Н.АЛТАНХУНДАГА: Орост сурдаг оюутнуудаас коронавирусийн эсрэг бие илэрвэл гайхах зүйлгүй

ОХУ-д коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрснийг олон улсын хэвлэлүүд өдөр бүр шахам мэдээлж буй. Манай цөөнгүй иргэн тус улсад сурч, ажиллаж, амьдардаг. Одоогоор 2000 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлт илгээснийг Гадаад харилцааны яамныхан мэдээлсэн. Иргэдээ татан авчрах ажлыг үе шаттай зохион байгуулна гэсэн ч тодорхой шийдсэн зүйл одоохондоо байхгүйг албаныхан хэлсэн. Эх орондоо ирэх хүсэлт илгээгсдийн олонх нь оюутан аж. Тэдний нөхцөл байдлын талаар ОХУ-ын Санкт-Петербург хотын “Мулахаста” дорно дахины бариа заслын төвийн мэргэжилтэн, уламжлалтын эмч Н.Алтанхундагатай ярилцлаа. Тэрбээр өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн оюутнуудыг эмчилж, хянаж, зөвлөгөө өгч буй юм.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хэзээнээс Санкт-Петербург хотод ажиллах болсон бэ?

-1993 онд АУИС (хуучнаар)-ийг уламжлалтын эмчээр төгссөнөөс хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиникт тасгийн эрхлэгч, эмчээр ажиллаж байгаад энд ирсэн. ОХУ-д сүүлийн 10 гаруй жил уламжлалтын эмнэлэг ажиллуулж буй Б.Мягмарсүрэнгийн урилгаар Санкт-Петербург хотод 2017 онд ирж, ажилласан. Эхний жил М.Баясгалан эрхлэгчтэй зүү засал, уламжлалт эмчилгээний “Акумед” эмнэлэгт ажиллаж байгаад “Мулахаста” дорно дахины бариа заслын төвд шилжсэн.

-“Акумед” эмнэлгийнхэн монгол оюутан, суралцагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэгүй үзүүлсээр иржээ. ОХУ-д халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор та бүхэн оюутнуудаас асуумж судалгаа авч эхэлсэн гэл үү?

-Б.Мягмарсүрэн эмч сүүлийн 12 жил Санкт-Петербургт тогтвортой ажилласан. Ингэх хугацаандаа орос иргэдэд Монголын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Үүний хажуугаар тус хотод суралцдаг монгол оюутан, залууст шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэгүй үзүүлдэг юм. Түүний охин М.Баясгалан нь “Акумед” эмнэлгээ 2015 онд нээж, монголчууддаа мөн л үнэгүй үйлчилж байна. Ер нь энд ажилладаг монгол эмч нар оюутан, залууст тусалж буйгаа нэг ёсны үүрэг, хариуцлага мэтээр ойлгодог болжээ. Харамсалтай нь, ОХУ-д коронавирусийн халдвар эрчимтэй тархсаар. Бид бүхэн тухайн улсын хууль, журмын дагуу гэр гэртээ тусгаарлагдаж, оюутан, залуус ч дотуур байрнаасаа цахимаар хичээллэх болсон. Зарим сургууль гадаад оюутнуудыг нутаг буцахыг зөвлөж байгаа бол Москвад дотуур байрнаас нь хүчээр гаргасан тохиолдол ч бий. Тэр үеэр буюу өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр болон дөрөвдүгээр сард олон оюутан Монгол руугаа буцсан.

Цөөнгүй сургууль оюутнуудын нутаг буцах хүсэлтэд тодорхой хариу өгөхгүй, явбал дараа жил анги дэвшүүлэхгүй гэсэн нь ч байна. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш Санкт-Петербург хотод өвчлөл эрс нэмэгдэн, цэргийн сургуулийн сонсогч нарын дунд халдвар тархсан. Монгол сонсогч өвдөж халууран, түргэн тусламж дуудсан боловч “Биеийн халуун нь 39 градус хүрээгүй бол очихгүй” гээд авч хэлэлцээгүй юм билээ. Энэ талаар цэргийн сургуулийн байнгын харилцаатай магистрант, офицеруудаасаа сонсоод бусад монгол оюутныг ямархуу байгааг тандаж эхэлсэн юм. Уг нь монголчууд өвчин ихсэхээс өмнө эх орон руугаа буцах байсан ч хүндэтгэх шалтгаанаар чадаагүй нь олон бий. Манай эмнэлгийнхэн өвчлөл удахгүй намжиж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэж итгэсээр, сүүлдээ удирдлага маань халдвар буурах төлөвгүй байгааг дуулгаад, намайг нутаг буцахыг зөвлөсөн.

