Н.ДАШБЯМБА: Дуу заахаас гадна сэтгэл зүйг удирдах нь багшийн ажил

ДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямбатай ярилцлаа. Тус театрын найрал дууны удирдаачийн албан тушаалд хамгийн олон жил зүтгэсэн хоёр хүний нэгээр тодроод буй түүний яриа түүх өгүүлэх ажгуу. 1987 онд дунд сургууль төгсмөгцөө дагалдан дуучнаар ажилд орсон байгууллагадаа тэрбээр 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө нэг ч өдөр залхуурч байгаагүй аж. “Хааяа уйддаг уу” гэхэд “Үгүй. Би ажилдаа дуртай. Эхийнхээ хэвлийд байхдаа ч би энд бойжсон. Бага, дунд насандаа энд л уран бүтээлчид хэрхэн ажилладгийг харж өссөн, жаргал, зовлонг нь мэддэг болохоор их дотно. Хоёр дахь гэр минь. Өрөөнөөсөө ч уйддаггүй. Тавилга сэлт нь хуучныхаараа байх тусмаа гоё санагддаг” гээд инээх энэ эр дуурийн дуучин, Гавьяат багш Ц.Ерөөгийн хүү, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлагийнхан, ард түмэн “Маршийн хаан” хэмээн өргөмжилсөн, 1956 онд гэхэд Бүх цэргийн нэгдсэн хөгжмийн удирдаачаар ажиллаж байсан Н.Цэрэнпилийн зээ юм. Түүнтэй ийнхүү хөөрөлдөв.

-Урлагийн хүн, уран бүтээлч болоход нь өвөө, ээж хоёр нь нөлөөлсөн үү?

-Тийм ээ. Би эмээ, өвөөгийндөө өссөн юм. Н.Цэрэнпил өвөө бол ээжийн минь аав. Бага байхад манайд хөгжмийнхөн цугладаг байлаа. Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Г.Дарамзагд гээд хөгжмийн зохиолчид ирнэ. Уран бүтээл хийнэ, найр цэнгэл ч болно. Эмээгийн минь нэр Ю.Балжинхүү. Төмөр замын удирдах газар, ГХЯ-нд ажиллаж байсан. Боловсрол сайтай, урлагт дуртай хүн байсан. Чадах, чадахгүй хүмүүс төгөлдөр хуурын ард суун, чихэнд чийртэй чимээ гаргахад цааргалдаггүй, харин ч оролдож, хичээж байхад нь дэмжих ёстой гэж үздэг хүн байлаа. Би ч их нүдсэн дээ. Сурагч байхдаа дугуйланд явдаг, даралтат хөгжим тоглодог байсан болохоор гадарладаг бүхнээ давтах гэж байнга дуугаргана. Гэрийн уур амьсгал иймэрхүү. Ээжийн ажил Дуурийн театр. Тэгэхээр яах аргагүй урлагийн орчинд хүн болсон байгаа биз.

-Өвөөгийнх нь зохиосон ямар маршийг бид мэдэх бол?

-Бүгдийг нь мэднэ. Жагсаалын, тугийн, тамирчдын, “Найрамдлын”, буриад, казах гэх зэрэг 112 марш зохиосон. Төрийн хүндэтгэлийн бүхий л арга хэмжээ, улсын баяр наадмын үеэр эгшиглүүлдэг маршуудын бараг 90 хувь нь манай өвөөгийн бүтээл. Найрамдлын марш гэхэд Монгол, Зөвлөлтийн, Монгол, Хятадын гэхчлэн орон орноор нь гаргасан байдаг. Өвөө 1936 онд Сэлэнгэ аймгаас цэрэгт татагдахдаа одон тэмдэгт тусгай хороо буюу хөгжмийн салааны цэрэг болсон юм билээ. Монгол лимбэ, хуучир тоглодог тул тухайн үед ихэд хэрэгтэй хүн байж, тун удалгүй салааны дарга болж дэвшсэн гэдэг. Бүтээлүүдээ ардын уламжлалт дуунуудаас сэдэвлэж туурвисан нь элбэг. Аялгуу ноотлохдоо исгэрч суудаг байлаа, миний өвөө.

