Н.Анужин: Зовлонтой мэт зорилгоосоо таашаал авдаг

фитнесс тамирчин спорт бодибилдинг

Бодибилдинг, фитнесийн спортод цахиур хагалж яваа нэгэн тамирчин бол ОУХМ Н.Анужин. Тэрбээр 20 насандаа буюу 2015 онд Хонконгийн олон улсын нээлттэй тэмцээнээс хос алтан медаль хүртсэн бол, 2017 онд Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулсан ААШТ-д тэргүүн байр эзлэн, 2017 онд Монголд болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Спортод гаргасан амжилтаараа залууст үлгэр дуурайл болж яваа түүнтэй ярилцлаа.

-Тэмцээнд явах гээд бэлтгэлээ шаргуу базааж байна уу. Амжилт гаргахад хөдөлмөрлөхөөс гадна зориг чухал гэдэг.

-Амжилт хялбархан ирдэггүй. Өөртөө итгэлгүй, эргэлздэг хүн энэ спортод хөл тавих хэцүү. Сэтгэл, зүтгэл, зориг их шаарддаг. Бодибилдинг, фитнесийн тамирчдын бэлтгэл сургуулилалт маш хүнд. Би өдөрт зургаан цаг бэлтгэл хийдэг. Олон сарын бэлтгэл сургуулилалтыг дэмий өнгөрүүлж болохгүй. Тэмцээний өмнөх долоо хоног тамирчдын хувьд их чухал. Тиймээс хөдөлмөрлөж, хөлс дуслуулсныхаа үр дүнг үзэх гэж хичээж байна. 

Бид Индонез улсыг удахгүй зорино, тэнд ААШТ болох юм. Эмэгтэй тамирчдад тулгардаг асуудал намайг ч бас тойроогүй. Хүүгээ хараад, бэлтгэл хийлгүй нэг жил өнжихөд булчин суларч, дасгалаа эхнээс нь дахин хийх болсон. Эмэгтэй хүн амжилтын карьераа дууссаны дараа хүүхэд төрүүлнэ гэж явбал бие, сэтгэл зүйн хувьд амаргүй асуудалтай тулгардаг. Миний хувьд хүүгээ төрүүлж, ээж болох нь хамгийн том шийдвэр байлаа.

-Сүүлийн үед ээжүүд бодибилдинг, фитнес сонирхох болжээ. Хүүхдээ асрах, гэр орны ажил амжуулах, спортоор хичээллэх гээд энэ бүхнийг яаж болгоод байна вэ?

-Олон эмэгтэй фитнесээр хичээллэдэг. Тэд өөртөө, гэр бүлдээ, сонирх сон спортдоо ч цаг гаргаж чаддаг. Энэ бүхэн ээжүүдийн хувьд боломжгүй зүйл огт биш. Гэр бүлийнхэн минь дэмжсэний хүчинд би тамирчин болсон. Фитнесийн тамирчид тодорхой хугацаанд уураг, аминдэм хэрэглэх шаардлагатай. Химийн гаралтай учраас хүүхдээ хөхүүлж буй үед хэрэглэх хориотой. Хүүгээ таван сартайд нь хөхнөөс нь гаргаад, бэлтгэлдээ орсон. 

Хүний бие маш богино хугацаанд өөрчлөгддөг. Хүүхэд төрүүлчихээд фитнесээр эргээд хичээллэхэд биеийн харьцаа илүү гоё болдог нь дасгал хийх явцад ажиглагдсан. Нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлэх давуу талтай. Эмэгтэй хүн гэр бүлийнхээ амьдралыг ухаалгаар шийдэж чаддаг байх ёстой. Хэцүү гэж бодоод байвал өмнөө тулгарсан асуудлуудын ард гарахгүй. Амьдралд боломжгүй зүйл гэж үгүй.

-Охид, бүсгүйчүүдийг бодибилдинг, фитнесээр хичээллэхэд гэр бүлийнхэн нь тийм ч таатай хүлээж авдаггүй. Та энэ асуудлыг хэрхэн зохицуулав?

