Н.НАРАНБААТАР: “Анна Каренина” бол гал. Гэхдээ хэн дуртай нь галаар нааддаггүй

УДЭТ-ын уран бүтээлчид Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийг маргааш Монголын үзэгчдэд анх удаа толилуулна. Тус жүжгийг “дэглэсэн” Төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатартай ярилцлаа.

-“Анна Каренина” бол дэлхийд данстай сонгодог бүтээлүүдийн нэг. Энэ нь тус романыг жүжиг болгох нэг шалтгаан байсан нь ойлгомжтой. Уг уран бүтээлийг “барьж авах” өөр шалтгаан тань юу байв?

-Би яг үнэнээ хэлчих үү. Нэгт, бяраа үзмээр байна. 2018 оны арваннэгдүгээр сард ОХУ-д судалгаа хийхээр очсон юм. Тэнд танилцсан уран бүтээлчдэд “Анна Каренина”-г тавих хүсэлтэйгээ хэлэхэд их гайхаж, бассан өнгө аястай хүлээж авсан. Тэрийг хараад “хор шар” улам хөдөлсөн. Яагаад Монголын академик театрын уран бүтээлчид дэлхийн энэ бүтээлийг тоглож болохгүй гэж. Шарандаа 2022 онд ОХУ-ын Москвад энэ жүжгээ тоглоно гэж бодож байгаа. Хоёрдугаарт, хэн дуртай нь найруулагч хийдэггүй юм гэдгийг харуулмаар байна. Би хайртай мэргэжлээ саваагүй “дурны хонгио”- нуудаар үнэгүйдүүлмээргүй байна. “Анна Каренина” бол гал. Гэхдээ хэн дуртай нь галаар нааддаггүй. Би нэг, хоёр уран бүтээлийн ард гарчихаад “Анна Каренина”-г “барьж аваагүй”. Уран бүтээлийн гараагаа эхлээд 20 жилийн дараа зориглож байгаа юм.

-Саваагүй асуулт. Та “Анна Каренина”-г хэзээ анх уншсан бэ?

-СУИС-ийн оюутан байхдаа уншсан.

-20 гаруй насандаа анх уншсан сэтгэгдэл, 40 дөхөөд уг романаар жүжиг тавихаар дахин “ухахад” төрсөн мэдрэмж хэр өөр байв?

-Анх уншихдаа 23-тай байсан санагдана. Тэр үед морин цэргийн офицерт дурласан бүсгүй л сэтгэлд тод буусан. Романд өгүүлдэг хайр сэтгэлийг л илүү тод харж л дээ. Цаадхыг нь биш, наад өнгийг нь харж. Гэхдээ “Анна Каренина бол шударга эмэгтэй” гэсэн бодол тээсээр үлдсэн. “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмеральда, “Ромео, Жульетта”-гийн Жульетта ч түүн шиг тод мэдрэмж төрүүлээгүй. Жинхэнээсээ дурлаж, хайрлах эрхийг бурхан их цөөн хүнд өгдөг мэт санагддаг. Анна Каренина бол хайрыг жинхэнэ утгаар нь мэдэрч, түүнийхээ төлөө амьдарсан эмэгтэй. Харин 40 гарсан хойноо уншихад романд хэдийгээр XIX зууны сүүлч үеийн үйл явдал өрнөх ч манай өнөөгийн нийгмийн араншинтай яг давхцаж байгааг олж харсан. Тухайлбал, Анна бол жирийн л бүсгүй. Гэтэл эгэл жирийн нэгэн бүсгүйн амьдралыг тухайн цаг үед нийгэм даяараа шуугин хэлэлцэж, эцэст нь түүнийг амиа хорлохоос аргагүй нөхцөлд хүргэдэг. “Хүний хөнжлийг битгий сөх. Өөр өөрийн замаар л яв. Хов жив бүү хөөцөлд. Бүтээлч бай” гэсэн утга энэ зохиолын цаана оршиж байна. Иймээс л тайзны бүтээл болгох нэн шаардлагатай гэж үзсэн юм.