-Гэсэн ч та монгол оюутнууд өвдөж байгааг сонсоод үлдэж, туслахаар шийдсэн.

-Тийм ээ, фэйсбүүк дэх монгол оюутнуудын группт эм, тан хэрэгтэй бол аваарай гэж зарласан. Үүний дагуу ганц хоёроороо холбогдож эм, тан авсан. Нэг оюутан “Манай сургуулийн олон хүүхдэд халдварын шинж тэмдэг илрээд байна” хэмээсэн. Ингээд тандаж, судалтал тус сургуулийн гадаад оюутны дотуур байранд халдвар тархсан байв. Манай 20 гаруй оюутанд халдварын шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрснийг ч мэдлээ. Бүгдтэй нь холбоо тогтоон, асуумж судалгаа авч, шинж тэмдгүүдийг нь нэгбүрчлэн тэмдэглэж, тэднийг “Ковид-19”-өөр өвчилсөн байж магадгүй гэж таамагласан. Энэ тухайгаа ЭМЯ-нд дөрөвдүгээр сарын 27-нд мэдээлж, мөн Москва хотод суугаа Монголын Элчин сайдын яамныханд хандсан. Эдүгээ бусад сургуулийн монгол оюутнуудыг бүртгэх, ямар нэг шинж тэмдэг илэрвэл ЭСЯ-нд мэдээлэх ажлыг “Акумед” эмнэлгийнхэн хариуцаж байна. Хэдийгээр оюутнууд амны хаалт тогтмол зүүж, бээлий өмсөж байгаа ч дотуур байранд гал тогоо, угаалгын өрөө, шүршүүрээ дундаа хэрэглэдэг тул халдвар хамгааллын дэглэм сахихад хүндрэлтэй.

-Өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй хүмүүст ямар зовуурь илэрч байгаа юм бол. Түүний эсрэг ямар нэгэн эмчилгээ хийж байгаа юу?

-ОХУ өвчилсөн иргэддээ ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүй, оношлуур хүрэлцэхгүй байна. Тэгэхээр гадаадынханд хэрхэн хандах нь ойлгомжтой. Шинжилгээ хийж буй цөөхөн эмнэлэг нь халдварын эрсдэлтэй орчин болчихсон. Аливаа өвчнийг оношлоход эмнэл зүй буюу тухайн хүнд илэрч буй зовуурь, шинж тэмдэг, үзлэг, лабораторийн шинжилгээ зэргийг харгалздаг. Харамсалтай нь, манай оюутнуудыг түргэн тусламж нь ч хүлээн авахгүй, шинжилгээ нь өндөр үнэтэй тул хийлгэх боломжгүй байна. Тиймээс эмнэл зүйн шинж тэмдгээр нь таамаглахаас өөр арга одоогоор алга.

Дээр хэлсэнчлэн бид “Ковид-19”-ийн сэжигтэй шинж тэмдэгтэй, нэг сургуулийн 25 оюутныг асуумж судалгаанд хамруулсан. Тэгэхэд дөрөвдүгээр сарын 3-28 хүртэл гурван хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Мөн тооны оюутны зовуурь арилсан. Бусад 19 оюутны тухайд өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй. Тухайлбал, толгой өвдөх, үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах, хамар битүүрч, уг руугаа хуурайших, халуурах, хуурай ханиах, хоолой өвдөх, хатах зэрэг шинж тэмдэг нийтлэг илэрсэн. Мөн цэртэй ханиах, хөлрөх, суулгах, гэдэс, булчингаар нь өвдсөн тохиолдол ч байна. Хоолой идээлэх, зүрх, бөөр, нүд, цээжээр өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох, хөлийн ул халуу оргих, хоолны дуршил муудах зовуурь ганц хоёр оюутанд ажиглагдсан.