-Аав маань таеквондогийн тамирчин, одоо багш, дасгалжуулагчаар ажилладаг. Би багаасаа спортод ойр өссөн. Фитнесийн спортод нас харгалздаггүй. Хэн ч тууштай хичээллэж чадвал амжилтад хүрдэг. Хамгийн гол нь өөрийгөө ялан дийлэх нь чухал. Надад энэ спорт гоо зүй, өөдрөг сэтгэл бэлэглэсэн. Гэрийнхэн “Чи эмэгтэй хүн, төмөр өргөж яах гээд байгаа юм бэ. Энэ спортоор хичээллэх тийм чухал гэж үү” гээд эхэндээ дэмждэггүй байв. 

Тэмцээнд амжилттай оролцдог болсон үеэс өөрөөр хандсан. 2013 онд “Нандиагийн ток шоу” нэвтрүүлгээр фитнесээр хичээллэдэг эмэгтэй тамирчин зочноор уригдан оролцохыг хараад “Надад ч гэсэн фитнесээр хичээллэх боломж байна” гэж бодсон.

ШАНТАРСАН ҮЕДЭЭ “ДОТОР ХҮНТЭЙГЭЭ” ЯРИЛЦДАГ

-Фитнесийн тамирчид олон цаг бэлтгэл хийхээр ядардаг, сэтгэл зүйн хувь бухимдуу болчихдог гэдэг юм билээ. Өөрт тань ч гэсэн ийм байдал ажиглагдсан уу?

-Тэмцээн дөхөхөөр тосны агууламжаа бууруулж, нүүрс усны хэмжээгээ багасгадаг. Бид төмөр өргөдөг ч гэлээ робот биш шүү дээ. Хамаг бие буларч өвдөнө. Нойр, хоол, ус хасаж бэлтгэл хийхээр их ядардаг. Ядарсандаа болоод бухимдуу, уцаартай болно, чимээ шуугиан сонсох ч тээртэй юм шиг санагдана, юманд амархан баярлаж, гомдох гээд байдаг болчихно. Тийм үед гэртээ, тайван орчинд амрах хэрэгтэй байдаг. Нарийн дэглэм барьж хооллохоос гадна нойр их чухал. 

Хүмүүс шиг дуртай амттанаа идэхгүй. Хоолондоо тахианы цээж мах, үхрийн хар мах, ногоо түлхүү хэрэглэнэ. Монгол үхрийн хар мах аминдэм өгдөг тул сүүлийн үед тахианы махнаас татгалзах болсон. Хэцүү бүхэн өмнө минь тулгарахаар хамгийн түрүүнд зорилгоо боддог. Зорилго маань зовоож байгаа мэт санагдавч түүнээсээ таашаал авч чаддаг. Хэдийчинээ хөдөлмөрлөж, хөлс дуслуулна тэр хэрээрээ амжилт гаргана. Бодибилдинг, фитнес тэсвэр тэвчээр дээд зэргээр шалгадаг спорт. Би хааяа шантарсан үедээ “дотор хүнтэйгээ” ярилцдаг.

-Спортын төрлүүдээс бодибилдинг, фитнес хамгийн олон хичээллэгсэдтэй. Тэр ч хэрээрээ өртөг өндөртэй. Тэмцээнд оролцох зардлаа хэрхэн зохицуулж ирэв?

-Эхэн үед гэр бүлийнхэн минь тэмцээнд оролцоход бүх зүйлийг бэлдэж өгдөг байлаа. Одоо аав, ээжээсээ авахгүйг бодож, өөрөө болгох гэж хичээдэг болсон. Бодибилдинг, фитнес өртөг өндөртэй. Энэ спортоор хичээллэдэг тамирчин сард хоёр сая төгрөг зарцуулах нь энүүхэнд. Миний хувьд ивээн тэтгэдэг байгууллагатай тулдаа сэтгэл тайван бэлтгэл хийж, томоохон тэмцээнүүдэд оролцож байна. Намайг дагаж фитнесээр хичээллэдэг олон бүсгүй бий. Бусдад үлгэрлэхийн тулд өөрийгөө зөв хөгжүүлсэн байх хэрэгтэй. Эмэгтэй хүнийг хүүхэд гаргахаар амархан хөгширдөг гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Харин би үүнтэй санал нийлдэггүй. 