-Ээжийнхээ амьдрал, уран бүтээлийн замналаас хэр сайн мэдэх вэ. Ц.Ерөө багш дуу цөөнтэй, асуухад хэдхэн үгээр хариулдаг. Бидний үеийнхэн тайзан дээр дуулахыг нь ганц, хоёр удаа сонссоноос цаашгүй. “Баянбулагийнхан” киноны дууг дуулснаар нь анх таньж байлаа. Харин нэр алдар нь дэлхийн энд яваа шавь нар төрүүлсэн гэдгээр нь бол өнөө үеийнхэн андахгүй байх. Ээжийн тань багшлах эрдэм, ур чадварын нууц юунд байдаг бол?

-Ээж Дуурийн театрт олон жил гоцлол дуучнаар ажиллаж байгаад СУИС-ийн багш болсон юм. Туршлага ихтэй гэсэн үг. Мөн хөгжмийн боловсролыг дунд сургуулиас эхэлж олж авсан нь чухал. ЗХУ-ын Эрхүү, Ленинград хотод хөгжмийн дунд сургуульд суралцсан флейт хөгжимчин. Дараа нь тус улсад найрал дууны удирдаач мэргэжил эзэмшсэн. Ирмэгцээ нэг хэсэг ХБДС-д одоогийн Ардын жүжигчин Б.Зангад гуай нарын уран бүтээлчтэй хамт багшилж байсан юм билээ. Г.Хайдав багшийн УДБТ-ын дэргэд байгуулсан дуурийн дуулаач бэлтгэх курст суралцсанаар театрын гоцлол дуучин болсон түүхтэй. Ийм хоёр ачтаныхаа нөлөөгөөр би урлагийн амьдралд хөл тавьсан юм. Миний аав С.Насанбаяр цахилгааны инженер. Урлагт бас дуртай. Ах нисэхийн холбооны инженер, эгч шаазан ваарын үйлдвэрлэлийн инженер технологич, дүү төгөлдөр хуурч.

-Ах, дүүсээрээ ховор мэргэжилтэй юм. Та яагаад найрал дууны удирдаач болсон юм бэ?

-Дуртай. Театрт дагалдан дуучин байснаа шалгалт өгч жинхэлсэн юм. Дээхнэ үеийн дуучдын дунд урлагийн ямар нэг сургууль төгсөөгүй, амьдралаас сурснаараа дуулдаг, театрт багш нар бэлтгэж дуучин болгосон авьяастан олон байв. Тухайлбал “Ардын элч” киноны Дарьбазарт тоглодог Занабазар гуай байна. Тийм дуучдын эгнээнд нэг хэсэг жагсаж явлаа. Тэгж байгаад дуурийн урлагийн бүх л “аваргууд”-ын өмнө хөлөө чичрүүлэн байж шалгалт өгөөд жинхэлж байв (хөхрөв). СУИС-д найрал дууны удирдаач, багшийн анги нээсэн байсан нь аз болж, 1993 онд элсэн ороод, дөрвөн жил суралцаж төгссөн.

-Танай театрын найрал дууны нөгөө багш, хамтран зүтгэгч Д.Отгонбаатар та хоёр хамгийн олон жил ажилласан хормейстерүүд юм байна. Өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байсан уран бүтээлчид удаан тогтдоггүй байжээ?

-Тогтохгүй юу байх вэ. Өмнөх үеийнхнийг маань юм л бол ажил сайжруул гэж орон нутагт томилолтоор ээлжлэн явуулдаг байсан юм билээ. Алдарт Мяасүрэн, Дарамзагд, Лувсаншарав, Даваахүү гээд багш нарыг хэлж байна л даа.

-Найрал дууны удирдаач, багш гэдэг мэргэжлийн, ажлынхаа онцлогоос танилцуулаач, та.

