Н.Алтанхуяг: Би хариуцлагаа ухамсарлаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгчээ. 

Энэ талаар тэрбээр "Монголын нийгэмд шударга ёсыг сэргээн тогтооход Х.Баттулга ерөнхийлөгч болон гарч ирснээс хойш Монголын нийгэмд олон зүйлс болохгүй байгаа нь илчлэгдлээ. Монголчуудын хувьд нийгэм зөв чиглэл рүүгээ орох горьдлого бий болж байна. 

Х.Баттулгатай би нэг жил найман сарын хугацаанд хамтарч ажиллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийж байсан хүний хувьд цааш ярих, хийх олон ажил байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгснөөрөө энэ улс орондоо шударга ёсыг сэргээн тогтоох чиглэлээр газрын доорх баялагийг цөөнх нь аваад идчихдэг, цөөнх нь баяжиж, олонх нь ядуураад байгаа энэ байдлыг зогсооход би хувь хүнийхээ үүднээс бодсон зүйлээ чөлөөтэй хийх боломжийг олж авъя гэж Ерөнхийлөгчид хэлж, зөвлөхөөс чөлөөлөгдлөө. 

Сүүлийн үед манай Ардчилсан намын зарим гишүүд надад маш их хандаж байна. Тэд "Та ер нь жаахан амиа бодоод байна уу? Таны яриад байгаа энэ шударга бус зүйл чинь манай намд нүүрлэлээ. Тэр Ц.Элбэгдорж, тэр М.Энхболдын гар хөл болсон хамсаатнууд чинь Ардчилсан намын удирдлагад гараад ирлээ. Бид нар гучин жилийн турш юуны төлөө явсан юм? Одоо сүүлдээ бид нар чинь Эрдэнэтийн 49 хувийг хамтран идэгсдийн тоонд орлоо. Түүнчлэн бид энэ 60 тэрбумын асуудлыг эсэргүүцдэг. Тэгтэл С.Эрдэнэ УИХ-д баахан шившигийн зүйлс хийлээ. Тэгэхээр нь би өөдөөс нь "Би улстөржиж болохгүй. Ерөнхийлөгчийн институтын хүн" гэж хэсэг амиа аргалж явлаа. 

Одоо тэгэж болохгүй юм байна. Би хариуцлагаа ухамсарлаж байна. Ардчилсан нам гэдэг хоёр гурван хүний нам биш. Энэ гучин жилийн турш ардчиллын төлөө явсан олон мянган гишүүдийн сэтгэл, зүтгэлийг МАНАН-гийн тоглоом болгож болохгүй. АН-ын мянга мянган гишүүдэд "хамтраад намаа цэвэрлье, шударга ёсыг тогтооё" гэж би хэлсэн. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн өөрийнхөө намыг шүүмжилвэл ямар аймар зүйл болно гэж бодож байна... тийм учраас миний бие зөвлөхийн ажлаа өгч байна. Хийх, ярих, босгох, тэмцэх олон ажил байна" хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)