Уг айхавтар өвчин эхэн үедээ голдуу залууст ердийн ханиад, томуу шиг илэрч байгааг ЭМЯ өдөр бүр сануулдаг. Оюутнууд шинж тэмдгээ дарах гэж боломжоороо антибиотик, вирусийн эсрэг эм, бэлдмэл авч уужээ. Нэг оюутан эмнэлэгт очиж, шинжилгээ өгсөн бөгөөд энэ тухайгаа “Эмнэлэгт нас барсан хүн олон харсан” гэж хэлээд бусдыгаа цочирдуулсан. Тэд эмнэлэгт очихоос айж байна. Тэр оюутны хурдавчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан ч халуурах, хоолой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй байх зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг нь хэвээрээ төдийгүй нэмээд суулгаж, гэдэс, бөөр нь өвдөж эхэлсэн. Түүнтэй хамт нэг өрөөнд амьдардаг гадаад оюутан 39 градус хүртэл халуурч, амьсгалын дутагдлын шинж илэрсэн тул “түргэн”-ээр эмнэлэгт хүргэгдсэн байна лээ. Эрчимт эмчилгээнд орсных нь дараа түүний шинжилгээний хариу эерэг гарсныг оюутнуудад мэдэгдсэн. Нөгөө шинж тэмдэггүй гурван оюутны нэгэнд нь энэ сарын 1-нээс хоолой өвдөх, халуурах, хамар хатах, нүдний эргэн тойронд чинэрч өвдөх зэрэг зовуурь илрэх болсон. Энэ нь шинэ вирусийн үед түгээмэл илэрдэг “дохио”. Оюутнууд эмнэлэгт очихгүйгээр дотуур байрандаа шинжилгээ хийлгүүлэх хүсэлт тавьсан ч сургуулийн удирдлага нь хүлээн зөвшөөрөх, эсэхээс л шалтгаална.

Тэр болтол эдгээр 20 гаруй оюутанд Монголдоо үйлдвэрлэсэн, уламжлалт эм, тангаа ашиглан шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийгээд долоо хонолоо. Өвдөөгүй болон зовуурь нь арилсан таван оюутанд урьдчилан сэргийлэх, өвчний урхгийг арилгах зорилгоор эм, тан уулгаж байна. Бусад сургуулиас ч ганц хоёр оюутан өвдсөн тул М.Баясгалан эмч тэднийг хянаж, тандалт судалгаа авсан. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор 10 оюутанд эм, тан өгсөн бөгөөд одоогоор тэднээс өвдсөн хүн байхгүй. Залуучууд дархлаа сайтай тул эм, тан уугаад олонхынх нь зовуурь багассан. Хүндэрч магадгүй гэсэн цөөн хүүхдийг байнга хянаж, эм, тан нэмж өгч, давхар антибиотик, вирусийн эсрэг эм уулган, гам барих талаар зөвлөж байна. ОХУ-д ажилладаг монгол эмч нар тэднийг асарч, эмчлэх албан ёсны үүрэг хүлээгээгүй. Гэхдээ эмч тангараг өргөдөг, тэднийг хайхрахгүй, эмчлэхгүй өнгөрч чадна гэж үү.

-ОХУ-д яг одоо нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

-Маш хүнд байна. Ялангуяа Москва хотод. Амны хаалт, бээлий, гар ариутгагч Орос даяар тасарсан. Зөвхөн нийслэлд нь л гэхэд одоогоор 2000 орчим эмнэлгийн ажилтан халдвар авсан тухай Хотын дарга С.Собянин нь мэдэгдсэн. Халдварын улмаас нас барсан эмнэлгийн ажилтнуудын дурсгалын жагсаалтад долоо хоногийн өмнө 30 орчим хүн байсан бол эдүгээ 50 хувиар нэмэгджээ. ОХУ-ын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд нь хүртэл халдвар авсан.

“Бидний цөөхөн монголчууд” төслийн удирдагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт Москва хотод буй монгол оюутнуудад боломжоороо амны хаалт, бээлий нийлүүлж байна. Мөн Элчин сайдын яамнаас оюутнуудад гар ариутгагч тараасан. Монголчууд хүнд нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж байгаа.

