аймшигт ёр үзүүлэхийн оронд сайн сайхан, хайр энэрэл, нөхөрлөл, өв тэгш хүмүүжил, хүн байхын утга учрын тухай яагаад харуулж болдоггүй юм. 

Ямар уран бүтээлийг жинхэнэ мэргэжлийн гэх юм, ямрыг нь ашиг хонжоо харсан, хүний зүрх сэтгэл, оюун тархинд үлдэцгүй гэж үзэх вэ гэдгийг ч бодох л асуудал.

Би нэг “эсэргүү” юм бодож явдгаа хэлэх үү. Яг өнөөгийн нөхцөлд монголчууд бид 2-3 жилийн хугацаанд Хятад шиг хатуу үзэл суртал баримталмаар санагддаг. Нэгдүгээрт, фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээг хаах ёстой. Хоёрдугаарт, энэ олон телевиз, сонин, сайтыг цөөлж, чанартай хэдхэнийг үлдээгээд, түүгээрээ хүмүүст хэрэгтэй, хүүхэд залуусыг хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх мэдээлэл түгээдэг болмоор байна. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэн дэлгэрч буй гаднын соёлын нөлөөллийг багасгахын тулд үндэсний чанартай контент бэлтгэн гаргахад нь анхаардаг болох нь чухал. Гуравдугаарт, кино, жүжиг, дуу, уран зураг, баримал, хөгжим гээд бүх төрлийн урлагийн бүтээлд дээр үеийн Главлитынхан шиг хяналт тавьдаг болцгооё.

Гурван жилийн хугацаанд үзэл суртлын ийм хатуу дэг журам баримталснаар аливаа юмс байх ёстой байр байрандаа очоод эхэлнэ. Тэр үед нь аажмаар үзэл суртлын дэгээ чөлөөлөөд өгвөл нийгэм эрс өөрчлөгдөнө гэдгийг найруулагчийн хувьд би баттай хэлнэ. Ардчилсан нийгэмд намайг адгийн юм ярилаа гэж зүхэх хүн мундахгүй байх. Гэвч энэ бол манайх шиг оюун тархи, сэтгэхүй нь гэмтсэн нийгмийг илааршуулахад тустай.

-Эрх чөлөөнд халдлаа гээд сүйд болно байх даа?

-Хүн болгон дур зоргоороо бурж, хэнийг ч хамаагүй гүтгэж, ямар л бол ямраар будаж харлуулахыг эрх чөлөө гэдэггүй юм. Эрх чөлөө гэдэг бол тодорхой хууль журамд ард олноороо эрх тэгш захирагдаж амьдрахыг хэлнэ. 

Ардчиллын гурван зарчмын нэг болох эрх чөлөөг тэртээ XIII зуунд Чингис хаан бүрэн утгаар нь ийн томъёолоод, бодитоор хэрэгжүүлж байсан юм шүү. Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө гэдэг ч төр, ард түмэн хоёрын хоорондоо хийсэн гэрээгээ мөрдөхийг хэлнэ.

-Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг. Мэргэжлийн, чанартай бүтээл хийлээ гээд сэтгэхүйн доройтолд орсон олон нийт үнэлэхгүй байвал урам хугардаг уу?

-Дээр хэлсэнчлэн найруулагчийн хувьд уран бүтээлээрээ дамжуулан эмзэглэлээ гаргаж байгаа минь энэ. Өнгөрсөн жил би яагаад Э.Оюун гуайн “Би эндээс явахгүй” жүжгийг найруулан тавьсан гээч. Тэртээ 1950-иад онд бичсэн зохиол боловч өнөө хэр үнэ цэнээ алдаагүй учраас тэр. 

Өдгөө манай нийгэмд гэр бүл салах үзэгдэл хэтэрхий газар авлаа. Гэр бүлийн үнэ цэн, амьдралын утга учир юун дээр оршин тогтнодог, итгэл, хайрын мөн чанар юу болохыг залууст ойлгуулахыг хүссэн. Бүтэн сарын турш дүүрэн үзэгчтэй байсан. Тэгэхээр тодорхой хэмжээнд хүмүүст юм бодуулсан болов уу гэж найддаг. 

Нэг иймэрхүү вакцин хийж байх нь бидний үүрэг. “Өө, ямар ч нэмэргүй юм байна” гээд бид орхичихвол өөр хэн ард түмний оюун санааг дархлаажуулах вэ.

Энэ ажил мэргэжлээ би дайны талбарт ажиллаж байгаа сувилагчтай адилхан юм байна гэж боддог. Ямар ч найдваргүй болсон өвчтөнийг хүртэл сувилагч эмнэлгийн тусламжийн хэсэг рүү чирээд л байдаг биз дээ. 

Амьдрах найдваргүй гэдгийг нь мэдсээр байж хагалгаа хийдэг. Дөнгөн данган амьсгаатай л бол тэр хүнийг аврах оролдлого хийх нь сувилагчийн үүрэг. Бидний ажил ч яг үүнтэй адил.

-Найруулагчид шинэ бүтээл тавих болгондоо дотроо шатаж, шаналдаг байж таарна. Энэ жүжиг таныг урьд урьдынхаас илүүтэй шаналгаж, бухимдуулж байгаа юм шиг санагдлаа.

-Үнэн. Олон хоног дотроо тэсэрч, бухимдаж байна. Заримдаа “Ямар ч цаг үед төрчихөв дөө” гэж бачимдах юм. Уг нь найруулагчийн хувьд би амьдралын гэрэл гэгээтэй талыг, сайн сайхан зүйл хүмүүст түлхүү үзүүлэхийг хичээдэг хүн шүү дээ. Энэ жүжиг бол найруулагч Наранбаатарын зүрхэн дэх эмзэглэл. 

Гэхдээ би Монголын заяа өндөр гэдэгт хэзээ ч эргэлздэггүй. Түүхийн олон жимийн судалгааг харж байхад азтай ч гэмээр хувь тохиолоор монголчууд аврагдаад л байдаг. Ийм сайхан өндөр дээд хувьтай ард түмний эд эс нь болж төрсөндөө хязгааргүй баярладаг. 

Эгэл жирийн ажилчин ангийн аав, ээжийн хүү болж заяагаад, илүү дутуу юманд шунахгүй, зөв амьдрах сан гэдэг хүмүүжлээр өсгөсөн өвөө, эмээдээ баярладаг. Би энэ ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Манай театр 600 хүний суудалтай. Нэг өдөр энд ирээд жүжиг үзсэн 600 хүнээс зургаа нь тархиндаа, зүрх сэтгэлдээ нэг юм тунгаагаад, ойлгоод гарвал тэр л надад хангалттай. Тэр зургаан хүн цаашид нийгэмдээ эергээр нөлөөлнө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)