Н.Золжаргалд холбогдох хэргийг маш нууц байдалд хэлэлцэнэ

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдох хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн баасан гаргийн дугаартаа мэдээлсэн билээ. Тус шүүх уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулсан, үгүйг хэлэлцэх хурлыг энэ сарын 28-ны 10.00 цагт дэнслэхээр товлолоо. Түүнийг төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутгаж буй. Харин Н.Золжаргал өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлд “Намайг Монголбанкны Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш шалгаж байгаа. Миний гэр бүл 2015 онд Австрит байр худалдан авсан нь үнэн. Гэхдээ уг байрыг худалдан авах мөнгөө 2012 оноос өмнө, Монголбанкны ерөнхийлөгч болохоосоо өмнө хуримтлуулсан байсан. Миний байртай холбоотой асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага шалгах нь ч зөв. Шалгаад үнэн худлыг нь тогтоох байх” хэмээн тайлбарласан.

Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууц байдалд хаалттай хэлэлцэх юм байна. Учир нь түүнд холбогдох хэд хэдэн үйлдлийг нэгтгэн шүүхэд шилжүүлсэн агаад тэдгээрийн дунд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн нь уг хэргийг хаалттай хэлэлцэх үндэслэл болжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)