Н.Буянбаатар: Манай театрын өрөө болгон “буцалж байна” даа

Үндэсний урлагийн их театр “Уул, усны шивнээ” хэмээх шинэ уран бүтээлээ энэ сарын 18-нд үзэгчдэдээ хүргэх тухай мэдээлсэн. Тоглолтын найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч, Гавьяат жүжигчин А.Даваахүү ажиллаж байгаа билээ. Театрын удирдлагуудын нэг, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатараас шинэ бүтээлийн талаар тодруулга авахад тэрбээр:

-Монголын үндэсний урлагийн хамгийн том өргөө Үндэсний урлагийн их театр 68 дахь жилийнхээ шинэ уран бүтээлийг хийж байна. Ерөнхий найруулагч, Гавьяат жүжигчин А.Даваахүү анхны том хэмжээний уран бүтээлээ үзүүлэх гэж байна. Түүний санаачилсан тоглолт гурван хэсгээс бүрдэж байгаа. Язгуур урлагийн гайхамшигт, шавхагдашгүй өвд тулгуурлан, өмнө нь хийж байсан томоохон уран бүтээлүүдэд тусгагдаагүй болон цухас авч явж байсан элементүүдийг найруулгын шинэлэг шийдлээр холбож сайхан уран бүтээл төрүүлж байна. Эхний, халхуудын аж байдал, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицож амьдарч ирснийг харуулах хэсгийг “Уулын”, хоёр дахь буриад ятснуудын тухай дүрслэн, дуулж, бүжиглэн өгүүлэх хэсгийг “Усны”, харин дархад болон цатан ардын амьдралын тухай харуулах гурав дахь хэсгийг “Газрын шивнээ” гэж нэрлэсэн байна. Тус бүрт нь өөр, өөр хөгжмийн зохиолч ажилласан. Эхний хэсгийн хөгжмийг манай театрын хөгжмийн зохиолч М.Бирваа, хоёр дахь хэсгийнхийг Консерваторийн багш Х.Алтангэрэл, дархад, цаатны хэсгийн хөгжмийг эвэр бүрээч Н.Жүрмэддорж бичсэн. Гурван хэсгийг нийлүүлж тоглуулахад эх байгалиа дээдэлж амьдардаг монголчуудын язгуур соёлын уг, үндсийн талаарх ойлголтыг бататгаж, урлагийн, хөгжмийн, дууны хэлээр өгүүлсэн их сайхан цогц бүтээл болжээ. Уран бүтээлчид дор бүрнээ өөр өөрсдийн хэсгийг давтаж, хэсэг хэсгээрээ, анги ангиараа сургуулилсаар байна. Манай театрын өрөө болгон “буцалж байна” даа.

Туршлагатай хөгжмийн зохиолчи ажилласан. Манай театрын эвэр бүрээч Н.Жүрмэддорж гуравдугаар хэсэгт хөгжим бичсэн. Хуур зэрэг язгуур хөгжмийн олон төрлийг оновчтой ашигласан бүтээл туурвижээ. Манай байгууллага мэргэжлийн хөгжмийн зохиолчдын зэрэгцээ үндэсний найрал хөгжимдөө ажилладаг туршлагатай хөгжимчдөөр бүтээл туурвиулдаг уламжлалтай. Байгууллага дотроо ажиллаж, амьдарч, уран бүтээлд оролцож , тоглож байдаг хөгжимчид бол байгууллагын уран бүтээлийн бодлого, өвөрмөц онцлогийг тээгчид юм. Тэднээр хөгжим бичүүлэхэд урын санд шинэлэг, баялаг бүтээл нэмэгддэг. Нөгөө талаар хүний нөөцөө ашиглаж байгаа хэрэг, бас уран бүтээлчдэдээ хөгжиж, дэвжих боломж өгч буй хэлбэр ч юм. 1950 онд байгуулагдсан театр маань өнөөдрийн байдлаар үндэсний 68 хөгжимчин, 48 бүжигчин, 24 дуучны бүрэлдэхүүнтэй уран бүтээлийн багаар үзэгч түмэндээ үйлчилж байна.

Манайх бас нэг сонинтой. Энэ жил ҮУИТ-ын хөгжимчдийн дунд явуулсан мэргэжлийн түвшин тогтоох шалгалтын болзолд “Эмэгтэй хөгжимчид хулсан хуур тоглож сурсан байх” гэсэн заалт оруулсны үрээр шанзчин,  ятгачин гээд ер нь хөгжимчид бүгд хулсан хуур сурч, шалгалтаа амжилттай өглөө. Эрэгтэйчүүд морин хуур тоглож, товшуур цохихын зэрэгцээ хөөмийлдөг. Эмэгтэйчүүд бас үндсэн зэмсгээрээ тоглохын сацуу өөр хөгжмөөр тоглож хүч нэмдэг байх нь зүйтэй гэж үзсэнээр ийм нэгэн дэвшил гаргалаа. “Уул, усны шивнээ” тоглолтоор эмэгтэй хөгжимчид нэмж сурсан  эрдмээ үзэгчдэдээ харуулж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)