Н.Жанцанноров: Насаараа зүтгэсэн хөгжмийн урлагийг минь үнэ цэнэтэй болохыг Монголын төр баталгаажууллаа

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Төрийн хошой шагналт Н.Жанцанноров Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ гардаж авсныхаа дараа ийн ярилаа.

-Та наадмын босгон дээр “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд цол олгосонд баяртай байна. Бид төрийнхөө энэ хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Насаараа зүтгэсэн хөгжмийн урлагийг минь үнэ цэнэтэй болохыг Монголын төр баталгаажууллаа. Аливаа шагнал бол тодорхой хувь хүний овог нэр гэхээсээ илүү хийсэн уран бүтээлийг нь үнэлж, цэгнэж байгаагийн гэрч юм. Мөн түмэн олондоо ийм бүтээл туурвил хийж өөрийнхөө мэргэжил, авьяас чадвараа сорьж ажиллаж байхыг уриалан дууддаг чухал зүйл гэж би ойлгодог. Монголчууд бид нэг нэгнээ маш сайн ойлгож, ухаарах цаг ирсэн байна. Энэ сайхан орноо үр ачдаа өвлүүлэх томоохон үүрэг иржээ. Миний хувьд Монголынхоо соёл урлагийн дэвшилд чадах бүхнээ хийж ажиллана.

-Та ямар бүтээлдээ илүү хайртай вэ?

- Хэдэн хүүхэд төрүүлчихээд хэнд нь хайртай вэ гэдэгтэй адил байна. Хийсэн бүтээлийг минь уран бүтээлч хайрлаж байгаа л бол тэр миний хайртай бүтээл байх болно. Харин хамгийн сүүлд туурвисан бүтээл бол УИХ-ын гишүүн Г.Батхүү агсанд зориулаад “Ах минь та” юм.

-Та наадамчин олондоо хандаж юу гэж хэлэх вэ?

-Та бүхэн минь сайхан наадаарай. Баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)