Н.ЛХАГВАДОЛГОР: Оросын тамирчинтай сонгомол байрлалаас тоглохдоо буруу нүүж, хожигдсон

Монголын оюуны спортын тамирчдаас өсвөр насныхан даамаар цахиур хагалан, гадаадын тэмцээнүүдэд амжилттай оролцож буй билээ. Тэднээс “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 9-1 бүлгийн сурагч, “Ирээдүй” клубийн тамирчин Н.Лхагвадолгор тоглолтын арга барил, ур чадвараа жилээс жилд ахиулсаар шилдгүүдийн эгнээнд багтсан юм. Амжилтуудыг араасаа дагуулж, Азийн аварга, Дэлхийн даамны холбооны дэд мастер цолтой болсон түүний гадаад чансаа өдгөө 2005 оноо. Дэлхийн даамны холбооноос өнгөрсөн долдугаар сард зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” цахим тэмцээнд тэрбээр эмэгтэй тамирчидтайгаа нэг баг болсноор Бразил, Беларусь, Нидерланд, Суринам, Эстонийн тамирчдыг хожиж, хэсгээсээ IV байрт шалгарахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг “Шинэ танил” буландаа онцлов.

-“Үндэстнүүдийн цом” цахим тэмцээнд Монголын даамчид тэргүүлж, аваргын цом гардлаа. Өөрийг тань тоглуулах саналыг хэн тавьсан бэ?

-ОУИМ Г.Ганжаргал багш “Дэлхийн даамны холбооноос цахим тэмцээн зохион байгуулах гэж байна. Чи тоглооч” гэж санал тавьсан. Дээрх тэмцээнд тоглох хүсэлтэй даамчдыг бүртгүүлэхэд нь шалгаруулж, найман тамирчин сонгоход би багтсан юм. Сурагчдын зуны амралтаар тэмцээн болсон тул анхаарал хандуулж, бэлтгэлээ шаргуу базаасан. Товлосон хугацаа ойртох тусам догдолж, бас бага зэрэг түгшиж байлаа.

-Тоглолтын өмнөх өдөр сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэв?

-Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр тоглож байхдаа буруу нүүчих вий дээ гэж их бодсон. Г.Ганжаргал багш бидэнд “Сайн бодож нүүгээрэй. Гадаадын тамирчдын цол, алдраас эмээлгүй, өөрт байгаа бүх л авьяасаа гаргаарай. Өрсөлдөгчтэйгөө аль болох тайван тогло” гэж зөвлөсөн. Эхний өдрүүдэд манай багийнхан Бүгд Найрамдах Суринам, Бразил, Латви улсын багтай тоглож хожоод, дараа нь шөвгийн дөрөвт ОХУ-ын даамчидтай учраа таарсан. Оросын тамирчин надаас эгч, гадаадын тэмцээнд байнга оролцдог тул туршлагатай. Түүний давуу тал нь давшиж тоглодог, өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглаж чаддаг. Сонгомол байрлалаас тоглохдоо алдаа гаргахгүйг хичээсэн ч буруу нүүж хожигдсон. Манайхан тэдэнтэй ана мана үзэлцэж хожоод, аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Э.Хүслэн, Б.Мишээл, Б.Мөнхжин нарын тоглолтоос багийн амжилт их шалтгаалж байлаа. Тэд маш хүчтэй өрсөлдөгчтэй таарсан ч багтаа хожил авчирснаар Монголын даамчид аваргын цом гардсан. Тэдний тоглохыг хараад би ч гэсэн ингэж тоглоод өрсөлдөгчөө ялдаг болох сон гэж бодсон шүү.

-Тэмцээнд оролцсоноос хойш сургуулийн багш, ангийн нөхөд тань хэр ханддаг болсон бэ?

-Би “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 9-1 бүлэгт сурдаг. Энэ сургуульд зургадугаар ангид орох жилээ ирсэн. Монголын баг аварга болсныг сургуулийн багш нар, ангийн нөхөд мэдсэн байлаа. Аварга болоход багш түрүүлж, дараа нь ангийнхан минь баяр хүргэсэн. Манай ангийнхан сургуулийнхаа даамны дугуйланд хичээллэдэг. Найзууд минь чөлөөт цагаараа надаар даам заалгаж, тоглох дуртай. Сургуулийн удирдлага намайг олон улсын тэмцээнд амжилт гаргахад сургалтын төлбөрөөс хөнгөлдөг. Би Дэлхийн даамны холбооны дэд мастер цолтой. 2019 онд Азийн АШТ-ий үндсэн төрөлд түрүүлж, энэ цолыг хүртсэн.

-Ямар багшийн удирдлагад даамаар анх хичээллэж, тэмцээнд оролцдог болов?

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуульд сурдаг байхдаа “Их Шанх” клубийн дасгалжуулагч Г.Борхүү багшийн удирдлагад даамаар хичээллэсэн. Өмнө нь манай гэрийнхэн даам нүүхийг зааж өгсөн ч нэг их тоглодоггүй байлаа. Манай хамаатны нэг дүү тэр клубт очиж, даам тоглодог нь сонирхолтой санагдсан юм. Нэг өдөр дүүтэйгээ Г.Борхүү багш дээр очлоо. Эхний өдөр хүүхдүүдэд хожигдсон бол хэдэн сарын дараа би тэднийг хождог болсон. Багш биднийг хооронд нь тоглуулж, бодлого байнга цээжлүүлдэг нь их нөлөөлсөн. 2017 онд өсвөр үеийнхний УАШТ-ий блиц төрөлд алт, Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гэрийнхэн минь намайг сайн дэмждэгийн хүчинд гадаад, дотоодын тэмцээнүүдэд өрсөлдөж, амжилт гаргаж байгаа.

-ОУИМ Г.Ганжаргал багштай хэрхэн танилцаж, “Ирээдүй” клубийн тамирчин болсон бэ?

-Өмнөд хөршид болсон “Нэг бүс, нэг зам” даамны багийн тэмцээнд Г.Ганжаргал багш оролцохоор бидэнтэй хамт явсан юм. Би тэр үед Улаанбаатарт шилжиж ирээд удаагүй байлаа. Тэмцээнд оролцохоос өмнө түүний удирдлагад хэд хоног бэлтгэл хийснээр өмнөхөөсөө илт сайжирсан. Тэр тэмцээнд 10 настай үеийнхнээсээ би тэргүүлж, Монголын даамчид багаараа II байрт шалгарсан. Үүнээс хойш “Ирээдүй” клубийн тамирчин болж, дасгалжуулагч Г.Ганжаргал багшийн удирдлагад хичээллэж байна.

-Даам тоглодог үеийнхэндээ юу гэж зөвлөх вэ?

-Даам тоглох тусам улам сонирхолтой болдог. Тамирчин болох хүсэлтэй бол шантрахгүй үргэлжлүүлээрэй. Оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүдийн анхаарал төвлөрч, хичээлдээ сайжирдаг. Даам тухайн хүүхдээс тэвчээр их шаарддаг. Олон цаг сууж тоглоход хэр баргийн зүйлд сандарч, алдаа гаргахгүй болдог. Би даам тоглосноор математик, физикийн хичээлд сайн болсон.

Энэ ташрамд, намайг дэмждэг гэр бүл, надад даам заасан Г.Борхүү, Г.Ганжаргал багш нартаа мөн ивээн тэтгэдэг байгууллага, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн удирдлага, хамт олон, ангийн нөхдөдөө талархаж явдгаа уламжилъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)