Н.БАТСАЙХАН: Үлийн цагаан оготно амиа золиосолж хөрс эмчилдэг

“Хөнөөлт үлийн цагаан оготныг устгах хэрэгтэй”, “40 сая га бэлчээрт тархсан үлийн цагаан оготно нэг жилд 6.1 их наяд төгрөгийн үнэ бүхий ургамал, байгалийн нөөцийг идэж, хохирол учруулдаг”, “алж, устгах нь зөв” гэсэн утга бүхий олон мэдээлэл цахим орчинд хүмүүс байршуулжээ. Дээрх мэдээллүүдийн ихэнхийг нь судлаачид үгүйсгэдэг юм билээ. Эл амьтны талаар сөрөг ойлголт Монголын нийгэмд давамгайлж буй. Тодруулбал, үлийн цагаан оготныг бэлчээрийн ургамал цөлмөдөг, хурдан үрждэг, байгальд хэрэггүй гэдэг. Гэвч байгальд хэрэггүй амьтан гэж нэг ч үгүй.

Эрт цагт үлийн цагаан оготно ихэссэн газарт малчид “буулт хийж” нутаг сэлбэдэг байсан. Хэсэг хугацааны дараа тухайн газар сэргэж, үлийн цагаан оготно ч цөөрдөг гэлцдэг. Гэвч одоо малчид нутаг сэлбэж явах боломжгүй. Малын тоо толгойг бууруулъя гэвэл малчдын орлогын эх үүсвэр багасна. Гэхдээ эцсийн дүнд хүн холдож байж л хөрс сэргэж, эдгэрнэ шүү дээ. УИХ-ын гишүүдийн санаачилгаар 2015 онд “Үлийн цагаан оготнын тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, “Ногоон алт” төсөл хамтран зохион байгуулж байв. Тэр үед “17 аймгийн нутагт үлийн цагаан оготно олширч, бэлчээр эзэгнэж байна. Үүнийг таслан зогсоохын тулд эрдэмтэн, судлаачид хуралдсан. Монголд бэлчээрийн менежмент гэх зүйл алга” хэмээж байв. Санаа нь зөв хэдий ч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь буруу байсныг хор цацсаны дараа олон амьтан нь үхсэнээс харж болно. “Хор цацаж үлийн цагаан оготныг устгах ажлыг эхлүүлнэ. 

Судлаач нартай зөвлөлдөж гаргасан шийдвэр бөгөөд малчдыг газрын доройтлоос хамгаалахын тулд хийж байгаа ажил” гэж тухайн үед мэдээлж байсан юм даг. Бүр болоогүй хор цацах, оготно устгах ажлыг хийхдээ нутгийн иргэдийг нэг хоног сургалтад суулгаад л хэрэгжүүлсэн нь тун эмгэнэлтэй. Угтаа ямар ч судлаач аливаа амьтныг “байгальд хэрэггүй, устга” хэмээн эрх мэдэлтнүүдэд зөвлөхгүй. Малчдын шүдний өвчин болсон бэлчээрийн даацын асуудалд дөрөөлж бизнес эрхэлж буй нь эко системийн тэнцвэрт сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаараа мэдлэг, мэдээлэл хомс болохоор шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэрт “толгойгоо угаалгаж” буй нь бидний буруу. Бэлчээрийн даацад сөрөг нөлөө учруулж байгаа үлийн цагаан оготныг устгах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаж, сүүлийн 10 жилд 13 тэрбум төгрөг төсөвлөж, зарцуулсан байна. Хээр цацсан хор, хортой будаанаас болж ургамал, мал, үлийн цагаан оготноор хооллодог махчин зэрэг бүлээн цустай бүх амьтны аминд заналхийлж буйг уг амьтныг 30 жил судласан, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, амьтан судлаач Н.Батсайхан анхааруулж буй юм. Бидний үзэн ядаж, “шоовдорлож” байгаа үлийн цагаан оготны гарал үүсэл, байгальд гүйцэтгэх ач тус, хор хөнөөлийн талаар мэдээлэл авахаар түүнтэй ярилцлаа.

-“Үлийн цагаан оготно хэрэггүй амьтан, тааралдвал шууд устга” гэх үгийг иргэд, тэр дундаа малчид ярьж байхыг цөөнгүй сонссон. Эл амьтны гарал үүслийнх нь талаар мэдээлэл өгөөч.

