Н.Ашид: Морин хуурын үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлч, морин хуурч, хөөмийч Н.Ашидыг бэлтгэлийнх нь өмнө “баривчиллаа”. Тэрбээр ирэх өдрүүдэд Италийн Венецийг зорих гээд тун завгүй  ажиллаж буй. Дэлхийн тайзнаа Монголынхоо нүүрийг тахалж яваа түүнийг танихгүй уншигч үгүй биз ээ. Тиймээс илүү үг үл нуршин ярилцлагаа хүргэе ээ.

-Энэ өдрийн мэнд хүргэе ээ. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Германы  алдартай хөгжмийн зохиолч, орчин үеийн хөгжмийн уран бүтээлч Карстен Николайтай хамтран ажиллаж байна. Бид тавдугаар сарын 2-12-нд Италийн Венец хот болох орчин үеийн урлагийн 58 дахь биеннальд оролцох юм. Үүндээ бэлтгээд ойрд жаахан завгүй талдаа байна.Карстен Николай бол орчин үеийн хөгжмийн урсгалаар олон улсад алдартай нэгэн. 

Энэ хүн Японы алдарт хөгжмийн зохиолч Рюичи Сакамототой хамтарч ажилладаг. Рюичи Сакамотобол “Сүүлчийн эзэн хаан”зэрэг олон гайхалтай киноны хөгжмийг зохиосон хүн. Карстен Николай нь өөрийн туурвиж буй энэхүү орчин үеийн хөгжмийн төрөл нь XXI зууны хөгжмийн өнгө аясыг тодорхойлно хэмээн үздэг. Тэрээр энэ удаа Монголын хөөмийчидтэй хамтран ажиллаж, Монголд тоглолт зохион байгуулсан бөгөөд хөөмийн урлаг нь хөгжмийн ямар ч урсгалтай холбогдож, зохицож болдогийг бас нэг талаас нь харууллаа. Түүнчлэн цаашид Европын холбооны улсаар хамтарсан тоглолт хийх ажил яригдаж байна.

-Монгол хөөмийг дэлхий маш ихээр сонирхож байна. Японоос гадна Монгол хөөмийд зориулж хөгжим, аялгуу зохиосон гадаадын уран бүтээлч бий юу?

-Хөөмий нь аль ч урсгал руу хэлбийх боломжтой гэдгийг дээр дурдсан. Үүнд гаргалгаа хэрэгтэй. Монголын уламжлалыг хадгалсан хөөмий бидний амьдарч буй ахуй орчин, эрхэлж буй мал аж ахуй зэргээс гадна хэл соёлтой минь холбоотой. Би 2016 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэл, соёлын сургуульд урлаг судлаач мэргэжлээр суралцаж, магистр хамгаалсан. 

Энэ утгаараа нэлээд судалгаа хийж, хөөмий монгол хэлтэй маш их холбоотой тухай судалсан. Монгол хүн хөөмий сурах боломж бололцоо илүү байдаг. Энэ нь олон зүйл дээр нотлогддог. Хэл шинжлэлийн доктор, профессор Г.Гантогтох дэлхий нийтийн хэлийг авиа эгшиг гаргаж байгаа талаас нь хоёр хувааж болно гэж үзсэн. Нэгийг нь хугалган авиа гэж нэрлэдэг. Энэ нь Монголчуудын төвөнхийн хөндий буюу хөөмийн хөндийнөөс гаргаж байгаа авиа юм. 

Энэ нь авиа эгшгийг гаргахдаа хөөмийн хөндий буюу багалзуур орчмоор авиаг хугалж гаргах бөгөөд үүнийг хугалган авиа гэнэ. Хөөмийлөх арга техник ч гэсэн багалзуур орчмоо шахаж авиа эгшиг гаргадаг нь үүнтэй холбоотой болж байгаа юм. Нөгөө нэг хэлбэр нь аялган авиа гэж байдаг. Энэ авиагаар ихэвчлэн европ хүмүүс ярьдаг. Тийм болохоор тэдэнд хөөмий сурахад хэл зүйн хувьд хүндрэлтэй, маш хэцүү байдаг.

Түүнчлэн тухайн орны байгаль, цаг уур, ёс заншил, соёл зэрэг бас нөлөөлөх талтай. Хэдийгээр хөөмийн урлагийг дэлхий дахинаа бахархан хүлээж авдаг ч хөөмийд зориулсан гадны бүтээл ховор байна.

-Та үргэлж Монголын хоёр агуу хүнээс хөөмийг уламжлан авсан гэж ярьдаг. Өөрөө хэр олон шавьтай вэ?

-Гадаад, дотоодын олон шавь бэлтгэж байна. Америкийн SIT хөтөлбөрөөр Монголд ирж буй америк оюутнуудад хөөмийн хичээл ордог. Аялал жуулчлалын “Guide” төвийн оюутнуудад хичээл заадаг. Тус төвийн олон зуун төгсөгч нарт Монголын биет бус өв, түүн дотроо морин хуур, хөөмийн чиглэлээр хичээл заасан. Тэр дотроос хөөмийг гүнзгийрүүлэн сурч буй ганц нэг шавь бий. Сүүлийн үед залуу хөөмийчдөд бас сургалт явуулж байна.

-Таниас хэр олон найзтай вэ гэж асуухаас илүү хэр олон хууртай вэ гэж асуувал сонирхолтой хариулт өгч мэдэх юм?      