Эмэгтэй хүн ээж болчихоод фитнесээр хичээллэхэд хамгийн тохиромжтой, олон талаар өөрийгөө хөгжүүлж чаддаг гэдгийг өөрийн биеэр харуулсан. Амьдралд хариуцлагатай байдаг шигээ спортод адилхан ханддаг. Аливаа спорт хүний хүсэл тэмүүлэлд тулгуурлаж хөгждөг. Амжилт ч гэсэн тухайн хүний хичээл зүтгэлээс хамаарна. Тиймээс зорьсон зүйлдээ сэтгэл тэмүүлсэн бол амархан шантардаггүй. Өөрийгөө ажиглахад сондгой тоотой жилүүдэд амжилт илүү гаргасан байдаг юм. Би жил бүр тэмцээнд оролцох гэж хүчилдэггүй. Өөрийнхөө амжилт гаргах боломжтой үед оролцдог. Надад төмөр өргөөд бэлтгэл хийх тийм ч хэцүү санагддаггүй. Харин ч идэвхтэй амьдрах эрч хүч өгдөг.

-Спортыг хүсэл сонирхлоосоо гадна санамсаргүй тохиолдлоор, эсвэл найз нөхдийн хүрээлэл, өөрийгөө ялах гэсэн чин эрмэлзлээр сонгосон байдаг. Таны сонголт ямар байв?

-Спорт хүнийг өв тэгш, зөв хүмүүжүүлдэг. Фитнесийг чин сэтгэлээсээ сонирхсон. Харин одоо амьдралын минь зорилго болжээ. Надад ухрах бодол төрдөггүй. Уг нь би барилгын менежментээр суралцаж төгссөн. Тамирчин хүнийг гэр бүл, найз нөхөд, ойр дотнынх нь хүмүүс дэмжинэ гэдэг чинь амжилт гаргах нэг боломж. Ард минь бат найдвартай зогсдог олон хүний тус дэмээр урагшилж явна. Хүний сэтгэлийн тус багаддаггүйг олон зүйл дээр мэдэрч байна.

-Хүн зорилгодоо хүрэхэд маш олон сорилтыг даван туулдаг. Буцах, үлдэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.

-Өнгөрсөн жил яг ийм сорилттой тулгарсан. Нөхөр маань намайг “Фитнесээр дахиж хичээллэх хэрэггүй. Хүүдээ анхаарал хандуул. Суралцаж дүүргэсэн мэргэжлээрээ ажиллаж амьдрах нь илүү дээр” гэж ятгасан. Гэртээ хүүгээ харж байх өдөр хоногууд надад үнэхээр хэцүү санагдсан. Бие маань гэрт, сэтгэл минь фитнес клубт өнждөг байв. Гэрийнхэнтэйгээ ярилцаад спортоо сонгосон. Ийм шийдвэр гаргах надад амаргүй байлаа. Гэр бүлээс минь эмээ намайг илүү дэмждэг. Тэмцээнд оролцоход зардал өгнө, хоол хийгээд клуб дээр бариад ирнэ. 

Тэмцээн дөхөхөөр “Эмээ нь хүүг нь харъя. Чи бэлтгэлдээ анхаарч, амжилт гаргахаа бод. Миний охин сайн явбал эмээ нь баярлана” гэдэг юм. Энд тэнд дэлгүүр хэссэн үедээ “Чамд таарах байх гээд пүүз худалдаад авчихлаа” гэнэ. Надад тусалж дэмжээд, итгэл хүлээлгэж байхад би хичээхгүй байж болохгүй. Миний эмээ залуу сэтгэлгээтэй, усанд сэлж, ууланд алхдаг. Спортоор хичээллэдэг болохоор үеийнхнээсээ залуу харагддаг.

Х.Анужин тамирчин

АМЛАСНАА БИЕЛҮҮЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН

-Фитнесээр хичээллэдэг тамирчид хоолны дэглэм нарийн баримталдаг. Дуртай амттан, хүссэн зүйлээсээ татгалзахад заримдаа дургүй чинь хүрдэг үү?

-Сүүлийн үед хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулсан. Хуучин сэтгэлгээнээсээ салж, шинийг эрэлхийлэх болсон. Гадаадын тамирчид хоолны дэглэм нарийн баримталдаггүй нь анзаарагдсан. Тэднээс суралцаж, хооллолтынх нь талаар судалж байна. Эрүүл хооллох гээд тахианы цээж мах, ногоо идээд байвал биед сөрөг нөлөө гарна. Тэгэхээр эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй. Монгол хоол өөх, тос ихтэй. Өөхгүй хар мах чанаж, ногоотой идэж болно. Ийм хоолыг тэмцээний эрчимтэй бэлтгэл хийгээгүй жирийн үед иддэг. 