-Тус улсад халдвар авсан хүний тоо 177 мянгад хүрчээ. Гэвч энэ тоо зөвхөн шинжилгээгээр баталгаажсан үзүүлэлт, үүнээс 2-3 дахин олон хүн өвчилсөн байх магадлалтай гэж та таамагласан байсан.

-Тийм ээ, ОХУ-д шинж тэмдэггүй халдвар тээгч олон байгаа нь өвчин хурдацтай тархах шалтгаан болж буйг судлаачид онцолсон. Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байгаа тул биеийн халуун нь 39 градусаас дээш, амьсгалын дутагдалтай иргэдийг л хүлээн авдаг. Тэгэхээр таны хэлсэн тоон үзүүлэлт халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, эсвэл эмнэлэгт хандсан хүний мэдээлэлд үндэслэсэн байх магадлалтай. Хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг эмнэлэгт хүлээн авахгүй байгаа тул олон хүн Засгийн газрынхаа авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шүүмжилж байна.

-Дэлхийн олон оронд “Ковид-19”-ийн эмчилгээнд уламжлалт анагаах ухааны эм, танг хослуулж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-БНХАУ коронавирусийг дарахдаа уламжлалтын эм, танг бусад эмчилгээтэй хавсран хэрэглээд үр дүнд хүрсэн. АШУҮИС-тай хамтран ажилладаг хятад эрдэмтэд, эмч нар энэ талаар манайд мэдээлж, Уламжлалтын салбар зөвлөлөөс халдварын үед эмчилгээнд баримтлах заавар батлан, эмнэлгүүдэд хүргүүлсэн. Уламжлалт анагаах ухааны онолоор “Ковид-19” бол халуун хижиг өвчин юм. Өвчний эс боловсорсон, дэлгэрсэн, хоосорсон үеийг нь зөв оношилж, тохирох эмчилгээ, эм, тан хэрэглэх хэрэгтэй. Бидний эмнэл зүйн шинж тэмдгээр нь таамаглан, эмчлэх гэж оролдож байгаа тохиолдлуудад европ эм уугаад удаан хугацаанд арилаагүй зовууриуд уламжлалт анагаах ухааны эм, танд дарагдаж байх жишээтэй. Амтлах, үнэрлэх мэдрэмж нь алдагдсан хүмүүст тан уулгаад долоо хоноход зовуурь нь арилсан. Бусадтайгаа харьцуулахад олон хоног халуурч, хүнд өвдсөн нэг оюутны хамт амьдардаг хүүхэд нь эмнэлэгт хүргэгдсэн байхад “манай хүн”-ий бие өдөр ирэх тусам сайжирч байна. Өвчнөөс сэргийлж тан ууцгаасан оюутнууд ч одоо болтол өвдөөгүй. Уламжлалтын арга, тэр дундаа бумба, утлага, зөгийн балтай татлага зэрэг эмчилгээ нь халдварын үед европ эмчилгээнээс дутахгүй үр дүнтэй байна. Нэг хэцүү нь, Монголд биш болохоор эм, тангийн нэр, төрөл, хүрэлцээ муу, үзлэг, оношилгоо хийх гэхээр халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл байхгүй. Түүнчлэн лабораторийн шинжилгээгээр оношийг баталгаажуулах боломж алга. Монголдоо очиж буй оюутнуудаас коронавирусийн эсрэг бие илэрвэл гайхах зүйлгүйг энд тэмдэглэх гэсэн юм.

-Эсрэг биеийн талаар сүүлийн үед их ярих болжээ.

-Д.Нямхүү захирал зөндөө тайлбарласан. Тухайн хүн халдвар авахад өвчин үүсгэгч вирусийн эсрэг дархлааны систем ажиллаж, хэсэг хугацааны дараа өвөрмөц уураг боловсруулдаг. Үүнийг эсрэг бие гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн халдвар авсныг илтгэх гол үзүүлэлт. Тэгэхээр нэгэнт эсрэг бие үүссэн л бол өвчин эдгэрсэн, халдвар тараахгүй гэж ойлгоорой. Халдвар авсан нэгнээ ад үзэж, хариуцлага тооцно гэдэг байж болшгүй. Засгийн газраас хилийн чанад дахь иргэдээ бүгдийг нь татан авах боломжгүй учраас халдвар авсан бусдыгаа янз бүрээр хэлэхгүй байх нь хүмүүнлэг зарчим юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (54)