-Морин хуурын чуулгын уран бүтээлч дундаа би ахмадын тоонд багтана аа. 1999 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. 20 жилийн хугацаанд эгшиглүүлж байсан хууруудаа цуглуулсаар цөөнгүй хууртай болжээ. Мөн багшийн маань хэрэглэж байсан хуурнууд надад бий. Ингэж явсаар олон сайхан хууртай болсон. Ирээдүйд өөрийн морин хуурын үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг.

-Олон хуурнууд дундаасаа нэгийг нь сонгож тоглох уу, эсвэл өдөр бүр өөр өөр морин хуураар тоглодог уу?

-Одоогоор 2-3 төрлийн хуур барьж байна. Нэг нь Морин хуурын чуулгын тайзнаа тоглох хуур. Олон хуурч нэгдэж тоглох учраас нэг ижил дуугаралттай байна гэх мэт тодорхой стандарттай байдаг. Нөгөөх нь хөөмий, магтаал хайлахад тохирох эрдүү дуутай хуур. Сүүлийн үед ширэн цартай хуураараа их тоглож байгаа. Манай Морин хуурын чуулгын морин хуурч, соёлын тэргүүний ажилтан Р.Амарбаярын санаачилснаар ширэн цартай хуурыг дэлгэрүүлэх тоглолтыг амжилттай хийсэн. Тоглолт дээр бүгд ширэн цартай хуураараа тоглосон.

Ширэн цартай хуурыг 1960-аад оны сүүлч хүртэл өргөн дэлгэр хэрэглэдэг байсан бөгөөд үүнээс хойш монголын хуурын мастерууд ОХУ-ын нэрт урлаач Деннис Яровойтай хамтарч морин хуурыг модон цартай болгосон. Бүтэн цагийн тоглолт хийхэд морин хуурын хөг суларч алдагдахгүй гэх мэтээр үсрэнгүй дэвшилт болсон. Ширэн цартай хуур амархан хөг гарах, халуунд хөөх, хүйтэнд агших зэргээр хэлбэлзэлтэй байдаг. 

Харин орчинд үед манай хөгжим урлаач мастерууд технологи ашиглан арьс, ширийг маш сайн боловсруулдаг болсон. Сайн боловсруулсан ширээр хуур хийхэд дуугаралт, хөг алдалт, агшиж, хөөх зэрэг сөрөг тал үгүй болсон. Иймээс сүүлийн үед ширэн цартай хуураа хэрэглэж байгаа.

-Танай чуулгынхан Монголыг гадаадад сурталчлах хүндтэй үүрэгтэй. Үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй. Гадаадад тоглох бүрт багагүй зардал гардаг болов уу. Зардлаа хаанаас олдог вэ?

-Морин хуурын чуулгын уран бүтээлчид Монголын нүүр царай болж явдаг. Энэ утгаараа зарим үед төрийн айлчлал, түүхэн ойн арга хэмжээнүүдэд оролцдог.Түүнчлэн Монголын язгуур урлагийг сонирхон дэмжиж буй байгууллага, хүмүүс,гадаадын уран бүтээлчидтай хамран ажиллаж, уригдан тоглодог. Жишээ нь Японы эзэн хааны бүжигчин Азума Канхо биднийг урьж тоглуулж байсан.

-Морин хуур, хөөмийг шавь төвтэй сургалтын аргаар заахгүй бол эзэмшихэд хэцүү гэх юм билээ. Түгээн дэлгэрүүлж яваа хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Морин хуур, хөөмий бол нүүдэлчин түмний ахуй соёлыг тэр чигт нь багтаасан язгуур урлаг. Сонгодог урлаг хөгжлийнхөө дээд шатанд хүрсэн энэ цаг үед нүүдэлчин ард түмний ахуй соёлыг харуулсан хөөмэй маш олон хүний анхаарлыг татаж байна.Хүний өгүүлэхүйн эрхтнээс нэг зэрэг хоёр бас түүнээс дээш авиа гаргана гэдэг өөрөө маш өвөрмөц бөгөөд амаргүй урлаг. Тиймээс яалт ч үгүй багшийгаа харж даган дууриаж, шавь сургалтаар сурах зүйтэй урлаг юм.

-Морин хуурын олон сайхан бүтээл байдаг ч үүнийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх ажил дутмаг юм шиг. Жишээ нь, Youtube-д энэ талын бичлэг тийм ч олон биш юм. Морин хуурын бүрэн хэмжээний тоглолт ганц хоёроос хэтрэхгүй байх жишээтэй.

-Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын морин хуурт зориулж бүтээсэн сайхан сайхан аялгуу олон. Хөгжимчид маань ч гадаадын сонгодог хөгжмүүдийг морин хуураар хөрвүүлэн тоглож урын сангаа баяжуулж байна. Харин хөөмийд зориулсан бүтээл ховор байдаг. Хөөмий бол үүсэл гарлын хувьд нэн эртний, хэл яриа үүссэн цагаас бий болсон ч хөгжлийн хувьд 1950-аад оны үеэс л тайзан дээр дэлгэрч урлагийн шинэ төрөл болон гарч ирсэн.

-Таны уран бүтээлийн сан хэр арвижсан бэ?

-Хос морьтой азтай хүн дээ, би. Дөрвөн ч удаа бие даасан тоглолтоо хийлээ. Сайн уран бүтээл хийхийг хичээдэг. Морин хуур, хөөмийн бие даасан гурван цомог гаргасан. Гадаад болон дотоодын уран бүтээлчидтэй хамтарсан олон арван бүтээл бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)