-Хөгжмийн зохиолчийн бичсэн ноотыг судалж, задалж, өөрийн болгон дуучдадаа ойлгуулахаас бидний ажил эхэлдэг. Ж.Вердийн аль нэг дуурь тоглох боллоо гэж бодоход хэсэгчлэн танилцуулна. Юуны тухай өгүүлдэг, темп нь ямар юм, хаана нь чанга болон аяар дуулах вэ, аль хэсэгт түр зогсох ёстой гэхчлэн ажилласаар байгаад цул, 50-60 хүн нэг зүгт харж, нэгэн зэрэг дуулах бүтээгдэхүүн болгох нь найрал дууны багш, удирдаачийн ажил.

-Уучлаарай, хүнсний бүтээгдэхүүнтэй зүйрлэж болох уу?

-Болно. Бялуу гэж бодъё. Давхраатай, голдоо тосон, эсвэл жимстэй хавчуургатай бол тэр бүгд нь тус бүртээ найрлага бүрэн, амт гүйцэд, өөрөөр байх аргагүй мэт ханатал боловсруулахыг хэлж байгаа юм. Түүнээс биш гурил нь түүхий, хавчуурганы тос нь хуурамч, жимс нь чихрийн найрлагатай бол тэр нь дутуу, эсвэл хэт их байдаг ч юм уу, чимэглэл нь хааш яаш байх зэрэг хоорондын зохицолгүй байх аваас тэр хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцэх бялуу байж чадахгүй. Найрал дуу гэлтгүй урлагийн аливаа бүтээлд ийм шаардлага тавигддаг. Бялуу бол ходоодонд орно. Харин дуу, дуурь бол үзэгчийн сэтгэл зүрхэнд хүрэх оюуны тэжээл, аминдэм. Хоёрдугаарт, дуу бол мэдлэг, мэдрэмжээ хоолойгоор хүнд хүргэдэг урлаг учраас организмтой шинжлэх ухааны үндэслэлтэй, дэг, журмын хүрээнд ажиллах болдог. Энэ утгаараа тамирчин дасгалжуулахтай адил. Хоолой гэдэг бол үндсэндээ нарийхан хоёр хөвч байдаг. Түүнийг хэрхэн хайрлаж, зөв ажиллуулах вэ гэдэгт мэдлэг, туршлагаа зориулах нь дууны багшийн үүрэг. 

Хэт ядарсан, нойргүй хоносон, аль эсвэл сэтгэл санаа нь тогтворгүй байгаа хүнийг өдөржин дуулуулах уу, үгүй юү гэдгийг шийдэх, өөрөөр хэлбэл, дуучдын сэтгэл зүйг удирдах нь багшийн ажил. Гэхдээ олон жил тайзан дээр дуулсан уран бүтээлч урлагийн хатуу, харгис мэт дэгт баригдчихсан байх нь элбэг. Ажилдаа ирэхээрээ гэр бүлийн хүрээн дэх асуудал, магадгүй зовлонг ч мартчихсан байдаг. Жишээ бол олон. Ар гэрт нь уй гашуу болж байхад тайзан дээр дуулж, хөгжимдөж байсан уран бүтээлч олон. Нэгэнд нь аргагүй байдал тохиолдсон учраас жүжиг хойшлуулж байсан түүх манай улсад ч, дэлхийд ч ховор байх. Дуурь, балет, драмын жүжгийг цагт нь үзэгчдэд чанартай хүргэх нь уран бүтээлийн байгууллагын, дуучид, хөгжимчид, жүжигчдийн үүрэг, бичигдээгүй хууль. Орост “Театрт орж ирэхийн өмнө галошоо тайл” гэдэг үг байдаг. Тэр бол театр хэмээх гоё газарт ажлын, гэрийн хувцастай орж болохгүй гэж хэлж байгаагийн зэрэгцээ сэтгэлийн гуниг, нулимсаа ч хаалганы гадна үлдээ гэсэнтэй агаар нэг. Дуурийн дуучид гоцлооч ч бай, найрал ч гэсэн хос мэргэжилтэйгээр онцлог. Тэд тайзан дээр дуулж, жүжиглэж, бүжиглэж дүр бүтээдэг. Дуурийн найрал дуучид үүгээрээ концертынхоос ялгаатай.

-Таны мэргэжлийн багш хэн бэ?