-Аливаа организм геологийн хөгжлийн үед бүрэлдэн бий болж, устдаг жамтай. Үлийн цагаан оготнын тухайд 10-20 мянган жилийн өмнө хамаарагдах хурдас буюу чулуулагт палеонтологийн судалгаа хийж, Хятадын нутгаас үүссэн хэмээн тодорхойлсон байдаг. Мөн ОХУ-ын Байгал нуурын орчимд мөстлөгийн үед амьдарч байсныг хурдаснаас гарч ирсэн толгойн яс, шүдээр тодорхойлсон. Сүүлийн үед хийсэн генетикийн судалгаагаар Өвөрмонголын Шилийн гол аймгаас манайд орж ирэн, хангайн нутгуудаар элбэг тархсан гэж дүгнэжээ. 1980 онд ОХУ-ын судлаачид Төв аймгийн Баян-Өнжүүл сумд байх хойшоо харсан амтай агуйн хурдаст шинжилгээ хийсэн. Судалгааны дүнд 1400 болон 800 жилийн өмнө хамаарагдах хурдаст толгойн яс их хэмжээгээр илэрч, 200 орчим жилийн хугацаанд хэт олширон, оргил үедээ хүрээд буцаад цөөрч буйг мэдсэн. БНХАУ 1950 оноос хойш жил бүр ӨМӨЗО-ы нутагт үлийн цагаан оготнын судалгаа хийхэд 7-9 жилийн хугацаанд хэт олшрох үе тохиож байсныг тогтоосон. Харин одоо эл үе 3-4 жил тутамд тохиодог болжээ.

-Ургамлын төрөл, хэмжээ нь цөөрч доройтсон газарт үлийн цагаан оготно олширч буй нь судалгаагаар батлагдсан. Тэгэхээр газрын доройтол, цөлжилтийн талаар уншигчдад тайлбарлаж өгөх нь зүйтэй байх. Ялангуяа малын тоо толгой их байх нь газрын доройтолд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Өнөө цагт уламжлалт мал маллах арга ухаан, газар ашиглалтын хэлбэр өөрчлөгдчихлөө. Хэт их малтай болж, айлууд газар сэлбэн нүүхээ больсон. 1980 онд 25 сая орчим байсан бол одоо 80 гаруй сая малтай болчихлоо. Монголын түүхэнд хамгийн олон малтай үе өдгөө цагт тохиож байна. Уул уурхай, газар тариалан, цөлжилт, булаг, шанд, нуур ширгэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан жилээс жилд Монгол орны мал бэлчих боломжтой газар хумигдаж буй. Сэлгээгүй бэлчих малын хөлд талхлагдсан газрын хөрс хатууран, ургамал үрээ хаяж ургах боломжгүй болдог. Ургамал амьд организм учир өөрт нь хэт их ачаалал ирэх үед амьтантай адил стресстэж хариу үйлдэл үзүүлж ургахаа больдог. Ингээд ургамал сийрэгжиж, нарны туяа хөрс рүү нэвт шингэж, тэнд байсан цэвдэг газрын гүн рүү доошилно. Мөн олон малын шивтэр азот, метан хий ялгаруулдаг учир дэлхийн дулааралд нөлөөлж буй. Жилд унах хур тунадасны хэмжээ буурсан, зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж газрын доройтол үүсэж байна. Жишээлбэл, нэг айл таван ханатай гэрт амьдардаг, жилд дөрвөн хүнийг тэжээх хэмжээний орлоготой. Гэтэл тэнд 10 хүн нэмж амьдарвал гэртээ багтахгүй, мөн дөрвөн хүнийг тэжээх байсан жилийн орлогыг эхний улиралдаа идэж дуусгана биз дээ. Яг түүн шиг газрын нөөц баялаг шавхагдаж, хүрэхгүй байна гэсэн үг.

-Үлийн цагаан оготнын амьдралын онцлог, экологид гүйцэтгэх ач тус, хор хөнөөлийн тухай ярьж өгнө үү.