Тэмцээн эхлэхээс хоёр сарын өмнө хоолны нарийн дэглэм баримталж, бэлтгэл хийдэг. Тамирчид ч гэсэн надтай адилхан тэмцээний дараа найз нөхөдтэйгөө уулзаж, дуртай зүйлээ татгалзахгүй иднэ гээд ярьдаг юм. Тэмцээн дуусахаар бүхнийг хаяна даа гэж боддог ч хэдхэн хоногийн дараа эргээд клуб рүү хөл тавиулдаг. Монгол эмэгтэйчүүд тайзан дээр өөрийгөө илэрхийлэхдээ чадварлаг. Хятад, солонгос охидтой харьцуулахад манайхан биеийн харьцаагаар илүү. Европ хүүхнүүд нарийн бэлхүүс, урт хөлтэй. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд бид илүү хөдөлмөрлөх хэрэгтэй. 

Гадаадын тамирчдыг улс нь их дэмждэг, харин Монголд энэ бүхэн эсрэгээрээ. Гэхдээ бид төр, засаг дэмжихийг хүлээхгүйгээр энэ спортыг урагшлуулж байгаа. Хөгжлийнхөө хувьд бусад орноос ялгаатай ч тайзан дээр өрсөлдөхөөрөө монгол тамирчид ур чадвар, авьяасаараа дутахгүй. Тамирчдынхаа амжилтыг төр, засаг дэмжих сайхан өдөр ойрхон байгаа болов уу. Дэмжээд өгвөл бидэнд амжилт гаргах боломж их бий.

-Хэдэн жил хичээллэж байж фитнесийн гайхамшгийг мэдэрсэн бэ?

-2013 онд фитнесээр хичээллэж, 2015 оноос тэмцээнд оролцох болсон. Фитнест хөл тавиад удаагүй байхдаа тэмцээнд оролцож, медаль хүртсэн юм. Хэдийгээр жижигхэн тэмцээн байсан ч гэлээ надад тамирчин болох урам хайрлаж билээ. Мэргэжлийн тамирчин болохын тулд сайн дасгалжуулагчтай болох хэрэгтэйг тэр тэмцээнээс мэдсэн. Тэр үед фитнесийн талаар сайн ойлголтгүй байсан тул туранхай байвал гоё харагдана гэж боддог байж. 2015 онд Хонконгод болсон олон улсын нээлттэй тэмцээний фитнес модель, мисс бикини ангилалд оролцож, тус бүрт нь алтан медаль хүртсэн. 

Дараа нь УАШТ-д оролцож, мөн алтан медаль хүртэн үргэлжлүүлээд Узбекистаны Ташкент хотод ААШТ-д оролцож Азийн аварга болсон. Харин ДАШТ-д оролцохдоо хоолны дэглэм хэт барьж, бэлтгэл хийснээс тамирчдын хэллэгээр “цөмөрсөн” байв. Тэр тэмцээнд IV байр эзэлсэн. Тэмцээн дараалаад алтан медаль хүртчихсэн болохоор тэр үед өөрийгөө тааруу амжилт гаргалаа гэж сэтгэлээр унасан. Тэмцээнээс ирээд бие давхар болсноо мэдсэн. Тулгар биетэй байх үедээ 2016 онд болох ДАШТ-ий тухай их боддог байлаа. 

Тэр жил надтай хамт өрсөлдөж байсан охид ДАШТ-ээс алт, мөнгөн медальтай ирснийг сонсоод нөхөртөө “Надтай хамт тэмцээнд оролцдог охид амжилт гаргаад ирж байхад чи намайг хүүхэдтэй болгочихлоо. Би бие давхар болоогүй байсан бол дэлхийн аваргын тэмцээнээс алт хүртэх байсан юм” гэж хэлээд уйлж билээ. 2017 онд Монголд болсон ДАШТ-д оролцохын өмнө хүүдээ “Ээж нь энэ тэмцээнээс медаль заавал хүртэнэ” гэж амласан. Амласнаа ч биелүүлж, дэлхийн аварга боллоо.