-СУИС-д Ц.Түмэнбаяр багш заасан. Гэхдээ уран бүтээлч болох хүртлээ Ж.Хайдав, Ц.Оюунхишиг, Д.Нандинцэцэг, Я.Алтансувд гээд олон багшийн хөлс, хүч, ур чадварыг шавхаж байж өдий хүрсэн. Мэргэжлийнхээс гадна халамжлан хүмүүжүүлэгч багш гэж байдаг. Одоо ч тэр уламжлал хэвээр. Миний хүмүүжүүлэгч багш бол гоцлол дуучин Г.Пүрэвсүрэн. Залуу уран бүтээлчдэд яагаад ийм багш зааж өгдөг вэ гэхээр түүнд хувь хүн, ерөнхий мэдлэгтэн болоход нь туслах хэрэг гардаг. Дуурийн урлагийн цараа өргөн тул дөнгөж сургууль төгсөж ирсэн залуу уран бүтээлчид мэдэхгүй юм их байна л даа. Монгол дууриудад дүр бүтээх ч өөр. Цаг үе, нийгмийн байдал, зан байдал гээд олон үзүүлэлтээс хамаарч дүрүүдийн шинж, төрх өөр, өөр байна. Аль дуурьт дүр бүтээхдээ биеэ яаж авч явах вэ, хоорондоо хэрхэн харилцах, алхаа гишгээ, харц, донж ямар байх ёстой юм гэх зэргийг багш зааж өгнө. Энэ бүхэнд найруулагчийн хүч хүрэхгүй.

-Дуурийн урлаг нарийн юм аа. Үзэгчид гол төлөв гоцлол дуучдад анхаарал хандуулдаг мэт санагддаг. Гэтэл дуурь бүхэлдээ сайтар боловсорсон бүтээгдэхүүн байхад найрал дуучдын нөлөө, үүрэг ийм их байдаг аж. Манай найрал дуучдын ур чадварыг лав БНСУ-д ихэд үнэлсэн байсан.

-Хаана ч үнэлдэг. Манай дуучид урд, хойд хөршийн хотуудад, Франц, БНСУ-д их наадам болон хамтын ажиллагааны хүрээнд дуулсан. Мэргэжлийн ур чадвар сайтай гэдэг. Ялангуяа монголчуудын сэтгэн бодох, аливааг сурах, тогтоох нь хурдан гэх юм билээ.

-Дуурийг эс тооцвол манай улсад найрал дууны бүтээл хэр элбэг вэ. Социализмын үед найрал дууг илүү хөгжүүлсэн мэт санагдах юм.

-Үе үеийн найрал дууны зүтгэлтнүүдийн ард түмнийхээ сэтгэл зүрхэнд шигтгэсэн бүтээл олон. 1962 онд “Дууны баяр”-аар Д.Сүхбаатарын талбайд 3000 дуучныг Д.Лувсаншарав гуай удирдан дуулуулж байсан түүхтэй. Баримт нь одоо ч бий. Нийгмийн шилжилтийн он жилүүдэд найрал дууны бүтээлүүд тасрах шахсан тал бий. Сүүлийн жилүүдэд цөөн ч гэсэн хөгжмийн зохиолч бичиж байна. Б.Шарав гуайн сайхан бүтээлүүдийг дуулуулах хэрэгтэй байна (Төгөлдөр хуур дээр нь хөгжмийн зохиолчийн “Чингис хаан бат оршиг” оргилуун магтуу, “Замбуутивийн наран” магтуу гэсэн зохиолын ноот байв). Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат нар туурвиж байна аа. Хүүхдийн найрал дууны уралдаан жил бүрийн намар болдог нь сайн. Манай, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын О.Эрдэнэцог ахмад тэргүүнтэй Мэргэжлийн найрал дууны уран бүтээлчдийн холбооноос 2016, 2017 оны хавар найрал дууны наадам зохион байгуулсан юм. Үүнийг өргөжүүлж олон улсын ч болгож үзсэн. Болох юм билээ. Цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлж, уламжлалт наадам, баяр болгохыг зорьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)