-Ямар нэг амьтны хувьслын явцад бүрэлдэн бий болсон давуу тал гэж бий. Эл амьтны хувьд бүлээр амьдардаг, ургамлын газрын дээд, доод гээд аль аль хэсгээр хооллох чадвартай. Хамтдаа нүх ухаж, өвлийн хоолоо бэлдэнэ. Дуут дохиогоор харьцаж, үнэрээр бие биенээ мэдэрдэг. Намар оюутнуудтай хээрийн судалгаанд явж байхдаа үлийн цагаан оготнын нүхийг ухаж үзэхэд багахан гэрийн буурийн дайтай газарт олон нүхтэй, голдоо нэг метрийн гүн тогоо ухаж, хуурай өвс дэвсэн унтдаг хэсэгтэй. Мөн хоолоо хадгалдаг нүхэндээ хуруу орох зайгүй өвс чихсэн байв. Үлийн цагаан оготно эфирийн тос ихээр агуулагдсан хачиг, бүүрэг зэрэг шимэгчийн дайждаг шарилжийг үүр лүүгээ зөөж оруулан тэднийг үргээдэг. Мөн малын голсон ургамлыг идэх зэрэг олон давуу талтай.

Ангууч амьтан ирэхэд нэг үлийн цагаан оготно “жук” гэж дуугарахад бусад нь нүхэндээ ордог. Хэрэв эл жижиг амьтан өндөр ургамалтай газарт байвал газар, агаар дээрээс ирж буй ангууч амьтныг харахгүй шүү дээ. Бие биенээ харж, дуут дохио өгөхийн тул тарчиг ургамалтай газрыг сонгож амьдардаг юм. Логикоор бодоод үзвэл тарчиг ургамалтай газрыг мал бий болгож байна шүү дээ. Тэгвэл хор цацахын оронд цөөхөн малтай болж, хол нүүвэл өвс тарчиг ургахгүй. Харин өндөр өвстэй газраас үлийн цагаан оготно дайжна.

Үлийн цагаан оготноор агаарын болон газрын махчин амьтад хооллодог учир экологийн энергийн урсгалд чухал үүрэгтэй юм. Ухсан нүхэнд нь шавж, могой зэрэг амьтан үүрлэнэ. Нүх ухаж үүрлэдэг нь хөрсийг сийрэгжүүлж, ялгадас, сэг зэм нь өмхийрч, ашигтай бактери үүсгэж борддог. Аадар борооны ус хатуу гадаргуутай газарт шингэлгүй, урсдаг. Тэгвэл үлийн цагаан оготнын тал дүүрэн ухсан нүх борооны усыг хуримтлуулж, газарт шингэдэг. 20 жилийн өмнө учир мэддэг малчин “Үлийн цагаан оготно чинь газрын аньс” хэмээж байсан. Юмны учрыг гадарлаж, мэддэг хүмүүс түүний ашиг тусыг олж харсан байна шүү дээ. Бидний гадуурхаж, устгаад байгаа үйлийн үртэй үлийн цагаан оготно өөрийн амиа золиосолж хээрийн экологийн системийн энергийн урсгал, бодисын солилцоог тэнцвэржүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, хээрийн индикатор гэсэн үг.

-Хавар хоёулаа байсан оготно намар 40-60 болдог гэж судалгаагаар тогтоосон гэх юм. Энэ үнэн үү?

-ОХУ-ын судлаачдын судалгаанд 13, 17 зулзага тээсэн гэж тэмдэглэгдэн үлдсэн. Ганц, хоёр бүртгэгдсэн судалгааны дүнг эш татаж аваад, олон зулзага гаргадаг хэмээн шуугьж буй хэрэг. Энэ нь Монголд цөөхөн тохиох 13 хүүхэд гаргасан ээжээр эш татаад “Монгол эмэгтэй дунджаар 13 хүүхэд гаргадаг” гэж тодорхойлсонтой агаар нэг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр 13-17 зулзага гаргадаг гэж бичсэн нь хоёрхон удаагийн тохиолдол. Тухайн газар хэр их өвс ургасан гэдгээс шалтгаалж жилд хоёр удаа, дунджаар 7-8 зулзага гаргана. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл нийтлэлд дурдсан 40-60 болдог гэх тоо үндэслэлгүй. Үлийн цагаан оготно дайсан ихтэй. Шонхор, хээрийн бүргэд, сар зэрэг олон махчин амьтан түүгээр хооллодог. Нэг хярс арав гаруйхан минутын дотор найман огтоно барьж байхыг би харж байлаа. Эл амьтан өдөрт дунджаар нэг га газарт байх үлийн цагаан оготныг иддэг гэх таамаг бий. Малчид хярсыг буудаж, тоо толгойг нь цөөрүүлэн өөрсдөө үлийн цагаан оготныг хороох зэвсгээ устгадаг. Эл амьтнаар хооллодог хярс, үнэг, мөн махчин шувуудын тоо толгойг бууруулахгүй бол байгаль өөрөө зохицуулахаар харагдаж байгаа биз.