БУСДАД ӨӨДРӨГ, САЙХАН ЗҮЙЛЭЭР БЭЛЭГ БАРИХ ГОЁ

-Таныг төрсөн өдрийнхөө баярыг фитнес сонирхогчидтой тэмдэглэж, сонирхолтой арга хэмжээ зохиодог гэж сонссон.

-Тийм ээ. 2018 онд томоохон тэмцээнд оролцоогүй ч үр дүнтэй өнгөрүүлье гэж бодоод сонирхолтой арга хэмжээ ойр ойрхон зохион байгуулсан. Дөрөвдүгээр сард миний төрсөн өдөр болдог. Төрсөн өдрөөрөө үнэ төлбөргүй нээлттэй өдөрлөг хийхэд олон хүн ирсэн. 350 хүний суудалтай танхимд 700 хүн цугласан, цаана нь 300 гаруй хүн орж чадалгүй үлдсэн. Тийм олон хүн ирнэ гэж үнэхээр төсөөлөөгүй. Намайг зорьж ирсэн 1000 гаруй хүнтэй төрсөн өдрөө мартагдахын аргагүй тэмдэглэж билээ. Бусдад өөдрөг, сайхан зүйлээр бэлэг барих гоё шүү дээ. 

Биеэ сайхан болгохоос илүү бусдад өөрийнхөө мөн чанарыг харуулж байх хэрэгтэй гэж боддог. Хүмүүс намайг биеэс минь илүү дотоод мөн чанараар маань одоо мэддэг болсон болов уу. Би нүүр номдоо хөгжилтэй, бас сонирхолтой постууд оруулдаг. Миний зохион байгуулсан өдөрлөгөөс хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ мэдэж аваасай гэж хүсдэг.

-Спортоор хичээллэхийн гайхамшгийг өөр дээрээ үлгэрлэсэн гэж өөрийг тань хэлж болно. Анужинд хэр олон өөрчлөлт гарсан бол?

-Би яагаад өөрийгөө дайчилж болохгүй гэж, яагаад фитнесээр хичээллээд амжилтад хүрч чадахгүй гэж, яагаад өмнөх уйтгартай, нэг хэвийн байдлаа өөрчилж, өөрийгөө ялан дийлж, өөр хүн болж болохгүй гэж их боддог байсан. Заавал тамирчин болно гэж хэлээд фитнес клубийн хаалгаар орж байв. Хичээллээд 14 хонож байтал багш тэмцээнд оролцох уу гэж асуулаа. Бодол биеллээ олдог гэдэг үг байдаг. 

Охид 18 нас хүрээд мариалаад эхэлдэг шүү дээ. Намайг нэлээд жин нэмсэнийг эмээ хараад “Миний охин фитнесээр хичээллэ. Эмэгтэй хүүхэд илүүдэл жинтэй байж болохгүй, гоо сайхан, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй” гэж зөвлөсөн. Яг тэр үед эгч минь фитнесээр хичээллэхээ больж, картынхаа үлдсэн 21 хоногт намайг үргэлжлүүлэн хичээллэ гэж өгсөн. Анх оролцсон тэмцээнээсээ хүрэл медаль хүртэж, 500 мянган төгрөг, фитнесээр хичээллэх гурван сарын эрхээр шагнуулж билээ. Ингэж миний тамирчин болох зам нээгдсэн.

-Спортод дурлах нэг талаар хүнийг идэвхтэй, бүтээлч болгодог. Хэтийн зорилгоосоо хуваалцаач?

-Бодибилдинг, фитнесийн тамирчин болсноор бие болон зан чанар, амьдралд олон таатай өөрчлөлт гардаг. Хүн спортын амжилтыг залуу насандаа гаргадаг. Тиймээс хэтдээ хувийн бизнес эрхлэх бодол бий. Энэ талаар гэрийнхэнтэйгээ ярилцсан. Ойр дотнын, танил хүмүүстэйгээ уулзсан үедээ “Та нар яг юу хүсэж байна, юутай болмоор санагддаг вэ” гэж асуудаг. Энэ спорт өртөг өндөртэй болохоор олон зүйлд мөнгө их зарцуулдаг. Тиймээс санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд зорьсон зүйлээ хэрэгжүүлнэ дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)