-Гадаад үг биш, гадаад сэтгэлгээ эх хэлийг эвддэг гэдэг. Та ч өмнө нь “Манай монгол хэл, соёл, ахуй, сэтгэлгээний дархлаа уначихаад байна” гэж байсан. Тэгэхээр таны дараагийн уран бүтээл монгол жүжиг байх, тийм үү?

-Мэдээж. “Хаадын хаан” жүжиг тавихаар төлөвлөсөн. Жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж байгаа. Ирэх онд Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ой, мөн УДЭТ-ын 90 жилийн ой тохионо. Эл ойд зориулж уг уран бүтээлийг хүргэх юм. Чингис хааны байлдан дагуулал бус, оюун санаа, сэтгэлгээг өгүүлнэ.

-Дэлгэцийн уран бүтээл хийх бодол бий юү?

-Театрын ажлын хажуугаар энэ төрлийн уран бүтээл хийх амаргүй. Гэхдээ бодсон зүйл мэдээж бий. Найруулагч нар монгол киноны дэг, тавилтыг хайж, эрэл хайгуул хийх хэрэгтэй гэж би үздэг. Түүнээс биш гадаадын киног хуулбарлах, төстэйг үзүүлэх ёсгүй. Бид франц, хятад, солонгос, орос гэхчлэн гадаадын кино үзээд л хаанахынх вэ гэдгийг нь ялгадаг шүү дээ. Яг түүн шиг монгол кино үзэхэд л тэндээс ахуй, соёл, зохиолын онцлог, найруулагчийн шийдэл, жүжигчний тоглолтын ялгаа харагддаг байх ёстой. Тийм л дэгийг олох, үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Хүннү гүрний тухай түүхэн кино хийх бодолтой. Зохиол ч бэлэн болсон. Гэхдээ мэдээж үүнд дэмжлэг хэрэгтэй.

-Эргээд “Анна Каренина” жүжгийн талаар ярья. Жүжгийн нууцаас жаахан задалчихвал болох уу. Яагаад тайзнаа хоёр Анна гаргахаар шийдсэн бэ?

-Гол дүр бол 27 настай Анна Каренина. Түүнд жүжигчин Н.Баярмаа тоглоно. Нөгөөх нь Аннагийн дотоод хүн, эсвэл төсөөлөл, тусгал, мөн чанар ч гэж ойлгож болохуйц уран сайхны дүр. Түүнд Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд тоглоно. Анх “Анна Каренина”-г тавихаар дөрвөн жилийн өмнө “барьж авах”-даа л Н.Сувд гуайд зориулж энэ дүрийг жүжгийн зохиолд оруулахаар шийдсэн.

-Дээр хэлсэнчлэн та “Анна Каренина”-гаар үзэгчдэд өнөөгийн нийгмээ тольдох боломж өгөх нь. Үүнээс өөр юуг үзэгчдэд ойлгуулахыг хүссэн бол?

-Мэдээж түрүүн хэлснээр нийгмээ, өөрсдийгөө тольд. Мөн гоо сайхныг таашаа. Урлаг бол хамгийн түрүүнд гоо зүйн таашаал, удаах нь танин мэдэхүйн мэдлэг олгож, гуравдугаарт ёс суртахууныг мэдүүлж, эцэст нь цэнгэх баясгах ёстой гэж би боддог.

-Зорьсон уран бүтээлийнхээ ард гарчихлаа. Сэтгэл хангалуун байгаа байх.

-Найруулагч хүний сэтгэл хэзээ ч ханадаггүй шүү дээ. Нэгт, би уран бүтээлийн асар их шуналтай хүн. Хоёрт, тухайн уран бүтээлийг эхлэхдээ их л гоёор төсөөлдөг. Гэтэл эдийн засаг, нөхцөл байдал гэхчлэн олон хүчин зүйлээс шалтгаалан тэр төсөөлөл бодит байдалд биеллээ олохдоо их, бага хэмжээгээр “унадаг”. Тиймээс нэг л зүйл дутуу санагдаад, ханаж чаддаггүй. Хэзээ нэгэн цагт сэтгэл хангалуун, додигор суух өдөр ирэх байх аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)