-Хүмүүс устгах гэж завдаж буй ч энэ амьтанд байгальд хөнөөлтэй зүйл ганц ч алга, тийм үү?

-Худал мэдээлэл, мөнгө олох гэж буй хүмүүсийн үгэнд итгэдэг нь бидний буруу. Ямар ч амьтныг системийн түвшинд, шинжлэх ухааны үндэслэлтэй харж, судлан, мэдээлэл авах хэрэгтэй. Нөгөө талаас эл амьтан олширсноор, залхуу малчныг нутаг сэлгэж, нүүхэд нөлөөлж буй.

Ингээд бодвол бэлчээрийн менежер хийж байна гэсэн үг шүү дээ. Бид сурч, мэдээгүйн улмаас малчдын зовлонд дөрөөлж бизнес хийж буй хүмүүсийн буруу шийдвэрийг хүлээн зөвшөөрч, аливаа амьтдыг аймшигтайгаар хөнөөж байна. Хүн экологийн системд гар хүрэхдээ тун болгоомжтой, хянуур хандаж, судалгаа, мэдээлэл сайн авч, дүгнэлт гаргахгүй бол нөхөж баршгүй, том хохирол учирна.

-Малчид нутаг сэлгэх гэхээр газар алга. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Төр нь малын тоог цөөлж, чанарыг эрхэмлэх нь экосистемд алдагдал багатайг ойлгуулсан бол малчид чанаргүй олон мал өсгөхгүй байсан. Бэлчээрийн хууль байхгүй учир энэ олон асуудал ар араасаа ундарч, гарц гаргалгаа олоход цаг явах тусам ээдрээтэй болж байгаа. Жишээлбэл, бэлчээр доройтуулсан малчинд хариуцлага тооцож, малын тоо толгой ихсэх тусам татварыг нэмбэл малчид малаа өсгөх гэж зүтгэхгүй шүү дээ. Хамгийн чухал бэлчээрийн орон зай хуульгүй байна. Ямар нэгэн шийдэл гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй хандахгүй бол үр дүнд нь ямар хохирол учирч буйг бэлчээрийн доройтлоос харж болно.

-Зөвхөн үлийн цагаан оготнын талаар ярихад олон салбарт замбараагүй байдал үүссэн нь харагдаж байна. Төрийн бодлого буруу байна гэсэн үг үү?

-Дээрх бүгдийг ойлгодог, мэддэг мэргэжилтэн хэзээ ч хээр хор цацаж, амьтан устгах ажлыг хэрэгжүүлэхгүй. Өмнө нь цацсан хор бүлээн цустай бүх амьтны аминд заналхийлж, үүний дүнд амьтад үхэж, үрэгдсэнийг Архангай аймгийнхан мэдэрсэн. Иргэд нь мэдлэггүй, төр нь буруу шийдвэр гаргаснаас болж ургамалд хөнөөлтэй амьтныг устгах гэж байгаад ургамлаа хордуулж, ургамлаар хооллосон мал нь хордож, хортой малаа идэж буй хүн өөртөө аюул авчирлаа. Товчхондоо төрийн буруу үйл ажиллагаанаас болж эдийн засаг, мал, малчин, газрын доройтол зэрэг экологийн системээ эвдчихсэн тул боловсрол, хууль, бэлчээрийн менежментийг зөв зохион байгуулж, эмх цэгцэд оруулах нэн шаардлагатай. Бэлчээрийн ургамлын шимт байдал, малын үүлдрийн чанар зэрэг бидэнд зохицуулах ёстой олон асуудлыг шийдэх хамгийн оновчтой аргыг хайх хэрэгтэй. Тэрнээс үлийн цагаан оготныг хор цацаж устгаад бэлчээрийн доройтол буурахгүй. 10 жил хор цацлаа, устаагүй л байгаа биздээ. Үр дүнтэй арга биш гэдгийг нь мэдсэн бол одоо судлаач нарынхаа үгэнд орж, дорвитой арга хэмжээ аван, судалгаанд анхаарч, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргадаг болбол аюул багатай юм.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)