Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж оо, Эрдэнэтийг шороотой нь идэх ээ боль. Ядаж шороог нь ард түмэнд үлдээж болохгүй юу

Өчигдөр орой буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсон. Тэгвэл ярилцлагын үеэр хэлсэн онцлох хэлсэн үг, эшлэлүүдийг хүргэж байна.

  1. Сүүлийн үед болж буй үйл явдлыг харахаар Монголын төрөөр тоглодог ээлжит тоглолт явагдаж байна гэж бодож байна. Үүний үр дүнд өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ өссөөр байна.
  2. Өнөөдөр Таван буудлын Должин эмээгийнх 5 тонн нүүрсийг 500 мянган төгрөгөөр авах уу эсвэл 1 сая төгрөгөөр авч өвөлжих үү гэдэг төр засагт хамаагүй болж байх шиг байна. Харин зэс, алт гэсэн асуудал л томчуудын зодооны сэдэв юм уу даа. Ер нь ч тэгэж явж ирж дээ.
  3. Манай нам олонхи болсон жил Ц.Элбэгдорж хаан болчихсон байсан. Би дараа нь хаан шалдан байна гэж хэлээд л алуулсан юм. Энэ үед Сайханбилэг бид хоёрыг дуудаад, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болго гэсэн. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож Ц.Элбэгдорж бүхнийг хийсэн.
  4. М.Энхболд өргөдлөө өгөх хэрэгтэй, ингэж гүрийнэ гэж байх аа... Шившиг биздээ.
  5. Ц.Элбэгдорж, М.Энхболд гэдэг хоёр хүний бий болгосон шударга бусын хонгил эргэн тойронд минь байсан олон хүний амьдралыг сүйрүүлсэн. Маш олон хүүхдийн нус нулимсаар тоглосон.
  6. Энэ улс төрийг гаднаас нь ажиглахад, Монголын нийгэмд хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хориотой, өрсөлдөж магадгүй хүнийг ингэж “алдаг” юм байна, ойр хавийнхнийг нь сүйрүүлж, зохиомол хэрэг үүсгэж шорон гянданд хийж, тэр хоёр сүүлдээ шүүхийн өмнө тухайн хүний амь амьдралаар дэнчин тавьж тоглодог юм байна гэдгийг харлаа.
  7. Намайг Ерөнхий сайд болсны дараа Ерөнхийлөгч бид хоёрын дунд Эрдэнэтийн талаарх яриа болсон. Тэр надад “Чи бусад ажлаа хий. Би Эрдэнэтийг хариуцна” гэж хэлсэн. Энэ нь тэнд өөрийнхөө хүмүүсийг байршуулж, бүх бизнесийг өөртөө авна гэсэн үг. Гэхдээ арай ч 49 хувийг авна гэж хэлээгүй ээ.
  8. Манай Засгийн газрын үед Оюутолгой дээр 2 тэрбум ам.долларын хэтрэлт үүсчихсэн байсныг хүлээн зөвшөөр гэж тулгадаг байсан. Энэ бол Монголын эдийн засгийн том алдаа болох байсан учир би болохгүй гэж хэлсэн.
  9. Манай Ц.Элбэгдорж чинь нүүрсний үнэ мэдэхгүй шүү дээ. Амьдрал ч мэдэхгүй. Алт, зэс л бодож явдаг хүн дээ.
  10. Ц.Элбэгдорж бүтэн найман жил хаан суугаад, дараа нь М.Энхболдыг найман жил хаан болгохоор бүх төлөвлөгөөгөө хийчихсэн байсан. Үүний эсрэг өрвөлзсөн эсвэл өрвөлзөж мэдэх хүнийг хонгил руугаа хийгээд, шорон гяндангаар айлгаад, хаанчилна гэж тооцоолсон.
  11. Элбэгдоржийн хэлж байгаа шиг би өөрийгөө огцруулах өргөдлөө өгөөгүй. Харин ч эсрэгээрээ би үлдсэн хоёр жилдээ Монгол Улсын төлөө ажилламаар байна, намайг үлдээгээч гэж хэлж байсан.
  12. МАНАН-гийн Засгийн газрыг 7-8 сар ажиллуулсан нь 2016 оны сонгуульд АН-ыг ялагдуулах бэлтгэлийг хангахын тулд байсан.
  13. Ц.Элбэгдорж оо, Эрдэнэтийг шороотой нь идэх ээ боль. Ядаж шороог нь ард түмэнд үлдээж болохгүй юу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)